Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 119/ШШ2022/0006

 

                                                            Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй                                                                 болгох тухай

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг би Ш.А-ын Орхон аймгийн УБХ-т холбогдуулан гаргасан “2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 00.. дугаартай эцэг тогтоосны бүртгэлийг хүчингүй болгож, охин Г.А-ын үрчилж авсан эцгээр Ш.А-ыг бүртгэхийг Орхон аймгийн УБХ-т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын бичгээр байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-г 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.А нь 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, охин одоо 6 сартай бөгөөд манай эхнэр О.Г нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр М.Э-ийн охин Э.А-ыг үрчлэн авч өөрөөрөө овоглосон болно. Тухайн үед эхнэр бид 2 гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан тул эхнэр О.Г-аар овгоор овоглох шаардлага гарсан юм. Эхнэр О.Г-тай 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан бөгөөд охин Г.А-ыг өөрөөрөө овоглохыг хүсэж УБХ-ийн Иргэний бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргасан. Гэтэл Иргэний бүртгэлийн мэргэжилтэн нь миний өргөдлийн утгыг ойлголгүй өөрийн төрсөн хүүхэд мэтээр эцэг тогтоолтын бүртгэлд бүртгэсэн байдаг. Энэ бүртгэлийг хийх ёсгүй байсныг тухайн мэргэжилтэн нь мэдээгүйгээс болж миний овгоор охин Г.А-ыг өөрчлөх боломжгүй гэж мэдэгдсэн тул шүүхэд хандах шаардлага гарч байгаа болно. Учир нь төрсөн хүүхэд биш байх тул эцэг тогтоолтын бүртгэлийг хийх ёсгүй байсан юм байна. Иймд Орхон аймгийн УБ-ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 00.. дугаартай эцэг тогтоолтын бүртгэлийг хүчингүй болгож, охин Г.А-ын үрчилж авсан эцгээр Ш.А-ыг бүртгэхийг Орхон аймгийн УБ-д даалгаж өгнө үү”  гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн УБХ-ийн дарга М.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Орхон аймаг дахь УБХ-т 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 6101002..-тай Ш овогтой Э-ийн А-ын төрөлтийн бүртгэлтэй иргэнийг Л овогтой О-н Г нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ш овогтой Э-ийн А-ыг үрчлэн авсан байна.

О.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 6101001161-тай гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон байна. Иргэн Ш.А О.Г нар Л овогтой Г-ийн А-ыг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 61011000247 дугаартай эцэг тогтоолтын бүртгэлийг уб-гч Н.Т-аар хийлгэсэн байна. Уг бүртгэлийг бүртгүүлэхдээ төрсөн хүүхдээ эцгээр нь овоглох тухай өргөдлийг нотариатаар баталгаажуулж ирсэн, тухайн үед мэдээллийн сангаас мэдээллийг тулган шалгахад Г А гэсэн бүртгэл харагдаж байсан /мэдээллийн задаргаа/ сүлжээний доголдлоос болоод тухайн үед харагдахгүй байсан гэж уб-гч Н.Т тайлбар өгсөн. Иймд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 610111002.. дугаартай бүртгэлийг Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 19.2 заалтыг үндэслэж эцэг тогтоолтын бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй юм” гэжээ.

Нэхэмжлэгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г нар Эвлэрлийн гэрээндээ: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Ш.А-ын Орхон аймаг дахь УБХ-т холбогдох “Г.А-ын эцэг тогтоосны бүртгэлийг хүчингүй болгон үрчилсний бүртгэл хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагад зохигчид дараах байдлаар Эвлэрлийн гэрээ байгуулж байна.

Орхон аймаг дахь УБХ Г.А-ын эцэг тогтоосны бүртгэлийг хүчингүй болгон нэхэмжлэгчийн зүгээс үрчлэлтийн бүртгэл хийлгэх хүсэлт болон холбогдох шийдвэрийн үндсэн дээр тус хэлтсийн зүгээс үрчилсний бүртгэлийг түргэн шуурхай хийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу А-ын О нэрээр УБ-д бүртгэх болно.

Нэхэмжлэгчийн зүгээс улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчийн талаас гаргуулахгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.А нь Орхон аймгийн УБХ-т холбогдуулан “2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 00.. дугаартай эцэг тогтоосны бүртгэлийг хүчингүй болгож, охин Г.А-ын үрчилж авсан эцгээр Ш.А-ыг бүртгэхийг Орхон аймгийн УБХ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г нар нь “Г.А-ын эцэг тогтоосны бүртгэлийг хүчингүй болгон нэхэмжлэгчийн зүгээс үрчлэлтийн бүртгэл хийлгэх хүсэлт болон холбогдох шийдвэрийн үндсэн дээр тус хэлтсийн зүгээс үрчилсний бүртгэлийг түргэн шуурхай хийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу А-ын О нэрээр УБ-д бүртгэх”-ээр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, тус тус гарын үсгээ зуран шүүхэд ирүүлсэн байна.  

Ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлон эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг гаргуулахгүйгээр харилцан тохиролцсон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г нарын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Г.А-ын эцэг тогтоосны бүртгэлийг хүчингүй болгон нэхэмжлэгчийн зүгээс үрчлэлтийн бүртгэл хийлгэх хүсэлт болон холбогдох шийдвэрийн үндсэн дээр тус хэлтсийн зүгээс үрчилсний бүртгэлийг түргэн шуурхай хийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу А-ын О нэрээр УБ-д бүртгэх” эвлэрлийг баталж, 119/2022/0003/з дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                   П.УУГАНЦЭЦЭГ