| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2018/02304/И |
| Дугаар | 101/ШШ2018/02293 |
| Огноо | 2018-07-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2018/02293
| 2018 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 101/ШШ2018/02293 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т СӨХ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.А холбогдох
Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 839,612.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг төлөөлж Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т сууц өмчлөгчдийн холбоо нь 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлж гэрчилгээгээ авч үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа билээ. Уг хугацаанд Хотхоны бусад сууц өмчлөгчдийн нэгэн адил дундын өмчлөлийн гэрэлтүүлэг, хог хаягдал, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, лифт зэрэг дундын өмчлөлтэй холбоотой эд зүйлсийг хүссэн, эс хүссэн ч хамтран эзэмшиж, ашигласаар байгаа боловч сууц өмчлөгчдийн холбоонд төлбөл зохих төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн болно. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.4. Сууц өмчлөгчид ноогдох хэсэг гэж орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоог санхүүжүүлэхэд тухайн сууц өмчлөгчдийн оролцох хувь хэмжээ гэж тодорхойлсон байдаг. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1-д дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж хадгалж хамгаалахдаа бусад өмчлөлийн хамтын аж байдлын хэв журамыг зөрчихгүй байх үүрэгтэй гэж, мөн хуулийн 148.3-т Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэжээ. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.2. болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Орон сууцны нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгө /инженерийн шугам сүлжээ, салхижуулалтын хоолой, давхарын хаалга болон бусад тоног төхөөрөмж гэх мэт/-ийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө гэж заасан байдаг учраас нийт сууц өмчлөгчид эдгээр нийтлэг үйлчилгээтэй холбоотой зардлыг цаг хугацаандаа төлөх ёстой билээ. Гэтэл эдгээр хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, СӨХ-ны үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөхгүй байгаа учраас сууц өмчлөгч М.Ад дээрхи хууль тогтоомжуудыг хэрэгжүүлүүлэх үүднээс хуулийн дагуу зохих шийдвэр гаргуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзсэн юм.
Сууц өмчлөгч, Баянзүрх дүүргийн 1 тоотод оршин суугч М.А нь 2015 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар, 2016 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2018 оны 01, 02, 03, 04 дугаар сар дуустал нийт 32 сарын төлбөр болох 839,612.05 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд түүнд Иргэний хуулийн зарим зүйл заалтуудад заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар болон орон сууцны байцаагчаар дамжуулан сар бүр мэдэгдэж байгаа боловч үл ойшоон өнөөдрийг хүрсний улмаас Сууц өмчлөгчдийн холбооны ажил бүрэн ажиллаж чадахгүй татварын болон, ус дулааны өр төлбөрийн дарамтад орсон байдалтай байгаагаас бусад оршин суугчид СӨХ-ноос авах ёстой үйлчилгээгээ бүрэн авч чадахгүй хохирч байгаа болно.
Иймд Сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээнд зарцуулах ёстой М.Аын өр авлагыг Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1.1, 149.1.2, 149.2 дахь заалтуудыг үндэслэн 839,612.05 төгрөгийн өр авлагыг бүрэн барагдуулах үүднээс 839,612.05 төгрөгийг харуицагч М.Ааас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.М миний бие Т сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжилсэн нэхэмжлэлийн дагуу тайлбар бичигт гэрэл зураг хавсаргаж хүргүүлж байна. Миний бие нь ам бүл 5 бөгөөд эхнэр, 3 охины хамт 2013 оны 7 дугаар сараас өнөөдрийг хүртэл Т хотхоны тоотод амьдарч байна. Энэхүү хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны буруутай үйл ажиллагаа, сууц өмчлөгчдийн эрх ашгийг үл хүндэтгэж, зөвхөн өөрсдийн ашиг сонирхлын үүднээс тус байрны 13 давхар дахь зориулалтын бус өрөөг түрээсэлсэнтэй холбоотойгоор байрны агааржуулалтыг хааж, байран дахь агаар сэлгэлтгүй болж, улмаар байрны хана, туурга ууранд цохигдож, мөөгөнцөр үүсэж, ханын цаас хууларч, хүүхдүүд маань амьсгалын замын өвчнөөр ойр ойрхон өвдөж эхэлсэн. Энэ талаар удаа дараа амаар болон бичгээр уламжилсан боловч ямар ч арга хэмжээ аваагүйн дээр үл ойшоож байгаа нь сууц өмчлөгчөө гэх нэгээхэн ч сэтгэл, засаж залруулах ажлын санаачлага байхгүйн дээр өөрийн гэр бүл, үр хүүхдийн эрүүл мэнд, Үндсэн хуулиар олгогдсон Эрүүл аюулгүй орчинд амьдрах гэсэн эрх маань нэг байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж өөрсдийн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироосоор өнөөдрийг хүрлээ. Энэ байгууллага өөрсдийн буруутай үйл ажиллагаагаа ухамсарлаж нийт оршин суугчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хийвэл зохих үйлчилгээгээ цаг тухай бүрт нь хийж ажиллахын оронд бусдад төвөг удаж өөрсдийн хийгээгүй ажил, хийгээгүй үйлчилгээнийхээ төлөө нэхэмжлэл гаргаж байгаа нь зохимжгүй үйлдэл бөгөөд сууц өмчлөгчдийг үл ойшоосон үйлдэл гэж ойлгож байна. Хэрэв энэхүү сууц өмчлөгчдийн холбоо нь өөрсдийн буруутай үйлдэлээ ухамсарлаж, гаргасан алдаагаа засаж залруулж, сууц өмчлөгчөө гэж ажиллаж хийх ёстой цэвэрлэгээ, засвар үйлчилгээгээ цаг тухай бүрт нь хийж байсан бол өнөөдрийн ийм байдалд хүрэхгүй хэн хэн нь сэтгэл хангалуун тав тухтай сайхан орчинд амьдарч үйлчилгээ хийснийхээ төлбөр, төлөөсийг цаг тухай бүрт нь авах бүрэн боломжтой байх байсан гэж бодож байна. Сууц өмчлөгчдийн холбооны буруутай, зөвхөн ашиг харсан үйлдлээс болж ямар хэмжээний хохирол учирч, эд хөрөнгөөрөө хохирсоныг гэрэл зураг хавсаргаж хүргүүлж байна. Үүнтэй холбоотой засвар үйлчилгээг зохих ёс журмын дагуу урсгал засвар хийж өгөхгүй бол нэхэмжилсэн мөнгөн дүнг сууц өмчлөгчдийн холбоонд төлж барагдуулахгүй болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч М.Ад холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны 2015 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар, 2016 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2018 оны 01, 02, 3, 4 дүгээр сар дууталх 32 сарын төлбөрт нийт 839,612.05 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Т сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүрэг, дугаар байрны сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор байгуулагджээ.
Баянзүрх дүүрэг, тоот орон сууцны өмчлөгч нь М.А болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан байна.
Т сууц өмчлөгчдийн холбоо нь дээрх 71 тоотын оршин суугчийн сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2015 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар, 2016 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2018 оны 01, 02, 3, 4 дүгээр сар дууталх нийт 32 сарын төлбөрийг нэхэмжилсэн байна.
Хэрэгт ирүүлсэн баримтаас үзэхэд
- 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сар дуустал 27,233.45 төгрөг,
- 2016 оны 6 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар дуустал, мөн 2017 оны 9 дүгээр сард 20,607 төгрөг,
- 2017 оны 4, 6, 7, 8 дугаар сарууд, 2018 оны 1-4 сарыг дуутсал 30,607 төгрөг,
- 2017 оны 5 дугаар сард 31,607 төгрөг,
- 2017 оны 10,11,12 дугаар саруудад 30,457 төгрөгийг тус тус сууц өмчлөгдчийн холбооны төлбөрт тооцсон байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж заажээ.
Гэтэл нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг нэхэмжилсэн ба энэхүү хугацааны орон сууц өмчлөгчийн төлөх төлбөрийн хэмжээг 27,233.45 төгрөг, 20,607 төгрөг, 30,607 төгрөг, 31,607 төгрөг, 30,457 төгрөг гэж хэлбэлзсэн үнийн дүнгээр нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна.
Учир нь эдгээр зардлын хэмжээг сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын ямар шийдвэрийн дагуу хэрхэн тогтоосон, ямар ямар үйлчилгээ орж буй нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг хэргийн материалд ирүүлээгүй байна.
Хэдийгээр дээрх зардлын хэмжээг тодорхойлсон баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч сууц өмчлөгч нь Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй тул дээрх зардлын хэмжээний хамгийн бага үнэ тариф болох 20,607 төгрөгөөр тооцон, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн Т сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүй нөхцөл байдал зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус сууц өмчлөгчдийн холбоо нь өөрсдийн буруутай үйлдэлээ ухамсарлаж, гаргасан алдаагаа засаж залруулж, сууц өмчлөгчөө гэж ажиллаж хийх ёстой цэвэрлэгээ, засвар үйлчилгээгээ цаг тухай бүрт нь хийж байсан бол өнөөдрийн ийм байдалд хүрэхгүй хэн хэн нь сэтгэл хангалуун тав тухтай сайхан орчинд амьдарч үйлчилгээ хийснийхээ төлбөр, төлөөсийг цаг тухай бүрт нь авах бүрэн боломжтой байх байсан гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч энэ асуудал нь тусдаа хуулиар зохицуулагдах асуудал бөгөөд энэ үндэслэлээр сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 659,424 /20,607 төгрөг х 32 сар/ төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч М.Ааас сууц өмчлөгчдийн холбооны 2015 оны 9 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарыг дуусталх 32 сарын төлбөрт 659,424 /зургаан зуун тавин есөн мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 180,188.05 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосгугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 20,376 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ