Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2020/02750

 

 

 

 

 

 

 

 

 

2020 08 03

101/ШШ2020/02750

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 0 тоотод байрлах У о б ХХК /РД:6436692/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: 0 тоотод түр оршин суух, Баяуд овогт М.Н /РД:0/,

 

Хариуцагч: 0 тоотод оршин суух, Энхмөнх овогт М.Х /РД:0/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагч М.Н, М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн М.Н, М.Х нар нь У о б ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1912/06 тоот зээлийн гэрээгээр 10,450,000 төгрөгийг 30 хоногт 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай буюу 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр Тоёото приус маркийн мөнгөлөг өнгийн, 0000 УБМ улсын дугаартай машиныг барьцаалж зээл авсан. Зээлдэгч нь эхний сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргийг зөрчин зээлийн төлбөрөө төлөөгүй болно. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл 10,450,000 төгрөг, 2 сарын хүү 836,000 төгрөг, 84 хоногийн алданги болох 4,389,000 төгрөг нийт 15,675,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд зээлийн барьцаанд барьцаалсан Тоёото приус маркийн автомашиныг 14,550,000 төгрөгөөр үнэлж зээлийн төлбөрт тооцон авч, хариуцагч нараас зээлийн төлбөрт үлдэх 1,200,000 төгрөгийг гаргуулахаар өөрчилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Автомашиныг зээлийн төлбөрт тооцож өгөхөд татгалзах зүйл байхгүй. Угаасаа зээлийн төлбөрөө төлж чадахгүй байсан тул төлбөртөө тооцоод өгсөн. Тоёото приус-41 маркийн автомашин нь одоогийн зах зээлийн үнэлгээ нь 16,000,000-16,500,000 төгрөгийн хооронд байгаа. Нэхэмжлэгч нь машины үнийг багаар үнэлж, зөрүү 1,200,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч М.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2020 оны 06 дугаар сарын 27-29-ний өдрийн хооронд У о б ХХК-ийн эдийн засагчтай харилцан тохиролцож 0000 УБМ улсын дугаартай саарал өнгийн приус-41 маркийн автомашиныг татвар, оношлогоонд оруулж торгуулийг мөнгийг бүрэн төлөөд хүлээлгэж өгсөн. Тухайн үед У о б ХХК-ийн зээлийн засагч нь зээлийн төлбөрт тооцоод авлаа, ингээд зээлийн гэрээг хаасан гэж хэлсэн. Уг автомашиныг У о б ХХК нь зарахаар vnegvi.mn-д 16,500,000 төгрөгөөр үнэлэн зар тавьсан атлаа одоо 14,550,000 төгрөг гэж үнэлж, зөрүү мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Уг автомашиныг зээлийн төлбөрт тооцоод өгөхөд татгалзах зүйлгүй. Машины үнэлгээ нь зээлийн төлбөрт хангалттай хүрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газраас зээлийн хүү болон алданги гаргуулахгүй байхаар шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч нь их хэмжээний алданги нэхэмжилж байна. Цар тахал гарсантай холбоотойгоор зээлийн төлбөр төлөх боломжгүй байдалд хүрсэн. Иймд нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч У о б ХХК нь хариуцагч М.Н, М.Х нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,675,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж, 1,200,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж байна.

  

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2019 оны 12 дугаар сарын 11-ний зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч У о б ХХК нь 10,450,000 төгрөгийг зээлдүүлэх, М.Н, М.Х нар нь 60 хоногийн хугацаанд, сарын 4 хувийн хүүтэйгээр төлж барагдуулах, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Мөн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, зээлдэгч нар нь   0000 УБМ улсын дугаартай, саарал өнгийн Тоёото приус-41 маркийн автомашиныг зээлдүүлэгчид барьцаалсан байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцаа үүсчээ.

 

Барьцааны зүйл болох 0000 УБМ улсын дугаартай, саарал өнгийн Тоёото приус-41 маркийн автомашин нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч У о б ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. Талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулахаас өмнө тээврийн хэрэгсэл нь зээлдүүлэгчийн өмчлөлд бүртгэлтэй байсан байх ба зээлдэгч нар нь уг тээврийн хэрэгслийг худалдах авах зорилгоор 10,450,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулжээ.

 

Зээлийн гэрээ байгуулсанаас хойш тээврийн хэрэгслийн эзэмшлийг бодитоор хариуцагч М.Н, М.Х нар нь шилжүүлэн авч, ашиглаж байсан талаар болон зээлийн төлбөрөө төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч У о б ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тээврийн хэрэгслийн эзэмшлийг буцаан шилжүүлж авсан талаар талуудын хэн аль нь тайлбарласан.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болно гэж заасан.

 

Талууд зээлийн төлбөрт тооцож барьцааны зүйл болох 0000 УБМ улсын дугаартай, саарал өнгийн Тоёото приус-41 маркийн автомашиныг нэхэмжлэгч У о б ХХК-ийн өмчлөлд бүр мөсөн шилжүүлэх талаар харилцан тохиролцсон, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Харин автомашиныг хэдэн төгрөгөөр үнэлж, зээлийн төлбөрт тооцож авах эсэх талаархи үйл баримтад маргасан. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 0000 УБМ улсын дугаартай, саарал өнгийн Тоёото приус-41 маркийн автомашины зах зээлийн үнэлгээг Виннэр вэй ХХК-иар үнэлүүлсэн байх ба үнэлгээчнээс 14,550,000 төгрөгөөр үнэлжээ.

 

Уг үнэлгээг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч уг үнэлгээг үгүйсгэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй. Иймд маргааны зүйл болох автомашины зах зээлийн үнэлгээг 14,550,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байх ба Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар 14,550,000 төгрөгийн хэмжээнд хариуцагч нарын үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөр 10,450,000 төгрөг, зээлийн хүү, 836,000 төгрөг, алдангид 4,389,000 төгрөг, нийт 15,675,000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн зээлийн төлбөрт шаардсан 15,675,000 төгрөгөөс автомашины үнэ 14,550,000 төгрөгийг хасч тооцоход 1,125,000 төгрөгийн зөрүү төлбөртэй байна. Иймд хариуцагч нар зээлийн төлбөрт 1,125,000 төгрөг төлөх үүрэгтэй.

 

Гэхдээ шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж зааснаар хариуцагч нарыг төлбөл зохих 1,125,000 төгрөгийг төлөх үүргээс хэргийн нөхцөл байдлыг харгалзан чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Тодруулбал, хариуцагч нар автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлснээр үндсэн төлбөрт 10,450,000 төгрөг, хүүд 836,000 төгрөг, алдангид 3,264,000 төгрөг, нийт 14,550,000 төгрөгийг төлсөн. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбоотойгоор хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон гэх тайлбар үндэслэл бүхий байна. Учир нь хариуцагч нарын зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болохоор талууд тохиролцсон ба энэ цаг хугацаа нь цар тахал гарсан хугацаатай тохирч байна.

 

Цар тахал гарсантай холбоотойгоор эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нийтэд илэрхий үйл баримт юм.

 

Нэхэмжлэгч нь алдангид 3,264,000 төгрөгийг тооцон хариуцагч нараас авсан тул алдангид төлөөгүй үлдэгдэл төлбөр болох 1,125,000 төгрөгийг хэрэгсэхгүй орхих нь зээлдүүлэгчийн эрх зүйн байдал доройтох нөхцөл болохгүй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас шаардсан 1,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.3, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Н, М.Х нараас 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч У о б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ