| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/143 |
| Огноо | 2016-06-30 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2016/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч ***********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б************** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д************** О****т холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч *********** нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***********оршин суух иргэн Ч.М***********ын гэрт нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 1.000.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын**************тоотод оршин суух иргэн Б.Э************гийн байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 680.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *********** нь Мөрөн сумын 10 дугаар багийн 33 дугаар гудамжны ***********оршин суух иргэн Ч.М***********ын гэрт нэвтрэн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Конка маркийн 32 инчийн 1 зурагт, мөн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Конка маркийн 32 инчийн 1 зурагтыг давтан үйлдлээр хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 07 дугаар гудамжны 03 тоотод оршин суух иргэн Б.Э************гийн байшинд нэвтрэн Елко маркийн 42 инчийн 1СР зурагт, Самсунг Жи-1 маркийн гар утас хулгайлж 680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч ***********ын мардөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "...Архи ууж яваад ээжийнд очиход ээж байхгүй байсан. Тэгээд ээжийн зүүн талын айлынх руу дахин ороод урьд хулгайлж байсан зурагтаа хулгайлж авсан. Уг зурагтыг Т******* дэлгүүрийн ойролцоо нэг эмэгтэйд 80.000 төгрөгөөр худалдсан. 11 дүгээр хороонд нэг айлын урд цонхоор орж хар өнгийн нимгэн зурагт, гар утсыг хулгайлаад А****гийн дээд давхарт утсаа засуулж байсан эмэгтэй хүнд, зурагтыг танихгүй хүнд зарчихсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.М***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Намайг гэр лүү харихаас өмнө гандан дээр байхад манай эхнэр над руу залгаад гэртээ ирсэн чинь гэр лүү хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ такси бариад яваад очтол манай гэрийн үүдний цоожийг мулт татаж ороод гэрийн хойморт байсан 32 инчийн хар өнгийн Конка маркийн зурагтыг аваад явсан байсан...2016 оны 03 сарын 03-ны өдөр манай гэрээс манай гэрийн хоймор хэсэг байсан зурагт алга болсон байсан. Би энэ үеэр бол гэртээ байгаагүй Галт сум руу хөдөө явсан байсан. Манай эхнэр, хүүхэд гэртээ байсан. Манай эхнэрийг сургууль руу хүүхдээ хүргэж өгөх үеэр зурагт алга болсон байсан гэсэн. Энэ О**** гэж нөхөр манай зурагтыг урд өмнө хулгай хийж аваад цагдаа зурагт олж өгч байсан юм. Энэ нөхөр зурагтыг маань дахин хулгайлж авсан байх...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манайх руу занаатай юм уу дахин, дахин орлоо. Одоо би зурагтаа бүрэн бүтэн хүлээгээд авсан гомдол байхгүй... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-40, 46-47 дугаар хуудас/,
Хохирогч Б.Э************гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2016 оны 03 сарын 6-ны өглөө 10 цаг өнгөрөөд гэрээсээ гарч ажилдаа яваад буцаад гэртээ оройны 17 цагийн үед ирэхэд манай байшингийн урд талын зүүн талын вакум цонхны порчик онгойсон байхаар нь гэрийнхээ хаалганы цоожийг онгойлгоод ортол гэрийн хоймор хэсэгт байсан 42 инчийн хар өнгийн Елко маркийн зурагт, гал тогооны өрөөний ширээн дээр байсан цагаан өнгийн Самсунг Ж-1 маркийн гар утас алдагдсан байсан...Алдсан зүйлүүдээ бүрэн бүтэн хүлээж авлаа. Надад одоо ***********ар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-44 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Н.А**************ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... А****гийн 2 давхарт гар утас засвар дээр байж байтал цагаан өнгийн 2 сим ордогЖ-1 маркийн гар утсыг зарах гэж орж ирээд мөн нэг зурагт байгаа хямдхан өгнө гэж хэлсэн. Зурагт чинь хаана байгаа юм гэхэд гадаа таксинд байгаа гэж хэлсэн. Зарах гэж авч ирсэн гар утсыг нь утас засварын газраар үйлчлүүлж байсан зүс танихгүй эмэгтэй хүн 30-40 мянгаар авчих шиг болсон. Тэгээд тэр залууг дагаж гараад зурагтыг нь үзсэн чинь хар өнгийн 42 инчийн зурагт байсан. Тэгээд тэр залууд хулгайн юм биш биз дээ гэхэд үгүй ээ манай гэрийн зурагт юм гэж хэлсэн. Тэгээд тэр залууг гэртээ дагуулж очоод зурагтыг нь тогонд залгаж үзэж шалгасан юм. Тэгээд удирдлага нь байхгүй болохоор нь удирдлагыг нь аваад ир гэж хэлсэн чинь би архи уучихсан байна, би гэртээ орохгүй маргааш нөгөөдрөөс авч ирж өгнө гэж хэлсэн. Тухайн үед тэр залуу мотоцикльтой хөдөө Шинэ- идэр сум руу явна гэж байсан. Би тэр залууд эхлээд 200.000 төгрөг бэлнээр нь өгсөн. Тэгээд сүүлд 10.000 төгрөг дахиж авсан. Тэгээд 2 хоногийн дараа дахин над дээр ирээд ээжийн бие муудаад байна мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 10.000 төгрөг өгөөд дахин ирж мөнгө авахгүй гэсэн бичиг хийлгэж авсан. Тэр залуу надад бичиг хийж өгөхдөө Д************** овогтой О**** гэж бичиж өгсөн...Бэлэн 220.000 төгрөг хүлээн авлаа. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 50-52 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Н.Н***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Дөрвөн замын Т******* гэх дэлгүүрийн үүдэнд зурагт барьсан залуутай тааралдаад зурагт авах уу гэхээр нь хэд юм гэхэд 100,000 төгрөг гэсэн. Тэгээд би Т******* орчхоод буцаад гараад иртэл нөгөө зурагт барьсан залуу зогсож байснаа та зурагт авахгүй юм уу гэхээр нь санаанд ороогүй 80.000-д авъя гэхэд за, за тэг гэсэн. Тэгээд би эгч Ч**************с 80.000 төгрөг авч өгөөд зурагтыг нь авсан. Би уг зурагтыг захын хажуу талд ах гэрт очиж шалгаж үзсэн чинь зүгээр ажиллагаатай байсан юм. Тэгээд гэртээ авч ирж тавиад тэр чигтээ хөдөлгөөгүй байгаа...Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би 80.000 төгрөгөө бэлнээр нь хүлээн авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 54-57 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч С.Г***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 4 замын А****гийн үүдэнд зогсож байтал миний танил Э*********** зурагт авах уу гэж ирсэн юм, Тэгээд би авахгүй гэж хэлтэл хямдхан зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд зурагтьг нь үзээд зурагтыг нь авахаар болоод 95.000 төгрөгөөр өгнө гэж хэлсэн. Тэгээд би А****гийн АТМ-ээс 95.000 төгрөг аваад мөнгийг нь өгсөн. Э***********нэг залуутай явж байсан. Мөнгийг Э***********тай явж байсан залуу авсан. Тэгээд би зурагтыг нь машиндаа авч хийгээд хоёуланг нь гэртээ дагуулж очоод зурагтаа гаргаж үзүүл гэхэд манайд очиж зурагтыг гаргаж өгсөн. Тэгээд би тэр хоёрыг 9-р хорооны Гэрэл дэлгүүрийн үүдэнд таксидаж буулгаж өгсөн. Тэгээд замдаа найдвартай юм байгаа биз дээ гэхэд найдвартай гэж байсан. Би хохирол болох 95.000 төгрөгөө бэлнээр нь хүлээн авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 59-61 дүгээр хуудас/,
Гэрч Б.Э***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2016 оны 02 сарын 22-ны өдрийн 11 цагийн үед манай гэрт О**** хар өнгийн Конка маркийн зурагт барьж орж ирээд үүнийг зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би хулгайн юм биш биз дээ би асуудалд ормооргүй байна гэж хэлтэл би өөрийнхөө юмыг мэдэж байна, авах хүн байна уу гэж асуусан. Тэгэхээр нь чи яг яах гээд байгаа нь гэхэд би үүнийг зараад архи авч уумаар байна гэхээр нь өнгөрсөн зун Жанхайд ********** нэртэй амралтын газар ажиллаж байхдаа танилцсан М***********тай 4 замын А****гийн үүдэнд тааралдсан юм. Би О****ын авч орж ирсэн зурагтыг зарах гээд О****ын хамт 4 зам руу явсан юм. Тэгтэл М*********** ахтай тааралдаад хямдхан зурагт авах уу гэж асуутал хулгайн юм биш биз дээ гэхээр нь манай найз мөнгөний хэрэг болоод байгаа юм гэж хэлэхэд хулгайн юм биш бол ах нь авъя гэж хэлсэн. Тэгээд М*********** ахад зурагтыг 95.000 төгрөгөөр зарсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 65-67 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /ХХ-ийн 13, 17, 19 дүгээр хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ-ийн 14,15,18, 21, дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 20, 22, 25-27 дугаар хуудас/,
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 29- 36 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 72, 74, 81 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч Т.Батжаргалын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай
Эрүүгийн ************** дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 14 ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолоор тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж ял эдэлж байгаад Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04- ний өдрийн *****дугаар захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 4 сар 22 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж сулласан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 102-107 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ***********ыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн ба харин ялтай байдлыг өршөөн хэлтрүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцон үзлээ.
Шүүгдэгч *********** нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүний хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 110 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х********* Д****** О****ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***********ыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ***********т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч ***********ын цагдан хоригдсон 110 /нэг зуун арав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5.Эрүүгийн**************дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР