Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/266

 

 

 

 

 

            

    О.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Еркебулан,

шүүгдэгч О.Б-, түүний өмгөөлөгч И.Хонгор,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б- өмгөөлөгч И.Хонгорын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.Б-д холбогдох эрүүгийн 2002004950314 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хустай овгийн О.Б, 19....... оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.............” ХХК-ийн харьяа “..............” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх газарт зайлшгүй үеийн цагийн ажилтан ажилтай, “............” Их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл ............. хамт Сонгинохайрхан дүүргийн ................ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................/;

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр биелүүлсэн,

О.Б- нь 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнбинолын агууламж бүхий “шавар” гэх нэршилтэй нийт 0.9881 грамм хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: О.Б- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Барс-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримт болох Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нийт 0.9881 грамм жинтэй шавар мэт сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу шилжүүлэн авч устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Б- өмгөөлөгч И.Хонгор гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт “Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, ... нийгмийн хор аюул ихтэй, ... гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч О.Б-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх шийдвэрлэсэн. ...” гэсэн байна. Шүүгдэгч О.Б- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байх бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. “Нийгмийн хор аюул ихтэй” гэсэн шинжээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 болон 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл журам болон тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх заалтыг хэрэглэсэнгүй. Эрүүгийн хуулийн шинэчлэгдсэн зорилтуудын нэг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зүйл заалтыг Эрүүгийн хуульд тусгаж өгсөн онцлогтой. Шүүгдэгч О.Б- нь гэмт хэрэгт холбогдсоноос хойш Олон нийтийн аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай гэдгийг ухамсарлаж Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл буюу интернет орчинд Монгол Улсад ургаж байгаа өвс буюу мансууруулах бодисын талаар хорт хавдараас урьдчилан сэргийлдэг, хэрэглэсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэггүй гэх зэрэг хүүхэд залуус буруу мэдээлэлтэй байдаг талаар олж мэдэж уг буруу мэдээллээс болж энэ гэмт хэрэгт холбогдож болзошгүй байх тул энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалт сурталчилгаа хийсэн, цаашид ч олон нийтэд мэдээлэл хийж иргэний ухамсар, соёлыг төлөвшүүлэхэд чиглэн ажиллахаа ч анхан шатны шүүхэд илэрхийлсэн. Одоо 3 дугаар дамжааны оюутан бөгөөд сургалтын төлбөрөө хичээлийн бус цагаар ажил хийж төлдөг зэрэг сурах чин хүсэл эрмэлзэлтэйг нь анхаарч үзнэ үү. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсалтай байна. Би мэргэжлээрээ сургуульд сурах сонирхолтой байна. Дараа жил сургуулиа төгсөөд ажиллах хүсэлтэй байгаа тул надад өгсөн ялыг тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Еркебулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр О.Б-д холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын хамгийн дээд хэмжээг шүүх оногдуулсан. Улсын яллагчийн зүгээс 1 жил 6 сарын хорих ял оногдуулах санал гаргасан боловч шүүх 1 жил хорих ял оногдуулсан. Шүүх тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж дүгнэлт хийсэн хэдий ч шийтгэх тогтоол энэ талаар тусгаагүй гэж өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл болоод шийтгэх тогтоол энэ талаар нэг ч үсэг, үг, өгүүлбэр авагдаагүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэх дүгнэлтийг хийсэн. Хар тамхитай холбоотой хэргийг онцлог хэрэг гэдгээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар хүн амын аюулгүй байдал учирсан хор уршиг гэдгээр нь авч үзэх ёстой. О.Б- хувийн байдал нь 2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ялаар шийтгүүлж байсан. Анхан шатны шүүх эрүүгийн хуулийн зорилт болон процессын хуулийн зорилтод нийцүүлж энэ хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэж байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.Б- нь 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнбинолын агууламж бүхий “шавар” гэх нэршилтэй нийт 0.9881 грамм хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6/,

хүний биед үзлэг хийх үеийн гэрэл зургийн үзүүлэлт /хх 8/,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 9/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 5166 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж хаягласан гялгар ууттай бор өнгийн шавар мэт зүйл, “2” гэж хаягласан гялгар ууттай бөөрөнхий хэлбэртэй бор өнгийн шавар мэт зүйл, “3” гэж хаягласан гялгар ууттай мөнгөлөг өнгийн цаас, “ZN4150703” гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт, “О.Б- УП98061551 2020.9.20” гэж хаягласан шээс тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж хаягласан гялгар ууттай бор өнгийн шавар мэт зүйл, “2” гэж хаягласан гялгар ууттай бөөрөнхий хэлбэртэй бор өнгийн шавар мэт зүйл, “3” гэж хаягласан гялгар ууттай мөнгөлөг өнгийн цаас бүрээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. “О.Б- УП98061551 2020.9.20” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. “ZN4150703” гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн дэвсгэртээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенци, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенциудад багтсан бодис илрэхгүй байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж хаягласан гялгар ууттай бор өнгийн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.2521 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0.227 грамм болов. “2” гэж хаягласан гялгар ууттай бөөрөнхий хэлбэртэй бор өнгийн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.7360 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0.6936 грамм болов.” гэсэн дүгнэлт /хх 25/,

О.Б- яллагдагчаар мэдүүлсэн “... би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, өөрийн гэм буруугаа ойлгон ухамсарлаж байна. ...” /хх 39/,

            О.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “... Каби гэх залуу сагс тоглож дуусаад ТҮЦ-ээс ундаа аваад байрны голд байх саадан дээр очоод тугалган цаас, шавар гэх зүйлийг гаргаж ирээд бага зэргийг наагаад асаагуураар асаагаад хуйлсан мөнгөөр сороод байсан. “Чи ядарч байвал энэ зүйл чамд сэргээш болно, тайван гоё болгоно” гэж хэлсэн. Би тухайн үед ядарч сульдсан байсан болохоор сэргээх юм болов уу гэж бодоод Каби гэх залуугийн үйлдлийг даган дуурайж сорж үзсэн. ...” /хх 99/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч О.Барс-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Б- шавар гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч О.Б- өмгөөлөгч И.Хонгор “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 болон 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл журам болон тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх заалтыг хэрэглэсэнгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт үйлдэлд хамаарах буюу тэр дундаа залуу үеийн эрүүл мэнд, хүмүүжил, оюун санаанд хортойгоор нөлөөлдөг учраас нийгмийн хор аюул өндөр байдаг гэмт хэргийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оюутан, өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, сэтгэц идэвхит бодисоос хамааралтай шинж баримт байхгүй талаар шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзаж, түүнд 1 жил хорих ял шийтгэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь тухайн хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б- өмгөөлөгч И.Хонгорын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б- өмгөөлөгч И.Хонгорын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ

 

 

ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ