Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/148

 

 

Н.Ш-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай           

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:          

прокурор К.Чимгээ,

шүүгдэгч Н.Ш, түүний өмгөөлөгч Р.Бадмаа,

хохирогч Т.Э, түүний өмгөөлөгч А.Туул,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/1903 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Ш, түүний өмгөөлөгч Р.Бадмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Ш-д холбогдох 2006000002392 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

/,              

Шүүгдэгч Н.Ш нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 18-19 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “Скай” худалдааны төвийн автомашины зогсоол дээр хохирогч Т.Этэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж бүсэлхий нурууны 1 дүгээр нугалмын арын сэртэнгийн сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун цавины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас:

Н.Шн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Н.Ш-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Н.Шг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Ш нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Ш  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Н.Шгөөс 2.016.700 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Эт олгож, хохирогч Т.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Н.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Н.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Ш гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлүүдээр давж заалдахаар гомдол гаргаж байна.

1. Мөрдөн байцаах шатанд уг хэргийг хангалттай мөрдөж шалгаагүй. 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Скай” худалдааны төвийн талбай дээр Т.Э гэдэг эмэгтэйн зүс таних эмэгтэй надыг зодсон гэж мэдүүлсэн гомдлын улмаас 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 2-р хэлтэст М гэдэг байцаагч дээр дуудагдан гэрчийн мэдүүлгийг дутуу өгсөн. Учир нь М байцаагч прокурор дээр дуудагдсан тул танаас бүрэн мэдүүлгээ авч чадсангүй маргааш дахин ирж мэдүүлэг өгнө үү гэж буцаасан. Мөн байцаагч М гар утсан дээрх бичлэгийг үзсэн. 2020 оны 08 дугаар сарын 28-нд дахин очихдоо Н.Ш миний бие хохирогч болох ёстой байтал нөхцөл байдал эсрэгээр эргэсэн байгаа тул хэргийн бодит байдлын талаар өгүүлж бичгээр өргөдөл гомдол бичиж өгсөн. Амаар бол мэдүүлэг аваагүй өргөдлийг хүлээж авсан. Гэтэл 20-оод хоногийн дараа буюу 2020 оны 9 дүгээр сарын 18-нд мөрдөгч Б.Баттулга гэдэг хүн холбогдож яаралтай ирэхийг мэдэгдэж хэрэв ирэхгүй бол албан газарт чинь бичиг явуулж таныг албадан ирүүлэх болно шүү гэсэн сүрдүүлгээр дуудагдаж очоод дахин мэдүүлэг өгсөн. Энэ үед шууд ялын шийдвэр танилцуулж, яллагдагчаар мэдүүлэг авч байгааг нь ойлгохгүй эцэст нь “Танилцсан яллагдагч ..., Мэдүүлэг өгсөн яллагдагч ...” гэсэн үгний ард хүчээр нэрээ бичиж гарын үсгээ зурах болсонд их цочирдсон, сэтгэл санаанд минь хүнд цохилт болсон. “Ялтай юу үгүй юу гэдгийг мөрдөн байцаагч хүн та мөрдөж шалгах ёстой биз дээ? Яагаад ингээд ийм хурдан шууд ялтан болгож тулгаад байгаа хэрэг вэ? Өмнөх мөрдөгч чинь яасан юм бэ? Ийм хэрэг гарах шалтаг шалтгаан юу байсан юм бэ? Би ийм хэрэг хийхээр хүн мөн үү, намайг та судалсан уу? Тэр хохирогч гэдэг хүнээ судалсан уу? та яг юу хийж хаагуур яаж мөрдөх ажил хийсэн хэрэг вэ? гэх мэт наад захын асуулт асуухад хүрсэн боловч мөрдөгч үл ойшоож “...өмнөх М мөрдөгч ээлжийн амралтаа авсан тул би энэ хэргийг хариуцаж авсан, ийм тодорхой, ийм ойлгомжтой, ийм илэрхий хэргийг харин ч хэт удаасан байна, та 3 хувь зураг, гэр,ажлын газрыг болон гэр бүлийг тань тодорхойлох лавлагааг ТҮЦ машинаас аваад 2 хоногийн дотор хурдан авчирч өг гэж тушаасан. Энэ өдрүүд нь амралтын буюу бямба, ням гарагууд таарсан тул өмгөөлөгч олох ч боломж хязгаартай, цаг хугацаагаар боогдсон хэцүү нөхцөл байдал надад гэнэт үүссэн. Баянзүрх дүүргийн 2-р хэлтсийн мөрдөгч Б.Баттулга нь хуулийн мэдлэг дутуу дулимаг жирийн иргэн хүнтэй албан тушаалаа ашиглан зүй бусаар харьцсан, хэргийн газрын нөхцөл байдлыг нарийн шалгаагүй, зураг авалт хийгээгүй, хэрэг гарах нөхцөл байдлыг огт судлаагүй, гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв эсэхийг шалгаагүй, худал мэдүүлэг өгөх боломжийг бүрдүүлсэн зэргээр ажлаа бүрэн хийгээгүйгээр хэргийг прокурорт шилжүүлсэн хэмээн үзэж байна.

2. Хууль ёсны эрх ашгаа хамгаалах өмгөөлөгч авсаны дараа 103-ын болон шинжээч эмчээс мэдүүлэг авах, гар утасны бичлэгийг нотлох баримтаар авч өгөөч зэргээр энэ хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэх тухай хүсэлт гаргасан боловч Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор К.Чимгээ нь уг хэргийг бүрэн хянаж шалгахгүй зөвхөн хохирогчийн мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлтийг үндэслэн маш хурдан хугацаанд ялын дүгнэлт гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

3. Өмнөх хүсэлтүүдийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг дээр тавьсан боловч мөн л хүлээж аваагүй. Шинжээч эмч болон бусад гэрч нарыг оролцуулан шүүх хурал хийхээр шийдвэрлэсэн.

4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч ирж оролцоогүй байхад шүүх хуралдааныг явуулсан. Шинжээч эмчээс хохирогчийн мэдүүлээд байгаа гэмтэл бэртэл яг ямар ямар тохиолдлуудад үүсэж болох, шинж тэмдэг зэргийг нарийн тодруулах нөхцөл бүрдээгүй, энэ гэмтлийг тухайн цаг мөчид намайг учруулсан гэх баттай баримт нотолгоо юу вэ гэдэг нь тодорхой бус байхад зөвхөн хавтас хэрэгт байгаа хангалтгүй материалыг хангалттай гэж шүүх дүгнэсэн.

5. Хэргийн талаарх үйл явц нь цаг минуттай, бүгдэд ойлгомжтой тодорхой байдлаар харагдах бэлэн нотлох баримт байсаар байхад түүнийг огт хэрэгсэхгүй, асуудал нөхцлийг төвөгтэй, чирэгдэлтэй болгож, хохирогч болон гэрчийг худал мэдүүлэг өгч үнэнийг гуйвуулах нөхцөл үүсгэж байгаа зэргийг иргэн хүнийхээ хувьд огт ойлгохгүй гомдолтой байна. Мэргэжлийн техникийн шинжээч томилоод бичлэгийг шалгаад үнэн зөвийг хялбар тогтоох боломжийг олгож өгөхийг хүсэж байна. Тэр тохиолдолд хохирогч, гэрч нарын мэдүүлэг илэрхий худлаа болох нь тодорхой болох билээ.

6. Хэрэг гарах урьтал нөхцлийг мөрдөгч болон прокурор огт судлаагүй. Хохирогчийн хувьд Шинэ-Өлзий буюу намайг өөрийн нөхөртэй гэр бүлээс гадуурх харилцаатай байдаг, нөхрөөсөө сал гэж байнга дарамталдаг улмаар хэд хэдэн удаа биед халдсан эцэст нь хүндэвтэр гэмтэл учруулсан мэтээр прокурор, шүүгч зэрэг бүх хүмүүсд ойлгуулсан. Эрдэнэчимэг нь өрөвдөлтэй хохирогч эмэгтэйн дүрд чадварлаг тоглож, миний хувьд хүний нөхөр булаасан, эхнэрийг нь дарамталсан зодсон жигшүүрт эмэгтэйн дүрд ороод байгаа тул хэрэг хэт амархан хохирогчийн талд шийдэгдэж байна хэмээн үзэж байна. Мэргэжлийн мөрдөгч, прокурор, шүүгч хүмүүс жирийн хүмүүс шиг шууд утгаар нь тийм өнгөцхөн шийдвэрлэж болохгүй байх гэж үзэж байна. Гэрлэлтийн баталгааны цаас үнэмлэх нь л дангаараа бүрэн бүтэн гэр бүл гэсэн баталгаа болж чадахгүй болов уу. Т.Э, Ш.Бнар нь анхнаасаа таарамжгүй гэр бүл байсан төдийгүй сүүлийн 4 жил орчим хугацаанд салсан тусдаа амьдарч байсан төдийгүй өнөөдөр гэрлэлт цуцлах тухай хэрэг нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдэх шатандаа явж байгаа билээ.

7. Т.Э нь хувийн өс хонзонг өөрийн амьдралын үндсэн зорилго мэт болгосоор утас, мессеж, мессенжерээр дарамталж заналхийлэх, ам хэлээр олон нийтийн дунд болон цахим хэрэгсэл ашиглан гутаан доромжлох, гэр оронд минь хүчээр дайрч орж ирэх, эцэг, эх, үр хүүхэд, ах, дүү, найз нөхдөд минь дарамт учруулах, эд хөрөнгийг минь эвдлэн сүйтгэх, эцэстээ биед минь халдаж гэмтэл учруулах зэрэг санаатай, эрүүл бус үйлдлүүдийг 3 жил илүү хугацаанд тасралтгүй олон давтамжтай хийсээр ирсэн бөгөөд энэ тухай зарим баримт нотолгоонуудыг хэргийн материалд хавсаргасан. Мөн одоогийн хатуу хөл хориотой өдрүүдэд ч шөнө бүрийг алгасахгүй гадаа ирж хаалга руу шингэн зүйл цацаж байна. Олон дахин яаралтай цагдаагийн дуудлага өгч, олон дахин цагдаа, прокурорын газарт таслан зогсоох, хамгаалах арга хэмжээг авч өгөх талаар өргөдөл гомдол өгсөөр байтал хуулийн дагуу таарсан дорвитой арга хэмжээ авч өгөөгүйн улмаас Т.Э гэдэг хүний гэмт үйлдлүүд нь улам бүр нарийн, төвөгтэй, эрсдэл дагуулсан, хор уршигтай болсоор өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн.

8. Миний бие нэгэнт л шуудхан хэт шуурхай байдлаар шүүгдэгчийн байр сууринд очсон тул шүүхийн хэлэлцүүлэг дээр өөрийгөө хамгаалж үнэнийг тодруулж ярих, бусдаас тодруулж асуух эрх минь хасагдсан, хязгаарлагдсан. Харин хохирогч л гэхээр уйлж худал ярих бүрэн эрхтэй, ярьсан бүх зүйл нь үнэн байх ёстой мэт хандлага нөхцөл үүсч эцэст нь буруу шийдвэр гарсанд маш гомдолтой байна.

9. Т.Э нь хувь хүнийхээ хувьд жинхэнэ гэр бүлийн хүчирхийлэгч, өөрийн амиа хорлох, хүүхдийнхээ ч амийг хорлох тухай үргэлж ярьж сүрдүүлдэг бодитой үйлдлүүдийг ч олон удаа хийж байсан (өмнө нь охиныхоо эцэг Ж.Ч-д хаягдаад 2 давхраас үсэрч үхэхээр завдаж хөл, нуруу зэргээ хугалж мөнхийн бэртэлттэй болсон, Ш.Б-ыг өөртэй нь суухгүй бол үхнэ гэж их хэмжээгээр эм ууж ухаан алдах зэргээр сүрдүүлж өмнөх эхнэр хүүхдээс нь салгаж хүчээр гэрлэсэн... гэх мэт) эрүүл бус сэтгэхүйтэй гэдгийг нь ч бас мөрдөгч нар тодорхой хэмжээгээр судлах ёстой байсан болов уу. Т.Э шүүхийн хэлэлцүүлэг дээр би энэ өөрийнхөө амьдралыг нийтэд дэлгэнэ, шүүх хурлыг олон нийтэд дэлгэнэ, нээлттэй нэвтрүүлэг хийнэ гэх зэргээр шүүхийг ч сүрдүүлэх өнгө аясыг гаргаж байсан. Хэргийг хэт ойлгомжтой, хэтэрхий илэрхий байна гэж үзээд бүх шатанд автоматаар зөвхөн хохирогчийн буюу нэг талын эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргасан тул хэргийг прокурорын шатанд буцааж шаардлагатай нэмэлт ажиллагаа хийлгэж үнэн зөвөөр шийдэгдэх боломж нөхцлийг бүрдүүлж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бадмаа гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс  “Н.Шг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 18-19 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, "Скай" худалдааны төвийн автомашины зогсоол дээр хохирогч Т.Этэй таарамжгүй харилцааны улмаас маргапдаж бүсэлхий нурууны 1 дүгээр нугалмын арын сэртэнгийн сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун цавины зөөлөн эдийн няцрал» цус хуралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтас хэрэгт цугларсан хохирогч Т.Эийн мэдүүлэг /хх 20-21, 22-23/, гэрч Д.С-ийн мэдүүлэг /хх 27-28/, шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 9755 дугаартай дүгнэлт /хх 32-33/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх 34/, Н.Шгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 24-25/, гэрч Ш.Б-ын мэдүүлэг /хх 26/, шүүгдэгч Н.Шгийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх 36/, хохирол нэхэмжилсэн баримт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-10, 11-14, 85-87/, өвчний түүх /хх 88-94, 111-113/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 96/, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хариу мэдэгдэх хуудас /хх 97-98/, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын мэдэгдэх хуудас /хх 99/, утасны мессэжийг гэрэл зургаар баталгаажуулсан тэмдэглэл /хх 102-110/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.” гэж дүгнээд шүүгдэгч Н.Шг “Хүний эрүүл мэндэд хүндэвтзр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Үүнд;

Нэг. Хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Н.Шг "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан" гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн. Гэтэл хохирогч Т.Э, гэрчТ.Сг, Ш.Б, шүүгдэгч Н.Ш нар нь хохирогч Т.Эийн нуруун тус газар нь цохиж зодсон, нуруугаараа унасан талаар хэрэгт ямарч мэдүүлэг байхгүй, өөрөөр хэлбэл Н.Шгийн үйлдлийн улмаас хохирогчийн нуруу гэмтсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад түүнийг дээрх мэдүүлгүүдийг үндэслэл болгон гэмт буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Үүнд:

1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 9755 дугаартай дүгнэлтэнд “1.Т.Эийн биед бүсэлхийний нурууны 1-р нугалмын арын сэртэнгийн сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал баруун цавьний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шагайны үений зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. З.Дээрх зүйл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарана. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 6.Цаашид ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй" гэжээ.

Дээрх дүгнэлтээс үзэхэд Т.Эийн ар бүсэлхий нуруу хэсэгт ямар нэгэн мохоо зүйлээр цохьсны улмаас бүсэлхийний нурууны 1-р нугалмын арын сэртэнгийн сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал үүссэхээр байна. Гэтэл Т.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа, шүүхийн хэлэлцүүлэгт 1, нийт 4 удаа мэдүүлэг  өгсөн байдаг  бөгөөд   хэрэг болсон үйл баримтын талаар эхний 2 мэдүүлгүүддээ Н.Шг баруун цавь хэсэгт хөлөөрөө тийрсэн, хүзүү маажиж нүд рүү цохисон, хоолой багалзуурдсан, үснээс зулгаасан, газар бол унаагүй” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлтээ "...би хойшоо эвгүй гишгээд ард байсан машин налаад  унаагүй"  гэж  мэдүүлсэн  байдаг  бөгөөд   нуруу  хэсэгт   цохьсон   гэж  огт мэдүүлээгүй.   Мөн   тухайн   цаг  хугацаанд   103-ын   эмч   дуудаж  үзүүлэхэд  даралт тогтворжуулах, өвчин намдаах эм өгөөд тархины зургаа авахуулаарай гэж хэлээд явсан гэх мэдүүлгүүдээс үзэхэд тухайн үед түүний нуруу өвдсөн зовиур байгаагүй, өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд нурууны сэртэнгэ хугарсан шинэ гэмтэл аваагүй нь харагдаж байна, Өөрөөр хэлбэл хохирогч Т.Э нь Н.Ш-д зодуулсны улмаас түүний нурууны сэртэнгэ яс хугарсан уу гэдэг нь тогтоогдоогүй байна. Гэтэл тухайн үйл баримтын талаар тодруулж шалгаагүй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг тогтоогоогүй байхад прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэнд өмгөөлөгч миний зүгээс 103 эмчээс Т.Эийн биеийн байдал ямархуу байсан, яг юу нь өвдсөн гэсэн өгүүлэмж хэлж байсан талаар, дуудлагыг хэн өгсөн, /яаралтай түргэн тусламжийн хуудсыг хэрэгт хавсаргуулах/ мөн түүнчлэн шинжээч эмч Ц.Нандинцэцэгээс Т.Эийн биед учирсан нурууны сэртэнгийн хугарал гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, уг гэмтлийг авсан хүн түргэн хөдөлгөөн хийгээд өөрөө явах, өөрөөсөө хүч гаргаж хүнийг чирч гулдарч явах, машин жолоодож явах зэрэг үйлдэл хийх боломжтой эсэх, энэ гэмтлийг гэмтлийн зэрэг тогтоох журмын ямар шалгуураар шинэ гэмтэл буюу тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой гэж үзсэн. Уг гэмтлүүд нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, мохоо зүйл гэж юуг хэлэх талаар тодруулж мэдүүлэг авахуулах, тухайн хэргийн үйл баримтыг цаг хугацаа минутаар бичигдсэн Н.Шгийн гар утсанд хуульд заасан үндэслэл журмын дагуу үзлэг хийлгүүлэх зэрэг хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасныг баримтлан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг гаргасан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дээрх хүсэлтийг минь хүлээж аваагүй. Харин шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулж хурлыг хийхээр товлосон боловч шүух хуралд шинжээч ирээгүй. Өмгөөлөгч миний зүгээс шүүх хуралд  шинжээч эмчийг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүлээж авалгүй хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Н.Шгийн гэм буруу нотлогдон тогтоогдсон гэж дүгнээд үйлчлүүлэгчийг уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан юм. Энэхүү шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12 дахь заалтад заасан "Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан" гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

2. Хохирогч Т.Э нь Н.Штэй хувийн таарамжгүй харьцаа үүссэний улмаас байнга Н.Шг заналхийлж гэр орноор нь эргэлдэж хэрүүл маргаан үүсгэн, эд хөрөнгийг нь эвдлэн сүйтгэж, түүнийг цохиж зодох зэрэг үйлдлийг сүүлийн 3 жилд байнга гаргаж байсан бөгөөд энэхүү асуудлуудын талаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байсан бөгөөд энэ талаарх баримтыг шүүх хуралдаанд өмгөөлөгч миний зүгээс гаргаж өгсөн. Гэтэл шүүхээс хэргийг тал бүрээс нь хянаагүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл "Нотолбол зохих байдал"-ыг бүрэн тогтоогдоогүй байхад миний үйлчлүүлэгч Н.Шинэ-Өлзииг гэм буруутай гэж үзэж ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Тухайлбал: хохирогч Т.Э нь Н.Шг өөрийн нөхөртэй гэр бүлийн харьцаатай болсон гэдгээр түүнийг дарамтлан доромжилж заавал чамайг чадна хохирооно /энэ талаар хэлж, мессеж бичиж байсан/ гэсэн санаа зорилго байгааг анхаарч шалгаагүй, хэргииг зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэн нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн Т.Э нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ш.Б, Н.Ш нар дээр ирээд хашгираад эхлэхээр нь Н.Ш нь түүнийг байнга хэрүүл маргаан үүсгэж, хэл амаар доромжлон гүтгэж, зодож цохих зэрэг үйлдэл хийдэг байсан болохоор нь баримтжуулах гэж гар утсаараа бичлэг хийж байсан бөгөөд энэ талаар гэрчийн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байдаг. Тухайн цаг хугацаанд болсон үйл баримтын талаар буюу Т.Э нь өөрөө шууд ирж хашгирч хэрүүл маргаан үүсгэн улмаар бусдын өмчид халдахаар дайрах, мөн Н.Шгийн толгой руу цохих, зууралдах зэрэг өөрт нь чиглэсэн үйлдэл хийхэд түүнийг болиулж өөрийгөө хамгаалах үүднээс түүнийг түлхэх, гарыг нь тавиулахаар сарвалзах зэрэг үйлдэл хийж байгаа нь энэхүү бичлэг дээр дуу болон дүрс, цаг минутаар тодорхой харагдаж байгаа юм. Уг бичлэг нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий баримт гэж үзэж байгаа тул хуульд заасан үндэслэл журмын дагуу Н.Шгийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийж, нотлох баримтаар тооцож өгнө үү гэсэн хүсэлтүүдийг прокурор болон шүүхэд гаргаж өгсөн боловч хүлээж аваагүй. Өмгөөлөгч миний зүгээс Н.Шгийн гар утсанд бичигдсэн хэрэгт маш ач холбогдол бүхий бичлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу үзлэг хийлгүүлж, нотлох баримтаар тооцуулах хүсэлтэй байгаа юм. Түүнчлэн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй, хэзээ хаанаас хэн гаргаж өгсөн /эх сурвалж/ нь тодорхойгүй хохирогчийн гэрэл зургийг хэрэгт хавсарсан байсныг шүүх нотлох баримтаар тооцож шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1903 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хүсэлтэнд дурьдсан ажиллагаануудыг нэмж хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.  

Хохирогч Т.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдолтой байна. Би нуруундаа одоо ч эмчилгээ хийлгэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна...” гэв. 

Хохирогч Т.Эийн өмгөөлөгч А.Туул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Тухайн хэргийн эрүүгийн процессын ажиллагаа хууль дүрмийн дагуу явагдаж, шүүгдэгч Н.Ш гэм буруутай нь шалгагдаж нотлогдсон. Хохирогч Д.Э-ийн биед учирсан гэмтлийн зэрэг мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон учраас шүүх шинжилгээний шинжээч эмч нарын асуулгаар явагдсан. Шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулах гэсэн боловч өөр хуралтай давхацсан гэсэн үндэслэлээр оролцоогүй. Тухайн гэмт хэргийг үйлдэж гэмтлийн зэрэг учруулаад уг хэргийг хийгээгүй гэж тайлбарлах нь үндэслэлгүй. Гэр бүлийн дундуур орж бичлэг хийсэн. Гэр бүлийн харилцааг яагаад бичлэг хийсэн бэ, бичлэгээ яагаад нотлох баримт гэж үзэж байгаа, хүний дотоод амьдралыг яагаад яриад байгаа нь, ажил төрлийн хамааралтай бол яагаад хувийн амьдралд нь ороод байдаг, эхнэр нөхрийн асуудлыг хоорондоо мэддэг юм шиг ярилцах нь, нөхөртэйгөө асуудлаа шийдэх гэж байхад дундуур нь орж ирж түлхэж хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй учир хэвээр үлдээж өгнө үү...” гэв.  

Прокурор К.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Н.Ш-д холбогдох хэргийн шүүгдэгч Н.Ш, түүний өмгөөлөгч Р.Бадмаа нарын гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 9755 тоот дүгнэлт хохирогч Д.Э-ийн биед бүсэлхий нурууны нэгдүгээр нугалмын арын сэлтэнгийн сэтэрсэн хугархай нь шинэ гэмтэл гэж тодорхойлсон, мөн тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч Н.Ш өөрөө хүчтэй өшиглөсний улмаас арагшаа машинд цохигдсон гэж хохирогчийн мэдүүлэгт байдаг. Мохоо зүйлийн үйлчлээр үүсгэгдсэн гэж прокуророос үзэж байна. 103-н эмчийг асуугаагүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үздэг, 103-н эмч тухайн үед хохирогч Ж.Э-т анхан шатны эмчилгээ хийж, даралт тогтворгүй байна цаашид мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн. 103-н эмчийг асуух шаардлага байгаагүй гэж үзэж байна. Хохирогч тухайн цаг хугацаанд хэрэг маргаан үүссэнээс хойш шууд цагдаагийн байгууллагад хандаад түргэний 103-н эмч ирж үзлэг хийсэн. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа газрын байршлын талаар хохирогч, гэрч, шүүгдэгч нар маргаагүй. Анхан шатны шүүхээс гэрчээр Батжаргал, мөн шинжээч эмчийг оролцуулах тухай шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн.  Шинжээч эмчийн шүүх хуралдаан давхардсан тул шүүх хуралдаанд ирээгүй. Анхан шатны шүүхээс хөндлөнгийн гэрчээр Батжаргалыг оролцуулах боломжгүй гэж дүгнэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийг дутуу шалгасан гэж үзсэн, ямар асуудлыг шалгах хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг хууль зүйн талаас тайлбарлаж чадаагүй. Шинжээч эмчийн дүгнэлт болон бусад хохирогч, гэрчийн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн гэж нотлогдож байна. Гар утасны бичлэгийн хувьд дундаа хэд хэдэн удаа тасарсан, цөөхөн минутын бичлэг байсан. Энэ бичлэгийг шүүгдэгч өөрт ашигтай байдлаас тухайн бичлэгийг тасдаж оруулсан байх магадлалтай гэж үзсэн. Гар утасны бичлэгийг хуульд заасны дагуу бэхжүүлэн аваагүй тул нотлох баримтаар тооцох боломжгүй гэж прокурор болон анхан шатны шүүхээс үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Н.Ш-д холбогдох 2006000002392 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч Н.Ш нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 18-19 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Скай” худалдааны төвийн автомашины зогсоол дээр хохирогч Т.Этэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж  түлхэх, өшиглөх байдлаар бүсэлхий нурууны 1 дүгээр нугалмын арын сэртэнгийн сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун цавины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Т.Эийн: “...би машинаасаа буугаад нөхөр Ш.Бдээр очоод “чи энэ хүүхнээсээ салаагүй юм байна, одоо надтай явж надаас салах өргөдөл дээр гарын үсгээ зур” гээд маргалдаж байхад уг эмэгтэй нь гар утсаараа бичлэг хийгээд байсан. Тэгээд би “битгий бичлэг хийгээд бай” гээд бичлэгийг нь болиулах гэхэд эсэргүүцэл үзүүлээд миний цавь хэсэг рүү баруун хөлөөрөө жийсэн. Маш хүчтэй тийрсэн. Тийрүүлчхээд би 2 удаа хойшоогоо эвгүй том алхсан. Бараг унах шахсан бөгөөд ар талд машин байсан болохоор машин түшээд унаагүй. ...” /хх-20-21, 22-23/,

 гэрч Д.С-ийн: “...тортой юмаа аваад буцаад гарч машин дээрээ ирэхэд зодоон болж байсан. Миний харснаар бол нэг хүүхэн Т.Э эгчийг тийрч, өшиглөж байсан. Дундуур нь эгчийн нөхөр Ш.Бороод 2 тийш нь салгах гээд барьцалдаж байсан. Тэгээд би тортой юмаа хаяад гүйгээд очихын завдалгүй нөгөө хүүхэн нь Ш.Бахыг чирээд цаашаа дагуулаад явчихсан...” /хх-26-28/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 9755 дугаартай “1. Т.Эийн биед бүсэлхий нурууны 1 дүгээр нугалмын арын сэртэнгийн сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун цавины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-32-33/ гэх дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Тухайн өдөр хохирогч Т.Э нь нөхөр Ш.Бтай гэр бүлийн асуудлаар маргалдах үед шүүгдэгч Н.Ш оролцож, хохирогч Т.Этэй маргалдаж, улмаар Н.Ш нь Т.Эийн хэвлий тус газар өшиглөснөөс Т.Э нь арагшаагаа хөл алдан гишгэж, нуруугаараа ард байсан машинд хавсрагдсаны улмаас “...нурууны гэмтэл, баруун цавь, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирчээ. Энэхүү хэргийн үйл баримтаас дүгнэхэд Н.Шгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжтэй байна. 

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах…” гэсэн ялын төрлүүдээс торгох ялыг Н.Ш-д сонгож оногдуулсан нь түүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.  

Хохирогч Т.Эийн хохирлын талаархи нэхэмжлэлийг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж, хуулийн дагуу шийдвэрлэсэн байх ба шүүгдэгч Н.Шгөөс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлын хэмжээ нь хэрэгт хохирогчоос гарган өгсөн нотлох баримтаар нотлогдсон байна.

Т.Э, Ш.Б, Н.Ш нарын хувийн харилцааны шинжтэй гэр бүлийн маргаанд хамааралгүй, хөндлөнгийн хүн болох Д.Сайнбилэг нь хохирогч Т.Эийн мэдүүлгийг давхар нотлон мэдүүлсэн байх ба түүний мэдүүлгийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйл, 25.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу авчээ. Гэрч Д.Сайнбилэг нь тухайн цаг хугацаанд хэргийн газарт байсан болох нь түүний эзэмшлийн дугаараас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн “...2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 18 цаг 36 минутад 90051130 дугаараас холбогдон манай эгчийг нөхөр нь нэг хүүхэнтэй нийлж зодчихоод зугтаачихлаа...” гэсэн дуудлагыг бэхжүүлсэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын цагдаагийн 2 дугаар хэлтсийн дуудлагын хуудас /хх 5/-аар нотлогджээ.  

Хохирогч Т.Эийн “...Маш хүчтэй тийрсэн. Тийрүүлээд би 2 удаа хойшоогоо эвгүй том алхсан. Бараг унах шахсан бөгөөд ар талд машин байсан болохоор машин түшээд унаагүй. ...” гэсэн мэдүүлэг нь хэрэг гарсны маргааш буюу 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Т.Эийн биед үзлэг хийсэн тусгай мэдлэг бүхий шинжээчийн “...Зулайн орой хэсгийн хуйхаар тэмтрэхэд эмзэглэлтэй, хүзүүний баруун урд эхсэгт 0.9х0.2 см, зүүн урд дунд хэсэгт 2х0.2см, 1.8х0.2см улаан ягаан зулгаралттай, бүсэлхий нуруугаар тэмтрэхэд эмзэглэлтэй, баруун цавинд 7х3.5см цус хуралттай. Хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй. Зүүн шагайн гадна үе хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй. ...” гэсэн дүгнэлт /хх 32-33/, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Натур эмнэлгийн “...Бүсэлхийн L1-р нугалмын арын сэртэнд бага зэргийн сэлтэрсэн хугаралтай. Хугарлын түвшинд тус нугалмын арын хана бүрэн бүтэн байдлаа алдаагүй боловч байршил өөрчлөгдөж, нугасны суваг руу 0.4-0.5см түрсэн. ...” /хх 93/ зэргээр,

хохирогч Т.Эийн биед учирсан гэмтэл нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр учирсан гэмтэл болох нь “...Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” гэх шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Ш-д холбогдох хэргийг шүүх эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасанд нийцсэн байна.

Хохирогч Т.Эийн биед Н.Шгийн гэм буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан үйл явдал нь хэрэгт бэхжүүлэгдсэн баримтаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Н.Ш, түүний өмгөөлөгч Р.Бадмаа нарын гаргасан “...2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр болсон үйл явдлыг бичсэн Н.Шгийн гар утасны бичлэгийг нотлох баримтаар хэрэгт тооцуулах...” талаархи давж заалдах гомдлыг хүлээн авч, мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ.” гэж заасан тул шүүхийн шатанд хавтас хэрэгт бэхжүүлж ирүүлээгүй баримтыг нотлох баримтаар тооцох, бэхжүүлэх, үнэлэх хууль зүйн боломжгүй юм.       

Иймд шүүгдэгч Н.Ш-д холбогдох хэргийг шүүх эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасанд нийцсэн, анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаархи дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгч Н.Ш, түүний өмгөөлөгч Р.Бадмаа нарын мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн, хохирогч Т.Эийн биед гэмтэл учруулаагүй гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.  

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/1903 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ш, түүний өмгөөлөгч Р.Бадмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.ПҮРЭВСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                           Б.БАТЗОРИГ

                     ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ