| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2019/04362/И |
| Дугаар | 101/ШШ2019/03608 |
| Огноо | 2019-12-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2019/03608
| 2019 оны 12 сарын 17 өдөр | Дугаар 101/ШШ2019/03608 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин байрлах ЧУ ХХК /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, А /регистрийн /-т холбогдох,
1,990,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгөлдөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЧУ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани барилгын гадна фасад, дотор хана, автомашины салхины шилэнд хамгаалалтын хальс суурьлуулдаг. Майням овогтой А т хамгаалалтын хальс суурьлуулалтын технологи эзэмшүүлэх, түүнийг компанидаа авч ажиллуулах зорилгоор 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр CU/19/0016 дугаартай сургалтын гэрээ байгуулсан. Гэрээний 6.4 дэх хэсэгт суралцагчийн хоолны зардал 150,000 төгрөг, 6.5 дахь хэсэгт сургалтын төлбөр 550,000 төгрөг, 6.6 дахь хэсэгт сургалтын материалын зардал 1,290,000 төгрөг, нийт 1,990,000 төгрөгийн зардал гаргаж М.А т хальс суурилуулах технологийг бүрэн сургасан.
2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр М.А ыг үндсэн ажилтнаар ажиллуулах захирлын тушаал гаргасан. 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс хойш М.А нь ажилдаа ирэхгүй, утсаа авахгүй байсан тул 8 сарын эхээр захирал П.Болдбаатар гэрт нь очиж уулзахад хувийн шалтгаан гарсан, цаашид танай компанид ажиллахгүй, мөн сурсан мэргэжлээрээ өөр газар ажиллахгүй, хувиараа ажил хийнэ, сургалтын төлбөрийг гэрээнд зааснаар төлж барагдуулна гэж хэлсэн. Гэтэл 8 сарын 10-ны өдөр М.А фэйсбүк дээрээ хамгаалалтын хальс суурьлуулна гэсэн зар тавьсны дараа М.А тай утсаар ярьж ажил дээр дуудаж уулзсан. Энэ чиглэлээр ажиллахгүй байвал сургалтын төлбөрийг авахгүй, зөвхөн материалын зардлын 60 хувийг төлүүлье гэсэн санал тавьсан. М.А би энэ чиглэлээр хальс наана, сургалтын төлбөрийг чинь төлөхгүй гэсэн. М.А суралцах, ажиллах хугацаандаа 3,260,305 төгрөгийн цалин авсан.
Иймд М.А аас сургалтын зардал 1,990,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгөлдөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Гэрээний 6.4 дэх хэсэгт суралцагчийн хоолны зардал 150,000 төгрөг, 6.5 дахь хэсэгт сургалтын хөлс 550,000 төгрөг, 6.6 дахь хэсэгт сургалтын материалын зардалд 1.290.000 төгрөг нийт 1,990,000 төгрөгийн зардал гаргуулах тухай нэхэмжилжээ.
Хариуцагч М.А ын ЧУ ХХК-тай 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Хальс суурьлуулалтын технологийн сургалтын гэрээ-нд 5 жил ажиллах заалт тусгаж өгсөн нь хууль болон гэрээний нөхцөлд нийцэхгүй байна.
Иймд ажил олгогч нь 5 жил ажиллах ёстой байсан хэмээн тайлбарлаж үүний дагуу аливаа шаардлага гаргах эрхгүй юм.
Гэрээний 1.3-т Энэхүү хальс суурилуулалтын технологийн гэрээ нь хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болно гэсэн заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1-т заасан ...Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасныг мөн гэрээний 2.13-т Суралцагч ажилтан нь гэрээний 2.12-т заагдсан үүргээ биелүүлээгүй тохиолдолд өөр албан байгууллага болон хувиараа хальс суурилуулах ажил эрхлэхгүй гэсэн заалт нь Үндсэн хуулиар олгогдсон ...4/ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх гэж заасныг тус тус зөрчиж байна.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийг хувиараа болон бусад аж ахуй нэгжид ижил төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх байхгүй.
Гэрээний 4.9-д сургалтанд зориулж 70 метр хальс зарцуулсан гэх боловч М.А нь сургалтанд хоёр боодол хальс буюу нийт 60 метр хальс хэрэглэсэн. ЧУ ХХК ний БНСУ-с оруулж ирдэг 5КС загварын хальс хэрэглэдэг бөгөөд энэ хальс нь зах зээлд 60 метр нь 320,000 төгрөгөөр худалдаалагддаг.
Гэтэл ЧУ ХХК нь 1 метр хальсыг 21,500 төгрөгөөр тооцож М.А ын хэрэглэсэн 60 метр хальсанд 1,290,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгч нь М.А т 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрүүдэд хүлээлгэж өгсөн зарлагын баримтанд хальсны нэгж үнийг 35,000 төгрөгөер тооцож бичсэн боловч гэрээний 6.6-д 21,500 төгрөгөөр тооцсон байгаа нь хальсны нэгж бүрийн үнэ хэдэн төгрөг болох нь эргэлзээтэй байна.
Нэхэмжлэгч М.А тай байгуулсан сургалтын гэрээ 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр эхэлж 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болохоор байгуулсан, гэтэл нэхэмжлэгч түүнд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр буюу сургалтын хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө буюу 30 метр хальс хүлээлгэж өгсөн зарлагын баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгчээ үүнээс үзэхэд 1 хоногийн хугацаанд 30 метр хальсыг зарцуулах ямар ч боломж байхгүй.
Гэрээний 6.3-д Суралцагч ажилтан сургалтын явц дундаас гарсан сургалтыг орхисон тохиолдолд гэрээний 6.6 заагдсан сургалтын төлбөрийг 100 хувь төлнө гэж заажээ
М.А нь гэрээний 5.1-т заасан хугацааг дуусгасан бөгөөд гэрээний 6.6-д сургалтын төлбөрийн асуудал биш сургалтын зардлын асуудлыг зохицуулсан байгаа нь гэрээний 6.3-д зааснаар сургалтын төлбөрийг нэхэмжлэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулахдаа ажилтныг дадлагажуулж ажиллуулж хүний нөөцөө бүрдүүлэх үүднээс ажилтан авч түүнийг дадлагажуулж ажиллуулсныхаа хариуд төлбөр нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй. Хүн ямар ч мэргэжлээр ажилд ороход ажил үүрэгтэйгээ танилцах, дадлагажих хугацаа хэрэгтэй байдаг учраас энэ хугацааг ажил олгогчийн зүгээс олгож дагалдагч томилох, холбогдох техник хэргэслээр хангах, аюулгүй байдлыг нь хангах зэрэг үүргийг ажил олгогчид хуулиар хүлээлгэсэн байдаг.
Нэхэмжлэгчийн шаардаж байгаа хальсны материалын зардал, хоолны зардал, сургалтын төлбөр зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 2.2, 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох үүрэгтэй. Ажилчдын хоолноос идэж байсан. хавтаст хэрэгт хоолны зардал гэж шилжүүлсэн зүйл байхгүй. Тэгэхээр сард 150,000 төгрөгийн хоол идсэн гэж нотлогдохгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЧУ ХХК нь хариуцагч М.А т холбогдуулан сургалтын зардал 1,990,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Талууд 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр CU/19/0016 дугаартай Хальс суурьлуулалтын технологийн сургалтын гэрээ байгуулж, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд М.А т хамгаалалтын хальс суурьлуулалтын технологийг сургахаар талууд харилцан тохиролцжээ.
Сургалтын гэрээний 6.5 дахь хэсэгт сургалтын хөлс 550,000 төгрөг, 6.6 дахь хэсэгт сургалтын явцад ашиглах 1 м.кв хальсны үнэ 21,500 төгрөг, нийт 1,505,000 төгрөгийн үнэтэй 70 м.кв хальс ашиглагдах ба сургалтын нийт зардалд 2,205,000 төгрөг байхаар тусгагджээ.
Сургалтын төлбөр, сургалтын үед гарсан зардлыг цалингаас суутгаж, 5 жил ажилласны дараа зардлыг буцаан олгох талаар сургалтын гэрээний 2.12-т тодорхой тусгасан байх бөгөөд сургалтын төлбөр, сургалтын үед гарах зардлыг суралцагч тодорхой мэдэж байсан нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, сургалтын төлбөр, зардал нотлогдохгүй байна гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан, 1 метр нь 35,000 төгрөгийн үнэтэй, нийт 60 метр, ВК-05 маркийн хальсыг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр М.А т хүлээлгэн өгсөн ЧУ ХХК-ийн зарлагын баримтуудыг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэх боломжгүй бөгөөд тухайн хальсны үнийг бодитой бус гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдсонгүй.
Хариуцагч М.А нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд ЧУ ХХК-ийн хальс суурьлуулалтын технологийн сургалтад суралцсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх бөгөөд 550,000 төгрөгийн төлбөртэй уг сургалтын хугацаанд 150,000 төгрөгийн хоол, 1 метр нь 35,000 төгрөгөөр үнэлэгдэх 60 метр хальсыг М.А т зарцуулжээ. Харин нэхэмжлэгч нь хальсны үнийг тооцож нэхэмжлэхдээ гэрээний 6.6-д заасныг баримтлан 1 метр хальсны үнийг 21,500 төгрөгөөр тооцож хариуцагчаас шаардсан.
Сургалтын гэрээний 2.1-д Сургагч багш нь сургалтын явцад ашиглагдах багаж хэрэгсэл, материал болон шаардлагатай зүйлээр хангах бөгөөд мөн сургалтыг явуулахад ашиглагдах цахилгаан бусад ашиглалтын зардал, сургагч багшийн сургалтын хөлс зэргийг суралцагч ажилтан бүрэн хариуцаж сургагч талд төлнө гэж зааснаар хариуцагч нь дээрх зардлыг хариуцах үндэслэлтэй байна.
Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр CU/19/0016 дугаартай Хальс суурьлуулалтын технологийн сургалтын гэрээ нь үүргийн харилцааны шинжийг агуулсан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар, дээрх сургалтын үед хариуцагчид зарцуулсан зардлаа буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан, хариуцагч М.А аас 1,990,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЧУ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.А аас улсын тэмдэгтийн хураамж 46,790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЧУ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА