| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2025/0012/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/59 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2026/ШЦТ/59
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Орчуулагч, хэлмэрч М.Н,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч С.Т,
Шүүгдэгч Х.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Хийн Жт холбогдох эрүүгийн 2413002000372 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баян- Өлгий аймгийн Өлгий сумын .... дугаар /...../ багийн .....дугаар гудамжны .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б. овогт Х..... Ж, регистрийн дугаар: ...;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Ж нь 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-20” загварын .... БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баян-Өлгий-Табылтай гэх тэмдэгтэй засмал замаар замын хөдөлгөөнд оролцон зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ адил замаар өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхгүйгээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 15.10 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Х.Дын эрүүл мэндэд хүндэвтэр, Е.Мгийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ж мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна. Гэр бүлээ тэжээж байгаа хүн нь би юм” гэв.
1.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугийн маргаангүй оролцож байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхад хүний цуснаас спирт илэрсэн гэж гаргаж байгаа шинжээчийн дүгнэлт, насанд хүрээгүй хохирогчийн цусны дээжээс спирт илэрсэн дүгнэлтэд эргэлзэж байсан. Тэрнээс биш гэм буруу дээр маргаагүй. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн эмэгтэй хүн, насанд хүрээгүй хохирогч нар болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, мөн хохирогч Х.Д нь хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн, гэмт хэрэг гарахад хохирогч нарын буруутай үйлдэл нөлөөлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял тэнсэж өгөхийг хүсэж байна.” гэв.
1.3. Улсын яллагч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа замын хөдөлгөөний холбогдох дүрэм, журмыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан. Гомдол мэдээллийг хүлээж авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Х.Жын цуснаас дээж авч шинжилгээнд хүргүүлэхэд түүний биеэс согтууруулах ундааны зүйл илэрсэн гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Иймд шүүгдэгч Х.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж мэдүүлэг өгч байгаа боловч шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу идэж, ууж хэрэглэсэн зүйлд нь согтуурлын хэмжээ гарахаар найрлагатай зүйл байсныг үгүйсгэхгүй. Тухайн шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч байна гэх агуулгатай мэдүүлэг өгсөн тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжтой гэж үзэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эсэх асуудал нь эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал дотроо гэмт үйлдэлдээ хандаж буй хандлагад хамруулан ойлгож үздэг. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, төлөх хохирол байхгүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Уг зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоох саналыг гаргаж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй. Бусдад төлөх төлбөргүй. Цагдан хоригдсон хоног болон баривчлагдсан хоноггүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглүүлэх саналыг гаргаж байна” гэв.
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 05 дахь тал),
2.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 07-14 дэх тал),
2.3. Хохирогч Х.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Е.М, Е.М гэсэн дүү нараа дагуулаад Өлгий сумын 10 дугаар багт байрлах эгчийн гэрт очсон юм. Тэр айлд хэсэг байж байгаад Өлгий сумын 9 дүгээр багт байрлах гэр лүү явахаар болсон. Н өөрийн мотоциклио жолоодож Е.М, Е.М бид 3 түүний араас сундалдаж, Өлгий сумын 10 дугаар багаас 9 дүгээр баг руу явж байсан, тухайн үед гадаа бүрэнхий байсан бөгөөд гэнэт машинд мөргүүлсэн. Би уг машиныг хаанаас гарч ирснийг анзаараагүй, мөргөлдөх үед л харсан. Би тэр машины дээгүүр давж унасан. Е.М засмал зам дээр, Н, Е.М нар замын хажуу талд унасан байсан юм. Тэгэхэд нэг ах ирээд “Та нар согтуу байгаа юм биш үү яагаад замаа хардаггүй юм бэ” гэж хэлсэн. Тэгээд бид нар эрүүл байгаа талаараа хэлсэн юм. Мотоциклийн урд талын гэрэл асаалттай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36 дахь тал),
2.4. Насанд хүрээгүй хохирогч Е.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид 4 мотоцикльд сундалдаж манай гэр лүү засмал замаар явж байхад бидний урдаас цагаан өнгийн машин ирж байгаад гэнэт уулзвараар эргэсэн. Тэр үед Н ах мотоциклоо зогсоож чадалгүй тэр машиныг мөргөж бид нар засмал замаас гарч мотоцикль газарт унасан. Тухайн үед мотоциклийг Н ах жолоодож явсан. Түүний дараа Х.Д, Е.М, хамгийн сүүлд нь би сууж явсан. Тухайн үед А.Нын жолоодож явсан мотоцикль нь нилээн хурдтай явж байсан. ...урдаас ирж байсан машин дохио өгөөгүй шууд эргэсэн тэр машин эргэх үед мотоциклийг мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),
2.5. Насанд хүрээгүй хохирогч Е.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед цагаан өнгийн машин гэнэт эргэж орсон бөгөөд Н ах мотоциклио зогсоож чадалгүй очоод тэр машиныг зүүн талаас нь мөргөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-47 дахь тал),
2.6. Гэрч А.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...засмал замаар явж байхад урд талд цагаан өнгийн машин ирж байсан. Тэр үед тухайн машин чигээрээ явах байх, уулзвар эргэвэл гол замд би ирж байгаа болохоор зам тавьж өгөх байх гээд хурдаа хасалгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Тэгээд тэр цагаан өнгийн машин зүүн тийш эргэж уулзвар руу орсон. ...Би тэр машиныг надад зам тавьж өгнө гэж бодсон. Би тэр машиныг дохио өгөөгүй болохоор чигээрээ явна байх гэж бодоод хурдаа хасаагүй. Тэр машин гэнэт эргээд би мотоциклио зогсоож чадаагүй болохоор мөргөсөн. Мотоцикль миний мотоцикл бөгөөд гэхдээ бүртгүүлж дугаар аваагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53 дахь тал),
2.7. Гэрч К.Е.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн үе байсан байх, би Өлгий сумын 6 дугаар багт байрлах өөрийн гэрийн гадаа зогсож байхад цаад талын засмал зам дээр зам тээврийн осол гарсан. Тухайн үед юм мөргөлдөх чимээ гарахаар нь би харахад мотоцикль, Приус-20 загварын машинууд мөргөлдсөн байсан. Тэр үед Приус-20 загварын машин манай гэрийн цаад талын хөндлөн засмал замаас манай гэр лүү аймгийн төв рүү эргэдэг уулзварт нэвтэрч ирээд зогссон байсан. ... Тэгэхээр машин уулзварт нэвтэрч байхад мотоцикль ирж хажуу талаас нь орсон юм шиг байна. Хэрвээ машин өөрийн замаар ирж байхад мөргөсөн бол машин тэр газартаа зогсмоор юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал),
2.8. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е.ын гаргасан 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 434 дугаартай “ иргэн Е.Мгийн биед тархи доргих, толгойн ил шарх, дагзны хэсэгт оёдолтой шарх, доод эрүү, бүсэлхий нуруунд шалбарсан шарх, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралттай гэмтлүүд /хохирлууд/ тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд /хохирлууд/ нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүн болон эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд /хохирлууд/ нь шүүх анагаах ухааны гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-ийн 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх (хавтаст хэргийн 79-80 дахь тал),
2.9. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е.ын гаргасан 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 435 дугаартай “Иргэн Х.Дын биед тархины доргилт, баруун хөлийн чигчий хурууны шивнүүр ясны хугарал, дагзны ар хэсэгт оёдолтой шарх, баруун сарвуунд шалбарсан шархтай гэмтлүүд /хохирлууд/ тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд /хохирлууд/ нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүн болон эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд /хохирлууд/ нь шүүх анагаах ухааны гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 87-88 дахь тал),
2.10. Шүүх эмнэлгийн шинжээчийн нэмэлт шинжилгээний 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 230 дугаартай “Хохирогч Х.Дын эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг тогтоосон 435 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
2.11. Шүүх эмнэлгийн шинжээчийн нэмэлт шинжилгээний 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 230 дугаартай “Хохирогч Е.Мгийн эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг тогтоосон 434 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй. Иргэн Е.Мгийн биед дух ясны хугарал, хугарлын харалдаа хийтэй, тархины эдийн няцралтай,тархины голомтот гэмтэл, гавал доторх ил шархтай, духны ясны хугарал, духны няцарсан шархтай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.1-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо”гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
2.12. Шинжээч эмч К.Хайратын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гаргасан 66 дугаартай “...иргэн Х.Жын биеэс авсан гэх цусанд 0,55 % промилли спирт илрэв..., ...хөнгөн зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 103-105 дахь тал),
2.13 Хохирогч Х.Дын өвчний түүхийн хуулбар, хэвлийн хөндийн хэт авиан оношлогоо компьютер, томографийн шинжилгээ, (2 дахь хавтаст хэргийн 10-16 дахь тал),
2.14. Насанд хүрээгүй хохирогч Е.Мгийн өвчний түүхийн хуулбар, хэвлийн хөндийн хэт авиан оношлогоо компьютер, томографийн шинжилгээ, (2 дахь хавтаст хэргийн 26-50 дахь тал),
2.15. Яллагдагч Х.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Өлгий сумын 6 дугаар багт байрлах өөрийн гэрээс гарч Чингис Хаан гэх дэлгүүрийн тийшээ байдаг эгчийн гэр рүү явж байсан. Би Өлгий сумын 6 дугаар багаас чигээрээ ирээд зүүн тийш уулзвар эргэх үед хажуунаас мотоцикль ирж мөргөсөн. Тухайн үед би зүүн тийш эргэх үед мотоцикль нэг камазны араас ирж байсан. Би уулзвар луу эргэж орох гэж байхад хажуунаас ирж мөргөлдсөн. Мөргөлдсөний дараа тэр Камаз дөнгөж өнгөрч байсан. Тэр мотоцикль камазыг гүйцэж түрүүлж ирээд мөргөлдөх шиг болсон. Мотоциклийн гэрэл нь муухан байсан бөгөөд би түүнийг мотоцикль гэдгийг мэдсэн. Мөргөлдсөний дараа би машинаа зогсоосон. Удалгүй түргэн тусламж ирээд тэр хүүхдүүдийг эмнэлэгт хүргэхээр авч явсан. Би Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.10-т заасан "Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэх заалтыг мэднэ. Тухайн үед мотоцикль нилээн хол ирж байсан бөгөөд би тэр ирэх хүртэл уулзвар уруу амжаад орчихно гэж бодсон. Тэр мотоциклийг тийм хурдан ирчихнэ гэж бодоогүй. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тухайн үед замын цагдаа нар согтуурлын хэмжээ шалгах багажийг үлээлгэсэн ба эрүүл байна гэж хэлсэн. Гэхдээ хэн гэдэг цагдаа үлээлгэснийг мэдэхгүй байна, Хэргийн газарт байхдаа үлээлгэсэн юм. Харин цуснаас шинжилгээ авахад 0.55 буюу хөнгөн зэргийн согтолтой байсан гэж гарсан байна. Үүнийг би сайн ойлгохгүй байна. Энэ талаар тухайн өдөр үлээлгэсэн цагдаа нараас тайлбар авч өгнө үү?” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 194 дэх тал),
2.16. Хохирогч Х.Дын дахин мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг хэргийн улмаас би нэгдсэн эмнэлэг хэвтэн эмчлүүлсэн. Гэхдээ эмчилгээнд ямар нэгэн зардал гаргаагүй. Уг хэрэгтэй холбоотой надад нэхэмжлэх хохирол байхгүй, гаргаж өгөх баримт ч байхгүй. Би Жаас сэтгэцэд учирсан хор уршиг, хохирлыг нэхэмжлэхгүй. Мотоцикльд 4 хүн сундалдаж явсан, бид нарын буруу ч байгаа. Тийм учраас миний зүгээс Х.Жаас нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр ч гэсэн эд хөрөнгөөрөө хохирсон байх тул түүнд холбогдох хэргийг хөнгөрүүлж шийдэж өгөхийг хүсье” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 197 дахь тал),
2.17. Иргэний нэхэмжлэгч Х.Е.сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн. “...Бид нарын хувьд Х.Жаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь гэвэл 4 хүүхэд 1 мотоцикльд сундалдаж явсан, дээрээс нь жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр мотоцикль жолоодсон хүүхдүүдийн буруу ч байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 202 дахь тал),
2.18. Гэрч Н.Ти.лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн. “...тухайн үед хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн Замын зохицуулагч цагдаа нар жолооч нарт драйгер биш тандагч багаж үлээлгэсэн байж магадгүй. Тандагч багаж үлээснийг Х.Ж нь драйгер багаж үлээсэн гэж ойлгосон байж магадгүй. Зам тээврийн ослын хэрэг дээр заавал цуснаас дээж авч шинжилгээний дүгнэлт гаргуулж ажиллаж байгаа. Тандагч багажаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүйг сэжиглэж шалгадаг болохоос биш драйгер багажийн үүрэг гүйцэтгэхгүй. Шаардлагатай бол Цагдаагийн газарт дагуулж ирээд замын цагдаагийн тасгийн драйгер багажийг үлээлгэдэг. Харин би мөрдөгчийн хамт хэргийн газарт очиход мотоцикльтой хүүхдүүд эмнэлэг рүү явчихсан байсан. Хэргийн газарт Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийн жолооч Х.Ж л байсан ба түүнийг мөрдөгч эмнэлэг рүү дагуулж яваад цуснаас нь дээж авсан. Мотоциклийн жолоочтой бас эмнэлэг дээр очиж уулзаж цуснаас нь дээж авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 207 дахь тал),
2.19. Шинжээч эмч К.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Х.Жын биеэс авсан гэх цуснаас шинжилгээний дээж авч спирт агуулагдаж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор биохромат калийн исэлдэх урвал дээр үндэслэж UNICO-7200 спектрофотометрийн аппаратад хэмжилт хийхэд иргэн Х.Жын биеэс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэж, цусанд 0.55% поомилль спирт илэрсэн. 0.5% промилээс дээш 1.5% промиль хүртэл хөнгөн зэргийн согтолттой буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ. Мөн ямар нэгэн спиртийн найрлагатай зүйл хэрэглэсэн байж болно. Жишээ нь айраг, ааруул, коко кола, спрайт, винотай шоколад гэх мэтчилэн зүйлээс ч илэрч болно. Энэ нь эрүүл хүнээс ялгаатай, тэр хүний бие организмд ямар нэгэн байдлаар спиртийн агуулж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл хөнгөн зэргийн согтолттой хүн эрүүл хүнээс ялгаа нь ямар нэгэн аюулыг мэдрэх чадвар нь удаан, машины жолоо барихад авхаалж самбаа алдагдаж, оюун санааны хувьд орчноо мэдрэх чадвар нь удааширч ямар нэгэн юмыг сэтгэлийн хөөрлөөр хүлээж авах болно.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 210 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.20. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
-Иргэний үнэмлэхийн болон байнгын оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 173-174 дэх тал),
-Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 175 дахь тал),
-Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 176 дахь тал),
- Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 178 дахь тал),
-Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт (хавтаст хэргийн 179 дэх тал),
-Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай өрхийн тодорхойлолт (хавтаст хэргийн 180 дахь тал),
-Үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал),
-Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 161 дэх тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 213 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.21. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Жыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар:
1.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:
Шүүгдэгч Х.Ж нь 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-20” загварын 64-47 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баян-Өлгий-Табылтай гэх тэмдэгтэй засмал замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 15.10 дахь заалтуудыг тус тус зөрчиж, зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ адил замаар өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэл болох мотоцклийн жолооч А.Над зам тавьж өгөөгүйн улмаас уг мотоцикльтой мөргөлдөн, зам тээврийн осол гаргаж, иргэний нэхэмжлэгч А.Нын эрүүл мэндэд хөнгөн, хохирогч Х.Дын эрүүл мэндэд хүндэвтэр, Е.Мгийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан үйл баримт улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудын хүрээнд эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заажээ.
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ”Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2-д “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж тус тус заасан байна.
-Дээрх хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болно.
-Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцох ба Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6-д зааснаар зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг зам тээврийн осол гэж ойлгохоор заасан тул шүүгдэгч Х.Жыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан буюу зам тээврийн осол гаргасан гэж үзнэ.
2. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 2,3,4 дэх хэсгүүдэд тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг хуульчлан тогтоожээ.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “согтуурсан, мансуурсан үедээ”, тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, 2.3-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” бол уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарахаар заажээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт "Жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Ж нь 64-47 БӨҮ улсын дугаартай, “Тоёота приус-20” маркын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан тул түүнийг жолооч гэж үзнэ.
3.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а заалтаар жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон байна.
Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 1 дэх хэсгийн 1.3-д “Согтууруулах ундааны зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын багаж ашиглаж хувь хэмжээг тодорхойлох, эсхүл шүүх эмчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай эсэхийг зориулалтын тандагч багаж ашиглан тандалт хийж болно” гэж, мөн журмын 2 дахь хэсгийн 2.5-д “...шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%0), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%0), илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” тус тус заажээ.
Шүүгдэгч Х.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх хориглосон заалтыг зөрчиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу цусанд 0.55% промиль (%0) согтолттой байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргасан нь хавтаст хэргийн 103-105 дахь талд авагдсан Шүүх химийн шинжилгээний 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 66 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч Х.Жыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн гэж үзнэ. Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Согтуурсан үедээ” гэх хүндрүүлэх шинжийг хангана.
4.Түүнчлэн шүүгдэгч Х.Ж нь тухайн өдөр “Тоёота Приус-20” загварын 64-47 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баян-Өлгий-Табылтай гэх тэмдэгтэй засмал замаар замын хөдөлгөөнд оролцон, уулзвараар зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ адил замаар өөдөөс чигээрээ яваа мотоцикльд зам тавьж өгөөгүй, эргэх үйлдэл хийхдээ дохио өгөөгүй зэргээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Х.Жын зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Е.Х.Дын эрүүл мэндэд хүндэвтэр, насанд хүрээгүй хохирогч Е.Мгийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байна.
5. Иймд шүүгдэгч Х.Жын 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-20” загварын 64-47 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баян-Өлгий-Табылтай гэх тэмдэгтэй засмал замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 15.10 дахь заалтуудыг тус тус зөрчиж, мотоцикльтой мөргөлдөн, зам тээврийн осол гаргаж, хохирогч Х.Дын эрүүл мэндэд хүндэвтэр, Е.Мгийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
6. Зам тээврийн осол гарахад мотоциклийн жолооч А.Нын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлүүд нөлөөлөөгүй гэж шүүх дүгнэлээ.
7. Хэрэгт авагдсан мөрдөгчийн магадлагаа нь тусгай мэдлэгийн хүрээнд шинжлэх ухааны үндэслэл бүхий гарсан эсэх нь эргэлзээ бүхий байх тул уг магадлагааг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзсэн болно.
8. Шүүгдэгч Х.Жын үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч А.Нын эрүүл мэндэд хөнгөн, хохирогч Х.Дын эрүүл мэндэд хүндэвтэр, насанд хүрээгүй хохирогч Е. Мгийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан нь тогтоогдсон боловч хохирогч Х.Д, насанд хүрээгүй хохирогч Е.М, Е.М болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, мөн иргэний нэхэмжлэгч А.Н, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Жаас гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн болон бусад хохирол, сэтгэцэд учирсан хохирол зэргийг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Жаас гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт мөнгөн хэлбэрээр төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзлээ.
Харин насанд хүрээгүй хохирогч Е.Мгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд гарах зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Х.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан нь тогтоогдож, шүүхээс гэм буруутайд тооцогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч шүүх хуралдаанд: ”Шүүгдэгч Х.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоох” дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т шүүх хуралдаанд “Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн эмэгтэй хүн, хохирогч нараас хохирол нэхэмжлээгүй, гэмт хэрэг гарахад хохирогч нарын буруутай үйлдэл нөлөөлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар Х.Жын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял тэнсэж өгөхийг хүсэж байна. Шүүгдэгч нь хот хооронд хувиараа хөдөлмөр эрхэлдэг” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
4. Шүүгдэгч Х.Ж шүүхийн хэлэлцүүлэгт:”...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Х.Ж урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 213 дахь тал)-аар нотлогдож байх бөгөөд хувийн байдлын хувьд тэрээр 1990 онд төрсөн, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, бага насны 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт амьдардаг, анх удаа гэмт хэрэгт үйлдсэн гэх хувийн байдлууд хэрэгт тогтоогдсон байна.
Шүүгдэгч Х.Ж нь урьдаас төлөвлөгөөгүй, гэнэт үүссэн хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
6. Иймд шүүгдэгч Х.Жын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, түүний анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, хохирогч нараас хохирол, хор уршиг нэхэмжлээгүй зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Х.Жт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил, 5 (тав) сарын хугацаагаар хасаж, мөн зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х.Жт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Х.Жт оногдуулсан тэнсэн харгалзах болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл,6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил, 5 (тав) сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсан үеэс тоолж эдлүүлэхийг тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
7. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Жаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Хайн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар шүүгдэгч Х.Жын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Жт тэнссэн хугацаанд оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавьж, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг түүнд хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоосугай.
7. Шүүгдэгч Х.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Насанд хүрээгүй хохирогч Е.М нь цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Еээр дамжуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж, хохирогч Х.Д, насанд хүрээгүй хохирогч Е.М, Е.М нар тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Н, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь шүүгдэгч Х.Жаас сэтгэцийн болон эмчилгээтэй холбоотой хохирол, хор уршгийг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлснийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б