| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2021/02556/И |
| Дугаар | 101/ШШ2021/04324 |
| Огноо | 2021-12-21 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2021/04324
2021 12 21 101/ШШ2021/04324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О,
Гэрч Э.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/00573 тоот “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Н.С-с 132,000,000 төгрөгийг гаргуулж “И” ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Н.С миний өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах 96.68 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авах тухай албан бичиг ирсэн. Миний зүгээс үнийн санал өгөөгүй юм. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон байна.
Шинжээч нь миний өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах 96.68 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 151,801,000 төгрөгөөр үнэлсэн ба энэ үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээ юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдах ёстой. Шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцэж явагдах шаардлагатай.
Иймээс хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага нь шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгө үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлгээ хийж тус үнэлгээ нь хуульд нийцсэн эсэхэд нь шинжээчээр томилсон эрх бүхий байгууллага нь хяналт тавьж хуулийн хүрээнд бодитой үнэлсэн гэж үзсэн тохиолдолд үнэлгээг холбогдох этгээдүүдэд мэдэгдэж тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгө үнэлгээний компаниас ирүүлсэн хөрөнгө үнэлгээний тайланг нягталж үзэлгүйгээр шууд тухайн үнэлгээний тайланд дурдсан үнэлгээгээр эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулж буй нь шударга ёсонд үл нийцнэ.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэхь хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заажээ. Гэтэл үнэлгээний тайлангаас үзэхэд хөрөнгө үнэлгээний тухай хуульд заасан дээрх шаардлагыг зөрчсөн. Үнэлгээчин нь хөрөнгийг үнэлэхдээ маш олон аргыг дурьдсан байх боловч аль аргыг хэрэглэсэн нь тогтоогдохгүй байна. Үнэлгээг тогтоох арга нь тодорхой байхад холбогдох хуулиар тогтоосон дүрэм, журам, мөн холбогдох стандартыг зөрчсөн үйлдэл болсон. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шинжээч томилохдоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, шүүхийн шинжилгээний тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул үнэлгээг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэлд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах 96.68 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 151,801,000 төгрөгөөр үнэлсэн мэтээр бичээд байгаа боловч шинжээчийнх нь дүгнэлт гэх баримтын нүүрэн хэсэгт нь 96.68 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 151,801,000 төгрөгөөр үнэлсэн мэт, 1 дэх хуудсанд “...орон сууц, 2 автомашины гаражийн өнөөгийн зах зээлийн үнэлгээг тодорхойлох зорилгоор энэхүү үнэлгээг хийсэн болно” гэх, 18 дах хуудасны үнэлгээний нэгдсэн дүн гэх хүснэгтэд “орон сууц-127,051.1, 2 ширхэг дулаан зогсоол 151,801,100” гэх зөрүүтэй дүгнэлтийг бичсэн байдаг. Үнэлгээний тайлан нь үнэлгээ хийлгэхээр томилсоноосоо зөрүүтэй дүгнэлт гаргасан.
Үнэлгээний тайлан гэх баримтынх нь дотоод агуулга өөрөө илэрхий зөрчилдөөнтэй, эд хөрөнгийн тодорхой үнэлгээг тогтоосон гэж үзэх боломжгүй баримт байгаа юм. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь энэ үнэлгээнийхээ учрыг ч ололгүй орон сууцыг 151,801,100 төгрөгөөр үнэлсэн гэсэн мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалдаа үдчихээд үүнийгээ ч мэдэгдэлгүй ажиллагаа явуулаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Орон сууц бол хүн амьдран суух зориулалттай, гэтэл дулаан зогсоол буюу автомашин хадгалах зориулалттай тусдаа бие даасан хөрөнгө байсаар байтал хамтад нь үнэлсэн нь үндэслэлгүй. Уг дулаан зогсоол нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй боловч баримтаа бүрдүүлж өгснөөр өмчлөгчөөр бүртгүүлэх боломжтой эд хөрөнгө юм. Мөн уг эд хөрөнгөд ажиллагаа явуулах эрхийг шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт олгоогүй. Гэтэл шүүгчийн захирамжид заагаагүй эд хөрөнгөд ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийн хамт үнэлсэн.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4-161/5671 тоот хөрөнгийн үнэлгээний талаарх “мэдэгдэл”-ийг надад зохих журмын дагуу гардуулаагүй. 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж шийдвэр гүйцэтгэгчтэй уулзах үедээ эд хөрөнгийг үнэлж үнэлгээ тогтоосон талаар мэдэж, шийдвэр гүйцэтгэгчтэй маргалдсан.
Ингээд тухайн үнэлгээ тогтоосон гэх мэдэгдэл, хөрөнгийн үнэлгээг хуулбарлуулж аваад шүүхэд хандсан учир нэхэмжлэлдээ энэхүү хөрөнгийн үнэлгээг тогтоосон тухай мэдэгдэл, хөрөнгийн үнэлгээний хуулбарыг хавсаргасан болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шуухэд гаргаж болно" гэж заасан тул хуулийн хугацаанд нэхэмжлэлийг гаргасан.
Уг үнэлгээг танилцуулах, ийнхүү танилцуулсан гэдгээ нотлох үүрэг нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байгаа бөгөөд 2021.03.30-ны өдөр үнэлгээг танилцуулаагүй юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үнэлгээ тогтоосон гэх Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах 96.68 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь үндсэндээ бол манай аав, ээжийн гэр бүлийн амьдралын явцад бий болж надад евлөгдөж ирсэн хөрөнгө юм. Иймээс иргэн миний зүгээс энэ эд хөрөнгийг янз бүрийн өр ширэнд өгөөд явуулчихъя гэж огт бодож байгаагүй. Энэ шийдвэр гүйцэтгэлийн өр төлбөрийг төлөхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхий зүйлсийг хийж байсан. Тухайлбал:
2020 оны 11 дүгээр сараас хойш ковид 19 буюу коронавирус цар тахлын тархалтын нехцөл байдлаас шалтгаалан эдийн засгийн нөхцөл байдал бүхэлдээ хүнд байгаа боловч иргэн миний зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад (2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр) Нортбенз НД0000 (northbenz ND4190) маркийн 0000 улсын дугаартай чирэгч автомашин, Хюүндай робех 2900 ЛC7 (Hyundai robex 2900 LC7) маркийн 1111 УБ улсын дугаартай экскаварторыг 74,100,000 төгрөгөөр худалдан борлуулж, 74,100,000 төгрөгийг “И” ББСБ-д шилжүүлэн өгсөн.
Гэтэл уг үйл явдлаас хойш 2 cap ч өнгөрөөгүй байхад орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, уг үнэлгээг надад мэдэгдэлгүй ажиллагаа явуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон тогтоолд “И” ХХК гэсэн мөртлөө Э.Г гээд хэнийг шинжээчээр томилсон нь тодорхойгүй байхаас гадна үнэлгээ хийх эрх бүхий этгээд дүгнэлт гаргасан нь тогтоогдохгүй байна.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Н.С миний өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах 96.68 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 151,801,100 төгрөгөөр үнэлсэн 65/01 дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Н.С-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 101ШШ202/00573 дугаар захирамжаар Н.С-с 132,446,474 төгрөгийг гаргуулж “И ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20260661 дугаартай тогтоолоор үүсгэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаалагдсан хөдлөх хөрөнгө болох 1111УБ улсын дугаартай, Hyungai ROBEX2900LC-7 маркийн N80210593 арлын дугаартай экскаватор, 0000 УБГ улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн LBZ446DBX44041160 арлын дугаартай, BEIBEN ND41900 маркийн зүтгүүрийн ачааны автомашиныг тус тус битүүмжлэн хурааж, худалдан борлуулж төлбөрөөс 74,100,000 төгрөгийг барагдуулсан.
Төлбөрийн үлдэгдэлд үүргийн гүйцэтгэлд барьцаадагдсан Н.С-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж-0 дугаар байрны 0 тоот 96.68 мкв талбайтай орон сууцыг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 20260661/9 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 20260661/11 дугаартай тогтоолоор хураасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу Н.С төлбөрт хураагдсан хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч “И ББСБ” ХХК хүлээн зөвшөөрөөгүй, хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт ирүүлснийг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3/21 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Э” ХХК-ийг томилоход 151,801,100 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг талуудад 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4-161/5671 дугаар албан бичгээр мэдэгдсэн.
Тус газартай гэрээ байгуулан ажилладаг 20 гаруй хөрөнгийн үнэлгээний компани байдаг бөгөөд дараалал тогтоосон тогтоолын дагуу томилогдсон этгээд нь “Э” ХХК юм.
Граж гэдгийг нотолсон баримт байхгүй, барьцаа хөрөнгө болох орон сууцны бүрдэл хэсэг буюу түүнээс салгах боломжгүй байсан учир үнэлгээчин хамтад нь үнэлсэн талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн. Энэ талаар ч гэсэн үнэлгээний тайландаа тусгасан байдаг.
Төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1 дэх заалтыг тус тус үндэслэн шинжээчийн тогтоосон үнэ болох 151,801,100 төгрөгийн 70 хувь буюу 106,260,770 төгрөгөөр доод үнийг тогтоож тус газраас зохион байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд 151,801,100 төгрөгийн 50 хувь буюу 75,900,550 төгрөгөөр оруулахад 78,000,000 төгрөгөөр иргэн Д.Батзаяа худалдан авч дуудлага худалдааны ялагч болсон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар хөндлөнгийн шинжээчээр “Э” ХХК-ийн мэргэжлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлээрээ 9 жил ажилласан шинжээч Э.Г-ыг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3/21 дугаартай "Шинжээч томилох тухай тогтоол”-оор томилсон.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул Н.С-ын үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрч Э.Г-ын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/00573 дугаартай захирамжийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад
Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 94,68 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн “Э” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 65/01 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/00573 дугаартай захирамжаар:
“И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 148,069,644.73 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 16,069,644.73 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 132,000,000 төгрөгийг 2020 оны 05 сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд 0000УБГ улсын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, LBZ446DBX44041160 арлын дугаартай, BEIBEN ND41900 маркийн зүтгүүрийн ачааны автомашин, 1111 УБ улсын дугаартай, Hyundai ROBEX2900LC-7 маркийн, N80210593 арлын дугаартай экскаватор, хариуцагч Н.С-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 байр 0 тоот хаягт байршилтай, 94,68 м.кв талбайтай, улсын эрхийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хамтран худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус зохигчид эвлэрснийг баталж, Н.С-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,
Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 892,948 төгрөгнөөс 446,474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 446,474 төгрөгийг нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-ийн буцаан олгож, хариуцагч Н.С-с 446,474 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
/хх-ийн 26-28 тал/
Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Н.С-ыг сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч “И ББСБ” ХХК-ийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2020/11854 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, мөн өдрийн 101/ГХ2020/00874 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдснийг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон.
/хх-ийн 53-144 тал/
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хариуцагч нь төлбөр төлөгч Н.С-с үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгасан түүний өмчлөлийн
Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 94,68 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр битүүмжилсэн, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хураан авсан, уг ажиллагааны явцад тэмдэглэл үйлдсэн байх ба эдгээр ажиллагааны талаар төлбөр төлөгч гомдол гаргаагүй нь уг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.
/хх-ийн 69-75 тал/
Нэхэмжлэгч нь орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн, хөрөнгийн үнэлгээг хуульд заасан хугацааны дотор мэдэгдэж, танилцуулаагүй, энэхүү хөрөнгийн үнэлгээ, мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгчээс хуулбарлаж авснаар шүүхэд хандсан, шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар тусгагдаагүй хөрөнгийг үнэлсэн, шинжээчээр хэнийг томилсон нь тодорхойгүй, шинжээч нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй эсэх нь тодорхойгүй байх тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлажээ.
Хариуцагч “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар” нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийг үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэнээр төлбөр төлөгч Н.С нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 150,000,000 төгрөг гэх үнийн санал ирүүлсэн, үүнийг төлбөр авагч “И ББСБ” ХХК эс зөвшөөрч, шинжээч томилуулан зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргажээ.
/хх-ийн 76-77 тал/
Нэгэнт талууд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №3/21 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгийн үнэлгээний “Э” ХХК-ийг шинжээчээр томилсон байх ба шинжээч Э.Г-т Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13,14, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дугаар зүйлийг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлтийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дотор гаргаж, тогтоосон хугацаанд ирүүлэхийг даалгасан байна.
/хх-ийн 81 тал/
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3. “Хөрөнгийн үнэлгээний тайланд дараахь зүйлийг тусгана”, 9.3.1. ”үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/-ийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаархи мэдээлэл”, 14 дүгээр зүйлийн 14.1. ”Үнэлгээчин дараахь үүрэг хүлээнэ”, 14.1.6. “үнэлгээчний хариуцлагын даатгалд даатгуулсан байх” гэж заасан.
“Э” ХХК, шинжээч Э.Г нар 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн үнэлгээний тайланд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгосон гэрчилгээтэй холбоотой баримтыг хавсаргаагүй нь тэдний эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд дүгнэлт гаргасан гэж үзэх боломжгүй болгожээ.
Шинжээч нь 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 65/01 дугаартай үнэлгээний тайланд Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах 94.69 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 127,051,100 төгрөг, 2 ширхэг дулаан зогсоол 24,750,000 төгрөг, нийт дүн 151,801,100 төгрөгөөр тогтоов гэж тусгасан байна.
/хх-ийн 67-81тал/
Үүнээс үзэхэд шинжээчээр томилогдсон шинжээч нь тогтоолд дурдаагүй эд хөрөнгийг үнэлсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлтэд тусгавал зохих асуудал болох шинжилгээний объектыг шинжилсэн явц, шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр тусгасан гэж үзэхээргүй байна.
Хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Э” ХХК-ийн 65/01 дугаартай үнэлгээг төлбөр авагч “И ББСБ” ХХК болон төлбөр төлөгч Н.С нарт 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдэж танилцуулсан гэж тайлбарлаж, уг үнэлгээг төлбөр авагчид 2021.03.30-ны өдөр танилцуулсан баримтыг, төлбөр төлөгч Н.С-д хэзээ танилцуулсан нь тодорхойгүй, огноо тавигдаагүй баримтыг тус тус шүүхэд ирүүлжээ.
/хх-ийн 83-84 тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д: “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасан.
Хариуцагч нь шинжээчийн дүгнэлтийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлбөр төлөгч Н.С-д танилцуулсан, ийнхүү түүнд танилцуулсны үндсэн дээр түүнээс санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлсөн гэх байдлаа баримтаар нотлоогүй нь дээрх ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болох ба хариуцагч нь ийнхүү мэдэгдсэн байдлаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн шинжээчийн дүгнэлтийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хуулбарлаж авч, шүүхэд хандсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Тодруулбал нэхэмжлэгч Н.С-ын нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүх хүлээж авсан байх тул тэрээр үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гаргасан байна.
/хх-ийн 1-3 тал/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч нь тогтоолд үнэлэхээр дурдаагүй хөрөнгийг үнэлсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу дүгнэлтээ гаргасан болох нь тогтоогдсонгүй гэж үзэв.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.
Иймд хариуцагч “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-т холбогдох
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/00573 дугаартай захирамжийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн
Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 94,68 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн “Э” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 65/01 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.С-ын нэхэмжлэлийг хангаж, уг үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/00573 дугаартай захирамжийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн, нэхэмжлэгч Н.С-ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 94,68 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн “Э” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 65/01 дугаартай үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.С-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2021/10279 дугаар захирамжаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээний үйлчлэл хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ