Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2019/03097

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2019/03097

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, А /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, Т Э /регистрийн дугаар: /-д холбогдох

 

27,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А*******, хариуцагч Б.Э , хариуцагчийн өмгөөлөгч Э.Нэмэхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, Б.Э тай 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 10,200,000 төгрөгийг 1 хувийн хүүтэй, 1 хоногийн хугацаатайгаар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрөө төлөлгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож 730 хоногийн алданги, үндсэн зээлийн 10,200,000 төгрөг, түүний хүү 29,200,000 төгрөгийн хамт нийт 39,200,000 төгрөг болсноос 27,000,000 төгрөгийг Б.Э аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 13,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээл чөлөөлүүлнэ гэж надтай холбогдож 10,200,000 төгрөгийн зээлийг Хаан банкаар чөлөөлүүлсэн. Тухайн үед хэлэлцэж тохиролцохдоо тухайн банкнаас зээл чөлөөлөөд, тухайн өдөртөө зээлийн үнийн дүнг тодорхой хэмжээний хүүтэй өгнө гэж анх тохиролцож зээлийг чөлөөлүүлж авсан. Гэвч чөлөөлүүлсний дараа зээлээ төлөх тал дээр асуудал үүссэн. Тухайн өдөртөө амжихгүй байна гээд хойшлуулах шаардлагатай болсон. Иймээс зээлийн гэрээ байгуулж гэрээндээ нэг өдрийн хугацаанд зээлийн хүү гэж тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд хугацаа явах тусам зээлээ төлөхгүй байсан. Ингэж явсаар 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн. Энэ хугацаанд би өөрөө зээл чөлөөлөх бизнесийг ажиллуулж эхэлж байсан. Бүх мөнгөө уг бизнестээ зориулж, хариуцагчид зээлсэн. Би өөрөө түрээсийн байранд амьдардаг. Энэ 2 жилийн хугацаанд Б.Э аас болж маш ихээр хохирсон. Эхнэрээсээ хэд хэдэн удаа салсан. Эргэлдэж байсан мөнгийг авч эргэлдүүлэх боломжгүй болгосон. Үүнээс болж өр төлбөрт орсон. Очиж ярьж уулзах бүрт шалтгаан хэлдэг. Хашаа байшингаа барьцаалж зээл авсан байсан. Тухайн зээлийг нь чөлөөлсөн. Анх надаас 10,000,000 төгрөг зээлж зээлээ чөлөөлүүлчихээд буцаагаад хашаа байшингаа бага мөнгөө барьцаанд тавиад түүнээсээ надад 5,000,000 төгрөг өгсөн. Одоо би түрээсийн байр байхгүй, айлын хажуу өрөөг хөлсөлж байгаа. Намайг очиж уулзах бүрт гар бичмэл бичиж өгдөг. Хэргийн материалд хавсаргасан. Анх надаас Б.Э нь 10,200,000 төгрөг зээлсэн. Анзыг бодож 13,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Моторын тос 50,000 төгрөгөөр солиулсан нь үнэн, харин хоропны тос солиулсан гэх хариуцагчийн тайлбарыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 10,200,000 төгрөгийг 1 өдрийн хугацаатай зээлж авсан. Гэрээний 2.4-т заасны дагуу үндсэн зээлээс хүү тооцохгүй, гэрээний 2.7-д заасны дагуу зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон нь үнэн болно. Миний бие үндсэн зээлээс А.Ад 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1,020,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018******* оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 500,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 150,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сард машин эвдэрсэн гэж бэлнээр 50,000 төгрөг, нийт 6,720,000 төгрөгийг өгсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна.

Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 10,200,000 төгрөгөөс 2017 оны 10 дугаар сарын 13-нд 1,020,000 төгрөгийг төлж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 9,180,000 төгрөг болсон. 10,200,000 төгрөгийн 1 өдрийн алданги 51,000 төгрөг бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 9 хоногийн алданги 459,000 төгрөг.

9,180,000 төгрөгөөс 2018 оны 01 дүгээр сарын 08-нд 5,000,000 төгрөгийг төлж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 4,180,000 төгрөг болсон. 9,180,000 төгрөгийн 1 өдрийн алданги 45,900 төгрөг бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 13-наас 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 55 хоногийн алданги 2,524,000 төгрөг.

4,180,000 төгрөгөөс 2018 оны 7 дугаар сарын 09-нд 150,000 төгрөгийг төлж гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 4,130,000 төгрөг болсон. 4,180,000 төгрөгийн 1 өдрийн алданги 20,900 төгрөг бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр х үртэл 181 хоногийн алданги 3,782,900 төгрөг.

4,130,000 төгрөгөөс 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 50,000 төгрөгийг төлж гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 4,080,000 төгрөг болсон. 4,130,000 төгрөгийн 1 өдрийн алданги 20,650 төгрөг бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 6 хоногийн алданги 123,900 төгрөг.

4,080,000 төгрөгөөс 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 500,000 төгрөгийг төлж гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3,580,000 төгрөг болсон. 4,080,000 төгрөгийн 1 өдрийн алданги 20,400 төгрөг бөгөөд 118 хоногийн алданги 2,407,000 төгрөг.

3,580,000 төгрөгөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 325 хоногийн алданги 5,817,500 төгрөг.

Нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3,580,000 төгрөг, нийт алданги 15,114,500 төгрөг болсон боловч анз нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алданги нь 1,790,000 төгрөг, нийт 5,370,000 төгрөгийг А.А*******д өгөхийг зөвшөөрнө гэж тайлбар гаргаж байсан. 2018 оны 01 дүгээр сард мотор, хоропны тос солиулсан үйлчилгээний төлбөр 135,000 төгрөгийг оруулж тооцоход нийт 6,855,000 төгрөгийг төлсөн байна.

Иймд төлөөгүй үнийн дүн 3,445,000 төгрөг, алданги 1,722,000 төгрөг, нийт 5,167,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Нэмэхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн төлбөрөөс 3,445,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алдангийг төлөх тул нийт 5,167,000 төгрөгийг хариуцагч төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Б.Э ад холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 13,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, үндсэн зээлээс төлөөгүй үнийн дүн 3,445,000 төгрөг, түүний алданги 1,722,000 төгрөг, нийт 5,167,500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Зээлдүүлэгч А.А нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, зээлдэгч Б.Э ад 10,200,000 төгрөгийг 1 өдрийн хугацаатай, хүүгүй, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор зээлдүүлжээ.

Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 232 дугаар зүйлийн 232.3.Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. 232.4.Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй., 232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Хариуцагч нь дээрх зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээн авсан эсэх талаар маргаагүй, зээлийн гэрээний дагуу 10,200,000 төгрөгийг зээлдэгч хүлээн авсан, зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн нь тогтоогдож байна.

Зээлдэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу, гэрээгээр тохирсон хугацаанд зээлээ эргүүлэн төлөх, энэхүү хугацаа хэтэрснээс хойш дээр дурдсанаар алданги төлөх үүрэгтэй, зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон ёсоор хүү шаардах эрхгүй юм.

Нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 13-нд 1,020,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сард 500,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сард 150,000 төгрөг, моторын тос солиулсан 50,000 төгрөг, нийт 6,720,000 төгрөгийг зээлийн гэрээний эргэн төлөлтөд авсан болохоо хүлээн зөвшөөрөв.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн автомашины хоропны тосыг сольж, зээлийн төлбөрт тооцуулсан эсэхээ нотлох баримтаар нотлоогүй, зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс нийт 6,720,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байх тул 10,200,000 төгрөгийн зээлээс 3,480,000 төгрөгийг төлөөгүй байна.

Хариуцагчийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус зааснаар алданги тооцох үндэслэлтэй байх тул хариуцагчаас нийт 5,220,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,780,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан, хариуцагч Б.Э аас 5,220,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.А*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,780,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан, нэхэмжлэгч нь нийт 27,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 14,000,000 төгрөгөөс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.А*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э аас 98,470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА