Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/147

 

Ч.М-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай          

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:          

прокурор Х.Онолт,

шүүгдэгч Ч.М-ийн өмгөөлөгч Б.Отгончимэг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Б.Бямбаабаатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШТ/106 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.М-ийн өмгөөлөгч Б.Отгончимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ч.М-д холбогдох 2008025551249 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

ял шийтгүүлсэн,

Шүүгдэгч Ч.Мнь 2020 оны 8 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Өнөр" цогцолбор дунд сургуулийн хөлбөмбөгийн гадаа талбайн хаалганы үүдэнд Н.Ч-г "чи танихгүй хүний цэнэглээд үлдээсэн гар утсыг хулгайлсан байна" гэх шалтгаанаар түлхэж унагаагаад толгой хэсэг рүү нь 4-5 удаа өшиглөж, хүзүү хэсэгт гараараа цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.               

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүхээс шүүгдэгч Ч.М-д холбогдох хэргийг хянаад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэв. Үүнд:

1. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, судалсан камерын бичлэгийн цаг хугацаа хоорондоо зөрүүтэйг тэмдэглэж байна. Уг бичлэгт "...2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 02 минутад амь хохирогч хашааны хаалгыг онгойлгон орно. ...23 цаг 07 минут 03 секундэд амь хохирогчийн бие рүү баруун хөлөөрөө нэг өшиглөөд, толгойн хэсэг рүү баруун гараараа цохиход амь хохирогч газар унахад очоод баруун хөлөөрөө элэг рүү нь 1, дээрээс нь 1, мөр хэсэг рүү нь 1, толгойн хэсэгт 2 удаа, нийт 5 удаа өшиглөчихөөд гартаа ямар зүйл нь сайн мэдэгдэхгүй биет барин баруун гараараа толгой хэсэгт нь нэг цохиод, зүүн гартаа шилжүүлж бариад нэг удаа толгойн хэсэгт цохисны дараагаар гартаа барьсан биетээ эргэж харан хаяна. Хэсэг ярьж байгаад 23 цаг 08 минут 31 секундэд дахин газар хаясан биетээ аваад далайж зогсож байгаад бие рүү нь 1, хавирга руу нь 1 өшиглөөд доошоо сууж байгаад босож ирэн дахин далайна. ...газар хэвтэж байсан амь хохирогч өндийгөөд суухад 23 цаг 13 минут 55 секундэд баруун гараараа зүүн шанаа руу нь нэг алгадна. 23 цаг 14 минут 06 секундэд зүүн хөлөөрөө нүүр лүү нь нэг өшиглөөд эргэж хойшоо алхаад хаясан биетээ аваад очин 3 удаа толгой хэсэгт нь цохичихоод гарт барьсан биетээ хаячихаад эргэж очно. Буцаад дахин нөгөө биетээ гартаа авч очин баруун хөлөөрөө нүүрэн тус газарт нь 1 өшиглөөд, 2 удаа дэвсэнэ. Нүүрэн хэсэгт нь баруун гараараа хэд хэдэн удаа ойрхон давтамжтай цохичихоод..." гэж тэмдэглэгджээ. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд амь хохирогч Н.Чнь анх цохиулж унаснаас хойш 23 цаг 17 минут 43 секунд хүртэлх хугацаанд шүүгдэгчийн дээрх үргэлжилсэн, идэвхтэй үйлдлийн эсрэг бие махбодийн ямар нэгэн биеэ хамгаалсан үйлдэл хийгээгүй, түүнчлэн согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй /шээсэнд 2.2 промилли спирт илэрсэн/ байдалтай эсэх, мөн амь хохирогчийн биед цохих, өшиглөх, бусад зүйлээр цохих хэд хэдэн удаагийн үйлдлээр олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, шүүгдэгч өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийнхөө үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, санаатайгаар үйлдсэн эсэхийг тус тус шалгаж тогтоох, улмаар хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн байгаа эсэхэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай.

2. Шинжээчийн 2020.09.10-ны өдрийн 1729 дүгээр дүгнэлт, шинжээч Г.Ханхүүгийн мэдүүлэг эргэлзээтэй, зөрүүтэй байх тул дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзлээ. Тухайлбал шинжээчийн дүгнэлтэд: “цогцост хийсэн шинжилгээгээр зүүн зулай, чамархайгаас доош суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа /170мл/, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа /50мл/, баруун чамархайн дэлбэнгийн аалзавчийн доорх голомтлог цус харвалт, баруун, зүүн чамархайн булчин, дух, зулайн хуйхны цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, мөр, гуя, баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гавал тархины битүү гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...10. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ" /хх-120-130/ гэжээ. Харин шинжээч Г.Ханхүү 2020.09.15-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: "...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байсан. Нас барахад хүргэсэн гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Ямар нэг ир ирмэгтэй зүйл ашигласан гэх шинж тэмдэг байгаагүй. Талийгаач шууд нас бараагүй. Дээрх хүнд гэмтлийн хүндрэлээр нас барсан байна" /хх-136-139/ гэжээ. "Наран-Оргил" СӨХ-ны 34а байрны 1 дүгээр орцны цахилгаан шатны дотор байрлуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: "2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 00 цаг 04 минут 20 секундэд цахилгаан шатны хаалга онгойх ба давхрын тоо нь 1 зааж байхад хар өнгийн 2 ширхэг цүнх барьсан энгэр дээрээ цагаан өнгийн бичигтэй цэнхэр өнгийн цамц, хар өнгийн өмд, гутал өмссөн эрэгтэй хүн орж ирж зогсоод товчин дээр дарав. Уг эрэгтэй хүн толгойн ар дагзан дээрээ хагарсан, цус мэт зүйлээр бохирлогдсон байх..." /хх-39-41/ гэсэн байна. Амь хохирогчийн толгойн ар дагз хэсэгт байгаа гэмтлийн талаар цогцост үзлэг хийсэн 2020.08.19-ний тэмдэглэл /хх-17-22/ болон дээрх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэгт огт дурдагдаагүй орхигдуулсан. Нас барахад хүргэсэн гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэх байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт авагдаагүй байна. Түүнчлэн талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан гэх шинжээчийн дүгнэлт эсхүл талийгаач шууд нас бараагүй, дээрх хүнд гэмтлийн хүндрэлээр нас барсан гэх шинжээч эмчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдлыг үүсгээд байна. Иймд тусгай мэдлэгийн хүрээнд амь хохирогч Н.Чуг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан аль нь болохыг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний дараа хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Дээрх зөрчлийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг "зөв, бүрэн" тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүгдэгч Ч.М-д холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.М-ийн өмгөөлөгч Б.Отгончимэг давж заалдах гомдол болон  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, судалсан камерийн бичлэгийн цаг хугацаа хоорондоо зөрүүтэйг тэмдэглэж байна гэжээ. Гэтэл хавтас хэргийн 44, 45 дугаар талд авагдсан камерийн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл нь Сонгинохайрхан дүүргийн 17 хороо, 83 дугаар сургуулийн "Хөл бөмбөгийн талбайн хяналтын камерийн бичлэгт шууд үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Үзлэгт хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулж болсон үйл баримтыг бүхэлд нь тусгасан байна. Харин шүүх хуралдаанаар камерийн бичлэгийг хуулж нотлох баримтаар бэхжүүлсэн дискний бичлэгийг хэлэлцүүлсэн бөгөөд шүүх хуралдаан дээр техникийн шаардлага хангахгүй 1 үйл баримт давхардаж бичигдсэн мэт харагдаж байсан. Шүүгдэгч анхнаасаа хэргийн үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлж ирсэн. Энэ нь ч камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдсон. Шүүхийн хэлэлцүүлэгт ч мэдүүлэг өөрчлөгдөөгүй. Гэтэл шүүх “..., амь хохирогч Н.Чнь анх цохиулж унаснаас хойш 23 цаг 17 минут 43 секунд хүртэлх хугацаанд шүүгдэгчийн дээрх үргэлжилсэн, идэвхтэй үйлдлийн эсрэг бие махбодийн ямар нэгэн биеэ хамгаалсан үйлдэл хийгээгүй, түүнчлэн согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй /шээсэнд 2,2 промилли спирт илэрсэн/ байдалтай эсэх, мөн амь хохирогчийн биед цохих өшиглөх, бусад зүйлээр цохих хэд хэдэн удаагийн үйлдлээр олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, шүүгдэгч өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж өөрийнхөө үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, санаатайгаар үйлдсэн эсэхийг тус тус шалгаж тогтоох, улмаар хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн байгаа эсэхэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай" гэжээ. Амь хохирогч шүүгдэгчид зодуулсаны дараа өөрөө босоод цүнхтэй хувцсаа үүрээд хашаанаас гарч яваа бичлэгээс харахад согтуурсаны улмаас биеэ хамгаалах чадваргүй гэсэн шүүхийн дүгнэлт үгүйсгэгдэж байна. Түүнчлэн амь хохирогчийн биед хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн жижиг гэмтлүүд нь дангаараа болон нийлээд эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж шинжээч эмч Г.Ханхүү гаргасан дүгнэлтэндээ нэн тодорхой тусгаад энэ талаараа мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлан мэдүүлсэн.

Шинжээчийн 2020.09.10-ны өдрийн 1729 дүгээр дүгнэлт, шинжээч Г.Ханхүүгийн мэдүүлэг эргэлзээтэй, зөрүүтэй байх тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэжээ. Шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ханхүүгийн гаргасан 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1729 дугаартай цогцост хийсэн шинжилгээний дүгнэлтээр талийгаач Н.Ч-ийн цогцост хийсэн шинжилгээгээр зүүн зулай, чамархайгаас доош суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа /170 мл/,баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн аалзавчийн доорх голомтлог цус харвалт, баруун зүүн чамархайн булчин, дух, зулайн хуйхны цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, мөр гуя, баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гавал тархины гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө 48 цагийн дотор үүсч болох шинэ гэмтлүүд байна. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй, шээсэнд 2.2 промилли спиртийн агууламж илэрсэн ба нас барах үедээ согтолтгүй байжээ, талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан гэсэн дүгнэлт гаргасан. Шинжээч эмч нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ талийгаачийн цогцост хийгдсэн гадна үзлэгт ..., зүүн буглаганы гадна дээд хэсэгт 4 см х 2.5 см, зүүн мөрөнд 1 см х 1 см, баруун өвдөгөнд булчин, дух, зулайн хуйхны цус хуралт 1,5 см х 1.5 см, зүүн гуяны урд доод хэсэгт 5.5 см х 1 см хөхөлбөр өнгийн цус хуралт, зүүн сарвууны ар гадаргууд арьсны өнгөц давхарга хууларсан, жижиг зулгаралтуудтай, орчны эд хавдсан зэрэг нь гэмтлийн зэрэгт хамаарах уу гэсэн асуултанд дээрхи гэмтлүүд нь дангаараа болон нийлээд эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Шинэ гэмтэл гэдэг нь 72 цагийн дотор үүссэн гэмтэл гэж ойлгож болно. Амь хохирогч Н.Ч-ийн нас барахад хүргэсэн гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, ямар нэг ир ирмэгтэй зүйл ашигласан гэх шинж тэмдэг байгаагүй, мохоо зүйл гэдэгт гар хөлөөр өшиглөх, цохих үйлдэл хамаарна. Амь хохирогч гэмтсэн даруйдаа эмнэлгийн тусламж авч мэс заслын эмчилгээ хийлгэсэн бол амь нас аврагдах боломжтой байсныг үгүйсгэхгүй.Талийгаач нь шууд нас бараагүй, дээрх хүнд гэмтлийн хүндрэлээр нас барсан байна гэсэн мэдүүлгээр үхлийн шалтгааныг тодорхойлсон байна. Гэтэл шүүхээс орцны лифтэн дотор хийгдсэн бичлэг дээрээс талийгаачийн толгойн оройн хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон байдлыг шинжээч дүгнэлтэндээ тусгаагүй нь эргэлзээ төрүүлж байгаа гэж үзэж байгаа, мөн талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан гэсэн шинжээчийн дүгнэлт эсхүл талийгаач шууд нас бараагүй, дээрх хүнд гэмтлийн хүндрэлээр нас барсан гэсэн шинжээч эмчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдлыг үүсгээд байна. Иймд тусгай мэдлэгийн хүрээнд амь хохирогч Н.Чуг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан аль нь болохыг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсөний дараа хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ. Шүүх мэтгэлцэх зарчмын үндсэн дээр шүүх хуралдааныг явуулахдаа өөрийн санаачилгаар ийнхүү дүгнэлт хийж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэсэн хуулийн заалттай зөрчилдөж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 106 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгон Ч.М-д холбогдох эрүүгийн 2008025551249 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Онолт тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн тогтоолд холбогдуулан эсэргүүцэл бичээгүй. Өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. Ч.М-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүгдэгч Ч.Мөнхдоржийг “...2020 оны 8 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Өнөр" цогцолбор дунд сургуулийн хөлбөмбөгийн гадаа талбайн хаалганы үүдэнд Н.Ч-г "...Чи танихгүй хүний цэнэглээд үлдээсэн гар утсыг хулгайлсан байна..." гэх шалтгаанаар түлхэж унагаад толгой хэсэг рүү нь 4-5 удаа өшиглөн, хүзүүнд нь цохиж санаатай алсан...” гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд амь хохирогчийн толгойн ар дагз хэсэгт үүссэн  гэмтлийн талаар цогцост үзлэг хийсэн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл /хх-17-22/ болон шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэгт огт дурдагдаагүй бөгөөд талийгаач нь үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж шууд нас барсан уу? эсхүл дээрх хүнд гэмтлийн хүндрэлийн улмаас нас барсан уу? гэх эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байна.

Тиймээс 2008025551249 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1729 дүгээр дүгнэлт, шинжээч Г.Ханхүүгийн мэдүүлгийн эргэлзээтэй, зөрүүтэй нөхцөл байдлыг шалган тодруулах буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг нотлох ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хийсний эцэст хэргийн үйл баримтыг тогтоож, уг үйл баримтад үндэслэн  зүйлчлэлийг зөв тогтоолгохоор анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.

Иймд өмгөөлөгч Б.Отгончимэгийн гаргасан “прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.М-д холбогдох хэргийг шийдвэрлэх боломжтой тул шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

                  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШТ/106 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.М-ийн өмгөөлөгч Б.Отгончимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ПҮРЭВСҮРЭН

              ШҮҮГЧ                                                         Б.БАТЗОРИГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ