Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/184

 

Г.М, Б.Цнарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай   

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Б.Тулга,

шүүгдэгч, хохирогч Б.Ц, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/1984 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Б.Ц, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан, М.Батмөнх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.М, Б.Цнарт холбогдох 2006032322612 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. ял шийтгэлгүй,

          2. бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

Б.Цнь 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Бурхантын ам” гэх газар Г.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний булгарал, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

 Г.М  нь 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бурхантын ам гэх газар Б.Цтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.М, Б.Цнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

      Г.М, Б.Цнарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.М, Б.Цнарыг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Г.М, Б.Цнар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Б.Цас 2.242.500 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Мт олгож, хохирогч Г.М  нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Б.Ц, Г.М нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Г.М, Б.Цнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч, хохирогч Б.Цдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.Цби Г.М, Энар согтуугаар бүлэглэн Н-ыг зодож байхад Н-ын эхнэр Ш.Ө ирж зодооныг салгаж өгөөч гэж гуйсны дагуу очиж гэмт халдлагыг болиулахдаа Г.М, Энарт зодуулж гэмтэл авсан. Түүнээс биш Г.Мийг “хувийн таарамжгүй харьцаа”-наас болж зодон биед нь хөнгөн гэмтэл учруулаагүй. Би Г.Мтай танил биш байсан учир хувийн таарамжгүй харьцаа ч байхгүй.

Би Н-ын амь нас эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалсан. Ингэхдээ аргагүй хамгаалалтын байдалд ч гэсэн довтлох, хүн гэмтээх үйлдэл хийгээгүй. Харин өөрөө гэмтсэнийг шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч Ш.Ө-ын мэдүүлэг нотлоно. Тэр үед ойр байсан А болон Г.Мийн гэрээс гарч ирсэн 4 хүн, гэр нь ойр байсан айлын хүмүүс гэрчлэх ёстой. Гэтэл мөрдөгч нар гэрч, хохирогч Ш.Ө-ын гомдол болон мэдүүлгүүд, мөн хохирогч Г.Н болон миний зүгээс хохирогчоор болон яллагдагчаар байцаагдахдаа мэдүүлсэн мэдүүлэгт дурдсаныг огт шалгаагүй. Хэргийн газар байсан 5 болон хэргийн газрын ойр байсан айлуудын хүмүүсээс бодит байдал дээр юу болсныг, Г.М нь архи уусан байдалтай байхдаа бусдыг зодож, үг хэлээр доромжилж, мөн “ална”, “гэрийг нь шатаана” гэхчлэн заналхийлж байсныг шалгаж тогтоогоогүй.

Г.М, Эхоёр согтуудаа бүлэглэн Н-ыг зодож байхад хохирогчийн эхнэр Ш.Ө-ын тусламж хүссэн дуудлагаар очиж гэмт халдлагыг болиулах явцдаа өөрөө гэмтэж хохирогч болсон. Б.Царгагүй хамгаалалтын нөхцөлд, эсвэл өөр санаа зорилгоор Г.Мийн биед хөнгөн гэмтэл учруулаагүй гэдэг нь гэрч Ш.Ө-ын мэдүүлэг болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8970 дугаартай дүгнэлт зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар шууд болон шууд бус хэлбэрээр батлагдсан.

Намайг буруутган хэрэг үүсгэх болон яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтдээ дурдаад байгаа нотлох баримтууд нь гэвэл шүүгдэгч Г.М болон түүнтэй бүлэглэн намайг зодсон Э-ийн мэдүүлэг л байгаа. Гэтэл Г.Мийн мэдүүлэг нь, тодруулбал тэр “Ц миний ам руу ганц цохисон, би түүнийг ганц мөргөсөн” гэсэн утгатай мэдүүлэг өгч байгаа нь түүний мэдүүлэг үнэн гэх гэж оролдоод байгаа Э-ийн мэдүүлэг нь миний болон Г.Мийн өөрийнх нь биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдээр, мөн Г.Н, Ш.Ө-ын мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа. Энь согтуудаа Г.Мтай бүлэглэн намайг зодсон хүн.

Ийм байхад мөрдөх ажиллагааг нарийвчлан явуулж мэдүүлгийн зөрүүг гаргах, үүний тулд хэргийн газарт болон хэргийн газрын ойр байсан айлын хүмүүсийг асуух, Г.М  согтуудаа бусдыг бүлэглэн зодсондоо эрэмшин бусдыг алахаар заналхийлж, эд хөрөнгийг нь эвдсэн, гал түймэр тавихаар оролдсоныг ч шалгаагүйд гомдолтой байна.

Гэрч Ш.Ө мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн явцад “...Б.Цөндөр залууд зодуулж байхад... 2 эмэгтэй, 2 эрэгтэй байсан...” гэж мэдүүлсэн, шүүгдэгч Г.М  ч мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийн газарт 4 хүн нэмэгдэж хүрч ирснийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн тул хэрэг гарах үед хэргийн газарт Г.М,  Энх-Амгалан, Н, Ш.Ө  биднээс гадна байсан 5 хүнийг, гэр нь ойр учир хэргийн талаар мэдэж болзошгүй хүмүүсийг олж байцаах шаардлагатай байна.

Шүүх хурал дээр би болон миний өмгөөлөгч миний гэм буруугүйг нотлон мэтгэлцсэнд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарын зүй ёсны дүгнэлт, тайлбарыг огт үгүйсгээгүй. Тухайлбал, шинжээчийн дүгнэлт, гэрч Ш.Ө-ын мэдүүлэг, миний ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг баримтыг иш татан миний мэдүүлэг, өмгөөлөгчийн дүгнэлтийг хэрэгсээгүйд мөн гомдолтой байна. Ийнхүү Б.Цби бусдад зодуулж байсан Н-ыг хамгаалж, согтуу хүмүүсийн гэмт халдлагаас салгаж авахдаа өөрөө зодуулж гэмтсэнээс бус Г.Мийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэдэг нь нотлогдоогүй тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШШТ/1984 дугаартай шийтгэх тогтоолын надад холбогдох хэсгийг өөрчилж миний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...хэргийг прокурорт буцаан “Г.М нь согтуудаа Энх-Амгалантай бүлэглэн Н бид хоёрыг зодсон, “Н-ыг ална” гэж эхнэрийг нь сүрдүүлсэн, гэрийн тотгоноос нь татаж хаалга эвдсэн, Н-ын гэрийн гадаа түмпэнд гал тавьсан, шөнө дөл болтол гадуур нь машинтай эргэлдсэнд галдахаас айсан Ш.Ө бичиг баримтаа айлд оруулсан, цагдааг хөршийн утсаар дахин дуудсан” эсэхийг тогтоолгоход татгалзахгүй. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Б.Ц-ын өмгөөлөгч Л.Мөнхсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох нь “мөрдөгч, прокурорын үүрэг бөгөөд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй байна. Тухайлбал,

Нэг. Шүүгдэгч Г.Мийн гэм бурууг зөв тогтоож чадаагүй. ...2020 оны 8 сарын 12-нд 200603304 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол, 2020 оны 10 сарын 30-нд үйлдсэн 1788 дугаартай яллах дүгнэлтдээ ...Г.Мийн мэдүүлэг, түүний гомдол болон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8970 дугаартай дүгнэлтийг нотлох баримт гэж үндэслэл болгосноос өөр зүйлгүй. Ийнхүү мөрдөгч болон прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй” нь прокурорын Г.Мт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж түүнийг яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд яллагдагч нарын мэдүүлэг болон Шүүх эмнэлгийн үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээс өөр нотлох баримт дурьдаагүй, яллагдагч Г.Мийн мэдүүлгийг үгүйсгэж байгаа нотлох баримтад дүгнэлт хийгээгүй, мэдүүлгийн зөрүүг арилгахын тулд байцаавал зохих хүмүүсийг бүрэн байцаагаагүйгээс харагдаж байна. Тухайлбал, ...хэргийн газар байсан хүмүүсээс гэрч Ш.Өлзийбаяраас бусдыг ...хэрэг гарах үед хэргийн газарт 2 шүүгдэгч, 1 хохирогч, 2 гэрчээс гадна 5 хүн байсан байхад тэднийг олж тогтоох, байцаах ажиллагаа хийгдээгүй, ...гэрч Ш.Ө урд айлынхаа хүний утсаар цагдаа руу дахин дуудлага өгсөн гэж мэдүүлсэнийг мөн тодруулах, тухайн утасны эзнээс мэдүүлэг авах шаардлагатай. ...Хэргийн газраас 30 орчим метр зайд өөр бусад айлууд байхад тэндээс гэрч сурвалжлах, байцаах ажиллагааг хийгээгүй. Шүүх эмнэлгийн үндэсний хүрээлэнгийн 8970 дугаартай дүгнэлтэд дурьдсан Б.Цагийн биед учирсан “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал” зэрэг гэмтлүүд нь Г.Мийн нэг удаагийн мөргөлтөөр үүсээгүй, харин хэдэн удаагийн мохоо зүйлээр үүсгэгдсэн байж болох тул эдгээр гэмтлүүд хэний, хэдэн удаагийн үйлдлээр учирсан гэдгийг тогтоох ажиллагаа хийгээгүй. Шүүх эмнэлгийн үндэсний хүрээлэнгийн шинжээч 8970 дугаартай дүгнэлтээр Б.Цагийн биед хөнгөн гэмтэл учирсан гэж дүгнэхдээ түүний биед учирсан “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал” зэрэг гэмтлүүд тус тусдаа хөнгөн гэмтэл гэж үзэхээр байна уу, эсвэл түүний биед үүссэн хөхрөл няцралтын хэмжээ нийлбэр дүнгээрээ хөнгөн гэмтэл гэж дүгнэгдэхээр байна уу гэдгийг тодруулаагүй. Г.Мийн гэмт үйлдлээс болж эд материалын болон сэтгэл санааны хохирол амссан учир хохирогчоор ч тогтоогдож болзошгүй байгаа гэрч Ш.Ө-ын мэдүүлсэнээс үзвэл шүүгдэгч Г.М нь Эгэгчтэй бүлэглэн Б.Цаг зодож гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байгааг эцэслэн шалгаагүй байна.

Хоёр. Хохирогч Б.Цагийн үйлдэл аргагүй хамгаалалтын нөхцөлд үйлдэгдсэн байж болзошгүйг бүрэн шалгаагүй, түүнийг гэм буруутай гэж үзэх нотлох баримт хангалтгүй байхад энэ байдалд зохих дүгнэлт хийгээгүй нь дараах байдлаас харагдаж байна. Учир нь, гэрч Ш.Ө-ын мэдүүлэг болон хохирогч шүүгдэгч нарын мэдүүлэг шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан цөөхөн хэдэн нотлох баримтаас үзэхэд Б.Цнь Г.М хохирогч Н-ыг зодож байхад хохирогчийн эхнэр Ш.Ө-ын тусламж хүссэн дуудлагаар очиж гэмт халдлагыг болиулахдаа Г.Мийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэх байдал тогтоогдоогүй.

Хохирогч Б.Цбусдын биед гэмтэл учруулсан гэм буруутай гэдэг нь  Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 8 сарын 11-нд 200603262 дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 8-нд Эрүүгийн хэрэг үүсгэж Б.Ц-ыг яллагдагчаар татах тухай 2006032622612а тогтоол, шинжээчийн 8890 дугаартай дүгнэлт болон хэрэгт хуулъд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ...цөөхөн хэдэн нотлох баримтаас үзэхэд Г.М хохирогч Н-ыг зодож байхад хохирогчийн эхнэр Ш.Ө-ын тусламж хүссэн дуудлагаар очиж гэмт халдлагыг болиулах явцдаа өөрөө гэмтэж хохирогч болсон Б.Царгагүй хамгаалалтын нөхцөлд, эсвэл өөр санаа зорилгоор Г.Мийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэх байдал нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдоогүй байгаад дүгнэлт хийгээгүй.

Хохирсон гээд байгаа Г.М нь харин архи уусан байдалтай байхдаа бусдыг зодож, үг хэлээр доромжилж, мөн “ална, гэрийг нь шатаана” гэхчилэн заналхийлж байсан тухай нотлох баримт хавтас хэрэгт авагдсаныг үгүйсгэх нотлох баримт байхгүй байгаа.

...Мөрдөгч болон прокурор энэ байдалд дүгнэлт хийж гэрчээр байцаагдсан, мөн хохирогчоор тогтоогдсон Ш.Ө-ын мэдүүлэгт дурьдагдсан зүйлс үнэн зөв эсэхийг тогтоохын тул тухайн үед хэргийн газрын ойр байсан, хэргийн талаар мэдэж болох гэрч нарыг бүрэн олж байцаан хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй байна.

Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтдээ “хувийн таарамжгүй харилцаа” гэж дүгнэсэн хэдий ч энэ тохиолдолд “хувийн таарамжгүй харилцаа биш аргагүй хамгаалалтын нөхцөл байдал” үүссэн нь хэргийн талаар асууж тодруулбал зохих гэрч нарын заримыг нь бүр нэр нэр зааж мэдүүлсэн гэрч Ш.Өлзийбаяр, хохирогч Б.Ц, Н нарын мэдүүлэг болон Ш.Ө  “Г.Маас бие махбод, сэтгэл санаа, эд материалын хохирол нэхэж” цагдаад анх бичиж өгч байсан гомдол, зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад Б.ЦГ.Мийн биед хөнгөн гэмтэл учруулаагүй гэж тайлбар өгч, түүний өмгөөлөгч М.Батмөнх мөн үндэслэл бүхий дүгнэлт гарган мэтгэлцсэн.

...Анхан шатны шүүх Б.Ц, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарын зүй ёсны дүгнэлт, тайлбарыг үгүйсгэсэн нотлох баримтаар шүүгдэгч Г.Мийн мэдүүлэг, түүний биед хөнгөн гэмтэл учирсаныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэрч Ш.Ө-ын мэдүүлэг, ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан лавлагааг дурдан тайлбар, дүгнэлтийг үгүйсгэсэн нь буруу бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурласан, хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүйг илтгэж байна.

...Ийнхүү гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бурэн тогтоогдоогүйгээс шүүгдэгч нар гэм буруутай эсэх, хэрэв хэн нэг нь гэм буруутай бол ямар хэмжээний гэм буруутай нь тодорхойгүй байгаад зохих дүгнэлт хийлгүй, гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа нотлох баримтыг үндэслэн Б.Ц-ыг гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Цтухайн үед Н-ыг бусдад зодуулж байхад нь салгаж авахаар аргагүй хамгаалалтын байдалд бусдын биед халдах, салгах, түлхэх, татах зэрэг үйлдэл хийсэн байж болох ч тэрээр Г.Мийн биед хөнгөн гэмтэл учруулсан нотлогдоогүй байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гаргасан байх тул 2020/ШЦТ/1984 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хэргийн бодит үнэнийг тогтоолгох ажиллагаа хийлгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Б.Ц-ын өмгөөлөгч М.Батмөнх гаргасан давж заалдах гомдолдоо: “...2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бурхантын ам гэх газарт орой 22 цагийн үед орон гэртээ амарч байсан айлын орон байранд халдаж улмаар хүмүүсийн амгалан байдлыг алдагдуулж гэрийн эзэн Н-ын эрх чөлөөнд халдаж, гэрийн хаалгыг эвдэж, бүрээсийн урж, хутга барин хөөж, /нөгөөх нь айгаад зугтаад алга болсон/ гэрийн шатаахыг завдахад эхнэр нь туслалцаа эрж дуудахад очсон Б.Ц-ыг бүлэглэж зодсон гэмт хэрэг болсон бөгөөд онцлог нь хохирогч /Б.Ц/ нь ялтан болоод Эгэх нөхөртэй бүлэглэж зодсон Г.М нь хохирогч болоод хохирлын мөнгө авахаар шийдвэр гаргасанд гомдолтой байна. Үйлдсэнээ хавтас хэрэгт байгаа гэрч /Ш.Ө-ын: ...Б.Цөндөр залууд зодуулж байхад дээр нь 5-6-уулаа байсан.../. Мөн шүүх хуралдааны тэмдэглэл: 2020-12-01/1984-ийн 8 дугаар талд: Өмгөөлөгч М.Батмөнх миний “Та дахиад 4 хүн нэмээд 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн дагуулж очсон нь үнэн үү” гэсэн асуултанд Г.М ...хэрүүл хийж байгаа хүмүүсийн чанга дуугаар дуу гарахаар манай ах эгч нар санаа нь зовоод ирсэн... .хохирогчийн мэдүүлэг /Б.Ц: ...хажуу айлын Н-ын эхнэр Өлзийбаяр орилоод дуудахад яваад очтол гэрийн гадаа байсан 2 залуу Н-ын дээр гарсан зодож байсан. Би яаж байгаан бэ гээд холдуулсан. Гэтэл өндөр залуу миний толгой руу 2 удаа мөргөсөн .../хх 45-р хуудас/ бусад баримтаар нотлогдож байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Миний анхан шатны шүүх хуралд хэлсэн өмгөөллийн үгүүдийн гол санаанууд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдалгүй зарим нь хаягдсан байна лээ. /2020-12-01/1984-ийн 14-р талд/

            1. Анхнаасаа яллах дүгнэлтэнд бие биенээ танихгүй хүмүүсийг хувийн таарамжгүй харьцааны гэж үзэж, мөн бусдад туслах гэж тохиолдлоор очиж бүлэг этгээдэд зодуулсан хүнийг харилцан зодоон болсон мэтээр бичигдсэн байна.

            2. Хохирогч гэх Г.Мийн мэдүүлэг зөрүүтэй байхад зөвхөн өөрийнхөн мэдүүлгээр хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр прокурор яллах дүгнэлт үйлдсэн. ...Н-ыг бүлэглэж зодож байх дуу чимээнээр 2 эрэгтэй, 2 эмэгтэй ирсэн. Н-ын эхнэрийн туслалцаа эрсэн дуудлагаар Ц очиж салгасан. Н айгаад зугтаад алга болсон. Зургуулаа Ц руу дайрсан. Голлон зодсон нь М, Эхоёр юм. Ц-ыг Н-ын эхнэр Ө очиж салгасан. Бас зугтаад алга болсон, зугтсан 2 ирэхгүй бол гэрийг чинь шатаана гээд завдаад, дарамтлаад үлдсэн бөгөөд тэд нар гэртээ айгаад хоноогүй өөр айлд хоносон байдаг. Энэ үед хажуу айлын утас гуйж цагдаа дуудсан боловч ирээгүй хавтас хэрэгтээ танилцахад нэг иймэрхүү дүр зураг буудаг. Ц галзуу бар шиг улангасан, өөрөөс нь хамаагүй биерхүү 2 согтуу хүн, нийт 6 хүний эсрэг 2 гарыг нь 2 эмэгтэйгээр бариулаад эсвэл чулуу аваад цохих ямар ч боломжгүй юм.

3. Энэ 2 этгээд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн хэргийг нь шалгаагүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дүгээр зүйлд заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох, мөн хуулийн 17.8 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө устгах, гэмтээх /завдах/ гэмт хэрэг үйлдсэнийг шалгаагүй нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны болон хууль ёсны зарчим зөрчигдсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар, мөн хуулийн 6.15-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хэргийн бодит үнэнийг тогтоолгох ажиллагаа хийж өгнө үү. ...” гэжээ.         

Прокурор Б.Тулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг бөгөөд тухайн зүйлд заасан хэм хэмжээг зөрчсөн үйл баримт хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад тохирсон шийдвэр гаргасан, үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.                             

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Г.М, Б.Цнарт холбогдох 2006032322612 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.   

2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бурхантын ам гэх газар шүүгдэгч М.М нь Н.Э-тай хамт Н.Н-ын гэрийн гадаа очиж Н.Нтай гурвуулаа уулзсан, улмаар Н.Н,  Н.Э, М.М нар архи задлаж уусан, урдын таарамжгүй харьцаанаас шалтгаантайгаар Н.Н,  Н.Э, М.М нарын хооронд маргаан гарсан, тэдний хооронд болж буй маргааныг харсан Н.Н-ын эхнэр Ш.Ө нь Б.Ц-ыг дуудсан, уг маргаанаас шалтгаантайгаар Б.Ц, М.М нар хооронд харилцан нэг нэгнийхээ биед халдаж хүч хэрэглэснээс Г.Мийн биед “...уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний булгарал, баруун гуянд цус хуралт...” гэсэн хөнгөн гэмтэл, Б.Ц-ын биед “...тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал...” гэсэн хөнгөн гэмтэл учирсан болох нь:

хохирогч Г.Мийн: “...2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ах Энх-Амгалантай ус авах гээд гэрээс гарч байсан чинь саахалт айлын ах Н гэрийнхээ гадаа байсан. Тэгээд өмнө болж байсан асуудлын талаар уулзаж ярилцъя гээд учир зүйгээ ольё, айл саахалт хүмүүс байна гэж бодоод нэг шил архи барьж очсон. Тэгээд гэрийх нь гадаа бид гурав суугаад Н ахад 3 татуулаад, бид хоёр өөрснөө нэг нэг удаа архинаасаа татсан. Тэгээд Н ах би энд 30 жил амьдарсан, би эндэхийн атаман, та нар муусайн цагаач нар эвтэйхэн байгаарай гээд Эахыг цохичихоод яваад өгсөн. Тэгсэн чинь Н ахын эхнэр, урд айлынх нь залуу Ц гэх залуу гарч ирээд бид хоёр руу дайрсан. Би Н ахын араас ахыг яаж байгаа юм бэ гээд очих гэтэл зугтаагаад байсан. Тэгсэн манай Эахыг урд айлын залуу Ц газар унагаасан зодож байсан. Би салгах гээд яваад очтол Н ахын эхнэр гараас зуурчихаад тавихгүй байсан чинь нөгөө Ц гэх залуу гартаа чулуу атгачихсан байж байгаад нөгөө чулуутай гараараа миний уруул руу цохиод үүдэн хоёр шүд угаараа булгарч унасан байсныг би мэдээгүй байхад дахиад над руу дайраад байсан.  Тэгэхэээр нь духаараа нүүрэнд нь нэг удаа мөргөсөн. Тэгээд би шүд унасныг мэдээд шүд уначихлаа гээд хайж байсан чинь зугаатгаад яваад өгсөн. Тэгээд би шүдээ хайгаад олоогүй тул нөгөө хоёр залууг хайгаад миний шүд унасан байна, ярилцъя гээд хайсан чинь олдоогүй тул гэр рүү нь ороод харсан чинь гэртээ байгаагүй. Гэрийн нь хаалгыг хүчтэй хаасан чинь хаалга нь салаад унасан. ...” /хх 48-49/,

хохирогч Б.Ц-ын: “...2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бурхантын задгай гэх газар 22:00 цагийн үед би гэртээ байж байтал хойд айлын эмэгтэй орилоод Дамбаа гээд намайг дуудахаар нь би яваад очтол манай хажуу айлын Н-ыг 2 танихгүй залуу зодож байхаар нь би очоод лам малгайтай нэг залууг нь араас нь татаж босгоод холдуулаад, нөгөө залуугийн бас холдуулдтал нэг өндөр залуу нь миний дух руу мөргөхөөр нь би “чи яаж байгаа юм” гэсэн чинь миний зүүн нүд рүү дахин мөргөсөн. Тэгтэл нөгөө лам залуу нь миний хоолойноос уяагаар 3 удаа татсан. Тэгтэл нөгөө өндөр залуу намайг мөргөх гэхээр нь би гараараа хаасан. Тэгээд түр салаад чи согтуу байна, ахын дүү боль гэтэл түр больсноо хашааны дэргэд очоод нөгөө өндөр залуу нь миний хамар руу дахин 2 удаа мөргөсөн. Тэгээд манай гэрийн хаалгыг эвдээд манай гэрт байсан ах Цэдэндоржыг ална гээд хөөгөөд байсан. ...Тэр 2 залуугийн өндөр нь миний дух руу 1, зүүн нүд рүү 1, хамарт 2 мөргөсөн. Лам малгайтай залуу нь миний хүзүүнээс уяагаар 3 удаа боосон.  ...” / хх 50-51/,

Г.Н-ын хохирогчоор мэдүүлсэн: “...2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бурхантын задгай гэх газар 22:00 цагийн үед гэртэй орондоо ороод унтаж байхад гэрийн гадаа машин сигналдаад манай эхнэр Өлзийбаяр гартал Хөвсгөл Лхагваа гэж хүн байна уу гээд нэг танихгүй хүн асуусан гээд эхнэр орж ирэхээр би босоод 2 цамц өмсөөд гэрээс гартал гадаа машинтай 2 согтуу залуу байсан. Би харж байгаагүй. Тэгсэн би явж очоод юун хүмүүс вэ гэтэл чи манай ахыг дээрэлхлээ гэхээр нь би хэрүүл хийхгүй буцаад хашааруугаа орох гэтэл нөгөө 2 залуугийн өндөр нь миний араас барьж аваад шилэн хүзүү рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би тавиулах гэтэл нөгөө лам малгайтай залуу нь намайг ар нуруу хэсэг рүү цохисон. Тэгээд би тэр 2 залуугаас мултраад байж байтал нөгөө лам малгайтай залуу нь архины шил барьсан байсан. Тэгээд би архины шилийг нь аваад хаятал намайг хоёулаа газар унагаж байгаад нийлж зодсон. Миний цээж, хавирга, баруун гарлуу өшиглөсөн яг хэн нь хэдэн удаа өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд байж байтал манай хажуу айлын хүн ирсэн. Тэгээд намайг зугтахад нөгөө 2 залуу хутга бариад ална, гүйцээнэ гээд манай гэрийн хаалгыг эвдээд, бүрээс ураад гэрийн хаяанд гал асаагаад, манай хажуу айлын залууг бас зодоод, гэрийнх нь хаалгыг эвдсэн. Энэ үед манай эхнэр миний хажууд байсан бөгөөд цагдаа дуудсан. Тэр 2 нийлж байгаад намайг газарт унагаад миний цээжрүү 2-3 удаа, баруун гарлуу 3-4 удаа, хавиргаруу 2 удаа өшиглөөд, толгойд 3-4 удаа дэвсэлсэн. Яг хэн нь хаашаа өшиглөснийг би харж амжаагүй. ...” /хх 52-53/,

гэрч Г.Э-гийн: “...2020 оны 8 дугаар сарын 01 өдөр 19:00 цагийн үед хүргэн дүү Мийн хамт ус авах гээд гэрээс гарч байсан чинь саахалт айлын ах Н гэрийнхээ гадаа байсан. Тэгсэн манай хүргэн М нь Н ахтай уулзъя, өмнө болж байсан асуудлын талаар уулзаж ярилцъя гээд саахалт айлын хүмүүс байна муудалцаад яахав, эв зүйгээ олъё гээд нэг шил архи барьж очсон. Тэгээд бид гурав гэрийнх нь гадаа суугаад Н ахад манай хүргэн гурав татуулаад бид хоёр өөрсдөө нэг нэг татсан. Тэгээд Н ах “би энд 30 жил амьдарсан би эндэхийн атаман, та нар муусайн цагаач нар эвтэйхэн байгаарай” гээд намайг босохдоо нэг цохьчихоод яваад өгсөн. Тэгсэн чинь манай хүргэн Н ахыг яаж байгаа юм бэ гээд хөөгөөд явсан чинь Ц гэх Н-ын ахын урд байдаг залуу нь гарч ирээд миний хажууд зогсож байснаа намайг та нар яах гээд байгаан гэж хэлээд миний толгойд цохиж, дал руу өшиглөсөн. Тэгээд манай дүү ирсэн чинь Ц гэх залуу гартаа чулуу атгасан байж байгаад нөгөө чулуутай гараараа манай дүүгийн уруул руу цохьчихоод зугтаад явсан. Тэр үед манай дүү миний шүд унасан байна гээд орилоод байсан. Тэгээд бид хоёр гэрт нь ороод үзсэн чинь гэрт хүн байгаагүй, гэрийн хаалгын саваад хаасан чинь хаалга нь дээд талын хэсгээрээ салаад унжсан. Тэгээд нөгөө хүмүүс олдохгүй болохоор нь бид хоёр яваад өгсөн. ...” /хх 60-63/,  

Ш.Ө-ын хохирогчоор мэдүүлсэн: “...2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэрийн гадаа нэг машин ирээд сигналдахаар нь гараад хэн бэ гэтэл Хөвсгөл байна уу гэсэн би буцаж гэртээ ороод нөхрийгөө чамтай хүн уулзах гээд байна гэж хэлээд нөхрөө гаргасан. Гэтэл манай нөхөр гэртээ орж ирэлгүй нилээн удсан би гайхаад гэрээс гараад хартал манай нөхрийг машинтай залуучууд зодож байхаар нь би явж очоод юу болоод байгаан, болиоч та нар гэж хэлээд хажуу айлын залуугаа цагдаа дуудаарай гэж хэлтэл манай хажуу айлын залууг тэр залуучууд зодоод хамрыг нь мурийлгасан. Тэгээд залуучууд манай гэрийг шатаана гээд шүдэнз зурж хатавчны орчим шатаах гэж оролдоод гэрийн гадна гялгар уут шатааж айлгасан. Манай гэрийн хаалгыг эвдэлж сүйтгээд хутга бариад та нарыг ална гээд дайраад байсан. ...Нөхрийг зодож байгааг бол хараагүй, манай хажуу айлын залууг нэлээн зодсон. ...” /хх-55-56/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 8890 дугаартай: “...Г.Мийн биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний булгарал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” /хх 26- 27/ гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 8970 дугаартай: “...Б.Ц-ын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалдант нөлөөлөхгүй. ...” /хх 63-64/ гэх шинжээчийн дүгнэлт,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 8971 дугаартай: “...Г.Н-ын биед цээжинд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг хамаарахгүй. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх 63-64/ гэх шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

            Хэрэгт авагдсан мэдүүлгүүд болон тэдний шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хүсэлт зэргээс дүгнэхэд хохирогч, гэрч нар нь Г.М, Б.Цгэсэн байдлаар хоорондоо хуваагдан буруутгасан байдлаар тухайн хэрэг гарах цаг хугацаанд болсон үйл явдлыг мэдүүлсэн, хэд хэдэн удаа мэдүүлэг өгөхдөө мэдүүлгүүд нь өөрчлөгдсөн байх тул давж заалдах шатны шүүх тухайн хэрэг болсон 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөртэй хамгийн ойр цаг хугацаанд буюу Г.Мийн 2020 оны 8 дугаар сарын 5-ний өдөр хохирогчоор мэдүүлсэн /хх 48-49/, Б.Ц-ын 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хохирогчоор мэдүүлсэн /хх 50-51/, Ш.Ө-ын 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн /хх 56/, Г.Н-ын 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хохирогчоор мэдүүлсэн /хх 53/ мэдүүлгийг үнэлж, бусад мэдүүлгүүдтэй нь харьцуулах байдлаар хэргийн үйл явдлыг тогтоолоо.

Г.М, Г.Э, Г.Н нарын хооронд болсон маргаанаас эхлэлтэйгээр Б.Ц, Г.М нарын биед гэмтэл учирсан үйл явдал болсон, тухайн үйл явдлын эхлэлээс дуусах хүртэл цаг хугацаанд болсон үйл явдлыг мэдэх Г.М, Г.Н, Г.Энарыг, мөн Ш.Өлзийбаяр, Б.Цнарыг тус тус хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй хохирогч, гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан байх тул давж заалдах шатны шүүх давж заалдах гомдол гаргасан “...тухайн үед хэргийн газрын ойр байсан, хэргийн талаар мэдэж болох гэрч нарыг бүрэн олж байцаах...” ажиллагааг хийлгэх шаардлагагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар “-д заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэснээр шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэв.

            Г.М, Г.Э, Г.Н нарын хооронд болсон маргаанаас эхлэлтэйгээр Б.Ц, Г.М нарын хооронд маргаан үүсэж, улмаар

 шүүгдэгч Б.Ц-ын Г.Мийн биед “уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний булгарал, баруун гуянд цус хуралт...” гэсэн хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь,

шүүгдэгч Г.Мын Б.Ц-ын биед “...тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал...” гэсэн хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан..” шинжийг агуулжээ.

Иймд анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг тогтоосон дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.М, Б.Цнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах...” ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулсан нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ. 

Иймд шүүгдэгч, хохирогч Б.Ц, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан, М.Батмөнх нарын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/1984 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч Б.Ц, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан, М.Батмөнх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                    

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                         М.АЛДАР

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ