| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2019/00101/И |
| Дугаар | 101/ШШ2019/00497 |
| Огноо | 2019-02-13 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2019/00497
| 2019 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 101/ШШ2019/00497 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Ү нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Т холбогдох,
Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1.699.510 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ү, хариуцагч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны замын гудамж, байр, тоот өөрийн эзэмшлийн 55 м.кв талбайтай, 2 өрөө байраа иргэн Д.Тд 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 4 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлсэн ба цаашид худалдан авах нөхцөлтэйгөөр сар бүр түрээсийн төлбөр 500.000 төгрөг төлөхөөр аман хэлцэл хийсэн. Д.Т 2018 оны 05 дугаар сар хүртэл түрээсийн төлбөрөө сар бүр төлж байгаад 5 дугаар сарын хагас төлбөр 250.000 төгрөг, 6, 7 дугаар саруудын төлбөр 1.000.000 төгрөг, нийт 1.250.000 төгрөг, мөн Зост-Хан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 271.050 төгрөг, Зүмбэр орд өргөө орон сууцны конторт төлөх төлбөр 178.460 төгрөг, нийт 1.699.510 төгрөгийг төлөөгүй байр цоожлон, утсаа салган зугтаж алга болсон тул нийт хохирол болох 1.699.510 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Орон сууцны түрээсийн гэрээг 4 сарын хугацаатай бичгээр байгуулсан ба хугацаа дуусахад гэрээг бичгээр сунгаагүй. Гэрээнд цаашид худалдан авах, мөн сунгах нөхцөл тусгагдаагүй. Би ямар ч гэрээгүй суусан хэрнээ 13 сарын хугацааны түрээсийн төлбөр 6.250.000 төгрөгийг бүрэн төлсөн. Гэрээ хийе гэхэд мөнгөө хий гэдэг байсан. 2018 оны 07 дугаар сарын 20-дын үед нөхөртэйгөө ирж байраа шалгаж хүлээн авсан. Би 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Солонгос улс явсан, ингэхдээ байрны түлхүүрийг дэлгүүрт үлдээснээ нэхэмжлэгчид хэлсэн, зугтсан зүйл байхгүй. Би нийт 6.250.000 төгрөг төлсөн, одоо мөнгө төлөх боломжгүй, нэхэмжлэгчийг хохирсон гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжилж байгаа төлбөрийн тооцооллыг маргахгүй. Байрны мөнгө 100 хэдэн мянгаар төлж байсан, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөөгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ү нь хариуцагч Д.Тд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1.699.510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээг сунгаагүй, нэхэмжлэгчийг хохироогоогүй, төлбөр төлөх боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.
Зохигчдын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, дугаар хороолол, Нарны замын гудамж, байр, тоот хаягт байрлах, 55 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 4 сарын хугацаатай хөлслүүлэх, хариуцагч нь орон сууцыг ашигласны хөлсөнд сард 500.000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ /хх-19-22/.
Дээрх гэрээ нь түрээсийн гэрээ нэртэй байх боловч агуулгын хувьд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт тодорхойлсон эд хөрөнгө хөлслөх гэрээ байна.
Талууд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан талаар, мөн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар тус тус шүүхэд маргаагүй, харин орон сууц ашигласны хөлс төлөхтэй холбогдуулан маргаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан зохигчдын тайлбараас үзэхэд талууд орон сууц хөлслөх гэрээг анх 4 сарын хугацаатай буюу 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан боловч хариуцагч 2018 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд уг орон сууцыг эзэмшиж ашигласан болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нь гэрээг сунгах талаар гэрээнд тусгагдаагүй, мөн гэрээ байгуулаагүй учир хөлс төлөхгүй гэж маргаж байх боловч Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж заасан тул гэрээний хугацаа дууссан 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гэрээг тодорхой бус хугацаагаар, тухайн нөхцөлөөр сунгагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууц ашигласны хөлс төлөх үүргээ биелүүлэхийг шаардсан нь үндэстэй.
Нэхэмжлэлд 2018 оны 5 дугаар сарын хагас төлбөр 250.000 төгрөг, 6, 7 дугаар саруудын төлбөр 1.000.000 төгрөг, нийт 1.250.000 төгрөг төлөхийг хариуцагчаас шаардсан нь гэрээний 2.2-т заасан нөхцөлтэй нийцэж байгаагаас гадна хариуцагч нь дурдсан хугацаанд орон сууцыг эзэмшиж ашигласнаа, мөн холбогдох төлбөрийн тооцооллыг маргаагүй тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч уг төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгчээс төлбөр тооцоотой холбоотой Голомт банкин дахь өөрийн 1102861885 тоот дансны хуулгыг нотлох баримтаар шүүхэд гаргасныг хариуцагч үгүйсгээгүй болно /хх-8-16/.
Харин нэхэмжлэлд дурдсан Зост-Хан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 271.050 төгрөг, Зүмбэр орд өргөө орон сууцны конторт төлөх төлбөр 178.460 төгрөгийг төлөх үүргийг хариуцагч орон сууц хөлслөх гэрээгээр хүлээгээгүй байх тул шүүх уг шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
Тодруулбал, дээр дурдсанчлан орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой орон сууцыг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь түүнийг ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болон орон сууцны ашиглалтын зардлын хувьд, талууд орон сууц хөлслөх гэрээнд тусгайлан тохиролцсон тохиолдолд энэ төрлийн үүрэг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.7 дахь хэсэгт заасан гэрээнд заасан бусад үүрэг-т хамаардаг. Гэвч зохигчдын байгуулсан гэрээнд энэ талаар тохиролцоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчээс тус шаардлагын үндэслэлийг тодруулахад гэрээний 5.3 дахь заалтыг үндэслэл болгож байх боловч уг заалт нь хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, үүнтэй холбоотой хариуцлага хүлээхтэй холбоотой нөхцөл байна.
Нэхэмжлэгч нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болон орон сууцны ашиглалтын зардлыг Төрийн банкаар дамжуулан төлсөн талаарх баримтыг нэхэмжлэлд хавсаргасан байх боловч хариуцагч үүнтэй холбоотой үүрэг хүлээгээгүй байх тул шүүх тус баримтуудыг хэрэгт хамааралтай гэж үнэлээгүйг дурдах нь зүйтэй /хх-3-7/.
Дээр дурдсаныг шүүх нэгтгэн дүгнээд хариуцагчаас орон сууц ашигласны хөлс 1.250.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Зост-Хан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 271.050 төгрөг, Зүмбэр орд өргөө орон сууцны конторын төлбөр 178.460 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Таас 1.250.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Үд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 449.510 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42.142 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Таас 34.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Үд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА