Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2022/0828

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Ц***,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Б.Б***,

Маргааны төрөл: Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамж хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н***, Т.Ч***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Х***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Н.Ц***ээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн С.Б***д холбогдох хэсгийн Н.Ц***ийн үл хөдлөх хөрөнгөтэй давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,  Н.Ц*** 458 м.кв газар өмчлүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Н.Ц***д 458 м.кв газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах тухай” нэхэмжлэл гаргасан.

2.Нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжаар 285.83 мкв газрыг, гуравдагч этгээдэд 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжаар 446 мкв газрыг тус тус өмчлүүлжээ.

3.Нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжаар 285.83 мкв газрыг өмчлүүлсэн бөгөөд талбайн хэмжээг нэмэгдүүлэхийг хүссэн хүсэлтэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03-08/3998, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03-08/51 тоот албан бичгүүдээр татгалзсан хариуг өгсөн.

4. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

1/Миний бие өөрийн өмчлөлийн 286 м.кв бүхий газрыг анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжаар эзэмшсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 197 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хууль ёсны дагуу өмчлөх эрхтэй болсон.

Гэтэл миний өмчлөлийн газарт байрлах байшингийн суурийн 42 м.кв газрыг манай хөрш, баруун талд байрлах 339 тоот айлын кадастрын зурагт оруулан Нийслэлийн Засаг даргын 2008 оны 159 дүгээр захирамжаар 446 м.кв газрыг С.Б***д өмчлүүлсэн байдаг.

Миний бие уг асуудлаар газрын хууль ёсны өмчлөгч С.Б***-тэй уулзахад надад уг газрыг өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн. Ингээд бид 2012 оны 09 дүгээр сарын 25- ны өдөр “Н***” ХХК-иар өөрсдийн өмчлөлийн газрын хил заагийг тодруулсан кадастрын зургийг хамтдаа хийлгэсэн.

Миний хувьд Дорноговь аймагт ажиллаж, амьдардаг байсан тул хот руу байнга ирж, очих боломжгүй байсан бөгөөд уг кадастрын зургийг хийлгүүлснээс хойш 2013 оны 06 дугаар сард газрын асуудлаа шийдвэрлэхээр иртэл манай хөрш С.Б*** нь гэнэтийн ослоор нас барсан болохыг мэдсэн бөгөөд ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоож чадаагүй бөгөөд 2020 оны зун уулзах боломж гарч, талийгаачийн эхнэрт газрын асуудлыг тодруулан хэлэхэд манай байшин байрлах газрын кадастрын зургийг өөрчлөх боломжгүй гэж маргаан үүссэн.

2/Нийслэлийн Засаг даргаас иргэн С.Б***д 2008 онд газар өмчлүүлэхдээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ.” гэж заасан ажиллагааг дутуу хийсний улмаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт газар нь бусдын ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасныг зөрчин миний өмчлөлийн барилга доорхи газрыг бусдад өмчлүүлсэн байна.

3/Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас буюу буруу хийгдсэн кадастрын зургийг шалгалгүйгээр газар өмчлүүлсний улмаас сүүлд газар өмчлөх эрх авсан этгээд миний өмчлөлийн барилгыг нураах хууль бус шаардлага тавьж маргаан үүсгэн иргэн миний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэж заасан эрх ноцтойгоор зөрчиж байна.

4/Уг маргаантай асуудлаар Нийслэлийн Засаг даргад хандсан бөгөөд Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03-08/3998 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр “кадастрын зураг алдаатай, талбайн хэмжээг залруулах захирамж гараагүй байхад 2008 онд С.Б*** өмчлүүлснээс маргаан үүсчээ, бодит хашааны хяналтын хэмжилт болон иргэн С.Б***д болон түүний өв залгамжлах эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэй манай албанд хандана уу” гэх хариуг ирүүлсэн.

Үүний дагуу миний бие С.Б***-ний өв залгамжлагч буюу эхнэртэй нь газрын асуудлыг шийдвэрлэхээр хэд хэдэн удаа уулзсан боловч байшингаа буулга гэхээс өөрөөр эв зүйгээр шийдвэрлэхийг хүсэхгүй байсан тул дахин Нийслэлийн Засаг даргад хандсан.

5/Гэтэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03-08/51 дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасны дагуу төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэ өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй болно..." гэх хариуг ирүүлсэн.

Н.Ц*** миний үл хөдлөх хөрөнгө байрласан газрыг С.Б***д өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 159 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дэх хэсэгт “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар миний өмчлөх эрхэд үндэслэлгүйгээр халдсан илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 159 дүгээр захирамжийн С.Б***д холбогдох хэсгийн Н.Ц***ийн үл хөдлөх хөрөнгөтэй давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Н.Ц***д 458 м.кв газар өмчлүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Н.Ц***д 458 м.кв газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн гуравдагч этгээдэд холбогдох хэсгийн Н.Ц-ийн үл хөдлөх эд хөрөнгийн давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, Н.Ц***-д 408 м.кв хэмжээтэй газар өмчлүүлэх эрх олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Н.Ц*** нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 5 дугаар гудамжны 338 тоот хаягт 1982 оноос хойш амьдарч ирсэн. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор 2002 оноос хойш тухайн бүс нутгийн иргэдийг гэрчилгээжүүлэх, газрыг хууль ёсны дагуу эзэмшүүлэх ажиллагаа хийгдсэн. Үүний дагуу нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 52 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсон. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 197 дугаар захирамжаар тухайн газрыг өмчлөх эрхтэй болсон. Тухайн бүс нутагт суурьшиж байгаа оршин суугчдын хашаа нь хамар залгаа, үргэлжилсэн байршилтай байдаг. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай хамааралтайгаар хажуугийн 239 тоот айлын кадастрын зурагт нэхэмжлэгчийн өмчлөлийн 42 м.кв хэмжээтэй барилгын суурийн газрыг гуравдагч этгээдэд өмчлүүлсэн шийдвэр гарсан. Гуравдагч этгээдтэй хөрш залгаа амьдардаг айлтай орж уулзахад нэгэнт бусдын өмчлөлийн хөрөнгөд орсон газар гэсэн агуулгаар талууд ойлголцож кадастрын зургийг тухайн үед хийлгэсэн. Кадастрын мэргэжлийн байгууллага бусдын өмчлөлд нэвтэрч байгаа тул эзэмшигчээс зөвшөөрөл авч талуудыг байлцуулан кадастрын зураг хийлгэсэн байдаг. Иргэн Н.Ц*** Дорноговь аймагт ажилладаг байсан тул гуравдагч этгээдийн хамт Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд очиж чадаагүй. Дорноговь аймгаас ирсний дараа хуульд зааснаар хүсэлт гаргахад гуравдагч этгээд нь нас барсан байсан. Тийм учраас хүсэлтээ нэхэмжлэгч ганцаар хүсэлтээ гаргасан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас программд газрын солбицлын цэг тэмдэглэгээ бүртгэх үйл ажиллагаатай холбоотой төрийн байгууллагын алдаа гарсныг хүлээн зөвшөөрсөн. Газрын өмчлөх эрхтэй холбоотой бүртгэлд өөрчлөлт оруулахад гуравдагч этгээдийн хамт ирж асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн хариу өгсөн.  Гэвч гуравдагч этгээдтэй ойлголцож чадаагүй учраас шүүхийн маргаан үүссэн. Нэхэмжлэгчийн зүгээс төрийн байгууллагын солбицлын цэг тэмдэглээ, газрын хэмжилтийн зөрүү гарчихсан учраас зөрүүг арилгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т газар өмчилж, эзэмшихэд кадастрын зураг хийгддэг. Үүнийг Монгол Улсын иргэд газар өмчлүүлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг. Нийслэлийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанаас хэмжилт хийж, цэг тэмдэглэгээ тавьж, газар дээр хэрвээ объект байгаа бол тухайн иргэний өмчлөлийн газар мөн гэдгийг тогтоож нотолсны үндсэн дээр газар өмчлүүлэх эрх олгох процесс ажиллагааг явуулалгүйгээр газрыг гуравдагч этгээдэд өмчлүүлсэн. Гарсан үр дагаврыг төрийн захиргааны байгууллага хэдийд ч засах боломжтой гэж үзэж байна. Цаашлаад нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар эзэмших эрхийг хөндөж байна гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө*** шүүхэд бичгээр гаргасан татгалзал түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Иргэн Н.Ц***-ээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2/Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжаар иргэн Н.Ц***-д Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 5 дугаар гудамжны 286 м.кв газрыг эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 23- ны өдрийн 197 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна.

3/Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжаар Иргэн С.Б***д Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 5 дугаар гудамжны 446 м.кв газрыг өмчлүүлсэн бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03-08/3998 дугаар албан бичгээр тус захирамжийг хүргүүлсэн байна.

Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлүүлсэн бөгөөд тухайн газрууд нь давхцалгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжаар иргэн Н.Ц***-д  Чингэлтэй дүүргийн 12  дугаар хороо, Булгийн 5 дугаар гудамжны 286 м.кв газрыг эзэмшүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 197 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг өмчлүүлсэн. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 5 дугаар гудамжны 446 м.кв газар өмчлүүлсэн. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03083998 тоот захирамжийг хүргүүлсэн. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тухайн газрыг төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарах бөгөөд тухайн иргэдийн хүсэлтийг авч газар өмчлүүлдэг. Тухайн иргэдээс ирүүлсэн хүсэлтүүд нь хуульд заасан бүхий л нөхцөлийг хангасан тохиолдолд газар өмчлүүлдэг. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагчийн зүгээс судлахгүйгээр газар эзэмшүүлсэн зүйл байхгүй. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тухайн газрууд нь давхцалгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х*** шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

1/С.Б***д нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булаг 5 дугаар гудамж, 339 тоотод байрлах газарт ээжийн хамтаар амьдарч байгаад улмаар 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдөр газар өмчлөх хүсэлтийг холбогдох баримтын хамт газрын албанд өгч Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжаар уг газрыг өмчлөх эрхтэй болсон.

2/Н.Ц***ийн хувьд манай хөрш айл бөгөөд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булаг 5 дугаар гудамж, 338 тоотод амьдардаг. Нэхэмжлэгч Н.Ц*** нь манай нөхөр С.Б***-ийг газар өмчлөх хүсэлтээ гаргаж, газраа өмчлөхөөс өмнө одоо амьдарч байгаа 338 тоотод байрлах 286 м.кв газраа эзэмшиж байгаад өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авсан байдаг. Тухайн үед манай хашаанд байрладаг байшинг өөрийн байшин гэж байсан боловч уг байшингийн доор байрлах газрыг хууль ёсоор эзэмшиж, өмчилж байсан зүйл байхгүй ба энэ асуудлаар газрын албанд өргөдөл гаргаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Ц***ийн нэхэмжлэлдээ дурьдаад буй байшингийн суурийн газар нь Н.Ц***ийн эзэмшиж, ашиглаж байгаа газарт хамаараагүй учраас Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжаар С.Бд газар өмчлүүлэхдээ Н.Ц***ийн эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцуулан олгосон гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3/Нэхэмжлэгч манай нөхөр С.Б***-ийг амьд сэрүүн байхдаа байшингийн доох газрыг өөрт нь өгнө гэж хэлж, “Н***” ХХК гэх компаниар кадастрын зураг хамтдаа хийлгэсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Манай нөхөр С.Б***д надад бүх зүйлээ ярьдаг. Энэ талаар надад хэлж ярьж байсан зүйл байхгүй. Нөхрийг маань амьд сэрүүн байхад Н.Ц*** байшингийн доорх газрыг нь авна гэсэн юм огт ярьж байгаагүй. Харин нас барсных нь дараа ингэж яриад хэл ам хийгээд яваад байна.

4/Манай нөхөр С.Б***д2013 оны 06 дугаар  06-ны өдөр ослоор нас барж, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булаг 5 дугаар гудамж, 339 тоотод байрлах 446 м.кв газрын өмчлөх эрх бидний хүү Б.Б***ын өмчлөлд шилжиж, Б.Б*** нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт өмчлөгчөөр бүртгэгдэж 2018 оны 12 сарын 03- ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжаар С.Б***д газар өмчлүүлэхдээ бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцуулж, нэхэмжлэгч Н.Ц***ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр халдсан зүйл байхгүй.

5/Мөн нэхэмжлэгч Н.Ц*** уг байшинг өөрийн байшин гэж тайлбарладаг боловч Н.Ц*** нь уг байшингийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн зүйл байхгүй, байшинг барих зөвшөөрөлгүй учраас Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04  дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамж нь Н.Ц***ийн өмчлөх эрхэд үндэслэлгүйгээр халдсан илт хууль бус захиргааны акт гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин гуравдагч этгээд Б.Б***ын өмчлөлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр баригдсан байшин нь гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч Н.Ц***ийн гаргасан "Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн С.Б***д холбогдох хэсгийн Н.Ц***ийн үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Н.Ц***-д 458 м.кв газар өмчлүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Н.Ц***-д 458 м.кв газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжихгүй байр суурьтай байна. Газрыг хуульд заасан журмын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн, кадастрын зураг хийлгэж өмчилж авсан. Ямар нэгэн байдлаар хуульд харшлах зүйл хийгээгүй. Шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбараа дэмжиж байна” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Б***д гэдэг хүн бол Чингэлтэй дүүргийн 1993 оны шийдвэрээр газар эзэмшиж, 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдөр газар өмчлөх хүсэлтээ холбогдох баримтуудаа хүргүүлж Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн захирамжаар 442 м.кв газрыг хууль ёсоор өмчилж тус газрын өмчлөгч болсон. Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч болон С.Б***д нарын газар хоорондоо давхцаагүй болох нь агаар сансрын зургаас харагдаж байна. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж тайлбар гаргахдаа миний өмчлөлийн газар, миний өмчлөлийн байшингийн суурийн 42 м.кв газрыг С.Б***д давхардуулан өмчлүүлсэн гэсэн. Гэтэл дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, агаар сансрын зураг, кадастрын зургаас харахад С.Б***-ний газар давхардаагүй, мөн байшингийн суурь болох 42 м.кв нь С.Б***-ний өмчлөлийн газарт хамаарч байгаа. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжаар С.Б***д газар өмчлүүлэхдээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн. Бусдын өмчлөлийн газрыг бусдад эзэмшүүлсэн, өмчлүүлсэн тайлбарлаж байгаа боловч Н.Цнь 338 тоот хаягт тухайн газрыг 2002 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаандаа эзэмшиж байгаад улмаар газрыг 2004 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 286 м.кв газар эзэмшсэн. Энэ газарт маргаан бүхий байшин хамаараагүй. Мөн түүнчлэн байшингийн доорх газар гуравдагч этгээд С.Б***ий өмчлөлд байгаагүй газрыг өмчилсөн ямар нэгэн шийдвэр байхгүй байхад нэхэмжлэгч нь газрыг өмчлөх, эзэмших хүсэлт гаргаагүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээдэд газар эзэмшүүлж болно гэж заасан. Газрын тухай хуульд зааснаар эзэмших эрхээ түрүүлж баталгаажуулсан хугацаанаас хамаарч газар эзэмшилтэй холбоотой асуудлаар маргах эрхтэй гэж гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс ойлгож байгаа.

Өөрөөр хэлбэл хууль ёсоор газар эзэмших эрх хэнээс эхэлж үүссэнээс хамаарч давхцалтай эсэхийг шүүх тогтоох ёстой гэж үзэж байна. Гэтэл нэхэмжлэгч нь манай байшин байсан гэж тайлбарлаж байгаа боловч газар эзэмших хүсэлт гаргаагүй энэ эрх нь нээлттэй байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь гуравдагч этгээдийн газрыг өөрсдийн байшин байгаа гэдэг үндэслэлээр авахыг шаардах үндэслэл байхгүй.

Н.Ц***нь нэхэмжлэлдээ миний өмчлөлийн байшин гэж тайлбарладаг. Гэтэл Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдсэн ямар нэгэн өмчлөл байхгүй. Хөрш залгаа амьдардаг этгээдүүд нь Н.Ц***-ийн өмчлөлийн байшин  гэж тайлбарладаг. Харин гуравдагч этгээдийн зүгээс Н.Ц***-ийн байшин мөн эсэхтэй маргаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа миний өмчлөх эрхэд Монгол Улсын Үндсэн хуульд 16 дугаар зүйлийн 16.1-д заасан эрхийг зөрчсөн. Иргэний хуульд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж улсын бүртгэлийн газарт өмчлөгчөөр бүртгүүлсэн иргэнийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэнэ. Гэтэл Н.Ц***-ийг тухайн байшинг хэзээ яаж ямар зардлаар барьсан болох өмчлөгч гэж нотлох ямар ч баримт байхгүй. Зөвхөн амьдардаг гэсэн үйл баримт нотлох баримтын хүрээнд тогтоогдсон. Монгол Улсын Үндсэн хуульд  зааснаар өмчлөх эрхэд халдсан, газар давхардуулан өмчлүүлсэн, 48 м.кв газрыг өөрт хамаарна гэж үндэслэлээ тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй. Байшинг өөрийн нэр лүү, эзэмшлийн газар луу шилжүүлэх боломжтой. Мөн байшингийн доод газрыг өөрийн нэр шилжүүлэх эрхтэй үүнтэй гуравдагч этгээдийн зүгээс маргахгүй. Гагцхүү нэхэмжлэгчийн өмчлөлийн газар биш байхад яагаад байшинд амьдардаг гэдэг үндэслэлээр газрыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар маргаж боломжгүй гэж үзэж байна. “Н***” ХХК-р кадастрын зургийг н.Б***-ний хамт очиж хийлгэсэн гэдэг зүйл ярьдаг. Ийм үйл баримт болоогүй худал тайлбар гаргаж байна. Кадастрын зургийг 2012 онд хийлгэсэн байсан бол энэ үед газрыг шилжүүлж авах боломжтой байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгийн хариуд кадастрын зураг буруу хийгдсэн байж болзошгүй шалгуулах шаардлагатай гэсэн агуулгатай бичиг байсан. Кадастр буруу хийгдсэн байна гэсэн эрх зүйн үр дагавартай албан тоот биш. Энэ талаар нэхэмжлэгч нар мөн холбогдох захиргааны байгууллагад хандсан зүйл байдаггүй.  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн  1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт гэж 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн н.Б***-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, илт хууль бус захиргааны акт гэж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлгож байгаа. Гэтэл Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу С.Б***д газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн хуульд заасан ямар эрхийг зөрчсөнийг нотлох баримт хавтаст хэрэгт цугларсан баримтуудын хүрээнд тогтоогдохгүй байна.

Газрын үзлэгээр 339 тоот хашаанд орж үзлэг хийсэн тэмдэглэл байдаг. Гэтэл үзлэг хийх үед 339 тоотод хашааны өмчлөгч нь байхгүй байхад үзлэг хийсэн асуудал байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21, 22 дугаар зүйлд зааснаар иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид зааснаар улсын бүртгэлд бүртгүүлж тухайн иргэнийг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно гэж заасан. Үүний дагуу гуравдагч этгээд нь 446 м.кв газрыг хууль ёсны дагуу өмчилж, өмчлөгчөөр бүртгэгдсэн учраас газар дээр байшин байгаа гэдэг шалтгаанаар газрыг өмчлөх боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн С.Б***д холбогдох хэсгийн үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлын тухайд:

1.1.Нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжаар 285.83 мкв газрыг, гуравдагч этгээдэд 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжаар 446 мкв газрыг тус тус өмчлүүлжээ.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд 20.3.4-д “хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

1.2.Гэтэл гуравдагч этгээдийн өмчлөлийн газарт нэхэмжлэгчийн эзэмшлийн зуны байшин орсон болох нь хэргийн оролцогч нарын тайлбар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/1209 тоот албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн агаар сансрын зураг, шүүхийн үзлэг зэргээр нотлогдож байна.

1.3.Дээрх байшингийн эзэмшлийн талаар хэргийн оролцогч нараас маргаагүй бөгөөд түүний байршиж буй газрыг оролцуулан гуравдагч этгээдэд өмчлүүлсэн нь хуульд нийцэхгүй байна.

1.4.Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хууийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан бөгөөд тухайн байшин нь зуслангийн зориулалттай /үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээгүй/ хэдий ч уг байршилд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт газар өмчлүүлэх эрх үүсэхээс өмнө байрлаж байсан, газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс байх тул Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн С.Б***д холбогдох хэсгийг уг байшингийн суурийн хэмжээгээр илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

1.5.Өөрөөр хэлбэл хариуцагчаас гуравдагч этгээдэд газар өмчлүүлэхдээ дээрх хуульд заасан ажиллагааг бүрэн гүйцэт хийлгүй, бусдын эзэмшлийн байшингийн суурийн газрыг өмчлүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үндэслэлгүйгээр халдсан гэж үзэхээр байна.

1.6.Иймд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн С.Б***д холбогдох хэсгийн үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.Н.Ц***-д 458 мкв газар өмчлүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Н.Ц***-д 458 мкв газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах шаардлагын тухайд:

2.1.Нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжаар 285.83 мкв газрыг өмчлүүлсэн бөгөөд талбайн хэмжээг нэмэгдүүлэхийг хүссэн хүсэлтэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03-08/3998, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03-08/51 тоот албан бичгүүдээр татгалзсан хариуг өгчээ.

2.2.Нэхэмжлэгчид анх өмчлүүлсэн 285.83 мкв газар дээр маргаан бүхий зуслангийн байшингийн суурийн хэмжээг нэмхэд түүний хүсч буй 458 мкв газар болохооргүй байна.

2.3.Нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэргүйгээр амьдарч буй газрын хэмжээг дур мэдэн сунгасан байх тул түүнд “Н***” ХХК-ийн хийсэн кадастрын зургийг дагуу газар өмчлүүлэхийг хариуцагчид даалгах боломжгүй.

2.4 Учир нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй” гээд 12.1.3-д “аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах”, хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд 20.3.4-д “хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг” гэж тус тус заасан бөгөөд хүсэлтэд дурьдсан хэмжээгээр газар өмчлүүлэх боломжтой эсэхийг хариуцагч нягталж шийдвэр гаргах учиртай.

2.5.Шүүх уг хариуцагчийн уг бүрэн эрхэд хөндлөнгөөс шууд халдах боломжгүй тул нэхэмжлэгчийн Н.Ц***-д 458 мкв газар өмчлүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Н.Ц***-д 458 мкв газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.6.Харин нэхэмжлэгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслэн хүсэлтээ дахин гаргах боломжтой бөгөөд тэрхүү хүсэлт нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасан үндэслэлд хамаарахгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

2.7.Мөн шүүхээс нэхэмжлэгчийн газрын хувийн хэргийг эрх бүхий байгууллагуудаас шаардахад тухайн байгууллагуудад хадгалагдаагүй талаар албан бичгүүдийг ирүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “амьдрач буй газруудыг гэрчилгээжүүлэх зорилгоор захирамж гаргасан тул газрын хувийн хэрэг байхгүй” гэх тайлбарыг өгсөн болохыг мөн дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 20 дугаар зүйлийн 20.3.4, 23 дугаар зүйлийн 23.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ц***ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн С.Б***д холбогдох хэсгийн үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, үлдэх хэсэг болох Н.Ц***-д 458 мкв газар өмчлүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Н.Ц***-д 458 мкв газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ