Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 А.Арнагүлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 153/ШШ2019/00066 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймаг, Өлгий сум 4 дүгээр баг, Их булан 4 дүгээр гудамж 02 тоотод оршин суух, ЕП81120505 дугаарын регистртэй, Базархул овогт Авзалын Арнагүлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд их сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 2005 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус сургуульд түүх, нийгэм судлалын багшаар ажилд орж тасралтгүй 14 жил ажилласан. Ажилласан хугацаанд зөрчил дутагдал гаргаагүй, хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй бөгөөд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ахлах багшийн орон тоонд үр бүтээлтэй багшилж ирсэн.

2018-2019 оны хичээлийн жил эхлэхэд ахлах багш надад цаг хүрэхгүй байна гэх шалтгаанаар цагийн хуваарьд хичээл тавихгүй надаас хойш ажилд орсон 3 залуу багшид нийгмийн ухааны хичээлийн цагийг хувиарлаж өгсөн. Тухайн үед миний бие сургуулийн захиргаанд байнга санал, хүсэлтээ илэрхийлж байсан боловч үл ойшоосон.

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хуулийн зөвлөх хүний нөөцийн мэргэжилтэн утсаар захирлын өрөөнд хуралтай гэж дуудаж, Ховд их сургуулийн Баян- Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Ханилган чамайг ажлаас халсан , тушаалаа аваарай гэж хэлсний дагуу 2018 оны  10 дугааар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүлээн авсан. Ажил олгогчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон энэхүү үндэслэлгүй тушаал нь ажилтан миний хөдөлмөрлөх эрхэд халдсан хууль бусаар намайг ажлаас чөлөөлсөн эрхийн акт гэж үзэж байгаа тул өөрийнхөө зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.  

Учир нь миний орон тоо хасагдаагүй байхад ажил олгогч дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталсан нь үндэслэлгүй юм. Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлж буй тушаал нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа эрхийн актын хувьд хууль, тогтоомжид нийцсэн байх ёстой ба намайг ажлаас чөлөөлөх үндэслэл үүсээгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчиж ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Иймд Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд элсэгчдийн тоо жилээс жилд буурсаар ирсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор зарим багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцэхгүй болсон тул орон тоог цөөрүүлэх асуудлыг Ховд их сургуулийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн.

Ховд их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дүгээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар А.Арнагүлийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан ажилтны тоог цөөрүүлсэн гэснийг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай нэг сарын өмнө мэдэгдэнэ гэсэн хуулийн зохицуулалтыг ажил олгогчийн зүгээс хэрэгжүүлж , 2018 оны 10 дугаар сарын 03 –ны өдрийн 1/275 дугаар албан тоотоор хүргүүлсэн “Мэдэгдэл” –ийг Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хурал дээр нэхэмжлэгч А.Арнагүлд танилцуулж гардуулсан.

Ховд их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дүгээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн хуулийн зохих заалтыг зөв хэрэглэсэн, хөдөлмөрийн харилцааг өөрчлөхөд ажил олгогчийн зүгээс хийвэл зохих ажиллагааг хуулийн дагуу хийсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00066 дугаар шийдвэрээр:” 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахтухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ. 

 

  Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Нэхэмжлэлийн үндэслэлээ хангалттай нотолсоор байхад зөвхөн нэг талыг баримталж хариуцагчийн бүх нотлох баримтыг үнэлж тэнцвэртэй байдлыг хангахгүй орхисон нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тус сургуулийн захиргаатай жил болгон хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан жилийн эцсээр дүгнүүлэн гэрээгээ сунгаж, нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ахлах багшийн орон тоонд ажиллаж ирсэн. Гэтэл намайг анхнаасаа ажлаас чөлөөлөх ашиг сонирхолтой байсан. Боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж заасныг тус тус зөрчиж, тушаалдаа үндэслээгүй асуудлаар шүүх шийдвэртээ дүгнэлт хийсэн нь хуулийг зөрчсөн.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл, мөн 2017-2018, 2018-2019 оны элсэлтийн хуваарийн харьцуулалт байхгүйг үндэслэвэл, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-г үндэслэл болгосон боловч орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлийг шүүхэд нотолж чадаагүй. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх, хууль ёсны бөгөөд холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх А.Арнагүлийн гомдолтой хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч А.Арнагүль нь хариуцагч Ховд Их Сургуульд холбогдуулан Ховд Их Сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан  Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар  гаргуулах,нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” тухай шаардлагыг   гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл тус бүрийг тодруулаагүй байна. Тодруулбал Ховд Их Сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан  Ховд Их сургуулийн   Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар  гаргуулах,нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” тухай шаардлага бүрийн үндэслэлийг тодруулалгүйгээр түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасныг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийн дээрх 4 шаардлагын үндэслэл, шалтгаан, зорилго үр дагавар тус бүрийг шүүхээс тодруулаагүй байна. Энэ талаар шүүх нэг бүрчлэн тодруулах байжээ.

Түүнчлэн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар тодорхой дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-д заасан шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн агуулга болон давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар   нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00066 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.НЯМБАЯР

          

                                            ШҮҮГЧИД                                  Б.ДАМБА

                                  

                                                                                               Н.ТУЯА