Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 119/ШШ2022/0002

 

                                                 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                   

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг би нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Э” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан “Э” ТӨҮГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Б” ХХК-ийг шалгаруулсан гэх БД-112-12/5913 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан “Нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтийг 2022 оны 01 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “......Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох "Монгол Улсын Сангийн Яам" нь 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 6-1/6026 тоот шийдвэр нь тус тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ДҮ-112-12/5394 тоот шийдвэрийг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгосон. Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдсэн.

Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа үүгээр дуусгавар болж байгааг шийдвэрлэсэн.

Гэвч "Э" ТӨҮГ-ын байгуулсан Үнэлгээний хорооны шалгаруулсан "Б" ХХК-ийн тендерийн материал нь

       1. Хуудас 93,94,131,132-ын хятад хэл дээрх баримт монгол хэл рүү орчуулга баталгаат орчуулга байхгүй, энэ нь "ТОӨЗ 11.2: Тендерийг дагалдах баримт бичиг, хэвлэмэл материал нь өөр хэл дээр байж болох бөгөөд энэ тохиолдолд гадаад хэл дээрх баримт бичгийг заавал баталгаат орчуулгын хамт монгол хэл дээр ирүүлнэ" гэснийг хангаагүй.

             2. 2019, 2020 оны санхүүгийн аудитын дүгнэлт болон хураангуй тайланг нотариатаар баталгаажуулж ирүүлээгүй, энэ нь "ТОӨЗ 18.1 (б) Зөвхөн аудитын дүгнэлт болон хураангуй тайланг нотариатаар баталгаажуулсан хуулбараар ирүүлнэ" гэснийг хангаагүй.

"ТОӨ3 42.1 Тендерт шалгарсан оролцогч нь гэрээний үнийн дүнгийн 5%-тай тэнцэх хэмжээний гүйцэтгэлийн баталгаа гаргах тухай албан мэдэгдэл ирүүлнэ"-д заасан гүйцэтгэлийн баталгаа гаргах тухай мэдэгдэл ирүүлээгүй.

4. Арилжааны банкнаас олгосон зээлийн тодорхойлолтын дүн нь 4,000,000 /дөрвөн сая/ юань байгаа бөгөөд одоогийн зах зээлийн ханшаар хөрвүүлэн бодож үзэхэд санал болгосон үнийн дүнгээс нь бага байхаар байна, энэ нь "ТОӨЗ 18.2 (г) Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь: Тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна" гэснийг хангаагүй.

"Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн 55 дугаар зүйлийн /55.3.3. зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах/-ыг зөрчиж Монгол Улсын Сангийн Яамны 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 6-1/6026 тоот шийдвэрийн эсрэг зөрчилтэй компаний материалыг дахин шалгаруулсан байна.

              Иймд "Э" ТӨҮГ-ын гаргасан 2021 оны 11 сарын 08-ны өдрийн "Б" ХХК шалгаруулсан гэх БД-112-12/5913 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү

                  ““М” ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Э” ТӨҮГ-аас зарласан “Бөмбөлөгт тээрмийн резин хуягийн иж бүрдэл” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2021010... тоот цахим тендертэй холбоотойгоор 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК нь “Э” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлж, шүүхэд хүсэлтээ ирүүлжээ.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Э” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан “Э” ТӨҮГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Б” ХХК-ийг шалгаруулсан гэх БД-112-12/5913 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 

ШҮҮГЧ                  П.УУГАНЦЭЦЭГ