Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,

улсын яллагч Т.Төгөлдөр

шүүгдэгч ************* нарыг оролцуулан,

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************ад холбогдох эрүүгийн 2525000000078 дугаартай, 312/2025/0118/Э индекстэй хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, /***************/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ************* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн *************тоотод хохирогч *************ийн нүүрэн тус газарт шилэн аягаар /1 удаа/, мөн гараараа цохиж эрүүл мэндэд ...дух, зүүн чихний омог, хүзүү, доод уруулд шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *************ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2525000000078 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч ************* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн *************тоотод хохирогч *************ийн нүүрэн тус газарт шилэн аягаар /1 удаа/, мөн гараараа цохиж эрүүл мэндэд ...дух, зүүн чихний омог, хүзүү, доод уруулд шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *************ын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

- Хохирогч *************ийн өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 02 цагийн үед найз *************ын гэрт 1 шил архи авч орсон. Намайг гэрт нь ороход ************* ************* 2 байж байсан. Би авч орсон архиа гаргаж ************* ************* 2-той хувааж уусан. ************* ахиж надад архи гаргаж ирж ************* ************* бид 3 хувааж уугаад би нэлээн согтоод тасарсан. Нэг мэдсэн миний амнаас цус гараад би сэргэсэн. Гаднаас цагдаа орж ирээд намайг эмнэлэгт хүргэсэн. Би *************тай гэр бүлийн найз нөхөд, харин *************тай танилын хүрээнд л байдаг. Намайг ************* зодсон. ************* чамайг ************* зодсон гэж надад хэлсэн. Би *************ыг зодож цохисон зүйл байхгүй. Надад хүнтэй зодоон хийх тэнхэл байхгүй байсан. Миний амны доод уруул 2 талдаа зүсэгдсэн. Өөр гэмтэл бэртэл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэл санаа зүгээр сэтгэцээ тогтоолгохгүй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14-р хуудас),

- Гэрч *************ын өгсөн: ...2024 оны 12 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед миний найз ************* над руу залгаад юу хийж байна гэхээр нь гэртээ байна гэтэл эхнэр бид 2 танайд очлоо гээд эхнэр *************гийн хамт манайд ирсэн. .Би гэртээ нөхөр *************ын хамт байсан. ************* манайд орж ирэхдээ шинэ жил тэмдэглээд ирлээ гээд 1 шил архитай ирсэн ба авчирсан 1 шил архиа талд нь ортол уугаад байж байтал *************, ************* 2 маргалдаад би салгаад *************ийг эхнэртэй нь хамт харь гээд явуулсан. Би галаас нүүрс оруулж ирэх хооронд маргалдсан байсан ба миний нөхөр *************ыг ************* нь 2 удаа өшиглөөд авсан. Яг хаашаа өшиглөснийг би бас сайн мэдэхгүй байна. Тэгээд би *************ийн эхнэрээс яав юу болов гэж асуутал ************* манай энэ *************ээс л болохгүй юу гэж байсан. Тэгээд ************* эхнэр Байгальтай гэр лүүгээ явсан ба 40 минутын дараа Байгаль над руу залгаад ************* танайх руу явчихлаа шүү гэж хэлсэн. Удалгүй ************* манайд ганцаараа буцаад орж ирээд *************тай эвлэрээд гар бариад тэврэлдээд сүрхий л байж байснаа ахиад л маргалдаад эхэлсэн. Тэгээд 2 биеэ ширээн дээр байсан аягаар цохиод авсан..." гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 18-19 дугаар хуудас),

- Гэрч Ц.*************гийн “...2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нөхөр ************* намайг ************* руу залга гэхээр нь чи өөрөө залга гээд ************* ************* руу бид 2 горад ороод таньдаг хүнтэйгээ таараад ************* архи уусан. Тэгээд ************* залгаад чи юу хийж байна гэхэд ************* би гэртээ байна гэсэн. Тэгтэл ************* танайд хүн байна уу гэхэд ************* байхгүй байна гэсэн. Тэгтэл ************* чи найзтайгаа 100 татах юм уу гэхэд ************* 100-аа аваад хүрээд ир гэхээр нь ************* бид 2 дэлгүүрээс 0,75 граммын архи аваад *************ын гэрт 21 цагийн үед очсон. Тухайн үед ************* ************* 2 хамт байсан. Тэгээд ************* бид 2-н авчирсан архийг задлаад 3-уулаа 1, 1 татсан. Би архи уудаггүй учир уугаагүй Тэгээд ************* дэлгүүр рүү гараад гэртээ орж ирэх хооронд ************* бид 2 гэр лүүгээ яваад галаа түлээд ************* эргэж *************, ************* 2 дээр очих гээд явсан. Би архи уудаггүй учир гэртээ үлдсэн. Тэгээд ************* руу утсаар залгаад ************* танайх руу явлаа очсон уу гэж асуухад ************* одоо орж ирж байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ байж байгаад нөхөр ************* рүү залгаад бага уугаарай хөлдөөд үхэв гэж хэлсэн. Тэгтэл ************* утсыг нь аваад чи ирэхгүй юм уу гэхээр нь үгүй ээ гэтэл ************* за миний найз битгий санаа зовоорой амар амар гэхээр нь унтчихсан байсан. Нэг сэртэл ************* гэртээ ирээгүй байсан ба шөнө 02 цаг болж байсан. Тэгэхээр нь *************ын утас руу залгатал зээ охин нь утсаа аваад таягтай өвөө Ганаа өвөөгийн тархийг нь хагалчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмээгээ яриул гэхэд эмээ согтуу байна гэхээр нь чи наад утсаа эмээгийнхээ чихэн дээр тавиад байх гэхэд утасны цаанаас ************* би мэдэхгүй гээд согтуу дуугарч байсан. Тэгээд зээ охин нь Ганаа өвөө таягтай өвөө 2-г цагдаа аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би ************* рүү олон удаа залгасан боловч утсаа авахгүй байсан. Ийм болсон. Зодоон болоход би байгаагүй гэртээ байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23-р хуудас),

- Яллагдагч *************ын мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн: "... 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед манай гэрт ************* эхнэр Байгалийн хамт нэг шил архитай орж ирсэн. Тэгээд ************* манай эхнэр ************* Байгаль бид 4 архи хувааж уугаад сууж байхад ************* гэдэг эрэгтэй чи өмнө өөрийнхөө гэрт намайг хэл үгээр доромжилж байсан пизда мөн биз дээ гээд над руу согтуурхаж байгаад намайг сандал дээр сууж байхад ************* миний цээж хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгэхэд *************ийн эхнэр Байгаль болиоч гэж салгаад нөхөр *************ийг манай гэрээс аваад хамт явсан. Тэгээд удалгүй ************* нь ганцаараа манай гэрт буцаж орж ирээд миний нүүр хэсэгт 1 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд *************ийн шанаа хэсэгт 1 удаа гараараа цохиод бид 2 хоорондоо зодолдсон. Тэгэхэд ************* намайг манай гэрт байдаг бариултай шилэн аягаар миний баруун талын нүдний хөмсөг хэсэгт 1 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би *************ийн зүүн талын шанаа хэсэгт нь ширээн дээр байсан шилэн аягаар цохиход тухайн аяга хагарч *************ийн шанаа уруулын хажуу хэсгээс цус гарсан. Тэгээд ************* бид 2 барьцалдаад байж байхад цагдаа ирсэн. Миний согтолт гайгүй байсан. 1 шил 0,75 литрийн хараа нэртэй архийг 4-үүлээ хувааж ууж байсан болохоор миний согтолт гайгүй байсан. ************* эхнэр Байгалийн хамт манай гэрт ирэхдээ архи уучихсан баарнаас ирлээ гээд ярьж орж ирсэн, дунд зэргийн согтолттой байсан.Харин миний эхнэр ************* согтолт бага бараг эрүүл байсан. ************* миний цээж хэсэгт 1 удаа өшиглөсөн. Миний хамар хэсэгт 1 удаа гараараа цохиж миний баруун нүд хэсэгт 1 удаа шилэн аягаар цохиж миний биед халдсан. Би *************ийн шанаа хэсэгт 1 удаа гараараа цохиж, зүүн талын шанаа хэсэг рүү шилэн аягаар цохисон. Намайг *************ийн шанаа хэсэгт шилэн аягаар цохиод аяга хагарч *************ийн шанаа хэсгийг зүссэн. ************* нь манай гэрт агсам тавьж, намайг хэл үгээр доромжилж, над руу уурлаж, агсам тавьснаас болж ийм зүйл болсон. Тухайн үед *************ийн биед надаас өөр хүн халдаагүй. Одоо миний биед өвдөж зовуурилаад байгаа зүйл байхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34-р хуудас),

- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 171 дугаартай шинжээчийн "...*************ийн эрүүл мэндэд дух, зүүн чихний омог, хүзүү, доод урууланд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч *************, гэрч Ц.*************, ************* нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 171 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч *************ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

Шүүгдэгч ************* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн *************тоотод хохирогч *************ийн нүүрэн тус газарт шилэн аягаар /1 удаа/, мөн гараараа цохиж эрүүл мэндэд ...дух, зүүн чихний омог, хүзүү, доод уруулд шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *************ийн эрүүл мэндэд дух, зүүн чихний омог, хүзүү, доод урууланд шарх бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 171 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч ************* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдаж, цохисон үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч *************ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Энэ хэргийн улмаас хохирогч *************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тус тус илэрхийлжээ.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.

Шүүгдэгч *************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч *************ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *************ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “хохирогчийн зүй бус үйлдэл байсан”-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 46-55 дахь талд авагдсан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч ************* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, эхнэр, охин, зээгийн хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сум, 21-р баг, Уртын гол, баянзам, 7 дугаар гудамж, 55 тоот хаягт амьдардаг, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч *************ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч *************ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, цалин хөлс, бусад орлого олох боломж болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч *************аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, эд мөрийн баримт, иргэний бичиг баримтгүй, хохирогч ************* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************* овогт *************ийн *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************ад шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгийн торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч *************аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, эд мөрийн баримт, иргэний бичиг баримтгүй, хохирогч ************* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ