Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 156/ШШ2020/00065

 

 

 

 

 

 

 

 

 

      2020 оны 01 сарын 28 өдөр

         Дугаар 156/ШШ2020/00065

                Хэрлэн сум

        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00016/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын .. дүгээр багт байрлах, Хэнтий аймгийн Х газар /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... дүгээр баг, ...... тоот хаягт оршин суух, Х овогт Д Н /РД:/-т холбогдох,

7 840 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.З нар оролцов.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н нь орон нутгийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөлд хамрагдан 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар хүүгүй, барьцаагүйгээр 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаатайгаар зээлж авсан. 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн төлбөр 7 840 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Н нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлийн талаарх хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, мэтгэлцээний эсрэг байр суурь илэрхийлээгүй болно.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хариуцагч Д.Н зээл 7 840 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Мэтгэлцээний байр суурийн хувьд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 7 840 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар тайлбарыг гаргаагүй болно.  

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, үүний дагуу Д.Н нь 20 000 000 төгрөгийг хүлээж авсан болох нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02/19 “Орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ”, нэхэмжлэгч талын тайлбар, хариуцагчийн маргаагүй байдлаар тогтоогдсон байна.

Хариуцагч Д.Н нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор хариу тайлбар /нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримт/-ыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу товыг мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж байна.

Иймд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02/19 “Орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ”-ний хавсралтын дагуу 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хүртэлх 14 сарын хугацаанд төлөх ёстой байсан 7 840 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Харин дээрх гэрээний 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойшхи төлбөрийн харилцааг шүүх шийдвэрлээгүй болохыг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

       ТОГТООХ нь:

 

   1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Н 7 840 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгосугай.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 140 390 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.    

      

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөлөөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ