| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2025/0057/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/74 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/74
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бдаргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
Орчуулагч, хэлмэрч Т.Х,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрх зүйн туслалцааны төвийн Баян-Өлгий аймаг дахь улсын өмгөөлөгч С.Т,
Шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, С ургийн овгийн лцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар /Бөхөн уул/ баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, С. ургийн овогтой Х.ийн Т, регистрийн дугаар: ......
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Т нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Тауба” гэх нэртэй билльярд тоглоомын газарт бусадтай маргалдах явцдаа хохирогч Б.Бын бүсэлхий нурууны зүүн талд хутгалж, түүний эрүүл мэндэд бүсэлхий нурууны зүүн талд оёдолтой шархтай гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг үнэн. Би гэмт хэргийн хор уршигт 750.000 төгрөг орчим төгрөг барагдуулсан. Хохирогч гомдолгүй гэдгээ илэрхийлж, тодорхойлолт гаргаж, нотариатаар батлуулж өгснийг шүүх хуралд гаргаж өгсөн. Иргэний нэхэмжлэгч байгууллагаас хохирол нэхэмжилж байгааг өнөөдөр шүүх хуралдааны үеэр мэдлээ. Уг хохирлыг төлж барагдуулна” гэв.
1.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Х.Т нь гэм буруугийн асуудлаар маргахгүй байгаа. Гэмт хэргийн хохирол, хор уршгийг төлж барагдуулснаар хохирогч Бебкболат гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн. Иргэний нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжилж байгаа хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Хувийн байдлын хувьд Х.Т нь охины хамт амьдардаг, ганц бие эцэг байгаа. Хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан тул групп авдаг. Мөн биллъардын газар түрээсэлж, өдөрт 30.000-40.000 төгрөг олдог. Миний үйлчлүүлэгч өвчтэй байгаа. Уг байдлыг харгалзан үзэж, шүүгдэгчид холбогдсон зүйл, хэсгээр нь 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
1.3. Улсын яллагч Д.А. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.Т нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт билльярдын газарт хохирогчийн бүсэлхийн нурууны зүүн талд хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгчийн тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн прокурорын яллах дүгнэлтэд иш татагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлуулахаар тэмдэглүүлсэн яллах талын нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймээс шүүгдэгч Х.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байгаа. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд буюу хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Түүнээс үүдэлтэй хор уршгийг хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилсэн. Тодруулбал хохирогчоос эмчилгээний зардал, хутгалуулах үедээ өмсөж явсан хувцасны үнэлгээ гэх зэргийг мэдүүлгээрээ нэхэмжилснийг шүүгдэгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө төлж барагдуулсан талаарх баримтыг гаргаж өгсөн. Мөн хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Иймд шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй. Харин иргэний нэхэмжлэгч байгууллага болох эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 116.303 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч байгууллага болох эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож, шүүхээс торгох ял шийтгүүлж байсан. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт, шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбар мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч нь хөдөлмөрийн чадвараа тодорхой хувь хэмжээгээр алдсан, тодорхой эрхэлсэн ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй, хүний ажиллуулах биллиардын газарт очиж туслалцаа үзүүлдэг гэдгийг хэлж байна. Тэрээр ам бүл 2, хөдөлмөрийн чадвар алдалттай холбоотой төрөөс 375.000 төгрөг авч байгаа. Мөн шүүгдэгч нь утсаа ломбардад тавьж, хохирлоо барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байгаа. Тухайн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.
2.1. Иргэн Б.Баас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),
2.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 03-06 дахь тал),
2.3. Дуу, дүрсний бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16-23 дахь тал),
2.4. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 24 дэх тал),
2.5. Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Өлгий сумын 11 дүгээр баг, “Дөл” төвтэй залгаа байрлах дэлгүүрийн 2 давхар “Тауба” гэх билльярд тоглох газарт өдөр 15 цаг өнгөрч байхад очсон. Тухайн билльярдад олон хүмүүс билльярд тоглож байсан бөгөөд ихэнх хүмүүсийг нь танихгүй, арван жилийн танил болох Т гэх залуу бас тоглож байсан юм. Би тухайн билльярдын газарт хөзөр тоглож буй хүмүүсийн дэргэд сууж “Покер” гэх хөзер тоглосон, “Покер”-ыг 7 хүн сууж тоглосон бөгөөд тэдгээр хүмүүс дунд Т бас тоглож байсан юм. Тоглож байх явцад Ховдабай гэх тухайн билльярдын газрыг ажиллуулж байсан залуу болон Т нар хоорондоо маргаж эхэлсэн. Тэр хоёр 10.000 төгрөг булаацалдаж маргасан ба би тухайн хөзөр тоглож байсан ширээнээс босоод цонхоор харж байгаад эргээд хартал ард ширээний хажууд Ховдабай болон Т нар маргалдаж хоёулаа гартаа сандал барьсан байдалтай зодолдож байхаар нь би салгах зорилготой тэр хоёрын дэргэд очсон юм. Би танил найз болох Тийг билльярдын ширээн дээрээс бөөрөнхий чулуу /шариг/ авч Ховдабай руу шидчихвий гэж бодоод Тийг тэвэрч авсан ч тэр Ховдабай руу дайрсаар байсан. Тэгээд Т нь миний гарыг тавиулах гэж оролдож байх явцад миний ар нуруу хэсэг гэнэт хүчтэй өвдсөн. Би гайхаад гадуур өмсөж явсан хүрмээ тайлахад миний зүүн талын бөөрний хэсгээс цус ихээр олгойдон гоожиж байсан. Тухайн үед л намайг Т хутгалсан талаар мэдсэн. Одоогоос гурав хоногийн өмнө тус билльярдын газарт орж ирээд Ттэй уулзаж мэндлээд ярилцаж суухад надад хар өнгийн бариултай, үзүүр хэсэг нь далий хутга харуулаад "... одоо намайг өдсөн, намайг оролдсон хүнийг энэ хутгаар хутгална, би хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрийгөө иймэрхүү зүйлээр хамгаалах хууль надад бий, би хүн хутгалсан ч надад хууль үйлчлэхгүй шүү...” гэх мэт үгийг надад хэлсэн. Би дөнгөж сая Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж тухайн хутгалуулсан газартаа гурван оёдол тавиулсан бөгөөд эмч нар хутга миний бие рүү 5 см хэмжээтэй орсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),
Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...Надад хохирлын талаар гаргаж өгөх баримт байхгүй байна, ойролцоогоор 600,000 төгрөгийн эм тариа, боолт, бинт хэрэглэсэн. Би гомдолтой байна, энэ явдлаас болж ажилдаа явж чадахгүй байна, сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх болно, мөн өмсөж явсан өвлийн өмд, куртик, цамц зэргийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101 дэх тал),
2.6. Иргэний нэхэмжлэгч А.А.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Б нь2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас 116.303 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг гаргуулсан байна. Дээрх мөнгийг эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд тушаах шаардлагатай...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99 дэх тал),
2.7. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 08/06 дугаартай албан бичиг, түүний хавсралт (хавтаст хэргийн 95-96 дахь тал),
2.8. Гэрч Х.Хо.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Т дахиж над руу дайрч эхлэх үед тухайн газарт байсан Б гэх нэртэй танил залуу ирж, Тийг тэврээд салгаад авсан. Тэр хүн цоохор өнгийн өвлийн зузаан куртиктэй явсан бөгөөд тэгж байтал Б нь "миний хөл рүү нэг юм хийгээд авах шиг боллоо" гэж хэлээд Тийг тавиад цаашаа явах үед Т дахиж над руу дайрах мөчид гаднаас үл таних нэг залуу орж ирээд салгах шиг болсон. Тэгсэн ч Т миний зүүн шанаа хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон. Тэр үед гаднаас Тий ах Аманжол орж ирээд түүнийг салгаж авсан, тэр үед би Тийг салгасан Б гэх хүнийг дагуулж, гадагшаа гарах үед Б надад "миний баруун өгзөгний хэсэг хутга оруулаад авах шиг боллоо" гэж хэлэхээр нь би тэр хүний өмдийг нь доошоо шувталж үзэх үед баруун өгзөгний дээд хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд би билльярдны эзэн Хайролыг дуудах үед тэр хүн шууд хүрээд ирсэн, тэгж байтал удалгүй эргүүлийн цагдаа нар бас хүрээд ирэхээр нь иргэн Т бид хоёр эргүүлийн цагдаа нарын хамт цагдаагийн байгууллагад ирсэн, харин Быг билльярдны эзэн Хайрол эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
2.9. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой С.Р.ийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №25/04 дугаартай шинжээчийн “...Ногоон цоохор өнгийн хүрмийн ар зүүн талын доод ирмэгээс дээш чиглэлтэй 28 см зайд, зүүн талын залга оёдлоос баруун чиглэлтэй 24 см зайд 2,6 см хэмжээтэй уранхай үүссэн байна. Уг урагдсан гэмтлийн утасны зах ирмэг нь тэгш хэмтэй байх тул хурц иртэй буюу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Ногоон цоохор өмдний ар талын зүүн өгзөг дээрх халааснаас дээш чиглэлтэй 9,8 см хэмжээтэй зайд 0,5x2,2 хэмжээтэй уранхай үүссэн байна.Уг урагдсан гэмтлийн утасны зах ирмэг нь тэгш хэмтэй байх тул хурц иртэй буюу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Цайвар ногоон өнгийн цамцны ар талын доод ирмэгээс дээш чиглэлтэй 8,2 см хэмжээтэй зайд, зүүн талын залга оёдлоос баруун чиглэлтэй 12 см зайд 2 см хэмжээтэй уранхай үүссэн байна. Уг урагдсан гэмтлийн утасны зах ирмэг нь тэгш хэмтэй байх тул хурц иртэй буюу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. ...Ногоон цоохор өнгийн хүрэм, ногоон цоохор өнгийн өмд, цайвар ногоон өнгийн цамцанд үүссэн зүсэгдэлт нэг удаагийн хурц иртэй буюу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ...” гэх дүгнэлт түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 35-39 дэх тал),
2.10. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Х..ын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 105 дугаартай шинжээчийн “...Б.Бын биед бүсэлхий нурууны зүүн талд оёдолтой шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дахь тал),
2.11.Ашид Билгүүн ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн БӨА-25-0019 дугаартай үнэлгээний дүгнэлт (хавтаст хэргийн 107-112 дахь тал),
2.12. Шүүгдэгч Х.Тий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 31-ний орой 14 цагийн үед Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Тауба билльярдны газарт ганцаараа очсон. Намайг очиход тухайн билльярдны газарт олон хүмүүс байсан бөгөөд би уг билльярдыг ажиллуулдаг Х.Ховдабай бид хоёр 1 тоглолтын 10.000 төгрөгөөр бооцоо тавьж тоглодог. Тэгээд би 4 удаа хожоод тэрээр надад 40.000 төгрөг өгөх ёстой байснаас 30.000 төгрөг өгсөн. Үлдсэн 10.000 төгрөгийг асуухад өгөхгүй байсан. Тэгэхээр нь би өөр хүмүүстэй ахиад бооцоогүй билльярд тоглосон. Тэгээд уг билльярдаас гараад ахиад орой 17 цагийн үед мөн ирээд сул ширээ байхаар нь хөдөөний нэг залуутай биллъяард тоглож байхад Ховдабай нь надтай хэрүүл маргаан хийж бид хоёр маргалдаж байгаад нэг удаа ширээ өшиглөсөн. Тэгтэл Ховдабай намайг хуванцар сандлаар нэг удаа толгой хэсэг рүү цохисон. Тэгээд би гэнэт уурлаад тухайн билльярны дотор талын цонхны тавцан дээр байсан үзүүртэй төмрийг баруун гартаа аваад түүн рүү дайрсах үед ногоон эрээн хувцастай залуу намайг барьж аваад Ховдабайд ойртуулаагүй, биднийг салгасан. Тэгээд салгаад байж байхад манай ах Х.Аманжол нь орж ирсэн, тэр үед нөгөө залуу намайг хутгалчихлаа гэсэн бөгөөд түүнийг эмнэлэг рүү дагуулаад явсан. Харин Ховдабай бид хоёрыг цагдаагийн газар руу аваад явсан.
Б.Б нь биллъяардын газарт хааяа нэг ирдэг, би тухайн явдлаас өмнө түүнтэй нэг удаа уулзсан, яг хэд хоногийн өмнө гэдгийг санахгүй байна, тэр үед бид хоёр ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй зүгээр хөзөр, билльярд тоглож байгаад явсан. Би түүнд хандаж хар өнгийн үзүүр хэсэг нь далий хутга харуулаад одоо намайг өдсөн, намайг оролдсон, хүнийг энэ хутгаар хутгална, би хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрийгөө иймэрхүү зүйлээр хамгаалах хууль надад бий, би хүн хутгалсан ч надад хууль үйлчлэхгүй шүү” гэж сүрдүүлсэн зүйл байхгүй, би биедээ хутга мэс авч явдаггүй юм. Би хөдөлмөрийн чадвар алдалтын 60%-иар групп авдаг. Мөн 13 настай охинтой өрх толгойлсон эцэг, ам бүл хоёулаа байдаг юм. Мөн миний зүүн гар, хөл саажилттай юм. Би хохирогчийн хохирлыг барагдуулаагүй ямар нэгэн төлбөр төлөөгүй. Гэхдээ тухайн явдлын дараа би түүнээс уучлалт гуйсан болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.13. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
-Иргэний үнэмлэхийн болон байнгын оршин суугаа хаягийн лавлагаанууд (хавтаст хэргийн 58-59 дэх тал),
-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал),
-Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 90-93 дахь тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 88 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.14. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Тийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.2. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт цугларсан хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 27, 101 дэх тал), дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16-23 дахь тал), гэрч Х.Ховдабайгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал), үүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд (хавтаст хэргийн 35-39, 49-50 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Х.Т нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Таубай” гэх биллъяардын газарт гэрч Х.Ховдабайтай хөзрийн бооцооны асуудлаар маргалдах явцдаа тэдгээрийг салгахаар очсон хохирогч Б.Бын нурууны зүүн хэсэгт нэг удаа хутгалж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.
3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.
4.2.Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Х.Т нь хохирогч Б.Бын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн халдаж, түүний эрүүл мэндэд бүсэлхий нурууны зүүн талд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Х.Т нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Х.Т гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4.3. Иймд шүүгдэгч Х.Тий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Х.Тийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Х.Тий ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.
5. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Х.Т нь шүүхийн шатанд гэмт хэргийн хор уршгийг бүрэн төлж барагдуулснаар хохирогч Б.Б нь цаашид Х.Тд ямарч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж, тодорхойлолт гаргаж, наториатаар гэрчлүүлж, шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Тээс гаргуулж, хохирогч Б.Бад төлүүлэх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
6.Хохирогч Б.Б нь гэмт хэрэгт өртсөний дараа эмчилгээ хийлгэж, эрүүл мэндийн даатгалын сангаас 116.303 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан нь тогтоогдож байх бөгөөд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс дээрх төлбөрийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж, тус байгууллагын хүсэлтээр иргэний нэхэмжлэгчээр А.Асемгүлийг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.
Иргэний нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжилсэн дээрх хохирлыг шүүгдэгч Х.Т нь төлж барагдуулаагүй байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Тээс гэмт хэргийн хор уршигт 116.303 төгрөг гаргуулж, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжилсэн 116.303 төгрөгийг шүүгдэгч Х.Т нь төлж барагдуулахаа илэрхийлснийг дурдах нь зүйтэй.
Хоёр:Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
1. Шүүхээс шүүгдэгч Х.Тийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Т нь хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж, дуусгавар болсон нөхцөл байдал тогтоогдож байна.
3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Х.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,
4.Шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч С.Т нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” хүсэлтийг тус тус гаргав.
5. Шүүхээс шүүгдэгч Х.Тий зэвсэг хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тэрээр эрүүл мэндийн хувьд зүүн гар, хөл саажилттай гэх оношоор хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан, хувийн байдлын хувьд 14 насанд хүрээгүй хүүхэдтэй ганц бие эцэг гэх нөхцөл байдлууд хэрэгт тогтоогдож байгааг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тд 1 /нэг/ сар, 20 /хорь/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт этгээдийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүнийг одоо оршин сууж байгаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С. ургийн овгийн Х.ийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тд 1(нэг) сар, 20 (хорь) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүнийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Тээс гэмт хэргийн хор уршигт 116.303 (нэг зуун арван зургаа мянга гурван зуун гурван) төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын сан /100900020080 тоот данс/-д төлүүлэхээр тогтоож, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Тээс гаргуулж, хохирогч Б.Бад олгох хохирол, хор уршиггүй болохыг дурдсугай.
6. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шүүгдэгч Х.Т нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD бичлэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шүүгдэгч Х.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б