Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2021/02750

 

 

 

 

 

 

 

  2021          09          20                                   101/ШШ2021/02750

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э. Д -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газар, Хилийн чанад дахь өмчийг удирдах газар, Холбооны улсын Үйлдвэрийн газрын Монгол улс дахь төлөөлөгчийн газарт холбогдох,

Баянзүрх дүүрэг, 5-р хороо,15 хороолол, 8 байр, 56 тоот хаягт байрлах, 4 өрөө орон сууцыг хууль ёсны дагуу шударгаар эзэмшиж байсан хөлслөгч мөн болохыг тогтоож, орон сууц хөлслөх шинэ гэрээг Э.Д-тай тэргүүн ээлжид байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ю, А.Э, хариуцагчийн төлөөлөгч В.В.Б, хариуцагчийн орчуулагч К.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ю нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Д миний бие Баянзүрх дүүрэг, 5-р хороо,15 хороолол, 8 байр, 56 тоот 4 өрөө ОХУ-ын өмч болох тус орон сууцыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь Төрийн өмчийг удирдах газар Холбооны улсын үйлдвэрийн Монгол Улсад дахь төлөөлөгчийн газрын түрээслүүлэгч “Росинка”ХХК-тай анх 2009 оны 5 сараас орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. 2009-2011 онуудад давхар түрээслүүлэгч “Росинка” ХХК, 2012-2016 онуудад “Россинка” ХХК, 2016-2017 оны 8 cap хүртэл “Даяар хас” ХХК-тай тухайн үед орон сууц хөлслөх гэрээг шинэчлэн байгуулан гэрээг үргэлжлүүлсээр ирсэн. 2009 онд сарын 550 000 төгрөгийг сарын түрээсийн төлбөрт төлж байсан бол 2016 он гэхэд сарын түрээс 740 000 төгрөг болж өссөн. Энэ хугацаанд манайх ямар нэг төлбөрийн маргаангүй ба гэрээнд заасан үүргээ биелүүлж нийт 11 жил нөхөр хүүхдийн хамтаар амьдарч байна. 2016 оны 07 сарын 20-ны өдөр “Даяар хас” ХХК-тай орон сууц түрээслэх гэрээг байгуулж 2016-2017 оны 7 cap хүртэл “Даяар хас” ХХК-ийн дансанд түрээс болон бусад зардлыг дансаар болон бэлнээр шилжүүлж байсан. Даяар хас ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ сунгагдаагүй ч уг гэрээний 2.7-д байрны түрээс болон ашиглалтын зардлаа cap бүр тогтмол барагдуулсан нөхцөлд тухайн гэрээг шууд сунгана гэж заасан байх тул бид уг түрээсийн гэрээ сунгагдаад явж байгаа гэж ойлгож байна. Төлөөлөгчийн газраас cap бүр манайхаас өгсөн нэхэмжлэхийн дагуу ХХБанкны  тоот дансанд төлбөрийг шилжүүлж бай гэсний дагуу 2017 оны 8 сараас эхлэн 2021 оны 4 cap буюу өнөөг хүртэл тогтмол зардлаа шилжүүлж, зохих төлбөрүүдийг цаг хугацаанд нь хийсээр ирсэн. Тус хугацаанд Төлөөлөгчийн газраас миний түрээсэлж буй орон сууцны эзэмшил, ашиглалт, төлбөр тооцоотой холбоотой ямар нэг гомдол, санал надад ирж байгаагүй юм. Гэтэл 2019 оны 6 сараас эхлэн тус байрны оршин суугчдын болон манай гэрт хэсэг бүлэг хүмүүс ирж Төлөөлөгчийн газраас тус орон сууцыг өөр хүнд түрээслүүлсэн тул шинэ түрээслэгч нарт яаралтай орон байр суллаж өг, гарахгүй бол албадан гаргана гэх мэтээр айлган сүрдүүлж, зарим түрээслэгч иргэдийн өмч хөрөнгийг хурааж, ус цахилгаан тасалж, хаалга үүд эвдэх зэрэг ёс зүйгүй үйлдлийг байнга гаргах болсон. Энэ талаар “Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” ТББ, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийн удирдлагын газрын Монгол Улсад дахь төлөөлөгчийн газарт мэдэгдсэн боловч одоог хүртэл тайлбар өгөөгүй. Мөн удаа дараа Цагдаад мэдэгдсэн боловч ямар ч арга хэмжээ авч өгөхгүй байсаар өнөөдрийг хүрээд байна. Бидэнд өнөөдрийг хүртэл эдгээр хүмүүс тус орон сууцнаас түрээслэгчдийг албадан гаргах шаардлага бүхий ямар ч эрх зүйн акт, албан бичиг, шүүхийн шийдвэрийг үзүүлэлгүй хууль бусаар дураараа авирлаж бидний эрхийг зөрчиж, амгалан тайван байдлыг алдагдуулж байгаад гомдолтой байна. Өнөөдөр хэн, ямар компани түрээслүүлэгчийн эрх, үүргийг хүлээж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй болоод байна. Ерөнхий түрээслэгч нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах газар Холбооны улсын үйлдвэрийн Монгол Улсад дахь төлөөлөгчийн газар байх атлаа бидэнд хууль ёсны мэдэгдэл өгөлгүй хуульд заасан түрээслэгчдийн давуу эрхийг зөрчиж байгаа нь өөрөө хууль бус юм. Миний бие уг асуудлаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 9 дүгээр сард нэхэмжлэл гаргаж байсан болно. Миний гаргасан нэхэмжлэлийн дагуу тус шүүхээс иргэний хэрэг үүсгэж иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд “...нэхэмжлэгч эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй, хэргийн материалтай танилцуулахаар шүүхэд дуудсан боловч ирээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд ирээгүй” гэх үндэслэлээр 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр анхан шатны шүүхийн шүүгчийн 101/Ш32021/04759 дугаар Захирамж гаргаж Нэхэмжлэлийг буцаасан болно. Миний бие нь 2020 оны 09 дүгээр сараас эхлэн нөхөр Д.Бат-Өлзий нь “Оюу Толгой” ХХК-д ажилд орсон тул түүнтэй хамт Өмнөговь аймгийн Ханбогд суманд түр оршин сууж байна. 2020 оны 11 дүгээр сараас эхлэн Ковид-19 цар тахлын улмаас улс оронд хөдөлгөөний хязгаарлалт тогтоосонтой холбогдон Улаанбаатар хотод ирж шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй болсон юм. Энэ үед Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Шүүгчийн захирамж гарган миний нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн байна. Одоо миний хөлслөн амьдарч байгаа орон сууцанд миний дүү Э.Ю манай 4-12 насны хоёр хүүхдийн хамт амьдран сууж байгаа бөгөөд би нэхэмжлэлээ дэмжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож чадахгүй байх тул өөрийн төрсөн дүү Э.Юмжирмаад итгэмжлэл олгон нэхэмжлэлээ дахин гаргаж байна. Иймд Э.Д намайг Баянзүрх дүүрэг, 5-р хороо,15 хороолол, 8 байр, 56 тоот, 4 өрөө орон сууцыг хууль ёсны дагуу шударгаар эзэмшиж байсан Хөлслөгч мөн болохыг тогтоож, Орон сууц хөлслөх шинэ гэрээг Э.Дтай тэргүүн ээлжид байгуулахыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах газар Холбооны улсын Үйлдвэрийн газрын Монгол улс дахь төлөөлөгчийн газарт даалгаж өгнө үү.

Өмнө нь гэрээний хугацаа дуусахад гэрээний талаар бичиг ирдэг байсан боловч 2017 оноос хойш бичиг ирээгүй. Зөвхөн төлбөр төлөхийг шаардаж байсан. Нэхэмжлэхийг даяар хасад өгсөн гэдэг боловч энэ үед даяар хастай гэрээ дуусгавар болсон байдаг гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь бүртгэлийн байгууллагаас эрх авсан гэрчилгээ бүхий тамга тэмдэг хэрэглэдэг төлөөлөгчийн газар юм. Төлөөлөгчийн газар нь нэхэмжлэгч,  хариуцагч байж чадах бүрэн чадвартай хуулийн этгээдийн эрхтэй байгууллага юм. Энэ байгууллага нь гэрчилгээ авсан байдаг. Улсын бүртгэлээс авсан гэрчилгээ дээр ОХУ-н МУ-д өмчийг захиран зарцуулах эрхтэй байдаг. Энэ утгаар гэрчилгээгээ нотлох баримт болгон цагдаагийн газар өгөөд тамга тэмдэг авсан байдаг. Төлөөлөгчийн газар нь Даяар хастай гэрээ байгуулан хугацаагүйгээр орон сууцыг түрээслэх эрхийг олгосон байдаг. Гэрээн дээр нь Даяар хастай гэрээ байгуулсан иргэнийг төлөөлөгчийн газар хөөж гаргах эрхгүй гэж заасан. Гэрчилгээ дээр ашиг олох зорилгогүйгээр байрыг ашиглах тухай заасан байдаг. Нэхэмжлэгчид уг гэрчилгээг гаргуулах боломж байхгүй. Мөн даяар хастай байгуулсан гэрээг олж авах эрх байхгүй. Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийг нотлох үүрэгтэй. Хариуцагч нь мөн өөрийн тайлбарыг нотлох үүрэгтэй. Өмнөх хурал дээр ашиг олох зорилгогүй гэж яригдсан. Хариуцагч нь манай ярьж байгаа зүйлийг үгүйсгэх баримтаа гаргаж өгөхөөс татгалзсан. Даяар хастай байгуулсан гэрээг өмнөх хурал дээр бас л ярьсан. Хариуцагч уг баримтаа гаргаж өгөөгүйгээр гаргах эрхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Даяар хастай нэхэмжлэгчийн байгуулсан гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр бөгөөд энэ нь дуусгавар болсон баримт хэрэгт авагдаагүй. Хэрэв дуусгавар болсон бол байнга төлбөрөө төлж байсан нэхэмжлэгч нь шинээр гэрээ байгуулах эрхтэй. Иймд бид хууль ёсны дагуу хөлслөгч байсан гэдгийг тогтоолгож шинэ гэрээ байгуулахыг даалгах шаардлага байгаа юм. Хөлслөгч байсан гэдгийг нотлох баримт хэрэгт авагдсан байдаг. Тэргүүн ээлжид хөлслөх эрхгүй гэсэн баримт хэрэгт байхгүй. Ийм учраас 56 тоот орон сууцыг цаашид шинээр хөлслөх гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү. Төлөөлөгчийн газар ашиглалтын зардлаар гэрээ байгуулах эрхтэй бөгөөд ийм гэрээ байгуулж байсан байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч В.В.Белозеров нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тамга, гэрчилгээний талаар ярьж байна. Эдгээр баримт нь энэ хэрэгт хамааралгүй юм. Нэхэмжлэгч тал нь төлөөлөгчийн газар нь даяар хастай хугацаагүй гэрээ байгуулсан гэж байна. Төлөөлөгчийн газар албадан гаргуулах эрхгүй гэж байна. Төлөөлөгчийн газар нь зөвхөн ашиглалтын зардал авах ёстой гэж бодож байгаа бол үүнийгээ нотлох үүрэгтэй. Гэтэл үүнийг нотлохгүй бол хоосон үг юм. Бид нэхэмжлэгчтэй цаашид гэрээ байгуулах шаардлагагүй. Бид шүүхэд байгаа баримтаа гаргах үүрэгтэй. Энэ тохиолдолд өмчлөгчийн хувьд өмчийг чөлөөлж өгөхийг шаардаж байна. Үүний тулд өмчлөгчийн гэрчилгээ л байхад болно. Бид нэхэмжлэгчтэй ямар нэг гэрээ байгуулахгүй. Нэхэмжлэгч нь өөрөө баримт байгаа гэж байгаа бол түүнийгээ гаргаж өг. Төлбөр хийсэн баримтаар шударга ёсны эзэмшигч болохгүй. Учир нь өмчлөгчийн эрхийн эсрэг юмаа ашиглаж эхэлсэн. Байрны төлбөрийг төл гээгүй. Өөрөө сайн дураараа төлж байгаа юм. Нэхэмжлэгч нь өөрийн хүслийг өмчлөгчид хүчээр тулгаж байна. Төлөөлөгчийн газартай гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэдэг нь Иргэний хууль, олон улсын хууль, ОХУ-н хууль гээд дурын хуульд эрх зүйн харилцаа сайн дурын үндсэн дээр байгуулагддаг. Эрх зүйн харилцааг хүчээр үүсгэхийг даалгах зүйл байхгүй. Хэргийн материалд байгаа баримтын үндсэн дээр нэхэмжлэгч нь уг хөрөнгийг ашиглах эрхтэй гэж нотолгоо баримтгүй. Нэхэмжлэлийг хангахгүй байхыг хүсэж байна. Төлөөлөгчийн газар нь зөвхөн ашиглалтын зардлыг л авна гэж байна. Өөр үйл ажиллагаа явуулах эрхгүй гэдэг баримтаа гаргах ёстой. Гэрээг автоматаар сунгагдана гэж би хэлээгүй. Монгол улсын хуульд тийм дүрэм байдгийг л мэднэ гэсэн болохоор би зөвшөөрөөгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Д нь Баянзүрх дүүрэг, 5-р хороо,15 хороолол, 8 байр, 56 тоот хаягт байрлах, 4 өрөө орон сууцыг хууль ёсны дагуу шударгаар эзэмшиж байсан хөлслөгч мөн болохыг тогтоож, орон сууц хөлслөх шинэ гэрээг Э.Дтай тэргүүн ээлжид байгуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газар, Хилийн чанад дахь өмчийг удирдах газар, Холбооны улсын Үйлдвэрийн газрын Монгол улс дахь төлөөлөгчийн газар нь орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсон, өмчлөгч нь өөрийн эд хөрөнгийг чөлөөтэй захиран зарцуулах, эзэмших, ашиглах эрхтэй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь маргаж буй Баянзүрх дүүрэг, 5-р хороо,15 хороолол, 8 байр, 56 тоот хаягт байрлах, 4 өрөө орон сууцыг хөлслөх гэрээг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Даяар хас” ХХК-тай байгуулжээ. /хэргийн 124 дүгээр тал/

Энэхүү гэрээ байгуулснаас хойш уг орон сууцтай холбоотой дахин гэрээ байгуулагдаагүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Юмжирмаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

Дээрх орон сууц хөлсөх гэрээ нь 12 сарын хугацаатай байгуулагдсан бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байна.

 

Улмаар нэхэмжлэгч нь гэрээний 4.6-д зааснаар орон сууц хөлслөх гэрээг сунгах талаар хүсэлт гаргаж байсан үйл баримт тогтоогдоогүй. Мөн энэ талаар хүсэлт гаргаж байгаагүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 04759 дүгээр захирамжийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч нь эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэх талаар идэвх санаачилгагүй хандсан, хугацаа дууссан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна” гэх дүгнэлтээр тогтоогдож байна. /хэргийн 8-11 дүгээр тал/

Иймд өнөөдөр нэхэмжлэгчийг уг орон сууцыг хууль ёсны дагуу шударгаар эзэмшигч буюу хөлслөгч гэж үзэх үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч болон “Даяар хас” ХХК нарын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний 2.1-д зааснаар сарын хөлс нь 620,000 төгрөг байх бөгөөд үүнд ашиглалтын зардал ороогүй талаар заасан байна.

Харин Иргэний хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар орон сууц хөлслөгч нь үүргээ зохих ёсоор биелүүлж байсан тохиолдолд тэргүүн ээлжид шинэ хөлслөх гэрээ байгуулах эрх эдэлнэ.

Хэргийн 125-138 дугаар талд байгаа баримтаар нэхэмжлэгч нь маргаж буй орон сууцны ашиглалтын зардлыг төлж байсан байна. Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу хөлс төлөөгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч тал нь хөлс төлсөн талаар тайлбар гаргаагүй бөгөөд зөвхөн ашиглалтын зардлыг төлөхөөр орон сууц хөлслөх гэрээ байгуулах ёстой гэж тайлбарласан.

 

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байх тул тэргүүн ээлжид шинэ гэрээ байгуулах эрхээ алдсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь орон сууцны гэрээ сунгах талаар өмчлөгчөөс ямар нэг шаардлага гаргаж байгаагүй гэж тайлбарласан ба энэхүү тайлбар нь гэрээний 4.6-д зааснаар үндэслэлгүй юм. Тодруулбал, гэрээ сунгах хүсэлт гаргах үүрэг нь нэхэмжлэгч буюу хөлслөгчид хамаарч байна.

 

Маргаж буй Баянзүрх дүүрэг, 5-р хороо,15 хороолол, 8 байр нь ОХУ-н өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000763877 тоот гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хэргийн 39 дүгээр тал/

Эд хөрөнгө өмчлөгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өөрийн эд хөрөнгийг бусдын эрхийг зөрчихгүйгээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй.

 

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь хариуцагчийг ашгийн төлөө бус байгууллага тул уг орон сууцыг зөвхөн ашиглалтын зардлаар хөлслүүлэх үүрэгтэй гэж тайлбарласан. Гэвч хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзэхэд төлөөлөгчийн газар нь өөрт ашиг олох зорилгоор эд хөрөнгийг ашиглахгүй боловч харин өмчлөгчийг төлөөлөн бусадтай гэрээг хуульд нийцүүлэн чөлөөтэй байгуулах эрх нээлттэй байна. /хэргийн 77 дугаар тал/

Түүнчлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулах бөгөөд түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

 

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч нь орон сууц хөлс гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд өмнөх гэрээний хугацаа дууссан, тэргүүн ээлжид шинэ гэрээ байгуулах эрхээ алдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 303 дугаар зүйлийн 303.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газар, Хилийн чанад дахь өмчийг удирдах газар, Холбооны улсын Үйлдвэрийн газрын Монгол улс дахь төлөөлөгчийн газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 5-р хороо,15 хороолол, 8 байр, 56 тоот хаягт байрлах, 4 өрөө орон сууцыг хууль ёсны дагуу шударгаар эзэмшиж байсан хөлслөгч мөн болохыг тогтоолгож, орон сууц хөлслөх шинэ гэрээг Э.Дтай тэргүүн ээлжид байгуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Э.Д гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД