| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2014/08815/И |
| Дугаар | 101/ШШ2018/02251 |
| Огноо | 2018-06-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2018/02251
| 2018 оны 06 сарын 27 өдөр | Дугаар101/ШШ2018/02251 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Д.Цэрэндолгор, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Дын /РД: 000000000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Л /РД: 0000000/, Галягийн Б /РД:00000000/ нарт холбогдох
Гэм хорын хохиролд 31.342.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жамьян,
Хариуцагч Г.Б,
Хариуцагч Г.Бын өмгөөлөгч Б.Сонинбайгаль,
Иргэдийн төлөөлөлөгч Э.Мөнхзул,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.Д нь 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Д.Л, Г.Б нарын эзэмшлийн ххххххххххххххххххх тоот дахь хашаа байшинд байрлах 18 м.кв агуулахыг түрээслэж, дотор нь Нарантуул зах дээр зардаг барилгын шинэ багаж, хөрөө рамны мотор, хөдөлгүүр зэрэг эд зүйлсийг хадгалдаг байсан.
Гэтэл 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ххххххххххххххххххх тоот хашаа, байшинд гал түймэр гарч агуулахад хадгалж байсан миний бараа галд өртөж шатсан. Тухайн гал түймэр хашаа, байшингийн эзэн Д.Бын цаасан хайрцаг руу хийсэн хогноос болж гарсан болох нь гал түймрийн шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүдээр тогтоогдсон.
Хариуцагч тал нэхэмжлэгч Б.Д намайг өөрөө гал тавьсан гээд байна. Хүн өөрийнхөө барааг шатааж өөртөө хохирол учруулна гэж байх уу. Цагдаагийн газар хэргийг шалгах явцад шинжээч гал түймэр гарсан шалтгааныг тогтоохдоо ашигласан тухайн өдрийн камерын бичлэг хэрэгт байгаа.
Бүрэн шатсан буюу дахин ашиглах боломжгүй болсон эд зүйлийн үнэлгээ, хагас шатсан буюу норсон, утас нь хайлсан, гэмтэлтэй гэх мэт барааны үнэлгээг зах зээлийн үнээс хямдаар тооцон бусдад худалдан хохирлын хэмжээгээ тооцсон.
Хариуцагч Г.Б, Д.Л нарын буруутай үйл ажиллагааны улмаас надад учирсан хохиролд 31.342.500 төгрөгийг эдгээр хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Би анх гэм хорын хохиролд 25.000.000 төгрөгийг нэхэмжилсэн ба галд шатсан эд зүйлийг үнэлсэн Шонхор Үнэлгээ Аудит ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэв.
Хариуцагч Г.Б, Д.Л нар шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Дын нэхэмжлэлтэй Г.Б, Д.Л нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Д.Б, Г.Л бид дараахь хариу тайлбарыг гаргаж байна. ххххххххххххххххххх тоотод 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гал түймэр гарч бидний эзэмшлийн агуулах шатсан.
Тухайн гал гарсан үшалтгаан нөхцлийг тогтоох Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 386/1356 дугаар дүгнэлтэд галыг хэн нэгэн зориуд тавьсан гэх шинж тэмдэг үгүй байв гэж,
Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 9/17 дугаар дүгнэлтэд түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас гал түймэр гарсан гэж үзэж байна. Шатамхай хогийг зориулалтын тагтай саванд хаяаагүй зэргээс улбаатай байна. 09 цаг 43 минутанд цагаан цамцтай иргэн Г.Бын хүүгийн хамт хоёр ширхэг хайрцагтай хогийг агуулахын үүднээс зайлуулж галыг банз, хүрзээр цохиж унтраасан. Өдрийн 12 цаг 56 минутын үед агуулахын баруун үзүүрийн дээвэр, хаалганы орчмоос дахин утаа гарч 13 цаг 01 минутанд дахин унтраасан гал дахин гурав дахь удаагаа гарсан байна,
Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар дүгнэлтэд ...иргэн Г.Бын агуулахад гарсан гал түймэр түрээслүүлэгчийн хайхрамжгүй, үйл ажиллагаанаас гарсан байна. 10 цаг 10 минутанд цаасан хайрцагтай хогийн гал түймрийн шаталт зогссон. Өдрийн 12 цаг 24 минутын үед агуулахын баруун үзүүрийн дээвэр, хаалганы орчмоос утаа гарч эхэлсэн гэсэн дүгнэлтүүд гарсан байна.
Шинжээчийн дүгнэлтүүд нь 10 цагийн орчим галыг унтраасан гэж дүгнэсэн боловч дутуу унтраасан гал 3 цагийн дараа дахин гарсан гэх дүгнэлт үндэслэлгүй, 13 цагийн үед гарч байгаа гал нь өөр шалтгааны улмаас гарсан байх боломжтой, жишээлбэл агуулах дотор шатах, тослох материал хадгалагдаж байсан эсэх, агуулах руу орж байгаа хүмүүс цог гишгэж галыг дэгдээсэн, галын шалтгаан агуулах дотроос гарсан байх зэрэг зүйлсийг шалгахгүйгээр дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Агуулах шатсаны дараа шатсан, гэмтсэн, норсон, хайлсан бүх барааг тусад нь ялгаж тоолоход 56 нэр төрлийн бараа гарсан. Тус тооллогыг хийхэд Б.Д, Г.Б, Д.Л биднээс гадна 2-3 хүн байсан.
Галын улмаас нэхэмжлэгч Б.Дын 56 нэр төрлийн 265 ширхэг бараа дутагдсан нь үнэн бөгөөд үүнтэй маргахгүй.
Харин Б.Д шүүхэд нэхэмжлэхдээ шатсан 56 нэр төрлийн бараан дээр нэмж норсон, хайлсан, гэмтэлтэй барааг нэхэмжилсэн. Уг нэмж нэхэмжилсэн барааг бид мэдэхгүй бөгөөд бүх гэмтсэн, шатсан, норсон барааг хамт тоолоод 56 гэж бүртгэсэн.
Сүүлд хөрөнгийн үнэлгээний газруудаар хохирлыг үнэлүүлсэн бөгөөд нэмж нэхэмжилж байгаа норсон, хайлсан, гэмтэлтэй барааны зураг үнэлгээний нэг ч дүгнэлтэд байдаггүй, гагцхүү нэхэмжлэгч Б.Дын хэлсний дагуу үнэлсэн байдаг.
Хэргийн материалд хохирлыг үнэлсэн 5 дүгнэлт байгаа бөгөөд үнэлгээний 2 газар болох Дамно ХХК, Гэрэгэ Эстимейт ХХК нь 56 нэр төрлийн барааг үнэлсэн, харин үлдсэн 3 үнэлгээний газар нь 56 нэр төрлийн бараан дээр нэмж норсон, хайлсан, гэмтсэн гэх барааг үнэлсэн боловч тухайн бараануудын зургийг огт хавсаргаагүй болно.
ххххххххххххххххххх тоот дахь хашаа байшин нь хот төлөвлөлтөд орсон бөгөөд одоо барилга баригдсан. Би өөрийнхөө агуулахад хадгалагдаж буй 56 нэр төрлийн барааг 100 айлын орчимд айлын хашаанд аваачсан ба сүүлд Гэрэгэ Эстимейт ХХК-ийн шинжээч дүгнэлт гаргахдаа барааг очиж үзсэн.
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтэд норсон, хайлсан, гэмтэлтэй барааг 86 нэр төрлийн гэж, Мтрейд ХХК-ийн үнэлгээнд норсон, хйалсан, гэмтэлтэй барааг 59 нэр төрлийн бараа гэж зөрүүтэй дүгнэлт гаргаж байгаа нь тухайн нэр төрлийн барааг газар дээр нь үнэлээгүйг харуулж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Г.Б, Д.Л нарт холбогдуулан гэм хорын хохиролд 25.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч галд шатсан эд зүйлийн хохирлын үнэлгээг тогтоосон Шонхор Үнэлгээ Аудит ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0047 тоот дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нийт 31.342.500 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Д.Лтай 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан уг гэрээний үндсэн дээр ххххххххххххххххххх тоот дахь хашаанд байрлах 10*8.5 м.кв талбай бүхий агуулахад өөрийн эд хөрөнгийг хадгалж байсан болох нь талуудын тайлбар болон гэрээний хуулбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 22-23 дугаар тал, 1 дүгээр хавтас/
Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ххххххххххххххххххх тоот дахь хашаа, байшинд буюу хариуцагч Д.Л, Г.Б нарын хашаанд /оршин суудаг/ гал түймэр гарсан байх ба Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Х.Батзул гал гарсан шалтгаан, нөхцлийг тогтоох тухай 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоороо шинжээч томилсон ба Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээчийн 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 386/1356 тоот дүгнэлтэд:
-2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 13 цаг 03 минутанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 13 дугаар гудамж, 343 тоотод Г.Бын 10*8.5 м.кв хэмжээтэй агуулахад гал гарсан байна. ... Б.Д нарын бараа галд өртсөн байв.
-Гал түймрийн голомт уг хашааны дотор талд хаалганы зүүн урд хэсэгт байсан болно.
-Галыг хэн нэгэн хүн зориуд тавьсан гэх шинж тэмдэг үгүй байв.
-Үүдний зүүн хэсэгт байсан хог хийж тавьдаг байсан цаасан хайрцаг дотор цогтой тамхины иш, чүдэнзний гал хийснээс цаасан хайрцганд цонож гал түймэр гарсан байна гэжээ.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 13 дугаар гудамж, 343 тоотод гал гарсан гомдлыг цагдаагийн байгууллага шалган дээрх хашаа, агуулахад санаатай гал тавьсан гэх нөхцөл байдал шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй,
-Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй,
-эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзээд Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын прокурорын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 6634 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан ба уг тогтоолд Б.Д, Г.Б, Д.Л нар хэн аль нь гомдол гаргаагүй байна.
/ХХ-ийн 7, 9-10, 18-22, 24-28, 37-43 дугаар тал, 1 дүгээр хавтас/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 604 тоот тогтоолоор ххххххххххххххххххх тоотод гал түймэр гарсны улмаас хэдэн нэр төрлийн, ямар үнэтэй бараа бүтээгдэхүүн шатсан болох, дээрхи шатсан бараа бүтээгдэхүүнээс хэдэн нэр төрлийн, ямар үнэтэй бараа бүтээгдэхүүн дахин ашиглах боломжгүй болсныг тогтоолгохоор шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилжээ.
Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХК-ийн 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 157 тоот дүгнэлтэд:
-2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар ххххххххххххххххххх тоотод гал түймэр гарсны улмаас 56 нэр төрлийн бараа галд шатаж 15.239.000 төгрөгийн, 59 нэр төрлийн бараа норсон, хайлсан, гэмтэлтэй тул 13.122.000 төгрөгийн, нийт 28.361.000 төгрөгийн хохирол учирсан байна гэжээ.
/ХХ-ийн 62-63, 68-88, 100-123 дугаар тал/
Дээрхи дүгнэлтийг хариуцагч тал эс зөвшөөрч дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан тул мөн шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 245 тоот тогтоолоор МТрейд ХХК-ийг шинжээчээр томилсон ба МТрейд ХХК-ийн 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 37 тоот дүгнэлтэд:
-Б.Дын бараа, бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнэ, цэнийг 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар тодорхойлоход 10.409.000 төгрөгийн бараа шатсан, дахин нэмэгдсэн бараанууд 3.354.500 төгрөгийн, 8.572.250 төгрөгийн бараа норсон, хайлсан, цахилгааны масстай, нийт 22.335.700 төгрөгийн хохирол учирсан болохыг тодорхойлов гэжээ.
/ХХ-ийн 100-123, 126-128, 140-158 дугаар тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Дын гал гарсан шалтгаан, нөхцлийг тогтоолгох хүсэлтийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 7926 тоот тогтоолоор Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийг шинжээчээр томилсон ба тус газрын 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 9/17 тоот дүгнэлтэд:
-Түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас гал түймэр гарсан гэж үзэж байна. Учир нь иргэн Г.Б агуулахтай тулгаж хогийн цэг байрлуулсан, хогийн сав нь шатамхай цаасан хайрцаг байсан. Галын аюулгүй байдлыг хангаж аж ахуйн нэгж байгууллагад байрлуулах анхан шатны багаж зэвсэглэмжийг MNS-5566-2005 стандартын дагуу байрлуулаагүй зэрэг нь гал түймэр гарч цаашид тархан дэлгэрэх үндэслэл болсон.
-Гал гарахад нөлөөлсөн хүчин зүйл нь тухайн галыг унтраахдаа бүрэн гүйцэд унтраагаагүй, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл ашиглаагүй, шатамхай хогийг зориулалтын тагтай саванд хаяаагүй зэргээс улбаатай.
-Хэргийн материалд авагдсан хэргийн газрын камерын дүрс бичлэгийг шалган үзэхэд ххххххххххххххххххх тоот хашаанд байрлах барааны агуулахын гадна талд хаалганд тулгаж тавьсан цаасан хайрцагтай хог 2014 оны 5 дугаар сарын 16-ны өглөө 08 цаг 43 минутанд анх шатаж эхэлсэн байна.
Уг галыг Г.Бын хүү унтраахаар жижиг саваар ус хийсэн боловч галын голомтыг бүрэн унтрааж чадаагүйгээс 08 цаг 59 минутанд дахин 2 дахь удаагаа дөллөн шатаж эхэлсэн.
09 цаг 36 минутанд галын тархалтын чиглэл өөрчлөгдөн агуулахын хаалга руу эргэсэн.
09 цаг 37 минутанд галыг унтраахаар Г.Бын хүү дахин гарч ирж хоолны том төмөр аягаар болон 20 литрийн саваар ус хийсэн боловч гал хүчтэй дэлгэрч хүмүүсийн анхаарал татах хэмжээнд хүрч энэ үед гал агуулахын хаалгыг цонож эхэлсэн.
09 цаг 43 минутанд цагаан цамцтай иргэн нь Г.Бын хүүгийн хамт 2 ширхэг цаасан хайрцагтай хогийг агуулахын үүднээс зайлуулж галыг банз, хүрзээр цохиж унтраасан.
Өдрийн 12 цаг 56 минутын үед агуулахын баруун үзүүрийэ дээвэр, хаалганы орчмоос дахин утаа гарч 13 цаг 01 минутанд дутуу унтраасан гал 3 дахь удаагаа гарсан байна.
Агуулахын хаалганд тулгаж тавьсан хогийн сав гэх цаасан хайрцаг дотор байсан цогтой хог хаягдлыг бүрэн унтраагаагүй, хяналтгүй орхисон нь цаасан хайрцгийг дотроос нь олон дахин цонож улмаар гадагш тархан агуулахад байсан хялбар шатах материалаар дамжин гар гарсан байна гэжээ.
/ХХ-ийн 181-190 дүгээр тал, 1 дүгээр хавтас/
Мөн шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2554 тоот шийдвэрээр Г.Б, Д.Л нараас 22.335.700 төгрөг гаргуулж Б.Дт олгож шийдвэрлэсэн ба Улсын Дээд Шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 946 тоот тогтоолоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд ажиллагааны явцад талууд гал гарсан шалтгаан нөхцлийг болон галд шатсан эд зүйлийн хохирлын хэмжээг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргажээ.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 957 тоот тогтоолоор Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 13 дугаар гудамжны 343 тоотод гал гарсан шалтгаан, нөхцлийн талаар дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийг болон Дамно ХХК-ийг тус тус шинжээчээр томилжээ.
/ХХ-ийн 268-272 дугаар тал, 2 дугаар хавтас/
Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэл нь 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 9/17 тоот албан бичигтээ гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоолгохоор Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газарт ханд гэсэн тул мөн шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 2373 тоот захирамжаар дээрхи газрыг шинжээчээр томилсон байна.
/ХХ-ийн 275, 277-280 дугаар тал, 2 дугаар хавтас/
Галд шатсан эд зүйлийн үнэлгээг тогтоосон Дамно ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17-76 тоот дүгнэлтэд:
-Агуулах шатсаны улмаас уг агуулахад хадгалагдаж байгаад галд өртсөн, түрээслэгч Б.Дын 56 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнэ 13.419.500 төгрөг болохыг тодорхойлов гэжээ.
/ХХ-ийн 283-299 дүгээр тал/
Гал гарсан шалтгаан, нөхцлийн талаархи Онцгой байдлын ерөнхий газрын гал түймрийн улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03 тоот дүгнэлтэд ...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 13 дугаар гудамж, 343 тоотод иргэн Г.Бын агуулахад гарсан гал түймэр түрээслүүлэгчийн хайхрамжгүй үйл ажиллагаанаас гарсан байна. ... Уг тоотод гарсан гал түймэр нь 2014 оны 5 дугаар сарын 16-ны өглөөний 08 цаг 38 минутанд агуулахын баруун буланд байсан цаасан хайрцагтай хогноос гарч эхэлсэн байна.
Хогийг зориулалтын тагтай саванд хийгээгүй, агуулахын хаалганд тулгаж тавьсан хогийн сав гэх цаасан хайрцаг дотор байсан цогтой хог хаягдлыг бүрэн унтраалгүй, хяналтгүй орхисноос цонолт үргэлжилж улмаар агуулахын шатдаг материалаар дамжин гал түймэр гарах нөхцөл бүрдсэн байна.
Гал түймрийн голомт нь барааны агуулахын баруун талын хаалганд тулгаж тавьсан цаасан хайрцагтай хогноос эхэлсэн. Шаталт ямар хугацаатай үргэлжилсэн болохыг камерын дүрс бичлэгээр тогтоох боломжгүй гэжээ.
/ХХ-ийн 300-309 дүгээр тал, 2 дугаар хавтас/
Нэхэмжлэгч Б.Д нь галт өртсөн эд зүйлийн үнэлгээг тогтоосон Дамно ХХК-ийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн тул түүний хүсэлтээр тус шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 11846 тоот захирамжаар Шонхор Үнэлгээ Аудит ХХК-ийг шинжээчээр томилсон ба Шонхор Үнэлгээ Аудит ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0047 тоот дүгнэлтэд:
-Агуулах шатсаны улмаас уг агуулахад хадгалагдаж байгаад галд өртсөн, түрээслэгч Б.Дын бараа, бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнэ ашиглах боломжгүй болж шатсан барааны хохирлын үнэлгээ 10.738.500 төгрөг, норж, хйалан масс үүссэн барааны үнэлгээ 17.237.000 төгрөгийн, дахин нэмэгдсэн барааны үнэлгээ 3.322.000 төгрөгийн, нийт 31.342.500 төгрөг болохыг тодорхойлов гэжээ.
/ХХ-ийн 100-123, 326-329, 332-355 дугаар тал, 2 дугаар хавтас/
Шонхор Үнэлгээ Аудит ХХК-ийн дээрхи дүгнэлтийг хариуцагч Г.Б эс зөвшөөрсөн ба түүний хүсэлтээр тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 481 тоот тогтоолоор Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилсон ба Бэсгэ ХХК уг хэрэгт 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дүгнэлт гаргасан Шонхор Үнэлгээ Аудит ХХК-тай ашиг сонирхлын зөрчилтэй үндэслэлээр дүгнэлт гаргахаас татгалзсан болно.
/ХХ-ийн 385-390 дүгээр тал, 2 дугаар хавтас/
Иймд тус шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2336 тоот захирамжаар галд шатсан эд зүйлийн үнэлгээг тогтоох шинжээчээр Гэрэгэ Эстимейт ХХК-ийг томилсон ба тус компанийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 04/24-01 тоот дүгнэлтэд:
-2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 12 цаг 40 минтаны үед Сүхбаатар дүүрэг, Хуучин 9 дүгээр дэлгүүрээс хойшоо 800 м орчим байрлалтай хашаан дахь амбаарт хураасан шатсан эд зүйлд биет үзлэг хийсэн.
-Б.Дын агуулахад хадгалагдаж байсан 56 нэр төрлийн 265 ширхэг бараа дахин ашиглах боломжгүй болсон, шатсан хөрөнгийн бодит хохирол 9.442.500 төгрөг, зарж борлуулахтай холбогдон гарах зардал 2.720.000 төгрөг, зарж борлуулах боломжит үнэ цэнэ 12.162.500 төгрөг, дээрх тооцоололд үндэслэн шатсан 56 нэр төрлийн 265 ширхэг барааны бодит хохирлын хэмжээг 9.442.500 төгрөг байхаар тооцоолов. Уг барааны тоо, ширхэгийг талууд зөвшөөрсөн,
-Хөрөнгийн үнэлгээний төв ХХК, Мтрейд ХХК, Шонхор Үнэлгээ Аудит ХХК-ийн дүгнэлтүүдэд тусгагдсан норсон, хайлсан, гэмтэлтэй гэх бараануудыг биетээр баталгаажуулаагүй, уг бараануудыг худалдан авсан гэх Батвайнд ХХК, Тонго Констракшн ХХК-ийн албан бичиг, зарлагын баримт дээр борлуулсан бараануудыг гэмтсэн, норсон байсан талаар дурьдаагүй, тухайн галд өртсөн маргаантай бараа мөн гэж нотлохгүй байх тул үнэлгээг тогтоох боломжгүй гэжээ.
/ХХ-ийн 392-415 дугаар тал, 2 дугаар хавтас/
2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 13 дугаар гудамж, 343 тоот дахь хашаа байшинд буюу иргэн Г.Бын агуулахад түрээслүүлэгчийн буруутай үйлдлийн улмаас гал гарч уг агуулахад бараа бүтээгдэхүүнээ хадгалж байсан нэхэмжлэгч Б.Дт хохирол учирсан нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Д.Лын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нэхэмжлэгч Б.Дыг санаатай гал гаргасан гэж маргасан ба Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 13 дугаар гудамж, 343 тоотод гал гарсан гомдлыг цагдаагийн байгууллага шалган уг хашаа, агуулахад санаатай гал тавьсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж дүгнэн Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын прокурорын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 6634 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэхэд хариуцагч тал уг тогтоолд гомдол гаргаагүйгээс гадна гал гарсан шалтгаан, нөхцлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдээр дээрх байдал тогтоогдоогүй болно.
Хариуцагч Г.Б, Д.Л нар нь нэхэмжлэгч Б.Дын 56 нэр төрлийн 265 ширхэг бараа галд шатаж дахин ашиглах боломжгүй болсон талаар маргахгүй байгаа бөгөөд гагцхүү норсон, хайлсан, гэмтэлтэй гэх барааны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч Б.Д нь норсон, хайлсан, гэмтэлтэй барааг Батвайнд ХХК, Тонго Констракшн ХХК-д зах зээлийн үнээс хямдаар борлуулсан гэх ба уг компаниудад бараа худалдсан гэх албан бичиг, зарлагын баримтанд худалдсан барааг гэмтсэн, норсон эсэх талаар буюу барааны шинж байдлын талаар тусгаагүй, тухайн худалдсан гэх бараа галд өртсөн бараа мөн эсэх нь тогтоогдохгүй байна.
Хариуцагч нар 56 нэр төрлийн 265 ширхэг бараа галд өртсөн талаар маргахгүй, эдгээрийн үнийг төлнө гэж тайлбарласан тул Гэрэгэ Эстимейт ХХК-ийн дүгнэлтээр тогтоосон хэмжээгээр хохирлын тооцох нь зүйтэй гэж үзэв.
Уг дүгнэлтэд 56 нэр төрлийн, 265 ширхэг барааг 256 гэж тусгасан ба энэ талаар талууд маргаагүйг дурьдлаа.
/ХХ-ийн 312-324 дүгээр тал, 2 дугаар хавтас/
Гэрэгэ Эстимейт ХХК дүгнэлтдээ үнэлгээний зорилго тухайн шатсан бараануудын хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлэх явдал ба шатсан бараанууд худалдан борлуулах зорилгоор хадгалагдаж байсан бараанууд бөгөөд шатсан барааны бодит хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлэхдээ уг бараануудын зарж борлуулах үнэ цэнээс борлуулахтай холбогдон гарах зардлыг хасаж тооцоолох нь зүйтэй гэсэн хэдий боловч түрээслүүлэгчийн буруутайн улмаас гал гарсан тул хохирлын хэмжээг дүгнэлтэд тусгасан 12.162.500 төгрөгийн хэмжээнд тооцон хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй.
Иймд хариуцагч Г.Б, Д.Л нараас нийт 12.162.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 19.180.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Д БНХАУ-аас худалдан авсан бараа нь галд өртсөн гэж тайлбарлан баримт ирүүлсэн ба бусдаас худалдан авсан бараа бүрийг галд өртсөн гэж дүгнэх боломжгүй болохыг дурьдлаа.
/ХХ-ийн 461-472 дугаар тал, 2 дугаар хавтас/
Талууд Хөрөнгийн Үнэлгээний төв ХХК, МТрейд ХХК, Шонхор Үнэлгээ Адуит ХХК-ийн шинжээчийн ажлын зардлыг төлсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан ба Гэрэгэ Эстимейт ХХК-д 500.000 төгрөг, Дамно ХХК-д 85.000 төгрөгийг тус тус төлөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Доос 166.666 төгрөг, хариуцагч Д.Лаас 166.666 төгрөг, Г.Баас 166.666 төгрөг тус тус гаргуулан нийт 500.000 төгрөгийг Гэрэгэ Эстимейт ХХК-д, нэхэмжлэгч Б.Доос 28.333 төгрөг, хариуцагч Д.Лаас 28.333 төгрөг, Г.Баас 28.333 төгрөг тус тус гаргуулан нийт 85.000 төгрөгийг Дамно ХХК-т тус тус олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Г.Б, Д.Л нараас нийт 12.162.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 19.180.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Дын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 399.380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б, Д.Л нараас нийт 209.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Дт олгосугай.
3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 10604 тоот захирамжаар хариуцагч Г.Б, Д.Л нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн ба уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хүчинтэй хэвээр байхыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Доос 166.666 төгрөгийг, хариуцагч Д.Лаас 166.666 төгрөгийг, Г.Баас 166.666 төгрөгийг тус тус гаргуулан нийт 500.000 төгрөгийг Гэрэгэ Эстимейт ХХК-д, нэхэмжлэгч Б.Доос 28.333 төгрөгийг, хариуцагч Д.Лаас 28.333 төгрөгийг, Г.Баас 28.333 төгрөгийг тус тус гаргуулан нийт 85.000 төгрөгийг Дамно ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД Д.ЦЭРЭНДОЛГОР
Э.ЭНЭБИШ