Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 119/ШШ2022/0001

 

                                           Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                            баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн ТХ-ийн ТУБ  М.Ц, Г.Г нарт холбогдох “Орхон аймгийн ТХ-ийн ТУБ-дын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Нөхөн ногдуулалтын №НА-20210000031 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн “Нэхэмжлэлээсээ татгалзах тухай”  хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А” ХХК-ийн захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн ТХ-ийн ТУБ  М.Ц, Г.Г нарт холбогдох  “2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №НА-20210000031 тоот Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт дараах хүсэлтийг гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа үндэслэл нь манай нягтлан бодогч Б.Ц нь хуурамч баримт буюу хий падаан манай компанийн нэр дээр бичилт хийж хохироосон талаар Цагдаагийн байгууллага болон Татварын газарт мэдүүлсэн байх тул тус компанид  учирсан хохирлыг  зохих шатны байгууллагаар шалгуулж хохиролгүй болох асуудлыг шийдвэрлүүлэх болсон тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК нь Орхон аймгийн ТХ-ийн ТУБ  М.Ц, Г.Г нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлжээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 /... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ....эрхтэй/, 66 дугаар зүйлийн 66.1 /Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно/ дэх хэсэгт тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах, тухайн нэхэмжлэлээсээ татгалзах нь түүний хүсэл зоригийн асуудал, тодруулбал, хариуцагч, гуравдагч этгээд юу гэж үзэхээс үл шалтгаалдаг.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

             ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч  “А” ХХК-ийн Орхон аймгийн ТХ-ийн ТУБ  М.Ц, Г.Г нарт холбогдуулан гаргасан  “Орхон аймгийн ТХ-ийн ТУБ-дын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №НА-20210000031 тоот Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, 119/2021/0021/з тоот индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

                                          ШҮҮГЧ                                      Д.САРАНГЭРЭЛ