Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2017/04053

 

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2017/04053

Улаанбаатар хот

 

ͪ

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ...... регистрийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, өнөр хороолол 2 дугаар байр 117 тоотод оршин суух С.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ...... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол 58 дугаар байр 98 тоотод оршин суух Д.А,

Хариуцагч: Монгол улсын иргэн ....... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол 58 дугаар байр 98 тоотод оршин суух Б.Ө нарт ,

Зээлийн гэрээний үүрэгт 2,655,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хянан .

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

С.М миний бие 2015 оны 10 дугаар сарын 28-ний өдөр Б.Ө, Д.А нарт 2,000,000 төгрөгийг зээлдүүлж мөн өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Зээлийн гэрээгээр 2,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй алдангийг 0.5 хувиар харилцан тохиролцож байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш Д.А, Б.Ө нарт нь хүүний мөнгө 400,000 төгрөг, үндсэн зээлээсээ 230,000 төгрөгийг төлсөн ба одоогийн байдлаар үндсэн мөнгөнөөс 1,770,000 төгрөгийг төлөөгүй байна. Зээлийн хугацаа дууссан боловч төлөөгүй байгаа тул Д.А, Б.Ө нараас үндсэн зээлийн мөнгө 1,770,000 төгрөг, алданги 885,000 төгрөг нийт 2,655,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний найз Д.А нь 9 дүгээр сарын 18-ны өдөр гаднаас орж ирэхдээ С.М гэгч эмэгтэйг дагуулж ирсэн. Энэ үед манай найз Д.А хөдөөнөөс ирж эмнэлгээр үзүүлж байсан юм. С.М нь манайд орж ирээд манай найзтай мөнгө төгрөгийн асуудал ярьж байснаа хаяг тодорхойлно гэж хэлээд гэрээг нь шинэчилж бид хоёрыг гарын үсэг зур гэж шаардаж гарын үсэг зуруулсан. Гэтэл намайг гэм зэмгүй байхад шүүхэд өгсөн байна. Энэ асуудлаас болж манайд хэрүүл маргаан гарч гэр бүлийн хооронд асуудал үүсээд байгаа учраас би гомдолтой байна. Манай найз хөдөөнөөс ирэхдээ манайд ирдэг нь үнэн болохоор би хаягаа өгсөн. Гэтэл намайг шүүх хуралд оролцуулахаар дуудсан байх бөгөөд би шүүх хуралд орох хэрэг хийгээгүй учир С.Мд гомдолтой банйа. Би тэр С.М гэгч эмэгтэйг огт танихгүй, мөнгө төгрөг аваагүй, одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэж байгаа 18-ны хуралд очих боломжгүй гэжээ.

 

Хариуцагч Д.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний нөхөр Р.Батбаяр нь С.Мэс анх өөрийн гараар гэрээ бичиж 2,000,000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлдэж авсан нь үнэн. Авснаасаа хойш 630,000 төгрөгийг төлөөд хэдэн сар төлж чадаагүй тэгтэл С.М нөхөр Батбаярыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст залилан хийсэн гэж бүтэн өдөржин пааранд гавлаж үүнээс болж нөхөр сэтгэлээр гутарч эхэлсэн. Урьд нь олон удаа 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэж байсан цаг тухайд нь өгдөг байсан. Үнэндээ одоо надад өгөх боломжгүй, гэр орон маань Хас банкны барьцаанд, эмийн сан ажиллуулж байсан, нялх хүүхэдтэй болоод ажлаа хийж чадахгүй хүрч эмийн сангаа ажиллуулж чадахгүй байна. Би С.Мд үнэн байдлаа хэсэн, энэ мөнгийг өгөхгүй биш өгнө.Тэгтэл сая С.М намайг дуудахдаа жи мобайлийн утсаар эрэгтэй хүнээр шуудан холбооноос ярьж байна Батбаярт шуудан хүргэх гэсэн гээд ярихаар нь Баянүрдийн М-ойл колонкийн тэнд очтол С.М машинаас гарч ирээд машинд суу байгаа газар чинь очно гээд явсан бөгөөд тэр үед би найзындаа хөдөөнөөс ирээд байсан болохоор дагуулж очсон. Тэгээд найзындаа очтол гэрээг шинээр хийнэ гэхэд нь заавал шинэ гэрээ хийж яах гэж байгаа юм гэхэд санаа зоволтгүй хаяг тодорхой болгож байгаа юм гээд Батбаярын гэрээг хуулан бичээд нэрийг нь бид хоёрын нэрээр сольж бичээд гарын үсэг зуруулсан, ингэж өөрчилөхгүй бол энэ айлаас чинь гарахгүй гэж дарамталж гарын үсэг зуруулсан. Гэхдээ би үлдэгдэл мөнгийг боломжоороо төлж барагдуулна, одоогоор нөхөр бид 2 ажилгүй, гэр оронгүй, хөдөө байгаа учраас бага багаар боломжоороо төлнө. Би ч гэсэн С.Мд гомдолтой байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Б.Ө, Д.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,770,000 төгрөг, алданги 885,000 төгрөг нийт 2,655,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч Д.А нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг, хариуцагч Б.Ө зээлийн гэрээ байгуулаагүй мөнгө зээлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй талаарх тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн.

Зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан 2,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар, 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 5 дугаар тал/

Хэрэгт авагдсан бичгээр байгуулсан зээлийн гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсч, талуудын хооронд үүрэг үүссэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нар үндсэн зээлээс 230,000 төгрөг, зээлийн хүүнд 400,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр үндсэн зээлийн үлдэгдэлд 1,770,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Д.А нь энэхүү нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй маргаагүй.

Хариуцагч Б.Ө нь зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө зээлээгүй талаарх тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч энэхүү татгалзалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул түүний тайлбараар гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн хэрэгт авагдсан С.Мөнх-Эрдэнийн Хаан банкны 5065158761 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар хариуцагч Д.А нь зээлийн гэрээний дагуу 2015 оны 10 дугаар сарын 31-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд 630,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 25-36 дугаар тал/

Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Д.А, Б.Ө нар нь тохирсон хугацаанд зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул зээлдүүлэгч С.М нь олгосон зээлээ буцаан шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай гэж тохиролцсоноор нэхэмжлэгч нь хариуцагч нарын гэрээний үүргийн дагуу төлсөн 630,000 төгрөгөөс хүүнд 400,000 төгрөг, үндсэн зээлд 230,000 төгрөгийг тус тус тооцож, зээлдэгч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 1,770,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байх тул алдангид 885,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Д.А, Б.Ө нараас үндсэн зээлийн үлдэгдэл 1,770,000 төгрөг, алданги 885,000 төгрөг нийт 2,655,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Мд олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Д.А, Б.Ө нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.А, Б.Ө нараас 2,655,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Мд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А, Б.Ө нараас 57,430 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Мд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ