| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0047/э |
| Дугаар | 2025/ШЦТ/65 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/65
2025 03 18 2025/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,
Улсын яллагч У.Гантуяа,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* овгийн *******ын *******т холбогдох 2526000000052 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 04 дүгээр багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Өвөрхангай аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 1/28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулсан, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018/ШЦТ/230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн *******ын ******* /*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 04 дүгээр багийн ******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.*******гийн биед 21-р шүдний булгаралт, зүүн нүдний доод зовхи, буйл, баруун хацар, шилбэнд цус хуралт, зулгаралт, 11-р шүдний сулрал гэмтлүүд бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 04 дүгээр баг ******* тоотод гэртээ хоёр охины хамт байсан. Тэгээд би 21 цаг 30 минут болж байхад би гэрээсээ гараад дэлгүүр ороод хүүхэдтэй памперс аваад гэртээ ороод ирсэн чинь манай нөхөр ******* ирсэн байсан. Тэгээд надад юу ч яриагүй над руу дайраад намайг барьж аваад үсдэж чирээд, миний нүүр хэсэг рүү хоёр, гурав удаа өшиглөөд байхаар нь би *******тай чи яагаад намайг зодоод байгаа юм бэ миний шүд ойчихлоо гэсэн чинь ******* нь тэр хамаагүй чиний бүх шүдийг чинь унагаана, өнөөдөр би чамайг гэрээсээ гаргахгүй гээд гэрийн хаалгыг дотроос түгжсэн. Тэгээд би *******аас би гэрээсээ гараад хажуу айлын хүмүүсийг дуудъя гэж хэлсэн ч намайг гэрээсээ гаргахгүй байсан. Тэгэхээр нь би нойл орчхоод ирье гээд гэрээсээ гараад аав Базараа руу залгаад “Тогтохбаяр намайг зодоод байна хурдан хүрээд ир” гээд яриад утсаа таслаад гэртээ орчон чинь ******* намайг янхан минь, явалдсан залуу чинь хаана байна гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд удалгүй аав Базараа манай гэрт орж ирээд дуудлага дуудаад өгөөд явуулъя гээд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед манай нөхөр ******* нь над руу дайраад манай хоёр охин ааваасаа айгаад хажуу айл руу орсон байсан. Манай аав ээж хоёр сүүлд ирсэн. Би нөхрийнхөө биед халдаагүй. Миний үүдний баруун талын нэг шүд ойчсон, үүдний зүүн талын шүд хөдөлсөн. Миний нүүр хэсэг хавдсан. Нүүр хэсэг хавдсан. Би гомдолтой байна шүүх эмнэлэгт үзүүлнэ. Сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй. Өмнө нь намайг зодож байгаагүй. Хэрүүл маргаан болдог байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад өөр нэмж ярьж хэлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Урьд өмнө намайг хэл амаар доромжлоод цагдаад дуудлага өгч шалгуулж, шүүхээр ороод арга хэмжээ авч байсан. Тухайн асуудал нь гэртээ буюу Арвайхээр сумын 4-р багийн ******* тоотод 2024 оны 11 дүгээр сард болсон. Тухайн үед манай нөхөр шүүхээр ороод торгуулийн арга хэмжээ авч байсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч Л.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын дугаар баг 17-27 тоотод эхнэр. хүүхдүүдийн хамт байсан. Тэгээд 22 цагийн орчимд манай охин ******* нь над руу залгаад "******* гэртээ согтуу ирээд намайг зодоод шүд унагаачихлаа та хурдан хүрээд ир" гэхээр нь би эхнэртэй хамт яваад очсон чинь манай охин ******* орон дээр уйлаад сууж байсан, хүргэн ******* гэрийн баруун талд газар хэвтэж байсан. Охин *******ы үүдний шүд нь унасан байсныг хараад цагдаа дуудсан. ******* нь нэлээн согтуу байсан. Манай охин *******, хүргэн *******, манай эхнэр , *******ын хоёр хүүхэд нь байсан. Би хүргэн *******ын биед халдаагүй. Мөн хүргэн хүүхдүүдийнхээ биед халдаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч Д.Жимсгэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын дугаар баг 17-27 тоотод нөхөр, хүүхдийн хамт гэртээ хоолоо идэх гэж байтал 22 цагийн орчимд манай охин ******* нь манай нөхөр Базараа руу залгаад “хурдан хүрээд ир ээ, намайг ******* зодоод миний шүдийг унагаасан” гэхээр нь нөхөр Базараа бид хоёр машинтайгаа охины амьдардаг Арвайхээр сумын 04 дүгээр баг ******* тоотод очсон чинь манай охин *******ы үүдний шүд нь унасан, нүүр ам нь хөхөрсөн, хувцас хунар нь шороо болсон байдалтай байхаар нь манай нөхөр Базараа цагдаа дуудсан. ******* нь манай хүргэн. Архи согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэсэн байсан. Хүүхдүүдийн биед халдаагүй. Манай нөхөр Базараа *******т юм хэлээд нэмэргүй гээд шууд цагдаа дуудсан. Манай охин ******* надад хэлэхдээ ******* намайг ална гээд толгой руу өшиглөсөн гээд байсан. Үүдний шүд нь унасан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №105 дугаартай “...хохирогч Б.*******гийн биед 21-р шүдний булгаралт, зүүн нүдний доод зовхи. буйл. баруун хацар, шилбэнд цус хуралт, зулгаралт, 11-р шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний доод зовхи, буйл, баруун хацар, шилбэнд цус хуралт, зулгаралт, 11-р шүдний сулрал гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 21-р шүдний булгаралт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь алдагдуулна...” гэх дүгнэлт /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 36 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “..Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор У.Гантуяа би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.*******т холбогдох 2526000000052 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 04 дүгээр багийн ******* тоотод байх гэртээ хамтран амьдрагч Б.*******тай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй хэргийн үйл баримт сэргээн бодит байдлыг тогтооход хүрэлцэхүйц нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 09-ний орой 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 04 дүгээр багийн ******* тоотод байх гэртээ хамтран амьдрагч Б.*******тай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь 21-р шүдний булгаралт, зүүн нүдний доод зовхи, буйл, баруун хацар, шилбэнд цус хуралт, зулгаралт, 11-р шүдний сулрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогоогдож байна. Б.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэсэгт заасан хүндрүүлэх шинжтэйгээр гэр бүлийн хүчирхийлэл биед нь хүч хэрэглэсэн халдсаны улмаас шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.******* өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 04 дүгээр баг ******* тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.*******г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед 21-р шүдний булгаралт, зүүн нүдний доод зовхи, буйл, баруун хацар, шилбэнд цус хуралт, зулгаралт, 11-р шүдний сулрал гэмтлүүд үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Б.*******, шүүгдэгч Б.******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч нар болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Б.*******гийн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 04 дүгээр баг ******* тоотод гэртээ хоёр охины хамт байсан. Тэгээд би 21 цаг 30 минут болж байхад би гэрээсээ гараад дэлгүүр ороод хүүхэдтэй памперс аваад гэртээ ороод ирсэн чинь манай нөхөр ******* ирсэн байсан. Тэгээд надад юу ч яриагүй над руу дайраад намайг барьж аваад үсдэж чирээд, миний нүүр хэсэг рүү хоёр, гурав удаа өшиглөөд байхаар нь би *******тай чи яагаад намайг зодоод байгаа юм бэ миний шүд ойчихлоо гэсэн чинь ******* нь тэр хамаагүй чиний бүх шүдийг чинь унагаана, өнөөдөр би чамайг гэрээсээ гаргахгүй гээд гэрийн хаалгыг дотроос түгжсэн. Тэгээд би *******аас би гэрээсээ гараад хажуу айлын хүмүүсийг дуудъя гэж хэлсэн ч намайг гэрээсээ гаргахгүй байсан. Тэгэхээр нь би нойл орчхоод ирье гээд гэрээсээ гараад аав Базараа руу залгаад “Тогтохбаяр намайг зодоод байна хурдан хүрээд ир” гээд яриад утсаа таслаад гэртээ орчон чинь ******* намайг янхан минь, явалдсан залуу чинь хаана байна гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд удалгүй аав Базараа манай гэрт орж ирээд дуудлага дуудаад өгөөд явуулъя гээд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед манай нөхөр ******* нь над руу дайраад манай хоёр охин ааваасаа айгаад хажуу айл руу орсон байсан. Манай аав ээж хоёр сүүлд ирсэн. Би нөхрийнхөө биед халдаагүй. Миний үүдний баруун талын нэг шүд ойчсон, үүдний зүүн талын шүд хөдөлсөн. Миний нүүр хэсэг хавдсан. Нүүр хэсэг хавдсан. Би гомдолтой байна шүүх эмнэлэгт үзүүлнэ. Сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй. Өмнө нь намайг зодож байгаагүй. Хэрүүл маргаан болдог байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/, Хохирогч Б.*******гийн “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад өөр нэмж ярьж хэлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/, Гэрч Л.*******гийн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын дугаар баг 17-27 тоотод эхнэр. хүүхдүүдийн хамт байсан. Тэгээд 22 цагийн орчимд манай охин ******* нь над руу залгаад "******* гэртээ согтуу ирээд намайг зодоод шүд унагаачихлаа та хурдан хүрээд ир" гэхээр нь би эхнэртэй хамт яваад очсон чинь манай охин ******* орон дээр уйлаад сууж байсан, хүргэн ******* гэрийн баруун талд газар хэвтэж байсан. Охин *******ы үүдний шүд нь унасан байсныг хараад цагдаа дуудсан. ******* нь нэлээн согтуу байсан. Манай охин *******, хүргэн *******, манай эхнэр , *******ын хоёр хүүхэд нь байсан. Би хүргэн *******ын биед халдаагүй. Мөн хүргэн хүүхдүүдийнхээ биед халдаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, Гэрч Д.Жимсгэний “...Би 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын дугаар баг 17-27 тоотод нөхөр, хүүхдийн хамт гэртээ хоолоо идэх гэж байтал 22 цагийн орчимд манай охин ******* нь манай нөхөр Базараа руу залгаад “хурдан хүрээд ир ээ, намайг ******* зодоод миний шүдийг унагаасан” гэхээр нь нөхөр Базараа бид хоёр машинтайгаа охины амьдардаг Арвайхээр сумын 04 дүгээр баг ******* тоотод очсон чинь манай охин *******ы үүдний шүд нь унасан, нүүр ам нь хөхөрсөн, хувцас хунар нь шороо болсон байдалтай байхаар нь манай нөхөр Базараа цагдаа дуудсан. ******* нь манай хүргэн. Архи согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэсэн байсан. Хүүхдүүдийн биед халдаагүй. Манай нөхөр Базараа *******т юм хэлээд нэмэргүй гээд шууд цагдаа дуудсан. Манай охин ******* надад хэлэхдээ ******* намайг ална гээд толгой руу өшиглөсөн гээд байсан. Үүдний шүд нь унасан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №105 дугаартай “...хохирогч Б.*******гийн биед 21-р шүдний булгаралт, зүүн нүдний доод зовхи. буйл. баруун хацар, шилбэнд цус хуралт, зулгаралт, 11-р шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний доод зовхи, буйл, баруун хацар, шилбэнд цус хуралт, зулгаралт, 11-р шүдний сулрал гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 21-р шүдний булгаралт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь алдагдуулна...” гэх дүгнэлт /хх-ийн 17-19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.*******ын хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/ Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар болон Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “....Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэрийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.*******ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлэг өгснийг харгалзан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд нь 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй. Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжилсэн эд хөрөнгөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.******* өөрийгөө өмгөөлж: “...Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.*******ын 2022 оны 07 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолоор торгох ял шийтгэсэн байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.*******т мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА