Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2020/02703

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин байрлах, Л ББСБ ХХК /РД:0/-ийн  нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: 0 тоотод оршин суух Авгаржин овогт О.М /РД:0/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 17,369,600 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч О.М, хариуцагчийн өмгөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.М нь Л ББСБ ХХК-тай 2018 оны 03 сарын 06-ны өдөр №18/20 тоот зээлийн гэрээ байгуулан 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр 8,000,000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч О.М нь 2018 оны 04 сарын 16-ны өдрөөс 2019 оны 02 сарын 16-ны өдөр хүртэл зээлийн хүүг, хугацааны эцэс болох 2019 оны 03 сарын 16-нд зээлийн хүү болон үндсэн зээлийг бүхэлд нь төлөх үүрэгтэй боловч зээлийн хүү болон үндсэн зээлийг одоог хүртэл огт төлөөгүй. Нэхэмжлэгч зээлийн хүүг хугацаандаа төлөх тухай удаа дараа сануулж, нэмэлт хугацаа тогтоож эвлэрэх боломж олгож байсан. Гэвч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шалтаг тоочиж зээлийн төлбөрийг хугацаа дууссанаас хойш төлөлгүй 1 жил 2 cap 12 хоног болсон байна. Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардаж авалгүй, 2019 оны 01 сарын 15-ны өдрөөс 2020 оны 05 сарын 26-ны өдрийн хооронд эрэн сурвалжлагдсан. Энэ нь хариуцагч зээлийн хүү болон үндсэн зээлийг сайн дураар төлөх эсэхэд эргэлзээ төрүүлж байх тул зээлийн хүү болон үндсэн зээлийг шаардаж байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2018 оны 03 сарын 16-ны өдөр №18/019 дугаартай хөрөнгө барьцаалах гэрээ байгуулан 0000 УББ улсын дугаартай, KNMA4C2BMBP076809 арлын дугаартай, хар өнгийн Самсунг Эс Эм-5 маркын тээврийн хэрэгслийг барьцаалан, хувийн хэрэгцээнд /автомашин худалдан авах/ зориулан авсан. Хөрөнгө барьцаалах гэрээний дагуу 2018 оны 03 сарын 16-ны өдөр фидуцийн зүйлийг Д ф ББСБ өмчлөлдөө шилжүүлэн авсан. Гэрээнд заасны дагуу фидуцийн зүйлийг эзэмших, ашиглах эрх нь хариуцагчид хэвээр үлдсэн. Хариуцагч зээлийн төлбөрийг огт төлөөгүй тул 2018 оны 09 сарын 17-ны өдөр фидуцийн зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авсан. 2018 оны 03 сарын 16-ны өдрийн №18/20 тоот зээлийн гэрээний 3.1.9 дэх хэсэгт Барьцааны зүйл нь үндсэн зээл, зээлийн хүү, зээлтэй холбогдон гарах бусад төлбөрт хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөрөө төлөх, 2018 оны 03 сарын 16-ны өдрийн №18/019 дугаартай хөрөнгө барьцаалах гэрээний 3.2.4 дэх хэсэгт Хэрэв барьцааны зүйлийг борлуулснаас олсон орлого нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад холбогдох зардлыг бүрэн төлөхөд хүрэлцээгүй, барьцаалсан хөрөнгийн үнэлгээ буурсан бол О.М нь өөрийн бусад хөрөнгө, эх үүсвэрээр төлбөрийг төлж барагдуулна гэж тус тус заасны дагуу хариуцагч нь фидуцийн зүйл зээлийн төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулах үүрэгтэй.

Иймд О.Мгоос 2018 оны 03 сарын 16-ны өдөр №18/20 тоот Зээлийн гэрээний дагуу өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй үндсэн зээл 8,000,000 төгрөг, зээлийн хүү 8,448,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 921,600 төгрөг, нийт 17 369 600 төгрөгийг гаргуулж, фидуцийн зүйл болох 0000УББ улсын дугаартай, KNMA4C2BMBP076809 арлын дугаартай, хар өнгийн Самсунг Эс Эм-5 авто машиныг шүүхийн журмаар албадан борлуулж, зээлийн өр төлбөрийг барагдуулах, фидуцийн зүйл үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчөөс гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь О.М нь 2018 оны 03 сарын 16-ны өдөр Л ББСБ ХХК-тай 12 cap буюу нэг жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж, Монгол Улсад импортоор орж ирсэн улсын дугаар аваагүй зах зээлийн үнэлгээ 18,000,000 төгрөгийн үнэ бүхий авто машин барьцаанд тавьж фидуцийн гэрээний дагуу Л ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлж шинээр 0000УББ гэсэн улсын дугаар авагдсан. Уг автомашиныг О.М эзэмшиж байхаар харилцан тохиролцож 8,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээл авсан хугацаанаас хойш зээл төлөгдөөгүй учир зээлийн гэрээний 6.2-д заасан үндэслэлээр Л ББСБ ХХК нь 2018 оны 10 сарын 05-нд зээлийн болон фидуцийн гэрээний харилцааг дуусгавар болгосон. Гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг зээлийн гэрээний 7.1-д зааснаар хангуулахаар хүсэлт гаргаж ярьсаны дагуу О.М нь бензин хөдөлгүүртэй Самсунг Эс Эм-5 маркын 0000УББ улсын дугаартай авто машиныг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болох Шинэ монгол хорооллоос хураан авч ачиж явахыг хүлээн зөвшөөрч акт үйлдэж хүлээлгэн өгсөн болно. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохоор зохицуулсан байдаг. Мөн фидуцийн гэрээний онцлог нь үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгаа эд хөрөнгө үүргийн үнийн дүнд хүрэхгүй байвал үүрэг гүйцэтгүүлэгч, илүү үнэтэй байвал үүрэг гүйцэтгэгч нь эрсдлээ өөрсдөө хүлээдэг. Нэхэмжлэгч тал болох Л ББСБ ХХК нь шүүх хуралдаан болон нотлох баримтаар бензин хөдөлгүүртэй Самсунг Эс Эм-5 маркын 0000УББ улсын дугаартай авто машиныг хураан авсан тухай мэдүүлэг, хүлээж авсан актыг шүүхэд нотлох баримтаар өгсөн болно. Автомашиныг хураагаад авчихсан тул зээлийн гэрээгээр авсан төлбөрт тооцоод цаашид зээл төлөхгүй юм байна гэж ойлгож байсан. Иймд Л ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв. 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Л ББСБ ХХК нь хариуцагч О.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 369 600 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, фидуцийн зүйл үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигчдын хооронд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Л ББСБ ХХК нь 8,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдүүлэх, О.М нь сарын 4 хувийн хүү төлөх, тохирсон хугацаанд зээлийг төлж барагдуулах, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Мөн талууд тус өдөр хөрөнгө барьцаалах гэрээ байгуулж, О.М нь зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож 0000УББ улсын дугаартай, KNMA4C2BMBP076809 арлын дугаартай, хар өнгийн Самсунг Эс Эм-5 авто машиныг 8,000,000 төгрөгөөр үнэлж, барьцаалсан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт тус тус зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа, мөн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний харилцаа тус тус үүсчээ.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

Зээлдэгч О.М нь зээлийн гэрээний зээл төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн төлбөр төлөөгүй тул зээлдүүлэгч Л ББСБ ХХК гэрээний хугацаа дуусаагүй байх үед барьцааны зүйл болох 0000УББ улсын дугаартай, KNMA4C2BMBP076809 арлын дугаартай, хар өнгийн Самсунг Эс Эм-5 авто машиныг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн эзэмшилдээ бодитоор шилжүүлэн авсан үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан, энэ нь автомашин хүлээлцэх актаар мөн тогтоогдсон.

Зээлийн гэрээний 4.1.2 болон барьцааны гэрээний 2.1.2-т ...О.М нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд 2.1.1-д заасан хугацаа дууссан өдрөөс эхлэн барьцаалсан хөрөнгийг Иргэний хуулийн 453.2 дахь хэсэгт заасны дагуу ББСБ өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, захиран зарцуулах эрхтэй гэж заажээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.

Дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүдэд зааснаар зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн автомашиныг зээлдүүлэгч нь өөрийн өмчлөлд авч, захиран зарцуулах буюу худалдан борлуулах замаар хохирлоо гаргуулан авахаар талууд тохиролцсон байна. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно гэж зохицуулсан.

Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлдүүлэгч Л ББСБ ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан тээврийн хэрэгслийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн өмчлөлд шилжүүлж авсан байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж зааснаар нэхэмжлэгч Л ББСБ ХХК нь фидуцийн зүйлийг бодитойгоор 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргуулан авснаар хариуцагч О.Мгийн хүлээсэн үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй болохыг зээл төлөлтийн хуваарь буюу 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мэдсэн, уг үндэслэлээр 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр фидуцийн зүйлийг гэрээний хугацаа дуусахаас 6 сарын өмнө хураан авч, өөрийн өмчлөлд шилжүүлсэн. Энэ өдрөөс эхлэн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох 0000УББ улсын дугаартай, Самсунг Эс Эм-5 автомашиныг худалдан борлуулах замаар хохирлоо барагдуулах эрх нь үүссэн байна.

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.3-т зааснаар барьцаалуулагч шаардлагыг хангуулахаар барьцааны зүйлийг хууль, гэрээнд заасан журмын дагуу худалдах эрхтэй болно. Хариуцагч О.М нь автомашиныг нэхэмжлэгч Л ББСБ ХХК-иас хураан авах үед барьцааны эд зүйлийг борлуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар тогтоогдсон.

Гэтэл нэхэмжлэгч нь уг эрхээ хэрэгжүүлээгүй явсаар фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ буурсан үед хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь учир дутагдалтай. Иймд хариуцагч О.Мгоос гаргасан ...автомашины эзэмших эрхийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй байдаг ба нэхэмжлэгч тухайн үед буюу гэрээ байгуулснаас хойш 6 сарын дараа автомашиныг хураагаад авчихсан тул зээлийн гэрээний үүрэгт тооцож, гэрээ дуусгавар болсон гэж ойлгосон гэх тайлбар үндэслэлтэй байна.

Нөгөө талаар, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг автомашиныг худалдан борлуулах замаар гэрээний үүрэгт тооцох хүсэл сонирхолгүй байсан бол уг автомашиныг хураан авах үедээ хариуцагчид зээлийн төлбөрийг цаашид үргэлжлүүлэн төлөх тухай тодорхой мэдэгдэж байжээ. Гэрээний хугацаа дуусаагүй байхад автомашиныг хураан авсан тул хариуцагч О.Мд гэрээний үүрэгт тооцон авч, гэрээ дуусгавар болсон гэх ойлголтыг төрүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Иймд хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний үүрэг тээврийн хэрэгсэл буцаан зээлдүүлэгчид шилжүүлсэн өдөр буюу 2018 оны 09 сарын 17-ны өдөр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар дуусгавар болсон гэж үзнэ.

Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү төлөхөөр зохицуулжээ.

Хариуцагч О.М нь тээврийн хэрэгслийг гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 03 сарын 16-ны өдрөөс 2018 оны 09 сарын 17-ны өдөр хүртэл эзэмшиж, ашиглаж байсан тул энэ хугацааны зээлийн хүү нийт 1,920,000 /6 сар х 320,000/ төгрөгийг төлөх үүрэгтэй. Иймд уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 1,920,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,449,600 төгрөгт холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, фидуцийн зүйл үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч О.Мгоос 1,920,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 15,449,600 төгрөгт холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, фидуцийн зүйл үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,998 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45,670 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ