| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2018/01944/И |
| Дугаар | 101/ШШ2018/01981 |
| Огноо | 2018-06-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2018/01981
| 2018 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 101/ШШ2018/01981 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д банк бус санхүүгийн байгууллагын /РД: 00000000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э.Б-д /РД: 00000000/ холбогдох
15.590.966 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа,
Хариуцагч Э.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мягмарнаран оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дбанк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус Д банк бус санхүүгийн байгууллага нь иргэн Э.Бтай 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 2017/21 тоот зээлийн гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлж 00000 УНС улсын дугаартай, бенз маркийн авто машиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээг байгуулсан.
Улмаар иргэн Э.Б нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ........тоот зээлийн гэрээгээр 7.000.000 төгрөг нэмж зээлсэн бөгөөд өнөөдрийг хүтэл зээлээ эргэн төлөөгүй байна.
Э.Б нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үндсэн зээл 907.888 төгрөг, хүү 236.712 төгрөг, нийт 1.144.600 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үндсэн зээл 937.009 төгрөг, хүү 207.591 төгрөг, нийт 1.144.600 төгрөг төлсөн. Үүнээс хойш хугацаанд зээлийн төлбөр огт төлөөгүй. Манайд барьцаалсан машин нь ч байхгүй. Тухайн машин одоо хаана байгааг мэдэхгүй байна. Э.Бгийн манайд барьцаалсан машиныг н.Уугнаа гэх залуу унаж байсан. Барьцааны машинаа авья гэхээр би Э.Бд мөнгө өгсөн, өгөхгүй гэдэг.
Иймд Э.Бгаас үндсэн зээл 11.156.359 төгрөг, зээлийн хүү 4.142.794 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 291.893 төгрөг, нийт 15.590.966 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хувьд тус Дбанк бус санхүүгийн байгууллагатай 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 2017/21 тоот зээлийн гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэн 00000 УНС улсын дугаартай, бенз маркийн авто машиныг барьцаалсан.
Мөн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ........тоот зээлийн гэрээ байгуулан 7.000.000 төгрөг нэмж зээлсэн. Зээлийн гэрээний дагуу 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үндсэн зээл 907.888 төгрөг, хүү 236.712 төгрөг, нийт 1.144.600 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үнндсэн зээл 937.009 төгрөг, хүү 207.591 төгрөг, нийт 1.144.600 төгрөг төлсөн. Үүнээс хойш төлбөр төлөөгүй байгаа.
Манай найз н.Уугнаа би машиныг чинь унаад зээлийг чинь төлөөд явна. Төлж дуусаад машиныг чинь би авья гэж хэлсэн учраас би түүнийг төлөөд явж байгаа гэж ойлгосон. Эднийх 2017 оны 10 дугаар сард байх машин хурааж авсан гэсэн гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дбанк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Э.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 15.590.966 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/үндсэн зээл 11.156.359 төгрөг, зээлийн хүү 4.142.794 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 291.893 төгрөг/
Э.Б нь Дбанк бус санхүүгийн байгууллагатай 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 2017/21 тоот зээлийн гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэн, мөн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтэд бенз маркийн, арлын ............ дугаар бүхий, 00000 УНС улсын дугаартай авто машиныг барьцаалсан ба гэрээнд талууд хэн аль нь гарын үсэг зуран баталгаажуулжээ.
Мөн Э.Б нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Дбанк бус санхүүгийн байгууллагатай ........тоот зээлийн гэрээ байгуулан 7.000.000 төгрөгийг, 4 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлэн гэрээнд хэн аль нь гарын үсгээ зуран баталгаажуулсан байна.
Хариуцагч Э.Б дээр дурьдсан 2 гэрээний дагуу нийт 13.000.0000 /6.000.000+7.000.000/ төгрөгийг хүлээн авсан талаараа маргахгүй байгаа болно.
Дээр дурьдсан гэрээнүүдэд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсэг зурж баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн бөгөөд тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
/ХХ-ийн 4-12, 43-47 дугаар тал/
Э.Б 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Фидуцийн гэрээ-ний дагуу өөрийн өмчлөлийн, 2003 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн, 00000 УНС улсын дугаартай, бенз маркийн авто машиныг барьцаалснаар тэдний хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээ байгуулагдан Дбанк бус санхүүгийн байгууллага фидуцийн зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэн авчээ.
/ХХ-ийн 7-11 дүгээр тал/
Хариуцагч Э.Б 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үндсэн зээл 907.888 төгрөг, хүү 236.712 төгрөг, нийт 1.144.600 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үндсэн зээл 937.009 төгрөг, хүү 207.591 төгрөг, нийт 1.144.600 төгрөг , бүгд 2.289.200 төгрөг төлсөн ба үүнээс хойшхи хугацаанд гэрээний үүргийг биелүүлээгүй талаараа тэрээр маргахгүй байна.
/ХХ-ийн 6 дугаар тал/
Зээлдэгч Э.Б 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Дбанк бус санхүүгийн байгууллага түүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй.
Хариуцагч Э.Б нь зээлдүүлэгч Дбанк бус санхүүгийн байгууллагыг 2017 оны 10 дугаар сард зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан авто машиныг хураан авсан гэх боловч энэ нь нотлогдоогүй бөгөөд энэ талаарх баримтаа ирүүлээгүй болно.
Хариуцагч Э.Б 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 907.888 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 937.009 төгрөг, нийт 1.844.897 төгрөг төлсөн байна.
/6.000.000 төгрөг+7.000.000 төгрөг-1.844.897 төгрөг=11.155.103 төгрөг /төлөх үндсэн зээл/
11.155.103 төгрөг*4 хувь=446.204 төгрөг /1 сарын хүү/
446.204 төгрөг*9 сар=4.015.836 төгрөг,
Алданги 291.893 төгрөг,
11.155.103 төгрөг+4.015.836 төгрөг+291.893 төгрөг= 15.462.832 төгрөг.
Иймд хариуцагч Э.Бгаас 15.462.832 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дбанк бус санхүүгийн байгууллагад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 128.134 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Э.Бгаас 15.462.832 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дбанк бус санхүүгийн байгууллагад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 128.134 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Дбанк бус санхүүгийн байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247.521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бгаас 235.264 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дбанк бус санхүүгийн байгууллагад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН