Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2020/00970

 

 

 

 

 

 

2020 03 23

101/ШШ2020/00970

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.О

 

Нэхэмжлэгч: Ц.Ц нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л ХХКхолбогдох

 

42,676,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагчийн төлөөлөгч Т.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билэгт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О, Ц.Цнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.О, Ц.Цнар нь Л ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 008 дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ-ний дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын  орон сууцны А блокын 1 дүгээр орцны 3 давхарт 12 тоот 62,7 м.кв орон сууц 2 өрөө байрыг өгөхөөр тохиролцсон боловч 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өөр байр өгөхөөр болж 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 89 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын орон сууцны А блокын 1 дүгээр орцны 1 давхарт 02 тоот 71,46 м.кв орон сууц 3 өрөө байрыг өгөхөөр болж нөхөр бидэнтэй гэрээ байгуулан хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагч Л ХХК нь уг орон сууцны барилгыг 2016 онд улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй явсаар ирсэн. Мөн Л ХХК нь нэхэмжлэгч Ц.Цтой 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 17/02 дугаартай Тусгайлан хийсэн болзолт гэрээ хийж, уг гэрээний дагуу 02 тоот 71,46 м.кв, 3 өрөө орон сууцны төлбөрийг төлөх графикийг тохирч, төлбөрийн 60 хувь болох 42,676,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд одоо уг байранд амьдарч байна. Гэтэл дээрх 02 тоот байрыг Л ХХК нь Хөрөнгө оруулагч иргэн н.Бгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан, мөн Л ХХК-д холбогдох хөрөнгө оруулагч нар болон оршин суугч иргэдийн хооронд шүүхийн маргаан үүссэн тул шүүхээс Л ХХК-ийн дансыг битүүмжилсэн бөгөөд төлбөр төлөлтийг уг асуудлыг шийдэгдэх хүртэл түр зогсоосон байгаа. Иймд хариуцагч Л ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг манай нэр дээр гаргаж өгөхгүй, өөр хүний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй нь тодорхой байх тул Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар татгалзаж байна.

Иймд гэрээнээс татгалзаж байгаа тул 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн төлбөр төлсөн баримт зэргийг үндэслэн тооцооны үлдэгдлийн баталгаанд заасан 42,676,200 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1зааснаар буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ц.Ц нь Орон сууц захиалах гэрээнээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар татгалзаж, 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн төлбөр тооцооны үлдэгдлийн баталгаанд заасан 42,676,200 төгрөгийг Л ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн байна. Ц.Ц нь тус компанитай 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 008 дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ-г байгуулж, Дархан -Уул аймгийн Дархан сумын орон сууцны А блокын 12 тоот 62,7 м,кв талбайтай, 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцсон боловч 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 89 тоот гэрээгээр Дархан -Уул аймгийн Дархан сумын  орон сууцны А блокын 02 тоот 71,46 м,кв талбайтай 3 өрөө өөр байр өгөхөөр тохиролцсон байна. Дээрх орон сууц нь иргэн Д.Бгийн нэр дээр Шүүхийн шийдвэр, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагаа хүсэлтийн дагуу өмчлөх эрх шилжсэн. Л ХХК-ийн захирал байсан А.Л тус байрыг давхардуулан гэрээ байгуулсан байснаа компанийг шилжүүлэн өгөхдөө мэдэгдээгүй болно. Л ХХК-ийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр харилцан тохиролцож гэрээ байгуулан Ц.Б шилжүүлэн авсан байдаг. Гэтэл Л ХХК-ийн захирал байсан А.Лтэй иргэн Ц.Цнь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 17/02 дугаартай Тусгайлан хийсэн болзолт гэрээ хийж, уг гэрээний дагуу 02 тоот 71,46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны төлбөрийг төлөх график байгуулсан гэж байна. Иргэн Ц.Цнь компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн байхад өмнөх захиралтай гэрээ, тооцоо нийлсэн актыг үйлдсэн байна. Ц.Цнь 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 008 дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээний Дархан-Уул аймгийн Дархан сумын  орон сууцны А блокын 12 тоот 62,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөр болох 18,810,000 төгрөгийг тус компанийн Худалдаа хөгжлийн банкны  тоот дансанд хийсэн. Тухайн төлбөр орон сууцны барилгад зарцуулагдсан нь баримтаар нотлогдож байна. 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 89 тоот гэрээний дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын орон сууцны А блокын 02 тоот 71,46 м,кв талбайтай 3 өрөө орон сууцны төлбөрт 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 8,022,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд хийсэн, тухайн төлбөрийг орон сууцны барилгад зарцуулаагүй, захирал А.Л данснаас бэлэн мөнгөөр авсан нь тухайн дансны хуулгаар нотлогдож байгаа юм.

Иймд иргэн Ц.Цын нэхэмжилсэн 42,626,200 төгрөгөөс 18,810,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл 28,816,000 төгрөгөөс татгалзаж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О, Ц.Цнар нь хариуцагч Л ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагавар болох орон сууцны төлбөрт төлсөн 42,676,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Л ХХК нь дээрх төлбөрийн компанийн үйл ажиллагаанд зарцуулсан 18,810,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад нь компанийн үйл ажиллагаа, барилгад зарцуулагдсан болох нь нотлогдохгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Л ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 008 дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ-г Б.Отэй байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, Ласти таун хотхоны 9 давхар орон сууцны А блокын 1 дүгээр орцны 3 давхарт 12 тоот, 62,7 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар, орон сууцны нийт үнэ 62,700,000 төгрөг ба урьдчилгаа төлбөрт гэрээ байгуулсан өдрөө 30 хувь болох 18,810,000 төгрөгийг захиалагч нь төлсөн, гүйцэтгэгч нь 2014 оны 4 дүгээр улиралд орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохирсон байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

 

Эхний 30 хувийн төлбөр хийгдсэнээс хойш захиалагч Б.О нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 5,900,000 төгрөгийн төлөлтийг хийсэн болох нь мөн өдрийн Хаан банкны Мөнгөн шилжүүлэг-ийн баримтаар тогтоогдож байна.

 

Л ХХК-ийн гүйцэтгэсэн дээрх Дархан-Уул аймаг, Дархан сум,  нийтийн орон сууцны барилгыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 16/2016 актаар барилгыг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Ийнхүү барилга ашиглалтад орсон боловч Л ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, улмаар Б.Онийн захиалсан Дархан-Уул аймаг, Дархан сум,  орон сууцны А блокын 1 дүгээр орцны 3 давхарт 12 тоот, 62,7 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг өөр этгээдэд шилжүүлж, давхардуулан гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ ажил гүйцэтгэгч биелүүлээгүй байна.

 

Улмаар Л ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2016 онд орон сууц ашиглалтанд орсоноос хойш, өмнөх ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч Б.Онийн төлсөн төлбөрийг тооцож, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 89 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ нэртэй гэрээг Б.Онийн гэр бүлийн гишүүн болох нөхөр Ц.Цтой байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 тоот, 71,46 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг захиалан бариулахаар, орон сууцны нийт үнэ 71,460,000 төгрөг байхаар харилцан тохирсон байна.

 

Энэхүү гэрээний хувьд зохигчдын хооронд Орон сууц захиалгаар бариулах гэрээ нэртэй гэрээ байгуулагдсан боловч хариуцагч нь нэгэнт ашиглалтанд орсон, улсын комисс хүлээн авсан, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон орон сууцнаас 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр байгуулсан байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Дээр дурьдсанчилан нэхэмжлэгч Б.О нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу 18,810,000 + 5,900,000 = 24,710,000 төгрөгийг хариуцагч Л ХХК-д төлсөн ба сүүлийн гэрээ байгуулагдсанаас хойш 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 8,022,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 4,900,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 740,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 738,100 төгрөгийг тус тус төлж, нэхэмжлэгч нар нь нийтдээ 39,110,100 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь Голомт банкны төлбөрийн баримт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд зэргээр тогтоогдож байна.

 

Ийнхүү орон сууцны төлбөрийг нэхэмжлэгч нар нь Л ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь  тоот, Хаан банкин дахь  тоот дансанд шилжүүлсэн байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн зарим төлбөрийг компанийн үйл ажиллагаанд зарцуулаагүй гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

 

Харин 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2,700,000 төгрөгийн Л ХХК-ийн кассын бэлэн мөнгөний орлогын баримт хувьд тамга тэмдэг дарагдаагүй, хүлээн авсан этгээд нь тодорхойгүй байх тул уг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэлгүй, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 128,000 төгрөгийн баримтын хувьд н.С гэгчийн Худалдаа хөгжлийн банкин дахь  тоот дансанд, мөн 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 738,100 төгрөгийн баримтын хувьд АТМ-ээр н.О Хаан банкин дахь  тоот дансанд шилжүүлсэн байх тул эдгээрийг хариуцагч Л ХХК-д орон сууцны төлбөрт шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Л ХХК 2017 оны УОО тооцоо гэх баримтаар нийтдээ 42,676,200 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч Ц.Цхийсэн гэх тооцоог гаргасан байх боловч уг тооцоог хэн үйлдсэн нь тодорхойгүй, зөвхөн санхүүгийн тамга, тэмдэг дарагдсан байх тул дээр дурьдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын тооцооллыг гаргасан болно.

 

Нэхэмжлэгч Ц.Цнь Л ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 89 дугаартай гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум,  тоот, 71,46 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохирч, Ц.Ц, Б.О нар орон сууцыг хүлээн авч, одоо амьдарч байгаа боловч уг 2 тоот орон сууцыг Л ХХК нь иргэн Д.Бд шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Дээрх нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэгч нар нь хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болон худалдах-худалдан авах гэрээнээсээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар татгалзаж, татгалзснаас үүсэх үр дагаврыг буюу орон сууцны төлбөрт төлсөн төлбөрийг буцаан шаардаж буй нь үндэслэлтэй байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч нарын гэрээнээсээ татгалзсантай холбоотойгоор хариуцагч нь төлбөрийн зохих хэсгийг төлөхөө илэрхийлсэн тайлбарыг гаргаж байх тул энэхүү гэрээний татгалзлыг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Л ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 17/02 дугаартай Тусгайлан хийсэн болзолт гэрээ-г Ц.Ц, Б.О нартай байгуулсан ба уг гэрээг ерөнхий захирал А.Л баталсан байх бөгөөд энэхүү гэрээ байгуулагдах цаг хугацаанд Ц.Б нь захирлаар томилогдсон буюу компанийг төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан байна.

 

Хариуцагч Л ХХК нь нэхэмжлэгч нарын төлсөн төлбөрөөс компанийн үйл ажиллагаанд зарцуулсан 18,810,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, харин үлдэгдэл төлбөр нь компанийн үйл ажиллагаа, барилгад зарцуулагдсан болох нь нотлогдохгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлох эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс 39,110,100 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Л ХХК-иас 39,110,100 /гучин есөн сая нэг зуун арван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц, Б.О нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс 3,566,100 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 353,500 /гурван зуун тавин гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц, Б.О нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ