Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00472

 

                                                                  “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 102/ШШ2019/00072 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Я.Г, Д.Н нарт холбогдох

 Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 114 844 213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 Гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарах зардалд 2 511 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагч болон хариуцагч Д.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Г, хариуцагчийн өмгөөлөгч О.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч төлөөлөгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах 9 давхар 63 айлын орон сууцны дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр Я.Г-той барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын үнэлгээг харилцан тохирч, барилгын дотор заслын ажил эхэлсэн. Я.Г 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр урьдчилгаанд 2 000 000 төгрөг өгсөн. Бид ажлаа гэрээнд заасан хугацаанд буюу 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хийж гүйцэтгээд актын хамт хүлээлгэн өгсөн. Я.Г гэрээнд гарын үсэг зурдаггүй. Би гарын үсэг зуруулъя гээд өгөхөөр маргааш зурж өгнө гэж авч яваад буцааж өгөөгүй. Бид урьдчилгаа мөнгөө аваагүй байж ажил эхлүүлсэн. Бид шприц цацах, муруй хананд бетон цутгах багахан ажил үлдсэн бөгөөд энэ үед ажлаа зогсоосон. Я.Г нь “...манай ажлыг яаралтай дуусгах хэрэгтэй байна, улсын комисс хүлээж авах гээд байна” гэхэд нь “... та гэрээнд гарын үсэг зурж өгөхгүй бол ажлаа үргэлжүүлэхгүй” гэж хэлсэн. Я.Г нь Б.Давааням, Д.Н нарт борлуулалтын өрөөнд очоод үнэлгээгээ тохироод ир гэж үүрэг өгөхөд би хажууд нь байсан.

Ингээд үнэлгээг тохиролцох үед би үлдсэн ажил дээр бага зэрэг үнэ буулгаж болох талаар хэлсний дагуу тохирч надаас бусад нь инженер болон Д.Н нар гарын үсэг зурж баталгаажсан тул ажлаа хийгээд дуусгасан. Би өдөр болгон ирж гэрээнд гарын үсэг зурж өгөөч гэж Я.Г-оос гуйж, түүнийг төлбөрөө төлөхийг шаардахад гарын үсэг зурсан хүмүүстэй ярь гээд өөрөө алга болсон. Албан бичгээр 4-5 удаа сануулсан. Уг ажлыг Я.Г хүлээн зөвшөөрч, үнэ тохирч ажил эхлэх зөвшөөрөл өгсөн атлаа өөрөө баталгаажуулаагүй. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 76 562 809 төгрөг, түүний  алданги 38 281 404 төгрөг, нийт 114 844 213 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон хариуцагч Д.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр С.Д-тай барилгын ажил хийхээр тохиролцсон. Солонгос ажилчид ажиллуулна гэхэд нь би зөвшөөрөөгүй. Гадаадын иргэн ажиллуулах зөвшөөрөл авч ирж өг, улсын комисс хүлээж аваагүй байранд ажилчид байрлуулж болохгүй гэж хэлсэн. С.Д-тай зөвшилцөөнд хүрээгүй үндэслэл нь м.кв-ийн үнэ 2 500 төгрөгийн ажлыг 1 350 төгрөгөөр хийнэ гэсэн. Монгол хэл мэдэхгүй солонгос ажилчдаар шууд ажил хийлгэж эхэлсэн бөгөөд ажилчид нь миний үгэнд орохгүй, миний үүрэг болгосноос өөр байдлаар хийж байсан. Шаардлага тавихад С.Д-гийн үгэнд ороод, миний үгэнд орохгүй байсан. Анх тохирсон ажил дээр шприц гэсэн нэг ч үг байхгүй. Гэтэл С.Д өөрийн хүссэнээр ажлаа хийж, миний хэлснээс зөрүүтэй зүйлүүд хийж байсан. Мэргэжлийн хяналтын байцаагчтай ярилцахад барилгын гадна талд цавуулаг материалаар хийж болно гэсэн. Манай барилгын ажил автортойгоо хэрхэн хийгдэх талаар ярилцаж байж барилгын бүх зураг төсөл батлагдсан. Хэрэв өөрчлөх шаардлага гарвал барилгын автортой ярилцаж байж шийдэгдэх асуудал. С.Д өөрөө дур мэдэж өөрчлөн шприц цацсан. С.Д аливаа баримт дээр надаар гарын үсэг зуруулдаггүй.

Ажлаа 100 хувь хийсэн гэж өөрөө гарын үсэг зурдаг. Би С.Д-гийн хийсэн ажил буюу тоосго, шавар, өрлөг хэсгийг хүлээн зөвшөөрч баримтанд гарын үсэг зурсан. Шприц явагдахгүй, автортой ярь гэж олон хэлсэн. Мэргэжлийн хяналтын дүгнэлт дээр барилгын гадна талд цавуулаг материал орж болно гэсэн. Нэгэнт мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч байгаа тохиолдолд гаднах цавуулгийн зүйлийг хүлээн зөвшөөрье. Солонгос ажилчид ажиллах зөвшөөрөлтэй гэрээг авч ирж өг гэхээр өгдөггүй хэрнээ жилийн дараа 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хэрэгт гарган өгсөн байдаг. Бичиг баримтууд дээр миний гарын үсэгтэй баримт маш цөөхөн. Гадна талын хийх ёстой талбай 1371 м.кв талбай юм. Дотор талын айлуудын хананд шприц цацах ёс журам байхгүй. Нэхэмжлэгчийн хийсэн ажлын бүрэн үгүйсгэхгүй, энэ маргаанд эхнэр Д.Н хамаагүй. Тэрээр миний ажилд тусалдаг байсан. Ажлын урьдчилгаанд 3 000 000 төгрөгийг би нэхэмжлэгчид өгсөн талаар гэрч мэдүүлсэн байгаа. Надаас 76 562 809 төгрөг нэхэмжилж байгаа зөвшөөрөхгүй.

Шинжээчийн дүгнэлтээр ажлыг 51 962 468 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлтэй. Мөн нэмэлт шинжээчийн дүгнэлтээр 2, 3 дугаар давхарын ажлыг үнэлгээнд оруулсан нь үндэслэлгүй. Учир нь цаг хугацааны хувьд сүүлд гарсан бөгөөд бодит үнэнд нийцээгүй. Ажлын доголдолд 2 511 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Я.Г-оос 48 962 498 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 65 881 715 төгрөг, хариуцагч Д.Н-т холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-д холбогдох, 2 511 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч Я.Г татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 732 171 төгрөгийг, хариуцагч Я.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Г-оос 402 762 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шинжээчийн зардалд хариуцагч Я.Гоос 1 077 780 төгрөг, нэхэмжлэгчээс 1 452 220 төгрөг гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д, хариуцагч Я.Гоос 63 900 төгрөг, нэхэмжлэгчээс 86 100 төгрөг гаргуулан шинжээч Ж.Цээлээд тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Д давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “...талууд тохиролцсон бол...гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдсанд тооцно...” гэж заажээ. Хариуцагч Я.Г ажил эхлэх зөвшөөрөл болон Я.Г-ын зөвшөөрсөн ажлыг гүйцэтгэгч тал 100 хувь гүйцэтгэж дууссан ажлыг Я.Г өөрөө хүлээн авч, актуудад гарын үсэг зурсан нь захиалагч Я.Г-ын актаар бүх хийсэн ажлыг зөвшөөрч гарын үсэг зурж хүлээн авсан ажлын дагуу тухайн ажлуудад гаргасан ажлын тоо хэмжээ, ажлын үнэ үнэлгээг зөвшөөрснөө илэрхийлсэн нь актанд дээр гарын үсэг зурсанаар нотолж байна. Тэгээд үнэ хөлсөө тохиролцоогүй ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан актанд өөрөө гарын үсэг зурсан нь үнэ тохирсныг хүлээн зөвшөөрснөө давхар нотолж байгааг шүүх ойлгохгүй байна. Хэрвээ үнэлгээг тохиролцоогүй, чанаргүй ажил гүйцэтгэсэн гэж үзвэл хуульд заасны дагуу үнэлгээгээ тохиролцох, ажлын доголдлыг арилгуулахаар шаардлага гаргах ёстой байсан. Иймд Я.Г нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан байх тул ажлын үнэлгээг тохироогүй, зарим ажлыг чанаргүй хийсэн гэж маргаж байгаа нь хуульд нийцэхгүй. 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн “Гэрээний дагуу гүйцэтгэж дууссан ажлыг хүлээн авсан акт”, “Санхүүжилт олгох ажлын тоо хэмжээ дүн” хэмээх талуудын тохиролцсон актад хийсэн ажлын нэр төрөл, түүний тоо хэмжээг тохирч, хариуцагч талаас Д.Н, талбайн инженер Б.Давааням нар гарын үсэг зурсан бөгөөд энэ байдлаа шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө Я.Гын зөвшөөрлөөр хийснээ тайлбарлан мэдүүлсэн.

Ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаар санал солилцоход Я.Г өөрөө байлцаж гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн байх тул ажилчиддаа итгэмжлэл өгөх шаардлагагүй тул Б.Давааням, Д.Н нарыг төлөөлөх эрхгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Улмаар энэ хэмжээг үндэслэн ажлын гүйцэтгэлийн үнийн дүнг 78 562 809 төгрөгөөр тооцож, үүнээс урьдчилгаа 2 000 000 төгрөгийг хасч, ажлын үнэлгээг 76 532 809 төгрөгөөр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийншаардлагадаа урьдчилгаа 2 000 000 төгрөгийг хасч тооцсон байтал шүүх дахин хасч тооцсон нь үндэслэлгүй байна.

Уг барилга заслын ажилд талбайн инженерээр ажиллаж байсан Б.Давааням 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолт, гэрчээр асуугдсан мэдүүлэгтээ ажлын хэмжээ, нэр төрөл, нийт ажлын хөлс 78 562 809 төгрөгийг тохиролцож актаар баталгаажуулсан болохыг дурджээ. Шинжээч Б.Зориг 2016 онд шинжээчээр ажиллахдаа 2, 3 дугаар давхарыг тухайн үед хэмжээгүй гэж хэлсэн. Мөн шинжээч нь шинжээчийн ажлын хөлсийг захиалагч Я.Г-оос шинжээчийн дүгнэлт анх гаргахдаа 2 000 000 төгрөг авсан баримт хэрэгт авагдсан нь захилагч талд дүгнэлт гаргахад Я.Г нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн шинжээч Б.Зоригт барилгын мэргэжлийн шинжээч биш гэж Барилгын хөгжлийн төвөөс ирсэн албан бичиг бий. Мөн 2018 оны 10 дугаар сард дахин өөр үнэлгээчин захиалагчийн мэдээлэлд тулгуурлан захиалагч Я.Гын хэлснээр 2, 3 дугаар давхарын хэмжээ тооцоо дотор нь байна гэж бичсэнээс харахад нэг талын давуу эрхээр мэдээлэлд тулгуурласан нь үнэлгээний төлбөр өгсөн Я.Г-ын талд нотлох баримтгүйгээр худлаа тоо баримт гаргасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 48 962 498 төгрөгөөр хангаж шийдвэрлэсэн хэсгээс үлдэх 27 600 311 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:              

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Я.Г, Д.Н нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 76 562 809 төгрөг, алданги 38 281 404 төгрөг, нийт 114 844 213 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

Хариуцагч Я.Г гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарах зардалд 2 511 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаасаа татгалзжээ.

Нэхэмжлэгч А ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах, 9 давхар 63 айлын орон сууцны барилгын дотор хананы болон заслын ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч Я.Г хөлс төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Талууд ажил гүйцэтгэх гэрээний үр дүн болон ажлын хөлсний талаар маргасан.

2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд үйлдсэн “Гэрээний дагуу гүйцэтгэж дууссан ажлыг хүлээн авсан акт”-аар ажлын гүйцэтгэлийг захиалагч талын талбай хариуцсан инженер Б.Давааням хүлээж авсныг хариуцагч Я.Г зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулжээ. / 1х.х-ийн 15, 16 дугаар тал/

Харин 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх “Гэрээний дагуу гүйцэтгэж дууссан ажлыг хүлээн авсан тухай 3 дах акт”-аар “...гэрээнд заасан 2,3,4,5,6,7,8,9 давхарын өрлөг шавар, подвалын өрлөг, шавар, “оо” өрөөний өрлөгийн тоосго, элс зөөж өрлөгийн ажил хийхэд бэлдсэн, бетон хананы заагдсан талбайд хийгдсэн шприцтэй шаврууд, шатны хонгилын шавар, бетон ханад шприц цацсан зэрэг” ажлыг захиалагч талыг төлөөлж талбай хариуцсан инженер Б.Давааням хүлээн авчээ. Энэ баримтад Я.Г гарын үсэг зураагүй хэдий ч захиалагч талыг уг ажлыг хүлээн авсан гэж дүгнэхээр байна. /1 х.х-ийн 17 дугаар тал/ Учир нь өмнөх 2 актын дагуу Б.Давааням ажлыг хүлээн авч байсныг Я.Г зөвшөөрч баталгаажуулсан тул түүнийг гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр 3 дах актаар ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөөгүй гэж дүгнэхгүй юм.

Иймд хариуцагч Я.Г нь хүлээн авсан ажлын хэмжээнд тохирсон ажлыг хөлсийг нэхэмжлэгч талд төлөх үүрэгтэй.

Талууд ажил гүйцэтгэх гэрээний үнийн талаар тохиролцоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Учир нь: Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд баригдаж буй иргэн Я.Гын 9 давхар орон сууцны барилгын ажлын үнэ, үнэлгээ гэх баримтад тооцоо нийлсэн баримтад Я.Г гарын үсэг зураагүй, харин талбай хариуцсан инженер Д.Н гарын үсэг зурсан боловч тэрээр талуудын хооронд байгуулагдсан гэрээний захиалагч тал биш байх тул гэрээний үнийг тохиролцох эрхгүй болно. Иймд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дах хэсэгт зааснаар ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй бол зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлсийг тооцох нь зөв юм. /1 х.х-ийн 10 дугаар тал/

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн хийсэн ажлыг 51 962 468 төгрөгөөр тогтоохдоо барилгын 2-3 давхарт гүйцэтгэсэн ажлын хөлсийг оруулаагүй байна. Иймд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасан нэмэлт дүгнэлтэд 9 давхар 63 айлын барилгын 2,3 дугаар давхарын дотор заслын ажлын хөлсийг 10 222 135 төгрөгөөр тогтоосон хэмжээг өмнөх дүгнэлтийн үнэд нэмж нэгтгэн 62 184 603 төгрөгөөр нэхэмжлэгчийн хийсэн ажлын хөлсийг тодорхойлох нь зүйтэй. /1 х.х-ийн 170-182 дугаар тал, 3 х.х-ийн 172-175 дугаар тал/

Энэ дүнгээс хариуцагчийн төлсөн 3 000 000 төгрөгийг хасч  тооцвол нэхэмжлэгч нь 59 184 603 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. 

Харин Барилгын төсөвчдийн холбооны мэргэшсэн төсөвчин А.Эрдэнэбаатарын шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Учир нь шинжээч дүгнэлт гаргахдаа 2014 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Барилгын хөгжлийн төвийн магадлалаар баталгаажсан ажлын зургийг үндэслэн тогтоохдоо маргаан бүхий 63 айлын орон сууцны барилгад хийгдсэн ажлыг орон сууц бүрээр нэг бүрчлэн үзээгүй, танилцаагүй гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасныг үндэслэн анхан шатны шүүх уг шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл  болгоогүй нь зөв бөгөөд уг нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан эргэлзээтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт зааснаар анзын гэрээг талууд бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүнэлт хуульд нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 102/ШШ2019/00072 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...48 962 498...” гэснийг “...59 184 603...” гэж, “...65 881 715...” гэснийг “...55 659 610...” гэж, 2 дах заалтад “...402 762...” гэснийг “...453 873 ...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 951 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Э.ЗОЛЗАЯА

                                                      ШҮҮГЧИД                                              Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                    Д.БАЙГАЛМАА