Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2019/03604

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2019/03604

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А ХХК /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт байрлах ЭТБК ХХК /регистрийн дугаар: /-д холбогдох

 

8,687,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн, хариуцагч Э.Ёндон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ЭТБК ХХК-тай худалдах-худалдан авах ерөнхий гэрээ байгуулж, тус гэрээнд заасан хугацаа, журмын дагуу оффисын тавилга нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн. Гэвч ЭТБК ХХК нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгэлгүй өнөөдрийг хүрсэн. Бидний зүгээс гэрээний төлбөр болох 5,791,500 төгрөгийг ЭТБК ХХК-тай холбогдож төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч бид санхүүжилтгүй байна гэсэн шалтгаанаар төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Талууд худалдах-худалдан авах ерөнхий гэрээний 6.1 дүгээр зүйлээр гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алдангийг нөгөө талдаа төлөхөөр тохиролцсон. Худалдах-худалдан авах ерөнхий гэрээний тусгай нөхцлийн 3.2-т заасны дагуу ЭТБК ХХК нь оффис тавилгын урьдчилгаа төлбөр 1,000,000 төгрөгийг төлөх өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс нэхэмжлэл гагах хүртэл нийт 1139 хоногийн алданги 1,139,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 4,791,500 төгрөгийг төлөх өдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл 1108 хоногийн алданги 5,308,982 төгрөг, нийт 6,447,982 төгрөгийн алдангийн төлөхөөр байна.

Иймд гэрээний төлбөр 5,791,500 төгрөг, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй алданги 6,447,982 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн 2,895,750 төгрөг, нийт 8,687,250 төгрөгийг ЭТБК ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Эйч Ти Би ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ёндон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь санхүүжилт зогссоны улмаас А ХХК-иас худалдан авсан тавилгын үнийг төлж чадаагүй. Санхүүжилтгүйн улмаас үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд тухайн тавилгуудыг огт хэрэглээгүй тул тавилгыг худалдагч талд буцаан өгч, элэгдэл хорогдлын зохих төлбөрийг төлөхийг хүсч байна. Нийт 8,687,250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Эйч Ти Би ХХК-д холбогдуулан, худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 8,687,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Худалдах-худалдан авах ерөнхий гэрээ-г байгуулж, худалдан авагч Эйч Ти Би ХХК нь гэрээний хавсралт № 2-т заасан нэр, төрөл, тоо хэмжээ, үзүүлэлттэй, нийт 5,791,500 төгрөгийн үнэ бүхий тавилгыг худалдагч тал А ХХК-иас худалдан авч, 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 4,791,500 төгрөгийг тус тус худалдагч талд төлөх, худалдан авагч нь барааны үнэ, хүү, алданги, бусад төлбөрийг Гэрээний 3.2 дахь хэсэг болон Хавсралт№3-т заасан хугацаандаа төлөөгүй, эсхүл Гэрээний холбогдох үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алдангийг нөгөө талдаа төлнө гэх харилцан тохиролцсон байх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйл, 232 дугаар зүйлийн 232.3-т тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Хариуцагч Эйч Ти Би ХХК нь гэрээний дагуу худалдан авахаар тохиролцсон бараагаа хүлээн авсан боловч дээр дурдсан төлбөрийг төлөөгүй байх бөгөөд хүлээн авсан тавилгыг ашиглаагүй тул буцаан өгч, элэгдэл хоргодлыг мөнгөөр төлж эвлэрэх саналтайгаа шүүхэд илэрхийлж, гэрээний 6.2-т зааснаар бараагаа буцааж авах боломжтой байхад буцааж аваагүй хэмээн нэхэмжлэгчийг буруутгаж байна.

Гэвч гэрээний дагуу барааг буцаан авах хийгээд төлбөрөө шаардах зэргээр холбогдох боломжгүй байсан, хариуцагч холбоо тасарсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, ЭТБК ХХК-ийг болон захирал Ш.Дэлгэрдалайг эрэн сурвалжлуулах тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1473 дугаар шийдвэрт дурьдагдсан үйл баримтыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Шүүх, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ., 232 дугаар зүйлийн 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй., 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги... гэж тус тус зааснаар гэрээний үнэ 5,791,500 төгрөг, алданги 2,895,750 төрөг, нийт 8,687,250 төгрөгийг хариуцагч ЭТБК ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.               Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус зааснаар хариуцагч ЭТБК ХХК-иас 8,687,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153,950 төгрөгийн 153,946 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч Эй Ти Би Капитал ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 153,946 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай. 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА