Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 127/ШШ2022/0018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 127/2019/0009/3

 

Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “АТРС” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХАЗД холбогдох,

Гуравдагч этгээд: “ХУ” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: ХАЗД-ын 2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 121 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.М, гуравдагч этгээд “ХУ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Т, түүний өмгөөлөгч Л.Б, Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “АТРС” ХХК нь ХАЗД холбогдуулан 2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 121 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

2. Нэхэмжлэгч “АТРС” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... ХАЗД-ын2003 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 115 тоот шийдвэрийг үндэслэн “Аварга тосон Хэнтий” ХХК-д Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга багийн нутаг Рашаан Ухаа нэртэй газарт 20.000 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 60 жилийн хугацаатай буюу 2003 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2063 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл эзэмшүүлэхээр олгосон.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх газар эзэмших эрхийг эзэмшиж байгаатай холбоотойгоор Газрын тухай хууль, бусад хууль тогтоомжийг зөрчөөгүйгээс гадна, газар ашиглах гэрээг 2003 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Дэлгэрхаан сумын Засаг даргатай байгуулж, мөн 2003 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Ус ашиглах гэрээг 60 жилийн хугацаатай тус тус байгуулж, газрын төлбөрийг зохих журмын дагуу тухай бүр төлж байсан.

2019 онд иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж олгож байгаа, гэрчилгээг шинэчлэх шаардлагатай гэсэн мэдээллийн дагуу газрын гэрчилгээг шинэчлүүлэх хүсэлтийг холбогдох байгууллагад гаргасан.

Гэтэл манай байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг 2008 онд хүчингүй болгосон талаарх албан бичгийг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 98 тоот албан бичгээр ирүүлснээр мэдсэн.

Уг албан бичигт “Танай байгууллагын гаргасан хүсэлтийн дагуу ХАЗД-ын2003 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 115 тоот захирамжийг судалж үзэхэд тус захирамж нь ХАЗД-ын 2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 121 тоот захирамжаар хүчингүйд тооцогдсон байна. Ийм учир танай компанийн 0022540 дугаартай гэрчилгээг шинэчлэн олгох боломжгүй бөгөөд тус гэрчилгээг авчирч өгөхийг хүсье” гэж дурдсан байна.

Нэхэмжлэгчийн зүгээс уг албан бичгийг хүлээн авах хүртлээ газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар мэдээгүй байсан бөгөөд бүхэл бүтэн 11 жилийн өмнө хүчингүй болгосон атлаа яагаад манай байгууллагад мэдэгдээгүй, мөн хүчингүй болгосон газрын төлбөрийг 11 жилийн хугацаанд манай байгууллагаас мэдэгдэлгүйгээр авч байсан нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн захиргааны байгууллага шийдвэр гаргасны дараа ч мэдэгдээгүй, мөн шийдвэр гаргахаас өмнө буюу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцлахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдээгүй байдаг.

Газар эзэмших эрх цуцлах үндэслэлийг гагцхүү Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар тодорхой хуульчилсан байдаг. Гэтэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 98 тоот албан бичигт хавсаргасан ХАЗД-ын2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 121 дугаартай захирамж нь Газрын тухай хуулийн ямар зохицуулалтыг үндэслэж гарсан нь тодорхой бус байгаагаас гадна манай байгууллагын 60 жилийн хугацаатай эзэмшиж байгаа газар эзэмших эрхийг чухам ямар үндэслэлээр хүчингүй болгосон нь ойлгомжгүй, тодорхой бус байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймгийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан этгээдэд мэдэгдэх” үүрэгтэй байхад газрын гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэл болон хүчингүй болгосон шийдвэрийг манай байгууллагад огт мэдэгдээгүй төдийгүй, үндэслэлгүйгээр газрын төлбөрийг бүтэн 11 жилийн хугацаанд төлүүлж байсан байна.

Түүнчлэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 98 тоот албан бичигт хавсаргаж ирүүлсэн “Аварга рашааныг ашиглуулах тухай” ХАЗД-ын2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 121 тоот захирамжийн Нэг дэх заалтын агуулгаас дүгнэхэд аймгийн Засаг даргын 2003 оны 155 дугаар захирамжаар “Аварга тосон Хэнтий” ХХК-д Аваргын рашааныг ашиглах эрхийг олгосныг хүчингүйд тооцсон байж болохоор агуулгатай байгаа ба “ХУ” ХХК-ийн эрхийг сэргээсүгэй” гэж заасан байна. Энэхүү эрхийн актыг манайд мөн зохих журмын дагуу мэдэгдээгүй бөгөөд бид өөрсдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөнийг бүтэн 11 жилийн хугацаанд мэдээгүй явсаар ирсэн гэх үндэслэлийг бий болгож байна.

Манай компанийн газар эзэмших, рашаан ашиглах эрхийг бидэнд мэдэгдэлгүйгээр хүчингүй болгож, ийнхүү олон жилийн хугацаа өнгөрүүлсэн явдалд туйлын гомдолтой байгаа бөгөөд тодорхой ашиг сонирхлын зөрчил үүссэн байхыг үгүйсгэхгүй.

Өөрөөр хэлбэл “Аварга рашааныг ашиглуулах тухай” ХАЗД-ын2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 121 тоот захирамж нь нэхэмжлэгчийн рашаан ашиглах эрхийг, түүнчлэн газар эзэмших эрхийг нэг дор хүчингүй болгосон шийдвэр байх тул энэхүү захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “... Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан этгээдэд мэдэгдэнэ.” гэсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй бөгөөд хууль ёсны ашиг, сонирхол зөрчигдсөн болохыг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 98 тоот албан бичгийг ирүүлснээр анх мэдсэн тул Газрын тухай хуулийн 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан  өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан байна.

Иймд илт хууль зөрчиж гаргасан “Аварга рашааныг ашиглуулах тухай” ХАЗД-ын2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 121 тоот захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ХАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “ХАЗД-ын2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 121 дүгээр захирамжаар Дэлгэрхаан сумын нутагт орших “Аварга тосон Хэнтий” ХХК-ийн Аваргын рашаан ашиглах эрхийг үндэслэлгүй гэж үзэн “ХУ” ХХК-ийн рашаан ашиглах эрхийг сэргээхээр шийдвэрлэж аймгийн Засаг даргын 2003 оны 115 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2003 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар захирамжаар Дэлгэрхаан сумын Аварга багийн нутаг “Аварга тосон” рашаан сувиллыг дуудлага худалдаагаар худалдан авсантай холбогдуулан “Аварга тосон Хэнтий” ХХК-д Аваргын рашааныг ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

Эдгээр 2003 оны 115, 2008 оны 121 дүгээр захирамжийн үндэслэл хэсэгт “Газрын тухай хуулийн газар эзэмшүүлэхтэй холбогдсон холбогдох заалтыг оруулаагүй, захирамжийн утга нь зөвхөн “Аваргын рашааныг ашиглуулах тухай” гэж заагдсан учир уг захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, газар эзэмшүүлэх гэрээ байгуулах үндэслэлгүй юм.

Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т аймгийн Засаг дарга нь “аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэж заасан байдаг бөгөөд бусад сумдын нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх боломжгүй юм.

Иймд аймгийн Засаг даргын дээрх захирамжууд нь газар эзэмшүүлэхтэй холбогдсон эрх зүйн харилцаа бус зөвхөн Аваргын рашааныг ашиглуулахтай холбогдсон харилцааг шийдвэрлэсэн гэж үзэж байна” гэв.

4. Гуравдагч этгээд “ХУ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 1994 онд “Хүдэр” ББХК нь Аваргын рашааныг нээж, өөрийн хөрөнгөөр 100 метрийн  гүнтэй өрөмдлөг хийж, худаг тоноглосон. Манай нөхөр уг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Дэлгэрхаан сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 67 тоот захирамжаар Аваргын рашааны газар эзэмших эрх манай “ХУ” ХХК-д олгогдож, бид тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж, рашааныг ашиглаж эхэлсэн.

Тухайн газар орон, рашааныг бид маш их шүтэж, хүндэтгэлтэй ханддаг, байгалийн нэг ч чулууг хөдөлгөөгүй, зорин ирсэн хүмүүс рашаанаас чөлөөтэй хүртсээр ирсэн.

Тухайн үеийн нэрээр “АТРС” ХХК-ийн Т нь Аварга тосон сувиллыг хувьчилж авсныг үндэслэн ХАЗД-ын2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар захирамж гарч, манай компанийн газар эзэмших, рашаан ашиглах эрхийг хүчингүй болгосон.

Уг хууль бус шийдвэрийг манай компани эрс эсэргүүцэж, тухайн үед зохих гомдол, хүсэлтүүдээ удаа дараа гаргасны дүнд ХАЗД 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 121 дүгээр захирамж гаргаж, манай компанийн газар эзэмших, рашаан ашиглах эрхийг сэргээсэн.

Т нь бодит байдлыг хүлээн зөвшөөрч, рашааныг хямд үнээр худалдаж авч байхаар тохиролцож, гэрээ байгуулан жилдээ 500 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа билээ. “АТРС” ХХК нь манай манаачид 500 мянган төгрөг төлөөд рашааныг чөлөөтэй хэрэглэсээр ирсэн.

Иймд нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын 2008 оны 121 дүгээр захирамжийг огт мэдээгүй буюу өөрсдийгөө Аваргын рашаан бүхий газрыг эзэмшиж байсан мэтээр бичсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь Аваргын рашаан бүхий газрыг эзэмшихээр санаархаж байгаа нь хууль бус тул үүнийг таслан зогсоож өгнө үү” гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 10 гаруй жилийн өмнө гарсан захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн.

ХАЗД-ын2008 оны 121 дүгээр захирамжийг мэдээгүй гэдэг. Гэтэл “ХУ” ХХК-тай рашаан ашиглах гэрээ байгуулан, зуны гурван сардаа рашаан хэрэглэж ирсэн. Энэ нь тухайн рашаан болон рашаан бүхий газрыг “ХУ” ХХК эзэмшиж байсныг мэдсэн болохыг нотолно.

Нэхэмжлэгч рашаан, ус ашиглах талаар байгуулсан гэрээ, ус, рашаан ашигласны төлбөр төлж байсан тухай баримт байхгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх “Хүдэр” ББХК нь Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэр Аваргын рашааны ордын талбайд ашиглалтын 100 м гүнтэй худаг өөрийн хөрөнгөөр өрөмдөж, тоноглосон. Уг газрыг Дэлгэрхаан сумын Засаг даргын 1995 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 08 тоот захирамжаар 2000 он хүртэл эзэмших зөвшөөрөл олгосон.

Рашааныг савлаж үйлдвэрлэх, борлуулах чиглэлээр 1996 онд “ХУ” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Уг компанийн үүсгэн байгуулагчдын бүрэлдэхүүнд “Хүдэр” ББХК орсон. Дэлгэрхаан сумын Засаг даргын 1997 оны 67 дугаар захирамжаар Аваргын рашаан бүхий газрыг “ХУ” ХХК-д эзэмшүүлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл “ХУ” ХХК уг газрыг эзэмшиж, ашиглаж байна.

ХАЗД-ын2008 оны 121 дүгээр захирамж нь 2003 оны 115 дугаар захирамжид өөрчлөлт оруулсан.  Аймгийн Засаг дарга Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу гаргасан шийдвэрээ өөрчлөх, хүчингүй болгох  эрхтэй. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ, 121 дүгээр захирамжид Газрын тухай хуулийг баримтлаагүй байна гэсэн. Аварга тосон рашаан сувиллын эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж авсан, тухайн үеийн нэрээр, “АТРС” ХХК-д рашаан бүхий газрыг олгосныг хууль бус гэж үзэж, 2003 оны 115 дугаар захирамжид өөрчлөлт оруулсан. Иймээс Газрын тухай хуулийг баримтлах шаардлагагүй байсан гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт зааснаар, аймгийн Засаг дарга нь  аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Сумын Засаг дарга нь үүнээс бусад газрыг сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

Аймгийн Засаг даргын 2003 оны 115 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн дээрх заалтыг баримтлаагүй, хууль бус захирамж юм.

Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын 2008 оны 121 дүгээр захирамжийг мэдээгүй байх боломжгүй. Учир нь 11 жилийн хугацаанд газрыг эзэмшиж, ашиглаагүй, харин “ХУ” ХХК–тай рашаан ашиглах гэрээ байгуулаад явж байсан. 

Энэ хугацаанд, Дэлгэрхаан сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаар захирамжаар “ХУ” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгасан.Уг захирамжийг сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04 тоот захирамжаар хүчингүй болгож, 2014 оны А/43 дугаар захирамжаар Аваргын рашааныг “Мөнгөн бадрал” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн байдаг. Сумын Засаг даргын 2013 оны 04 дүгээр захирамжийг ХАЗД 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/443 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн, ийм үйл явдлууд болсон.

Нэхэмжлэгч газрын төлбөрийг 2008 оноос хойш 11 жил төлж ирсэн гэж тайлбарлан, газрын төлбөр төлсөн тухай хүснэгтийг нэхэмжлэлд хавсаргасан байгаа ч энэхүү баримт нь ямар газрын төлбөр болох нь тодорхой бус байна.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “АТРС” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч  ХАЗД холбогдох, ХАЗД-ын2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 121 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хянан хэлэлцээд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “АТРС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд хүсэлт ирүүлж, шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул өөрийнх нь эзгүйд шүүх хуралдааныг хийхийг хүссэн. Иймд шүүх түүний хүсэлтийн дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

3. Нэхэмжлэгч “АТРС” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Т нь ХАЗД-ын2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 121 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ, “ХАЗД-ын2003 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 115 тоот шийдвэрийг үндэслэн “Аварга тосон Хэнтий” ХХК-д Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга багийн нутаг Рашаан ухаа нэртэй газарт 20.000 м кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 60 жилийн хугацаатай ...эзэмшүүлэхээр олгосон. ...Гэтэл манай байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг 2008 онд хүчингүй болгосон талаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 98 тоот албан бичиг ирүүлснээр мэдсэн” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн энэхүү тайлбарыг гуравдагч этгээд “ХУ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Т, түүний өмгөөлөгч нар нь үндэслэлгүй гэж тайлбарлан, “аймгийн Засаг даргын 2003 оны 115 дугаар захирамж гарсны дараа бид тухайн үед нь зохих гомдол хүсэлтүүд гаргасны дүнд ХАЗД 2008 оны 121 дүгээр захирамж гаргасан, улмаар “Аварга тосон Хэнтий” компанийнхан бидэнтэй уулзаж, газар дээр очиж үзэн, бодит байдлыг хүлээн зөвшөөрч, рашааныг хямд үнээр худалдаж авахаар тохиролцсон, одоо болтол ийм журмаар явж байгаа, үүнийг 2016 онд байгуулсан Рашаан ус ашиглах тухай гэрээнүүд нотолно. Иймд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй” гэж маргасан.

5. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэв.

6. Учир нь,

 а/Маргаан бүхий захиргааны акт болох ХАЗД-ын2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 121 тоот захирамжийг нэхэмжлэгч “АТРС” ХХК-д хүргүүлсэн болон гардуулсан тухай баримт, тайлбарыг хариуцагч гаргаагүй, энэ тухай Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 98 тоот албан бичгээс өөр баримт байхгүй байна.

Гуравдагч этгээдээс шүүх хуралдаан дээр гаргасан, “АТРС” ХХК-тай 2016 онд байгуулсан Рашаан ус ашиглах тухай гэрээ нь нэхэмжлэгч  2008 оны 121 дүгээр захирамжийг мэдсэн тухай хангалттай нотлох баримт болохгүй.

б/ Нөгөө талаар, шүүх нэхэмжлэгч “АТРС” ХХК-ийн нэхэмжлэлийг анх хүлээн аваад, захиргааны хэрэг үүсгэсэн,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзалгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан, нэхэмжлэлийн шаардлагад үнэлэлт дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

7. Нэхэмжлэгч “АТРС” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ, “...ХАЗД-ын2008 оны 121 тоот захирамжийн Нэг дэх заалтын агуулгаас үзэхэд ...”Аварга тосон Хэнтий” ХХК-д Аваргын рашааныг ашиглах эрх олгосныг хүчингүйд тооцсон байж болохоор агуулгатай байгаа”, “...Өөрөөр хэлбэл, ...121 тоот захирамж нь нэхэмжлэгчийн рашаан ашиглах эрхийг, түүнчлэн газар эзэмших эрхийг нэг дор хүчингүй болгосон шийдвэр байх тул энэхүү захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах үндэслэлтэй” гэж дурдсан боловч голлон Газрын тухай хуулийн заалтуудыг үндэслэл болгож, газар эзэмших эрх нь зөрчигдсөн талаар бичсэн байна.

8. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ, “ХАЗД-ын2003 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 115 тоот шийдвэрийг үндэслэн “Аварга тосон Хэнтий” ХХК-д Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга багийн нутаг Рашаан ухаа нэртэй газарт 20.000 м кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 60 жилийн хугацаатай буюу 2003 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2063 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл эзэмшүүлэхээр олгосон, ... газар ашиглах гэрээг 2003 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дэлгэрхаан сумын Засаг даргатай байгуулж, мөн 2003 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Ус ашиглах гэрээг 60 жилийн хугацаатай байгуулж, газрын төлбөрийг зохих журмын дагуу тухай бүр төлж байсан” гэжээ.

9. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн, маргаан бүхий 121 тоот захирамжийн 3 дахь заалтад, “Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай” гэжээ.

10. ХАЗД-ын2003 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар захирамжид, “Аваргын рашааныг ашиглах эрхийг “Аварга тосон” рашаан сувиллыг нийтийн дуудлага худалдаагаар худалдан авсан ”АТРС” ХХК-д олгох, захирамжийг хэрэгжүүлж газар эзэмших болон ус ашиглах гэрээг “”АТРС” ХХК-тай байгуулж ажиллахыг сумын Засаг даргад даалгах, “ХУ” ХХК-д эрх олгосон гэх сумын Засаг даргын 1997 оны 67 дугар захирамж, 1997 онд “ХУ” ХХК-тай байгуулсан газар эзэмших 09 тоот гэрээ, 2003 онд байгуулсан ус ашиглах гэрээ, газар ашиглах 05 тоот гэрээнүүдийг тус тус хүчингүй болсонд тооцох”-оор захирамжилсан байна.

11. ХАЗД-ынэнэхүү 2003 оны 115 дугаар захирамжийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн 0022540 тоот гэрчилгээг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн ба Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн, Ерөнхий захирал Д.Ттэй 2004 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ[1] хэрэгт авагджээ.

12. Аваргын рашаан нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт оршдог бөгөөд уг рашаан бүхий газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасны дагуу сумын Засаг дарга шийдвэрлэх бүрэн эрхтэй байна.

13. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д, сумын Засаг дарга “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан.

14. Хуулийн энэ заалтын дагуу Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт орших Аваргын рашаан бүхий газрыг нэхэмжлэгч “АТРС” ХХК-д эзэмшүүлэх, ашиглуулах тухай Дэлгэрхаан сумын Засаг даргын шийдвэр гараагүй байна.

15. Иймд, хэдийгээр нэхэмжлэгч “АТРС” ХХК-д ХАЗД-ын2003 оны 115 дугаар, “Аваргын рашааныг ашиглуулах тухай” захирамжийг үндэслэн, 2004 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж байсан ч, нэхэмжлэгчид Газрын тухай хуулийн дагуу Аваргын рашаан бүхий 2 га газрыг эзэмших эрх олгогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

16. Иймээс нэхэмжлэгч нь газар эзэмших эрх нь зөрчигдсөн гэх үндэслэлээр хариуцагч ХАЗД-ын2008 оны 121 дүгээр захирамжийн талаар нэхэмжлэл гаргах эрхгүй байна.

17. Гуравдагч этгээд “ХУ” ХХК нь “анх Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэр дэх Аваргын рашааныг нээж, өөрийн хөрөнгөөр 100 метрийн  гүнтэй өрөмдлөг хийж, худаг тоноглосон,  Дэлгэрхаан сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 67 тоот захирамжаар Аваргын рашааны газар эзэмших эрх олгогдож, газар эзэмших, ус, рашаан ашиглах гэрээнүүдийг байгуулан өнөөдрийг хүртэл ашигласаар байгаа“ гэж тайлбарласан бөгөөд  үүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан байна.

18. Тухайлбал, Дэлгэрхаан сумын Засаг даргын 1997 оны 67[2], 1998 оны 67[3] дугаар захирамжууд /хавсралтгүй/ болон газар эзэмших эрхийн 1999 оны 221200014 тоот, 2005 оны 0018759[4] тоот гэрчилгээнүүд хэрэгт авагдсан.  Мөн захиргааны байгууллагаас гуравдагч этгээд “ХУ” ХХК-тай газар ашиглах гэрээг 2003, 2005[5], 2007[6], 2009[7], 2013[8], 2015[9], 2018, 2019[10] онуудад, ус ашиглах гэрээг 2003[11], 2005[12], 2007[13] онуудад, рашаан ашиглах гэрээг 2011, 2016, 2018, 2019[14] онуудад тус тус байгуулж байсан байна.

19. Мөн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаар захирамжаар[15] гуравдагч этгээд “ХУ” ХХК-ийн газар эзэмших эрхийг 15 жилээр сунгаж, газар эзэмших эрхийн 0018759 тоот гэрчилгээнд сунгалтын тухай бичилт хийгдсэн байна. Иймээс Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэр дэх Аваргын рашаан бүхий 2 га газрыг гуравдагч этгээд “ХУ” ХХК эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байна.

20. Ийнхүү маргаан бүхий 2008 оны 121 дүгээр захирамж гарснаас хойш Дэлгэрхаан сумын Засаг даргын 2012 оны 78 дугаар захирамж гарсан, уг 78 дугаар захирамж нь хүчин төгөлдөр байгаа нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгч “АТРС” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу хариуцагч ХАЗД-ын2008 оны 121 дүгээр захирамжийг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчийн тухайн газрыг эзэмших эрх сэргэх боломжгүй.

21. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт, “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу нэг байршлын нэгж талбарын газрыг хоёр этгээдэд нэгэн зэрэг эзэмшүүлэх боломжгүй юм. 

22. Хариуцагч ХАЗД 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 121 дүгээр захирамжаараа аймгийн Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь  хуульд заасан өөрийнх нь бүрэн эрхийн асуудал юм.  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан.

23. Нэхэмжлэгч “АТРС” ХХК-ийн ус, рашаан ашиглах эрхийн тухайд, энэ талаарх нотлох баримт байхгүй,  нэхэмжлэгч нэхэмжлэлдээ, 2003 онд Ус ашиглах гэрээг 60 жилийн хугацаатай байгуулсан талаар дурдсан боловч гэрээг шүүхэд ирүүлээгүй болно.

24. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ, “газрын төлбөрийг зохих журмын дагуу тухай бүр төлж байсан” гэж дурдан, татварын улсын байцаагчийн гарын үсэг, тэмдэг бүхий 1 хуудас хүснэгтийг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн. Уг баримтаас нэхэмжлэгч нь  Аваргын рашаан бүхий газрын төлбөрийг төлсөн эсэх нь харагдахгүй, энэ тухай гуравдагч этгээд “ХУ” ХХК-ийн өмгөөлөгч Л.Бийн тайлбар үндэслэлтэй байна.

 25. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч “АТРС” ХХК-тай 2004 онд байгуулсан, газар эзэмшүүлэх гэрээнд газрын төлбөрийн хэмжээг жилд 160 000 төгрөг гэсэн байна. Харин нэхэмжлэгчийн татвар төлөлтийн хүснэгтэд  2004 онд 1 574 600 төгрөг төлсөн дүнтэй байна.

26. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ, “...хүчингүй болгосон шийдвэрийг манай байгууллагад огт мэдэгдээгүй төдийгүй, үндэслэлгүйгээр газрын төлбөрийг бүтэн 11 жилийн хугацаанд төлүүлж байсан байна” гэж дурдсан.

Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзвэл нэхэмжлэгч нь гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч ХАЗД-ын 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 121 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “АТРС” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЛЖМАА

 

 

 

 

 

 

 

[1] 1 хавтас 85 хуудас

[2] 1 хавтас 182 хуудас

[3] 1 хавтас 122 хуудас

[4] 1 хавтас 124-125 хуудас

[5] 1 хавтаст 45-47 хуудас

[6] 1 хавтас 56 хуудас

[7] 1 хавтас 61 хуудас

[8] 1 хавтас 128 хуудас

[9] 2 хавтас 77 хуудас

[10] 1 хавтас 134-138 хуудас

[11] 1 хавтас 42 хуудас

[12] 1 хавтас 53 хуудас

[13] 1 хавтас 58 хуудас

[14] 1 хавтас 145-150 хуудас

[15] 1 хавтас 126 хуудас