Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2022/0805

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б***,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Маргааны төрөл: Газрын хэмжээг багасгасан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/884 дүгээр захирамж хуульд нийцсэн эсэхийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б***, түүний өмгөөлөгч С.Ү***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Г.Б***аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын эзэмшил газрын хэмжээг багасгасан 2021 оны А/884 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай” нэхэмжлэл гаргасан.

2.Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг 2012 онд зохих журмын дагуу худалдан авч Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/456 дугаар захирамжаар эзэмшиж, мөн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжаар 3000 м2 газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

Улмаар 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасныг Нийслэлийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/884 дүгээр захирамжаар 2552 м2 газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

3.Нэхэмжлэгч газрын хэмжээг багасгасан нь хууль зөрчсөн гэж маргасан.

4.Нэхэмжлэгч Г.Б*** шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

          1/Г.Б*** нь 2012 онд Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 17******* тоот нэгж талбарын дугаар бүхий 3000 м.кв талбай газрыг зохих журмын дагуу худалдан авч 0000017270 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж байсан. Тус газар эзэмших эрхийн хугацаа 2016 дуусаж зохих журмын дагуу сунгуулах хүсэлтийг өгч 17******* тоот нэгж талбарын дугаар бүхий 3000 м.кв гэж эзэмших эрхийн гэрчилгээ гарсан болно.

2021 онд газар эзэмших эрхийн дахин сунгуулах хүсэлтийг нийслэлийн Засаг даргад гаргасан ба нийслэлийн Засаг даргаас уг газар эзэмших хугацааг сунгах захирамж гаргахдаа газрын хууль ёсны эзэмшигч надад ямар нэгэн мэдээлэл өгөлгүйгээр эзэмших газрын талбайн хэмжээг багасгаж 2552 м.кв олгохоор шийдвэр гаргасан байна.

Дээрх шийдвэрийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хан-Уул дүүрэг хариуцсан холбогдох мэргэжилтэнгээс тодруулахад газрын өөрчлөлтийг Ус суваг, удирдах  газраас тодруулга ав гэсэн болно. Үүний дагуу Хан-Уул дүүрэг ОНӨААТҮГ болон бусад газраас тодруулсаар байгаад 2021 оны 12 дугаар сарын 10-нд хүсэлт өгсөн болно.

Ус суваг удирдах газар нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/2478 шугмын тодруулга дээр тодорхой хариу мэдэгдээгүй учир дахин 2022 оны 01 дүгээр сарын 04-ний дахин Ус суваг удирдах газар хүсэлт өгсөн болно.

Ус суваг удирдах газар нь тухайн хүсэлтийн хариуг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 3/216 албан тоот ирүүлсэн бөгөөд үүнд таны эзэмшиж байгаа газар дээр төвийн бохир усны татан зайлуулах шугам байрлаж байгаа бөгөөд Барилга хот байгуулалтын яамнаас “Дэд бүтэц төсөл”-ийн хүрээнд 2014 онд “А” ХХК угсралтыг гүйцэтгэж манай байгууллагад 2015 онд хүлээлгэн өгсөн ашиглалтыг бид хариуцан ажиллаж байна. Монгол Улсын Хот суурины ус хангамж ариутгал татуургыг ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7, 17.14 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг хэрэгжүүл гэсэн байна.

2022 оны 04 дүгээр сарын 22 ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас  гэрээ хийх шаардлага ирсэн байсан тул хэвлүүлэн авч үүний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын Алба, Нийслэлийн Хот Байгуулалт Хөгжлийн Газруудад шугамын дагуу дэлгэрэнгүй мэдээлэл тодруулга авахаар хүсэлт гаргасан болно.

Ус суваг удирдах газар нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 3/974 тоот хариундаа Монгол улсын хот суурины ус хангамж ариутга татуургыг ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7, 17.14 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг хэрэгжүүл гэсэн байна.

Хот байгуулалт хөгжлийн газар нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 02/02/1650 албан хариундаа Монгол улсын хот суурины ус хангамж ариутга татуургыг ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 буюу хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар үйлчилгээ хийх хамгаалалтын зурвастай газар байна гэсэн заалтыг үндэслэн зурвасыг тогтоосон гэсэн байна.

Нийслэлийн засаг даргад хандахад Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02-08/2727 тоот албан бичгээр хариу ирүүлсэн бөгөөд бид дээрх хариу болон нийслэлийн засаг даргын 2021 оны А/884 тоот захирамжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2/Монгол Улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод баригдах орон сууцны хотхон хорооллын болон гэр хороололлын инжинерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэсэн байна. Хуулийн дагуу тухайн онуудад газар эзэмших эрхийн гэрчилгээг 2012 он, 2016 онд сунгуулж байхад газрын хэмжээнд өөрчлөлт оруулж байгааг мэдэгдээгүй.

3/Хууль ёсоор эзэмшиж буй иргэний эзэмших эрх бүхий газрын талбайн хэмжээг багасгах нь эрх бүхий байгууллагын эрх хэмжээний асуудал боловч Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл журмын дагуу захиргааны үйл ажиллагаа мөн бөгөөд тус ажиллагаанд эрх ашиг нь шууд хөндөгдөж буй этгээдийг оролцуулалгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн хэрэв эзэмшил газрын тусгай хэрэгцээнд авч байгаа тохиолдолд газар эзэмшигчтэй харилцан тохиролцох зохицуулалт газрын тухай хуульд байдаг. Иймд нийслэлийн Засаг дарга нь дээрх хуулиудыг ноцтой зөрчиж миний эзэмших эрх бүхий газрын талбайн хэмжээнээс хассан шийдвэрийг хүчингүй болгож, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын газрын хэмжээг багасгасан 2021 оны А/884 захирамжийг хүчингүй болгуулах, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн агуулгын тухайд 2012 онд Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 0250 тоот нэгж талбарын дугаар бүхий 3000мкв газрыг зохих журмын дагуу худалдан авч эрхийн гэрчилгээг авч байсан. Тус газрыг эзэмших эрхийн хугацаа 2016 онд ээлжит хугацаа нь дуусаж зохих журмын дагуу сунгуулах хүсэлтийг өгч талбарын дугаар 3000мкв гэж гарсан. 2021 онд дахин сунгуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гаргахад газрын хэмжээ багасаж 2552мкв болсон. Дээрх шийдвэрийг холбогдох мэргэжилтэн, орон сууц нийтийн аж ахуйн газраас тодруулаад 2021 оны 12 сард хүсэлтийг өгсөн. Ингэж тодруулга хүсэлтүүдийг аваад Ус сувгийн удирдах газарт хүлээлгэж өгсөн. Уг газар нь өөрчлөлт оруулаад хуулийн дагуу заалтыг хэрэгжүүлэх ёстой гэж заасны дагуу газрын хэмжээг багасгасан гэсэн хариуг өгсөн. Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/884 тоот захирамжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан хөтөлбөр, дэд бүтэц байгууламж, шугам сүлжээний ажлуудыг хийж гүйцэтгэхэд хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хэмжээнд өөрчлөлт оруулж байгааг эзэмшигч надад мэдэгдээгүй, хууль ёсоор эзэмшиж буй иргэний газрын талбайн хэмжээг багасгах нь эрх бүхий байгууллагын асуудал бол Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл журмын дагуу захиргааны үйл ажиллагаанд эрх ашиг нь шууд хөндөгдөж буй иргэнийг оролцуулахгүй шийдсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Газар эзэмшигчтэй харилцан тохиролцох, зөвшилцөх талаар Газрын тухай хуульд заасан бөгөөд Нийслэлийн Засаг дарга дээрх хуулиудыг ноцтой зөрчиж миний эзэмшиж буй газрын талбайн хэмжээнээс хассан шийдвэрийг хүчингүй болгож, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг гаргасан. Холбогдох баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн эрхэд халдаж Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл журмын дагуу сонсох ажиллагаа явуулахгүйгээр газар эзэмших эрхийг багасгасан нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл. Учир нь Г.Б*** Нийслэлийн Засаг даргад 3000 мкв талбай сунгуулах хүсэлт гаргасан болохоос 2552 м.кв талбай сунгуулах хүсэлт гаргаагүй. Багасгах талаар мэргэжлийн зөвлөлийн хуралдаан болох талаар мэдээлэл өгөөгүй. Эрх ашиг нь зөрчигдөж буй этгээд бол нэхэмжлэгч мөн. Эрх нь зөрчигдөж буй этгээдээс тайлбар авалгүйгээр шийдвэр гаргасан байх тул Нийслэлийн Засаг даргын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Г.Бд нийслэлийн Засаг даргын 2012 оны А/456 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд, үйлчилгээний зориулалтаар 3000 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Улмаар нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжаар “Нэхэмжлэгч Г.Б***ын дээрх газрын зориулалтыг үйлчилгээ, орон сууц болгон өөрчлөн, 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

2/Нэхэмжлэгч Г.Б*** нь 2021 оны 05 дугаар сарын 11-ны өдөр газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтээ гаргасны дагуу 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, бохир усны шугамын хамгаалалтын бүсийг хасах дүгнэлт гарсны дагуу нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “К**” ХХК-иар 2552 м.кв талбайн хэмжээ бүхий кадастрын зургийг хийлгэж, Нийслэлийн газар зохион байгууллалтын албанд ирүүлсэн болно.

Дээрх кадастрын зургийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/884 дүгээр захирамжаар талбайн хэмжээг багасгаж 2552 м.кв болгон хугацаа сунгахаар шийдвэрлэсэн болно.

3/Нэхэмжлэгч нь талбайн хэмжээг хассан нь үндэслэлгүй гэж байгаа боловч тухайн үед цэвэр бохир усны шугамыг хассан зургийг өөрөө ирүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын гаргасан захиргааны акт үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Г.Б***ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг 2012 онд зохих журмын дагуу худалдан авч Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/456 дугаар захирамжаар эзэмшиж, мөн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар захирамжаар 3000 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

2.Улмаар 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасныг Нийслэлийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/884 дүгээр захирамжаар 2552 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

3.Нэхэмжлэгчээс “талбайн хэмжээг үндэслэлгүй багасгасан, мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Мэргэжлийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэж, бохир усны хамгаалалтын бүсийг хассан” гэж тус тус маргажээ.

4.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаар хуралдаанаар маргаан бүхий газрын “баруун талын бохирын шугам хасаж зөршөөрсөн” талаар тэмдэглэжээ.

5.Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/2418 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлд бохирын шугамыг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад орсон талаар дурьджээ.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна”, 17.14-д “Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно” гэж тус тус заажээ.

6.Мөн маргаан бүхий газарт байрлах шугамын усгалтыг 2014 онд “А” ХХК гүйцэтгэж, манай байгууллагад 2015 онд хүлээлгэн өгсөн талаар Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 3/216 тоот албан бичигт дурьджээ.

7.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчид анх газар эзэмших эрх 2012 онд үүссэн, 2015 онд газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний зориулалт өөрчилсөн, ингэхдээ тухайн цаг хугацаанд маргаан бүхий газар дээгүүр хийгдсэн бүтээн байгуулалтыг /шугам татах/ нэхэмжлэгчээс зөвшөөрөл авалгүй, түүнд мэдэгдэлгүй хийж гүйцэтгэсэн атлаа одоо “бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна” гэх үндэслэлээр талбайн хэмжээг багасгасан нь хуульд нийцэхгүй байна.

8.Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан бөгөөд иргэн, хуулийн этгээдийн хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшиж буй газарт инеженерийн дэд бүтэц хийж буй тохиолд түүнд зайлшгүй мэдэгдэж, зөвшилцөх учиртай.

9.Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч “К***” ХХК-иар кадастрын зураг хийлгэж ирсэн нь маргаан бүхий захиргааны актыг зөвшөөрсөн, сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзнэ” гэж тайлбарлаж буй хэдий ч энэ нь маргаан бүхий үйл баримт болсны дараа буюу шугам сүлжээ тавигдснаас 5 жилийн дараа хийгдэж буй үйлдэл тул нэхэмжлэгчийн оролцоог хангасан гэж үзэхгүй.

11.Өөрөөр хэлбэл бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтэц нь нэхэмжлэгчийн хүсэл зоргиос үл хамаарах шалтгаанаар хийгдэж буй хэдий ч хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшиж буй газар эзэмшигчид энэ талаар заавал мэдэгдэж, түүнтэй зөвшилцсөн байх учиртай.

10.Мөн Газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Зам, шугам сүлжээний газарт цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, зам, замын зурвас газар, тээвэр, холбоо, мэдээллийн зориулалтаар хот, тосгон, бусад суурины гадна олгогдсон газар хамаарна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан бөгөөд маргаан бүхий газартай холбоотой Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гараагүй байна.

11.Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг зэргийг хийлгэсэн байхад Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 02/08/50 тоот албан бичигт дурьдсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтод хөтөлбөр, Дэд бүтэц” төслийн талаар түүнд мэдэгдэх боломжтой байсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7, 17.14, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б***ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Нийслэлийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/884 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ