Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/265

 

 

 

 

 

 

 2021              3               16                                       2021/ДШМ/265

 

 

 

 О.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Байгалмаа,

шүүгдэгч О.О-ийн өмгөөлөгч А.Энхгэрэл,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЗ/113 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Майбаярын бичсэн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 6 дугаартай эсэргүүцлийг үндэслэн О.О-д холбогдох эрүүгийн 2011000001117 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Өлзийбуян овгийн Отгонхүүгийн О.О-, 19.. оны 6 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, ...... настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, “................” ХХК-д худалдагч, борлуулагч ажилтай, ам бүл ........... хамт Өмнөговь аймгийн ..............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................../;

О.О- нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 31 дүгээр байрны гадаа хохирогч Г.С-ыг бусадтай хардан маргалдаж, улмаар зөөврийн гар утас цэнэглэгч, тэжээлийн блок шидэж эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: О.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Чингэлтэй дүүргийн прокурорын газраас О.О-д холбогдох хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.4 дүгээр зүйлийн 2, 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж тус тус заасан байна. Дээрхи хуулийн хэсэг, заалтуудыг нэгтгэн дүгнэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авах зэрэг нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудал юм” гээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Майбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “... Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйл, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад зааснаар ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг гаргах эрхтэй байхад шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан прокурорыг шүүхийн эрх хэмжээнд халдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 12, 33.3 дугаар зүйлийн 1.2, 2.2 дахь заалтыг тус тус удирдлага болгосон нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Иймд захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхэд буцаан дахин хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Шүүгдэгч О.О-ийн өмгөөлөгч А.Энхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт орсноор прокурор ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ авах талаар саналаа шүүхэд ирүүлснийг шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хохирогчтой эвлэрсэн, цаашид хохирол гарвал төлөхөө илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа буюу тусгай журмаар явуулах ажиллагааг заасан. Уг журмын дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3, 5.4, 5.5, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэж прокуророос дээрх хүрээнд яллагдагчид ялын санал гаргаж, ялаас чөлөөлөх талаар хүсэлтийг тавьж, яллагдагчид танилцуулан хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн уг хуулийн зохицуулалтын дагуу прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж чөлөөлж, үүрэг хүлээлгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэнэ гэж заасан. Үүнийг шүүхийн эрх хэмжээнд халдсан гэж үзэхгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх О.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар О.О-д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авах зэрэг нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудал юм  гэж анхан шатны шүүх дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх”-ийг шүүх хуралдаанаар хянана гэж заасантай тухайн хэрэгт хяналт тавьж байсан прокурорын шийдвэр, үйл ажиллагаа нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэсний дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд яллагдагч О.О-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай санал гаргасныг яллагдагч хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдсон байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.     

Иймд прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, О.О-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЗ/113 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, О.О-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.  

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч О.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ

        

         ШҮҮГЧ                                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

        

         ШҮҮГЧ                                                                              Б.ЗОРИГ