Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/155

 

 

 

 

 

 

 

 

2025     03         26                                           2025/ШЦТ/155

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны 104 дүгээр танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,

улсын яллагч Т.Төгөлдөр,

хохирогч *************,

шүүгдэгч *************нарыг оролцуулан,

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************холбогдох эрүүгийн 2525000000090 дугаартай 312/2025/0117/Э индекстэй хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч *************нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймгийн *************байрлах хойд эцэг *************ын гэрт очиж гар утсыг нь гуйж аваад Худалдаа хөгжлийн банк руу нэвтрэн орж нэг удаагийн кодыг гар утсаар нь дамжуулан авч өөрийн ашигладаг самсунг эс22 загварын гар утсандаа худалдаа хөгжлийн банкны интернэт банкийг оруулж хадгаламж барьцаалсан зээл авч 8,000,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, *************д 8,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *************, хохирогч ************* нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2525000000090 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч *************нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймгийн *************байрлах хойд эцэг *************ын гэрт очиж гар утсыг нь гуйж аваад түүний Худалдаа хөгжлийн банкны цахим үйлчилгээнд нэвтрэн орж нэг удаагийн кодыг гар утсаар нь дамжуулан авч өөрийн ашигладаг самсунг эс22 загварын гар утсандаа Худалдаа хөгжлийн банкны интернэт банкийг оруулж хадгаламж барьцаалсан зээл авч 8,000,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, *************д 8,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *************ын өгсөн: Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэх мэдүүлэг,

 

- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *************ын өгсөн: 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр *************бид хоёр Шандын дэлгүүр орж тэнд байсан өрөө *************аар төлүүлсэн. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө өөр хүмүүс рүү мөнгө шилжүүлсэн мэдээлэл ирэхээр нь гайхаад банк руу залгаж хаалгасан. Манай хүү ноднин 12 сард ходоодны хагалгаанд орсон, 20-30см оёдолтой. Ээж нь нойр булчирхайн хавдартай. Манай хүү бид хоёрт их тус болдог. Сайн хүү байгаа юм. Цагаан сараар ах дүүсээрээ ярилцаад хохирол төлбөрөө барагдуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бага ял оногдуулж өгнө үү ... гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч *************ын өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө Орхон аймаг ************* тоотод миний "Худалдаа хөгжлийн банкны данс"-аас 2025 оны 01-р сарын 13-ны өдрөөс эхэлж нийт 8,000,000 төгрөгийн зарлага гарч хадгаламж барьцаалан зээл авсан байсан. Уг гүйлгээнүүдийг би өөрөө хийгээгүй бөгөөд үнэнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байна. Би гэртээ эхнэр Жаргалын хамт амьдардаг 2025 оны 01-р сарын 13-нд миний хүү Өлзийбаяр маань гэрт ирээд явсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас), 

Гэрч *************-ийн өгсөн: "...Би 2022 оны зунаас эхэлж Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах ************* караокед зөөгчөөр ажиллаж эхэлсэн. Харин энэхүү гүйлгээний учир нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай ажил дээр 1 эмэгтэй, 3 эрэгтэй хүн орж ирж үйлчлүүлсэн. Тухайн хүмүүс нь үйлчилгээний төлбөр болох 110,000 төгрөг, 90,000 төгрөгийн гүйлгээг хийж байсан. Харин миний дансанд орсон мөнгийг би захирал *************ийн данс руу шилжүүлсэн. Би хэн гэдгийг нь мэдэхгүй. Харин таньж чадна. Тухайн эрэгтэй хүн 25 орчим настай, туранхай, 170-175 орчим өндөртэй хүн байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас), 

Яллагдагч *************ын өгсөн: "...Тэр үед ************* нь надаас миний банкнаас мөнгө зээл авч алга болсон байна. Чи энэ талаар мэдэх үү? гэж асуухаар нь би мэдэхгүй. Та наад банкныхаа ажилтан руугаа залгаад банкаа хаалга гэж хэлсэн. Тэгээд би шууд эхнэр хүүхдээ аваад явсан. Би *************ын дансаар нийт 2,800,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 1,200,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг тус тус зээлээр авсан. Харин би 3,000,000 төгрөгийг нь данснаас нь авч хэрэглээгүй. Харин үлдсэн мөнгөнөөс 506,276 төгрөгийг зээлийн төлөлтөд, 607,400 төгрөгийг дэлгүүрийн зээлэнд өгсөн. Харин яг хэрэглэсэн нь 3,886,324 төгрөг хэрэглэсэн..." гэх мэдүүлэг,  (хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас)

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах ************* 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21 цаг 28 минутад хийгдсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч *************ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч ************* нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд хөнгөрүүлэх байр сууринаас, хохирогч ************* нь хохирол төлбөр барагдуулсан тул бага ял оногдуулж өгнө үү гэх байр сууринаас тус тус оролцсон болно.

 

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч *************, гэрч Б.Мөнхтуяа нарын өгсөн мэдүүлэг, яллагдагч *************ын гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч *************нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймгийн *************байрлах хойд эцэг *************ын гэрт очиж гар утсыг нь гуйж аваад Худалдаа хөгжлийн интернэт банк руу нэвтрэн орж нэг удаагийн кодыг гар утсаар нь дамжуулан авч өөрийн ашигладаг самсунг эс22 загварын гар утсандаа Худалдаа хөгжлийн банкны интернэт банкийг оруулж хадгаламж барьцаалсан зээл авч 8,000,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, *************д 8,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /8.000.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Тодруулбал, шүүгдэгч *************нь бусдын интернэт банкны кодыг нууцаар авч, өөрийн утсандаа банкны эрхийг оруулж, хадгаламж барьцаалсан зээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл, хохирогч *************д 8,000,000 төгрөгийн хохирол учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоотой, уг шалтгаан холбоо нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй салшгүй холбоотой болох нь хөдөлшгүй нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн бусдын интернэт банкны эрхийг өөрийн гар утсандаа оруулж, 8.000.000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд Өмчлөх эрхийн эсрэг бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Энэ хэргийн улмаас хохирогч *************ын Худалдаа хөгжлийн банк дахь хадгаламжийг барьцаалан 8,000,000 төгрөгийн зээл авч, хохирогчид 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч *************нь дээрх хохирлын 3,000,000 төгрөгийг зарцуулж амжаагүй байхад хохирогч дансаа хаалгасан, 2.000.000 орчим төгрөгийг бэлнээр хохиролд төлж барагдуулсан тул гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгийг хохирогч ************* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус илэрхийлсэн тул шүүгдэгч *************ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *************ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч *************ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч *************ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч *************нь гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *************эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, учруулсан хохирлоо тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************ыг 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг Орхон аймгийн Хот тохижуулах газарт өдөрт 8-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.

Энэ хэрэгт шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч ************* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч ************* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалах нь зүйтэй.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Энх овогт Отгонбаярын Өлзийбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 640 /зургаан зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг Орхон аймгийн Хот тохижуулах газарт өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч *************нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч ************* нь гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий нэг ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЭНЭРЭЛ