Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Пүрэв-Очирын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 153/ШШ2019/00020 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Тулгын 2-р 30 айлын орон сууцны 29 тоотод оршин суух, ПЮ85062672 тоот регистрийн дугаартай, Завар овогт Адилбишийн Пүрэв-Очирын  нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад  холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/63 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дэд бүтэц, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хариуцсан Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай. 

 

Нэхэмжлэлий агуулга:” Миний бие Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 дугаартай захирамжаар Дэд бүтэц, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хариуцсан Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхөөр томилогдон ажилласан. Миний бие Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхийн ажлын байранд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилласан, төрийн үйлчилгээний ажилтан юм. Гэтэл Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б/63 дугаартай захирамж гарган А.Пүрэв-Очир намайг ажлаас халсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагчийн дээрх захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэж, ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах процедурыг зөрчсөн зэргээр эрх зүйн алдаатай болжээ. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/63 дугаартай захирамжийн удиртгалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталсан атлаа А.Пүрэв-Очир надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ тусгаагүй нь эрх зүйн зөрчилтэй, хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй талаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т тодорхой заажээ. Гэтэл Ховд аймгийн Засаг даргаас А.Пүрэв-Очир надад хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар мэдэгдээгүй атлаа гэнэтхэн л ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан нь мэдэгдэх сонсгох зарчмыг зөрчсөн. Иймд нэхэмжлэгч миний гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье “гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Төрийн албаны тухай хуулийн 6.4-д улс төрийн албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр уг албан тушаалаас өөрчлөгдвөл  мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14-д заасан улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан чөлөөлөгдөхөөр заасан. Улс төрийн албан тушаалтан нь сонгуулийн томилолтын дагуу ажилладаг. Томилолтын дагуу ажиллана, нэг бол үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах үндэслэл байхгүй. Д.Галсандондог гэдэг хүний бүрэн эрхийн хугацаа дууссанаар А.Пүрэв-Очир гэдэг хүний ажиллах хугацаа дуусгавар болохыг хуульд заасан байдаг. Дараагийн Засаг дарга томилогдож бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд надад үйлчлэх Дэд бүтэц, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хариуцсан Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхийн ажил үүрэг гүйцэтгэх хүн шаардлагагүй гэж үзсэн учраас А.Пүрэв-Очирыг ажлаас нь чөлөөлсөн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар А.Пүрэв-Очирыг томилохдоо Д.Галсандондог дарга томилоод хөдөлмөрийн гэрээг нь Тамгын газар байгуулсан байна. Иймд Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд зааснаар Тамгын газар нь Засаг даргын хэрэгжүүлэгч байгууллага. Тухайн А.Пүрэв-Очирын ажиллаж байсан ажлын байр одоогоор байхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 153/ШШ2019/00020 дугаар шийдвэрээр: “1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/63 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Пүрэв-Очирыг Дэд бүтэц, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосугай.  2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгч А.Пүрэв-Очирын ажилгүй байсан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг дуусталх 3 сарын хугацаанд ногдох олговор 3,396,795 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Пүрэв-Очирт олгосугай. 3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Пүрэв-Очирын ажилгүй байсан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газарт үүрэг болгосугай. 4.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид нийт 139,499 төгрөгийг гаргуулан Хаан банк дахь Шүүхийн тамгын газрын улсын тэмдэгтийн хураамжийн 5866075974 дугаартай дансанд оруулсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 6.1.14-д улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх ажилтны албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалд хамааруулахаар хуульчилсан байдаг. Дээрх хуулийн 6.4-д улс төрийн албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр уг албан тушаалаас өөрчлөгдвөл энэ зүйлийн 6.1.4-д заасан ажилтан чөлөөлөгдөнө гэж заасан. Мөн хуулийн 11.6-д төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэжээ. Эдгээрээс харахад нэхэмжлэгч А.Пүрэв-Очирыг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүх дан ганц захирамжийн захирамжилсан хуулийн заалтад үндэслэж шийдвэр гаргасан нь буруу юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангаагүй байна.

            Нэхэмжлэгч А.Пүрэв-Очир нь хариуцагч Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/63 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дэд бүтэц, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хариуцсан Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Төрийн албаны тухай хуулийн 6.4-д зааснаар улс төрийн албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр уг албан тушаалаас чөлөөлөгдвөл энэ хуулийн 6.1.14-д заасан ажилтан чөлөөлөгдөхөөр заасан байдаг тул нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэж тайлбарлажээ.

            Хавтаст хэргийн 9-10, 32-33 дугаар талд авагдсан Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/63 дугаартай “А.Пүрэв-Очирыг ажлаас чөлөөлөх тухай” захирамж, 31 дүгээр талд авагдсан Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 157 дугаартай захирамж зэрэг баримтууд нь зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад хамааралтай байх бөгөөд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын “хуулбар үнэн” тэмдэгээр баталгаажсан байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна. Аймгийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар болно.

            Хуульд зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь,  хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх ба хуулбарыг өгсөн үед шүүх шаардлагатай гэж үзвэл жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт хэргийн оролцогч хамаарахгүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүхээс нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байдалд хүргэж байна.

            Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул маргааны үйл баримт болон хариуцагч талын давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болно.

            Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 153/ШШ2019/00020 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3.-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ТУЯА

 

                  ШҮҮГЧИД                                  Б.ДАМБА

                                  

                                                                                М.НЯМБАЯР