Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 30

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш

Улсын яллагч: Н.Бадам

Хохирогч: *******

Иргэний хариуцагч:  *******

Гэрч: *******, *******

Шүүгдэгч: *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Даваахүү, М.Алтанцэцэг, Б.Баднайсүрэн нарыг оролцуулан  тус шүүхийн танхимд нээлттэй хийж

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-д  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******т холбогдох  201618010067 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 04-р сарын 11-ний өдөр хүлээн авч  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 0000 оны 04 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, Халх, дээд боловсролтой, хөргөлт агааржуулалтын инженер мэргэжилтэй, группт байдаг, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо 00-00б тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ******* РД/ЙЛ-/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2016 оны 05-р сарын 04-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутагт Дарханаас Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто засмал замын 22-23 км-т Тоёото- Пробокс загварын 15-10 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг  жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 8.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн *******ын биед хүнд зэргийн гэмтэл, иргэн Х.Туяад 37.265.000 төгрөгийн буюу их хэмжээний эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

2. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг

3.Гэрч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

4.Гэрч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлэг

5.Шүүх эмнэлгийн шинжээчийн  2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6883 тоот дүгнэлт /1-р хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

6.Хөрөнгө үнэлгээний “*******” ХХК “*******” ХХК-ийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлт   / 2-р хавтаст хэргийн 86-87-р  хуудас/

7.Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн 2016 оны 09-р сарын 01-ны өдрийн 864 тоот шинжээчийн дүгнэлт

8. Сэлэнгэ аймгийн Замын Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлт /2-р хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас/

9. Иргэний нэхэмжлэгч Х.Туяагийн мэдүүлэг/ 1-р хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас/

10.Иргэний хариуцагч *******ийн мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

1.Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлсэн:

2016 оны 05 сарын 03-нд хөргөлтийн засвар үйлчилгээ хийх албан томилолтоор Улаанбаатар хотоос гарсан. Бид Зүүнхараад засвар хийгээд тэндээсээ гараад Дарханд 12 цаг болж байхад ирээд буудалд хоноод маргааш нь Дарханы засвар хийх газраа ирсэн. Бид засвар үйлчилгээгээ хийе гэхэд тогыг нь тасалчихсан байсан. Бид шугам сүлжээнийх нь хүмүүстэй ярьж хөөрөөд маргааш өглөө тогыг чинь залгаж өгье гэсэн. Тэгээд бид нэг өдрийн ажил алдах болоод Номгоныхоо ажлыг дуусгаад ирье гээд Номгон руу явсан. Тэр өдөр гадаа их муухай, цас бударсан байдалтай байсан. Номгонд очоод засвар үйлчилгээгээ хийчихээд 15 цагийн үед буцаад гарахад цаг агаарын байдал их хүнд байдалтай байсан. Бид халтиргаа гулгаа ихтэй байсан тул жижиг машинуудтай цуваанд ороод явж байсан. Тухайн үедээ бид ийм хэрэг болно гэж огт бодоогүй явж байсан. Нэг мэдэхэд л миний сууж явсан машин эсрэг урсгал руу эргээд шарваад зогссон. Би жолоочийн хажууд урд сууж явсан. Надад замын хажуу талын ховил руу унах нь гэсэн бодол төрж байсан. Хальт харахад хар машин ирж яваа харагдсан. Тэгээд л удаагүй тас гээд л явчихсан. Бид албан үүргээ гүйцэтгэж яваад осолд орсон. Гэвч тэр машин биднийг мөргөхгүйгээр зайлах боломж байсан. Яг тухайн үед осол гарчихаад байж байхад 2 залуу байсан. Түвшинбаяр ухаан алдчихсан, би арай гэж амьсгаа аваад утсаар ар гэртээ дуулгасан. Тэр 2 залуу ярьж байсан. Уг нь болж өгвөл хажуу тийшээ гарчихъя гэж бодож байсан юм. Уначих байх гэж бодсон гэж ярьж байсан. Тэгээд хүн амьтан зүгээр үү? хүмүүс эсэн мэнд гарч байвал мөнгө төгрөг нь дараа тэгээд зохицуулж болох байх гэж ярьж байсан. Дараа нь бие чинь яаж байна гээд нэг удаа асуух байх гэж бодтол нэг ч удаа яриагүй. Одоо хүртэл таг чиг байгаа. Тэгсэн мөртлөө машинаа гэмтээчихлээ гээд 20,30 сая төгрөг нэхэмжлээд сууж байдаг. Машин гэдэг хүний амь наснаас дор зүйл байдаг юм уу? Ойлгохгүй байна.*******аас нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

2. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2016 оны 05-р сарын 04-ны өдөр 11 цагийн орчим Улаанбаатар хотоос Орхон аймаг руу ажлаар Б.Лхагвасүрэнгийн хамт явсан. Би 00-23 УБЯ Лексус 570 тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Бид 2-г Дархан өнгөрөөд Орхон аймаг руу салаад явж байхад цасан шуурга болж эхэлсэн. Тэгээд Номгон сумын цаад талд байх бетонон зам дээр явж байхад өөдөөс 2-3 жижиг машин цуваа маягаар Орхон аймаг талаас ирж байсан. Тэгсэн хамгийн ард байсан саарал өнгийн Пробокс машин гүйцэж түрүүлэх гэж эх биеийнхээ 80-85 хувиар гарч ирээд намайг урдаас нь ирж байгаа болохоор буцаад эгнээндээ орох гэж байгаад гэнэт л эргэлдээд эсрэг урсгал руу даваад эргэлдээд гулсаад ирсэн... Би тоормозоо  гишгээд баруун гар руугаа зөөлөн дараад замын хөвөө рүү орж байхад урдаас нөгөө машин эргэлдэж ирээд манай машины зүүн урд хэсгийг пробокс маркийн машин баруун талын жолоочийн урд хаалга хэсгээр мөргөсөн... гэсэн мэдүүлэг,

 3.Гэрч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2016 оны 05 сарын 03-ны өдөр өглөө хотоос гараад Зүүнхараад ажлаа хийгээд орой 23:50 минутын орчимд Дарханд очиж хоносон. Өглөө 11 цагийн үед Номгонд ирсэн. Тэнд ажлаа дуусгаад 14 цагийн буцах үед цас орж байсан. Дарханы наахан талд явж байхад цас ихэссэн байсан. Гэнэт л машин бөгсөө хаяаад л бараг бүтэн эргэхийн даваан дээр хажуугаас Lexus-570 орж ирээд л мөргөсөн. Тэгээд л ухаан алдсан байсан, Нойтон цас ороод гулгаа үүссэн байснаас болж осол болсон  гэсэн мэдүүлэг

4.Гэрч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 Бид нар Дарханд байрлаж байсан юм. 05 сарын 04-ны өдөр Номгонд очиж ажлаа хийчихээд өдөр буцаад дөнгөж Номгоноос гараад утсаа оролдчихсон явж байтал хажууд хүүе машин л гэх шиг болсон. Өндийгөөд хартал нэг хар юм орж ирээд л мөргөсөн гэсэн  мэдүүлэг,

5.Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

6.Шүүх эмнэлгийн шинжээчийн  2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6883 тоот дүгнэлт / 1-р хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

7.Хөрөнгө үнэлгээний “*******” ХХК “*******” ХХК-ийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлт   /2-р хавтаст хэргийн 86-87-р  хуудас/

8.Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 09-р сарын 01-ны өдрийн 864 тоот шинжээчийн дүгнэлт

9. 2016 оны 03-р сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Замын Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн 12 тоот дүгнэлт  / 2-р хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас/

1. “Тоёото пробокс” маркийн 15-10 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

2 Лексус-570 маркийн 00-23 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна.

3.Жолооч ******* нь эсрэг урсгал сөрсөн нь осол гарах шалтгаан болсон

4 Тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй тул хариулах боломжгүй

5. Зам тээврийн хэрэг, осол болохоос урьд нь замын гадаргуу буюу зорчих хэсэг нь халтиргаа гулгаатай байсан эсэх мөн цэвэрлэсэн эсэх нь хэргийн газрын үзлэгт болон хэргийн материалд тусгагдаагүй тул хариулах боломжгүй.

10. Иргэний нэхэмжлэгч Х.Туяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би учирсан хохирлыг нөхөн төлүүлэх санал гомдолтой. Миний тээврийн хэрэгсэлд ослын улмаас гарсан хохирол буюу 47.370.000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний нэхэмжилсэн төлбөрийг барагдуулвал гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас/

11.Иргэний хариуцагч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Сүү ХХК-ийн 4 ажилтан 05 сарын 02-нд Дархан, Номгон, Зүүнхараа чиглэлийн засвар үйлчилгээг хийхээр явсан. Ингэж яваад осол гарсан. Хх-д Lexus-570 машины үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт байдаг. Яг хэдэн төгрөгний хохирол учирсан гэсэн бодит хохирлын баримт байхгүй байгаа. Машин осолд ороод жил гаран хугацаа өнгөрсөн. Түүнээс хойш машин засварт ороод одоо явж байгаа. Өнөөдрийн байдлаар хэдэн төгрөгний хохирол учирсан гэдэг нь бодитоор хх-д авагдаагүй байгаа. Шинжээчийн дүгнэлт нь ерөнхийдөө л гарсан хохирол болохоос бодит хохирол биш гэж бодож байна. Мөн даатгалаараа нөхөн төлөгдсөн асуудал байгаа юу үгүй юу гэдэг нь тодорхойгүй байгаа Энэ байдал тодорхой болвол хохирлыг төлөхөө илэрхийлж байна  гэсэн мэдүүлэг

12.Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 05 сарын 04-ны өдөр Номгоноос Дархан руу явж байсан. Цас ороод зам шал нойтон байсан. Явж байтал машин бөгсөө хаяад нөгөө тийшээ хараад зогссон. Тэгээд баруун гар талын цонхонд харахад 200-гаад метрийн цаанаас машин ирж байгаа харагдсан. Би гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээгүй буруу хараад зогсож байсан. Тухайн үед би эрүүл мэндийн хувьд маш хүнд хохирол амссан. Хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан. Одоо хүртэл бие засч чадахгүй байгаа. Эмнэлэгээс тархинд 2x2 хэмжээтэй 2 ширхэг уйланхай ургасан байгаа гэсэн. Толгой байнга дүүрч өвддөг. Би эсрэг урсгалд ороод зогсож байхад хар машин ирж мөргөсөн гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Т. Түвшинбаяр нь 2016 оны 05-р сарын 04-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутагт Дарханаас Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто засмал замын 22-23 км-т “Тоёото- Пробокс” загварын 15-10 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг  жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 8.2 заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн *******ын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай ба гэмт хэргийн улмаас иргэн Х.Туяад 37.265.000 төгрөгийн  хохирол учирсан нь тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй  байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар *******ын жолоодож явсан “пробокс” маркийн машин замын эсрэг урсгалд орж осол болоход жолоочийн буруутай үйлдэл нөлөөлөөгүй, гэм буруугүйгээр хохирол учруулсан, Лексус маркийн машин хурдаа хасах эсвэл машинаа зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй буруутай гэж мэтгэлцэж байгаа боловч жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар 2016 оны 03-р сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Замын Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй  шинжээчийн 12 тоот 

1“Тоёото пробокс” маркийн 15-10 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

2 Лексус-570 маркийн 00-23 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна.

3.Жолооч ******* нь эсрэг урсгал сөрсөн нь осол гарах шалтгаан болсон гэсэн дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримт  хавтаст хэрэгт байхгүй тул шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь 2016 оны 05-р сарын 04-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн боловч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдан 2017 оны 07-р сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөгдсөн шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинэ Эрүүгийн хууль  буцаан хэрэглэсэн болно.

  Эрүүгийн хуулийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2-д зааснаар хүндэвтэр хэргийн  ангилалд багтах ба Эрүүгийн хуулийн /2015 оны/ 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байх тул шинэ эрүүгийн хууль шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна гэж үзлээ.

Иргэн Х.Туяагийн  “Лексус-570” маркийн 00-23 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд их хэмжээний эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн ба Эрүүгийн хуулийн /2015 оны/ 2.5 дугаар зүйлийн 4.1-д “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна гэж зааснаар /50000х1000= 50.000.000төг/ Х.Туяагийн автомашинд учирсан 37.265.000 төгрөгийн хохирол нь 50.000.000 сая төгрөгт хүрэхгүй тул *******ын үйлдлээс бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн /2015 оны/ 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ын Х.Туяагийн автомашинд учруулсан 37.265.000 төгрөгийн гэм хорын төлбөрийг Сүү ХК-ийн төлөөлөгч, иргэний хариуцагч  ******* нөхөн төлөхөө бичгээр илэрхийлэн шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, иргэний хариуцагч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссэн болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ял заавал оногдуулна” гэж заасан тул *******ын тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.

*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн Х.Туяагийн “Лексус-570” маркийн 00-23 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 37.265.000 төгрөгийн хохирол учирсан нь “*******” ХХК, “*******”ХХК-ийн хамтарсан хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2017 оны 03-р сарын 28-ны өдрийн дүгнэлтээр /х.х-ийн 102-рт/ тогтоогдож байна.

 Шүүгдэгч *******ын “Сүү” ХК-д хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа гэм буруутай үйлдлээрээ иргэн Х.Туяагийн автомашинд  учруулсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар түүний ажиллуулж байгаа ажил олгогч хариуцан арилгах тул “Сүү” ХК-аас 37.265.000 төгрөг гаргуулан Х.Туяад олгож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээ авах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* энэ хэрэгт урьдчилан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт хураагдаж ирсэн 15-10 УБП улсын дугаартай “Тоёото- Пробокс” маркийн тээврийн хэрэгслийн 00991711 тоот гэрчилгээг *******т олгож, *******ын 871472 тоот жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1, 1.1, 1.5, 1.8, 3.4 36.10 дугаар зүйлийн 1,2,4 -д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Прокурорын яллах дүгнэлтээс *******ын бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Боржигон овогт *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Монгол улсын Эрүүгийн хуулийн    7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.

4.Монгол улсын Иргэний хуулийн  498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар  түүний  “Сүү” ХК-аас 37.265.000 төгрөг гаргуулан Х.Туяад олгосугай.

5.Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо Х.Туяад 03 сарын дотор нөхөн төлөхийг “Сүү” ХК-д даалгасугай.

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ  авсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт хураагдаж ирсэн 15-10 УБП улсын дугаартай “Тоёото- Пробокс” маркийн тээврийн хэрэгслийн 00991711 тоот гэрчилгээг *******т олгож, *******ын 871472 тоот жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

8.Шүүгдэгч ******* энэ хэрэгт урьдчилан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй,түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

9.Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 38.1 дугаар зүйлийн 1, 5, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолд, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч  шийтгэх тогтоолын  зөвхөн нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.САРАНТУЯА