Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

                                          Улсын яллагч С.Энхням

                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил

                                          Иргэдийн төлөөлөгч Б.Батцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас:

 

          Эрүүгийн 201710000083 дугаартай хэргийн шүүгдэгч:  

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 1979 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, ах, дүүгийн хамт Дорноговь аймгийн Дэлгэрэх сум Байшинтын 3-8 тоотод оршин суух, ‎эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Бичээч овогт Ренчиндоржийн Батбаатар /РД: ЕГ79041614/-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Р.Батбаатар нь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шөнийн 00 цагийн орчим Дэлгэрэх сумын 4 дүгээр баг Байшинтийн 3-8 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Б.Батсуурийг хутгалсаны улмаас бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Р.Батбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн үед бид хоёр 1 шил архи уусан. Манай найз 10 цагийн үед гараад явсан, 11 цагийн үед найз нь өөрийгөө хутгалчихлаа гээд орж ирсэн. Би гэр лүү нь хүргэж өгсөн. Цагдаа нар өөрийгөө хутгалсан гэж юу байдаг юм, та хутгалсан гэсэн гэв.

 

 

Шүүгдэгч Р.Батбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017.03.11-ний өдөр 19 цаг болж байх үед Батсуурийн гэрт ороод Батсуурьт ээж өнөөдөр аймаг явчихсан би гэртээ ганцаараа байгаа гэж хэлсэн. Би Батсуурийн гэрээс гараад дэлгүүр ороод нэг шил 0,75 граммийн Ерөөл архи аваад гэртээ очсон. Манай гэрт Батсуурь бид хоёр тэр нэг шил Ерөөл архиа хувааж уусан. Архи хувааж ууж дуусгачихаад би Батсуурийг найз нь одоо хэвтлээ чи явах юм уу, энд унтах юм уу гэж хэлсэн Батсуурь найз нь гэрээдээ явчихна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ унтаад өгсөн. Батсуурь манай гэрээс 21 цаг өнгөрөөд 22 цаг болж байхад гараад явсан. Тэгтэл учиргүй манай гэрт хүн дугараад байх шиг байсан. Би тэгэхээр нь яасан юу болсон гээд гэрлээ асаатал Батсуурь хутга барьчихсан цээжээ зүсчихсэн байсан. Батсуурь найз нь үхмээр байна, би өөрийгөө хутгалчихлаа гэж хэлсэн. Би босч Батсуурийн цээжийг нь арчиж хөвөн мааралаар боож өгсөн гэсэн мэдүүлэг /хх 112-117/,

           

           Хохирогч Б.Батсуурийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би Батбаатарын гэрээс гарах гэтэл Батбаатар том өрөөнөөсөө гараад гал тогоо руугаа орсон. Би том өрөөнөөс гарах гээд явж байтал коридор хэсэгт нь намайг Батбаатар цээжин тус газар нэг удаа хутгалсан... Батбаатар намайг өөрөө хутгалсан … би том өрөөнөөс гарах гэтэл өөдөөс хутга шаачихсан. Тэр хутга нь хүрэндүү өнгийн хутга байсан. Р.Батбаатараас 500.000 төгрөг нэхэмжилж байна ... Р.Батбаатар хагалгааны зардал болон эрүүл мэндийн дэвтэр бөглүүлж өгсөн гээд нийт 60.000 төгрөг өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх 28-29, 140/,

 

Хохирогч Б.Батсуурийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: Би 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байх үед Батбаатар гаднаас орж ирээд хоёулаа гаръя манайх руу явъя гэж хэлсэн. Тэгээд Батбаатар бид хоёр манай гэрээс гараад шууд Батбаатарын гэрт очсон. Тэгээд Батбаатар гэртээ ороод нэг шил архи гаргаж ирсэн. Тэгээд тэр архийг Батбаатар бид хоёр хувааж уусан. Тэгээд тэр архиа хувааж уучихаад архи дуусахаар нь би гэр лүүгээ явлаа гэж хэлсэн. Тэгсэн Батбаатар хойд өрөө рүүгээ орсон. Би тэгээд том өрөөнөөс нь гарах гэтэл миний цээжин тус газар нэг удаа хутгалсан ... гэсэн тэмдэглэл /хх 12-15/,

 

Гэрч Ж.Аюушжав мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 19 цагийн үед Батбаатар найзындаа зүг шахуу ороход Батсуурь, Батбаатар хоёр том өрөөндөө 1 шил 0,75 литрийн Ерөөл нэртэй архи голдоо дөнгөж задлаад 1, 2 удаа татсан байдалтай байсан ... гэсэн мэдүүлэг /хх 32-34/,

 

Гэрч Ө.Алтангэрэл мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... намайг Батбаатар гэрээс нь гарах гэж байх үед тумбочканаас хутга аваад хутгалчихсан юм гэж хэлсэн. Хагалгаанд орж гарч ирснийхээ дараа мөн Батбаатар намайг хутгалсан гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх 32-34/,

 

Гэрч Б.Ганбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... би Батбаатарыг хутгалсан байж болзошгүй гэж сэжиглэн тэдний гэрийн ойр орчмыг үзэхэд гал тогооны тумбочка зүүн талд цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон хутга байсныг хураан авч явсан. Би Батбаатараас болсон зүйлийн талаар асуухад Батбаатар би хутгалаагүй гэж хэлсэн. Батбаатарыг өөрийн нүдээр нь Батсуурийг ямар байдалтай байгааг нь харуулсан. Тэр цагаас хойш Батбаатар шоконд орсон байдалтай юм яриагүй. ... Гэр рүү орох үед коридор хэсэгт шалан дээр дусалсан цуснууд байсан. Би тэр цусыг нь Батсуурийн цус байж магадгүй гэж бодоод гэрэл зургийн аргаар бэхжүүлж аваад хөвөн авч уг цусыг шингээж авсан. Мөн гэрийнх нь том өрөөнд үүдний хэсэгт байрлах бор өнгийн тумбочкан дээр цус болсон хар цагаан өнгийн даавуу байсан. Мөн том өрөөнд байрлах модон орон дээр ягаан өнгийн даавуу цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон бүдэг толбонууд байсан гэсэн мэдүүлэг /хх 38-39/, 

 

Гэрч У.Өнөржаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 03 дугаар сарын 11-ний ... орой Батбаатар манай гэрт орж ирээд Батсуурийг аваад гараад явсан. Батсуурь гэртээ орж ирэхдээ цусаа гоожуулаад орж ирээд ярихдаа би өөрийгөө хутгалсан гэж хэлсэн. Харин эмнэлэгт очоод хэлэхдээ би Батбаатарт хутгалуулсан гэхдээ хүнд битгий хэлээрэй миний найз ядарсан юм байгаан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 45-46/,

 

Гэрч Д.Отгончимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Батсуурь ах гаднаас 00 цаг өнгөрч байх үед цээжээ барьчихсан нил цус нөж болчихсон орж ирсэн. Тухайн үед гэрт Өнөржаргал, Алтангэрэл бид нар байсан. Бид яасан, юу болсон гэж Батсууриас асуухад ах нь хүнд хутгалуулчихлаа гэж орж ирсэн... Намайг сүүлд гэрт нь очих үед Батбаатар нэлээн согтолттой байсан. Би хаалганаас нь барьчихсан байх үед нь хаалганаас нь татсан чинь газар уначихсан тийм болохоор нэлээн согтолттой байсан ... гэсэн мэдүүлэг /хх 49-53/,  

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.03.15-ны өдрийн 122 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

 

1. 2017.03.12-ны өдрийн Дэлгэрэх сумын №45 дугаартай өвчний түүхээс үзэхэд Б.Батсуурийн биед цээжний зүүн хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл учирсан байх боломжтой байна.

2. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх 84/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-9/

Шинжилгээнд цус авсан тухай тэмдэглэл /хх 10-11/

Мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл, фото зургууд /хх 12-15/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-60 / зэрэг болно.  

 

Шүүгдэгч Р.Батбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шөнийн 00 цагийн орчим Дэлгэрэх сумын 4 дүгээр баг Байшинтийн 3-8 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Б.Батсуурийг хутгалсаны улмаас хохирогчийн бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Батсуурийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би том өрөөнөөс гарах гээд явж байтал коридор хэсэгт нь намайг Батбаатар цээжин тус газар нэг удаа хутгалсан... Р.Батбаатар хагалгааны зардал болон эрүүл мэндийн дэвтэр бөглүүлж өгсөн гээд нийт 60000 төгрөг өгсөн ... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Батсуурийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: ... Батбаатар хойд өрөө рүүгээ орсон. Би тэгээд том өрөөнөөс нь гарах гэтэл миний цээжин тус газар нэг удаа хутгалсан ... гэсэн тэмдэглэл, гэрч Ж.Аюушжав мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... ороход Батсуурь, Батбаатар хоёр том өрөөндөө 1 шил 0,75 литрийн Ерөөл нэртэй архи голдоо дөнгөж задлаад 1, 2 удаа татсан байдалтай байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Ө.Алтангэрэл мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... намайг Батбаатар гэрээс нь гарах гэж байх үед тумбочканаас хутга аваад хутгалчихсан юм гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ганбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... би Батбаатарыг хутгалсан байж болзошгүй гэж сэжиглэн тэдний гэрийн ойр орчмыг үзэхэд гал тогооны тумбочка зүүн талд цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон хутга байсныг хураан авч явсан. ... Гэр рүү орох үед коридор хэсэгт шалан дээр дусалсан цуснууд байсан, бор өнгийн тумбочкан дээр цус болсон хар цагаан өнгийн даавуу байсан, том өрөөнд байрлах модон орон дээр ягаан өнгийн даавуу цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон бүдэг толбонууд байсан. Батбаатарыг өөрийн нүдээр нь Батсуурийг ямар байдалтай байгааг нь харуулсан. Тэр цагаас хойш Батбаатар шоконд орсон байдалтай юм яриагүй ... гэсэн мэдүүлэг, гэрч У.Өнөржаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...  Батбаатар манай гэрт орж ирээд Батсуурийг аваад гараад явсан. Батсуурь гэртээ орж ирэхдээ цусаа гоожуулаад орж ирээд ... эмнэлэгт очоод хэлэхдээ би Батбаатарт хутгалуулсан гэхдээ хүнд битгий хэлээрэй гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Отгончимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... бид юу болсон гээд Батсууриас асуухад ах нь хүнд хутгалуулчихлаа гэж орж ирсэн... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.03.15-ны өдрийн 122 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: ... Б.Батсуурийн биед цээжний зүүн хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл учирсан байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжилгээнд цус авсан тухай тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл, фото зургууд зэрэг нотлох баримтуур нотлогдон тогтоогдож байна.

         

Шүүгдэгч Р.Батбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэр‎‎эг хянан шийдвэрлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулиар хэргийг зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй боловч Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.    

 

         Иймд шүүгдэгч Р.Батбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Батсуурь нь мөрдөн байцаалтын шатанд 500000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

 

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн бор өнгийн иштэй 26,2 см урттай хутга 1 ширхэг, хүрэн өнгийн иштэй 26,9 см урттай хутга 1 ширхэг, шар өнгийн иштэй 17,8 см урттай хутга 1 ширхэг,  хар өнгийн савхин куртик 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хөвөн 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзэв.     

 

Шүүхээс шүүгдэгч Р.Батбаатарт согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх, түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байдлуудыг харгалзан үзэж түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

              Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

    

Т О Г Т О О Х нь:

 

        1. Шүүгдэгч Бичээч овогт Ренчиндоржийн Батбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Батбаатарыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

                                             

        3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Батбаатарт оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

           4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Батбаатарын цагдан хоригдсон 14 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Р.Батбаатар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Батсуурийн нэхэмжилсэн 500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн бор өнгийн иштэй 26,2 см урттай хутга 1 ширхэг, хүрэн өнгийн иштэй 26,9 см урттай хутга 1 ширхэг, шар өнгийн иштэй 17,8 см урттай хутга 1 ширхэг,  хар өнгийн савхин куртик 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хөвөн 1 ширхэгийг устгасугай.

 

           8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Батбаатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

         9. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                               Х.ГАНБОЛД

 

                                      ШҮҮГЧИД                              Н.АДЪЯА

 

                                                                                     А.ЦЭРЭНХАНД