| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2021/00153/И |
| Дугаар | 148/ШШ2021/00318 |
| Огноо | 2021-06-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 148/ШШ2021/00318
| 2021 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 148/ШШ2021/00318 | Сэлэнгэ аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 24-15 тоотод оршин суух ******* овогт ******* ******* /*******/
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 24-15 тоотод оршин суух Боржигин овогт ******* ******* /*******/ нарын нэхэмжлэлтэй;
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ганзам 3 дугаар хэсэг,чой-10-2 тоотод оршин суух ******* овогт ******* ******* //,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ганзам 2 дугаар хэсэг 2-37 тоотод оршин суух ******* овогт ******* //,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ганзам 2 дугаар хэсэг 2-37 тоотод оршин суух овогт // нарт холбогдох
... хашаа байшин худалдан авахаа больж, буцаан өгч, бэлнээр өгсөн 40,000,000 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргасан төлбөр ба бусад зардал гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, Ч.*******, О.******* нарт холбогдох ...11,800,000 төгрөг гаргуулах тухай У., У.******* нарын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.*******, О.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч , хариуцагч У., У.*******, хариуцагч нарын өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.*******, О.******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ /хх 1-2/:
...бид 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр У., Ж. нараас тус сумын 1 дүгээр багт байрлах 4 дүгээр гудамж 408 тоот 56 м2 бүхий хувийн орон сууцны зориулалттай хашаа байшинг 50,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож мөнгийг өгөөд ордероо авах гэтэл ордер нь У.ы төрсөн дүү болох У.*******гийн нэр дээр байдгийг мэдсэн. Ярилцаж тохиролцсоны үндсэн дээр итгэж гэрээ байгуулахаар болж 40,000,000 төгрөгийг У.ы дансанд шилжүүлгээр хийсэн. Уг гэрээнд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үлдэгдэл мөнгө болох 10,500,000 төгрөгийг төлж гэрчилгээг шилжүүлж авахаар тохиролцсон. Гэрээнд заасан хугацаанаас өмнө У. нь удаа дараа үлдэгдэл мөнгийг их бага хэмжээгээр авах гэж утсаар ярьж мессэж бичиж янз бүрийн арга...хэрэглэж байсан. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 01-нд гэрээнд заасны дагуу мөнгөө өгч ордероо авах гэсэн боловч өдийг хүртэл ордероо шилжүүлж өгөхгүй байна. Энэ хооронд асууж сурагласан банкны барьцаанд тавьсан байсныг мэдсэн. 2019 оны 03 дугаар сарын 01-нээс хойш утсаар ярьж биеэр уулзаж аргаа ядан гэрээгээ шинэчлье гэсэн боловч зөвхөн үлдэгдэл мөнгөө өгвөл гэрээ хийнэ гээд байсан учир одоо хүртэл өөрчлөгдөөгүй.
Ийм байдлаар 2 жил гаран хугацаанд өнгөрсөн тул бид хашаа байшинг худалдан авахаа больж буцаан өгч бэлнээр өгсөн 40,000,000 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргасан төлбөр ба бусад зардлыг гаргуулан хохиролгүй болгож өгнө үү...гэх.
Нэхэмжлэгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нөхөр бид хоёр анх Сэлэнгэ зар дээрээс хашаа байшин зарна гэсэн зарыг олж харсан. Зарын дагуу очиж уулзсан. 2018 оны 05 дугаар сард анх утсаар яриад тухайн хашаа байшингийн үнийг асуухад 47,000,000 төгрөг гэж байсан. Намар дахиад эргээд холбогдоход 52,000,000 төгрөг гэж хэлсэн. Яагаад үнээ нэмсэн юм бэ? гэж асуухад үүдэндээ засвар хийгээд хөргөгчөө оролцуулж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр ярилцаж байгаад худалдаж авахаар болсон. Гэрээ хийхээр болоод мөнгө шилжүүлье гэхэд манай дүүгийн нэр дээр байгаа гэж хэлсэн. Анх гэрээ хийхдээ үлдэгдэл мөнгөө 03 дугаар сарын 01-ний өдөр өгье гэж хэлээд гэрээ хийж байсан. Одоо бол төлсөн мөнгөө аваад байшинг нь буцааж өгье гэсэн хүсэлтэй байна...Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 1 дүгээр баг, 3 дугаар хороо, 5 тоотод байрлах хувийн хашаа байшинг 50,000,000 төгрөгөөр тохирсон. Тэгээд 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн... хугацаандаа байшингийн гэрчилгээг өгөөгүй учир гэрээнээс татгалзаж төлсөн 40,000,000 төгрөгөө буцааж авахыг хүсэж байна... Бусад зардал гэдэг нь тухайн байшинд засвар хийсэн тэр мөнгөө нэхэмжлэх гэсэн боловч баримт бүрдээгүй учир татгалзаж байна....
Нэхэмжлэгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч нартаа 2, 3 удаа уулзсан. Би хадлангийн ажилтай байсан болохоор манай эхнэр гэрээ хийхээр явсан. Тэгээд тэр өдөр манай эхнэр залгаад дүүгийнх нь нэр дээр байдаг байшин гэж байна яах вэ? гэж асуухаар нь хариуцагч нартай очиж уулзсан. Тэгээд үлдэгдэл мөнгө 03 дугаар сарын 01-ний өдөр өгнө гэж тохиролцоод салсан. Дараа нь тохиролцсон хугацаандаа мөнгө шилжүүлэх гэсэн боловч зугтаагаад байрны гэрчилгээ өгөхгүй байсан. Тэгээд гэрээгээ сунгах талаар ярихад эгч дүү хоёр бие бие рүүгээ чихээд булзайруулаад байдаг. Бидний дунд хийсэн худалдах худалдан авах гэрээний 3.1 дүгээр зүйлийг зөрчсөн. Энэ нь тухайн байшин банкны барьцаанд барьцаалагдсан байсан. Үүнийг бид мэдээгүй. 2 жилийн хугацаанд боломж цаг хугацааг минь хулгайлсан...цаг хугацаандаа гэрчилгээгээ өгөөгүй...гэрээний хугацаа дуусахаар нь гэрээгээ сунгая гэж хэлэхэд зугтаагаад уулздаггүй...гэрээнд заасан тохиролцоогоо зөрчсөн...
гэв.
Хариуцагч У.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...2018 оны 09 дүгээр сарын 10-нд эгч нотариат дээр дуудаад очиж уулзахад О.******* эгчтэй Төрийн банкнаас дансны хуулга бариад ирж байсан. Тэгээд О.******* эгч өөрөө асууж байсан. Банканд хэвийн төлөгдөж байгаа эсэхийг тэгэхэд хэвийн төлөлттэй байгааг хэлж байсан. Бид нар хүн хуурах хүмүүс биш. Эгчтэй тохиролцсон учраас нотариатаар баталгаажуулсан. Шүүхэд нэхэмжлэл өгөхөд байрны гэрчилгээ нь бүрэн төлөгдөөд дуусгавар болсон байдаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 10-нд хийсэн. Зарсан байшин урьд нь манай эгчийнх байсан, тэгээд манай эгч Солонгос явахаар болоод миний нэр дээр шилжүүлээд явсан....2 жил гаран амьдарсан...өөрсдөө тохиролцоод гэрээ хийсэн байж одоо ингэж ярьж байгааг ойлгохгүй байна...байшингийн гэрчилгээ барьцаанаас чөлөөлөгдөөгүй байсан...тэгээд цаг хугацаанд нь байшингийн гэрчилгээг өгөөгүй...
гэх.
Хариуцагч У. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...2018 оны 10 дугаар сард тухайн байшинг зарна гэсэн зар тавьсан. Зар тавиад удаагүй байхад нэхэмжлэгч тал байшинг чинь авъя гэж утсаар холбогдсон. Урьд нь нэхэмжлэгч нарыг мэддэг хүний хувьд байшингаа зарахаар болсон. Тухайн байрыг тохиролцохдоо 50,500,000 төгрөгд тохиролцсон. Би зарим зүйлийг сайн тодорхой санахгүй байна. Талбай дээр уулзаад нотариатаар орж баталгаажуулсан. Тухайн байшинг банканд барьцаалагдсан байсныг нэхэмжлэгч тал мэдэж байсан. Мөнгө нэхэж араас нь хөөцөлдөж байгаагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...маргаад байгаа хөрөнгө уг нь бол минийх...дүүдээ түр шилжүүлсэн байсан. гэх.
Хариуцагч Ж. шүүхэд бичгээр өгсөн тайлбартаа /хх-26/ :
...Ч.*******, О.******* нарын бичсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Орон сууц хашаа байшин зарах асуудал надад хамааралгүй. Эдгээр хүмүүс өөрсдөө тохиролцож худалдаж, худалдан авсан. Ч.******* үлдэгдэл мөнгөө өгөөд гэрчилгээгээ авах ёстой. Гэрчилгээ нь одоо бэлэн шилжүүлье гэхээр хашаа байшинг буцаах тухай яриад байгаа гэж эхнэр У.аас сонссон. Ийм зүйл гэж юу байх вэ дээ. Анхнаасаа авах тухай саналаа өөрсдөө тавьсан. Энэ үндсэн дээр наймаа хийсэн. Бичиг баримт огт байхгүй байсан биш, ярьж хөөрөөд цаг хугацааны л асуудал байсан юм. Намайг энэ асуудлаас салгаж өгөхийг хүсье...гэх.
Хариуцагч У., У.******* нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: /хх 27-28 /:
...2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр У. миний бие өөрийн өмчлөлд байсан Сүхбаатар сумын 1 дүгээр баг, Гэрэлт хөшөөний 4-р гудамж 408 тоотод байрлах 56 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай хашаа байшинг зарах зорилгоор төрсөн дүү У.*******гийн нэр рүү шилжүүлж өгсөн юм. Тухайн үед би нөхрийн хамт гадаад улс руу явах гэж байсан учраас дүүдээ шилжүүлсэн. У.******* нь уг байрыг 65 сая төгрөгөөр зарахаар хүнтэй тохирсон байсан боловч эгчийн хувьд танил Ч.*******, О.******* нарт зарсан юм. О.*******ийн хувьд надад байшин хашаагаа зараач гэж 3-7 удаа гүйж ирээд байхаар нь тэгээд ч таньдаг учир түүнд зарахаар дүүтэйгээ маргаж хямдхан өгөх гэлээ хүн авна гэж байхад гэж муудалцан худалдан худалдан авах гэрээ хийж худалдсан. Бид нар байшингаа тэдний гуйсан, санал болгосон үнэ 50 сая 500,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Тухайн үед уг хашаа байшин банкны зээлд тавигдсан гэдгийг Ч.*******, О.******* мэдэж байсан бөгөөд зээлээ чөлөөлсний дараа бид нэр дээрээ шилжүүлж авъя урьдчилгаа 40 сая төгрөг шилжүүлье, үлдэгдэл 10,500,000 төгрөгийг зээлээс байшинг чөлөөлж, гэрчилгээгээ авах үед өгөхөөр тохирсон. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр худалдан худалдан авах гэрээ хийгээд маргааш нь О.******* нар байшиндаа нүүж орсон цагаас хойш өнөөдрийг болтол амьдарч байгаа. Байшингаа зарах үед манайх шинэ дрож дэвссэн, шинэ гал зуухны тавилга дөнгөж угсраад суурьлуулсан, жорлонг шинээр сольсон үе байсан бөгөөд түүнийг О.******* нар худалдаж авъя шинэ эд хогшил юм байна гэж хэлээд гал зуухны тавилгыг 900,000, дрожийг /3х8 харьцаатай/ 520,000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Түүнийг 400,000 төгрөгөөр үнэлж нийт 1,300,000 төгрөг өгч авахаар тохирсон байсан. Ингээд ажил явдал болоод энэ мөнгөнөөс 1 сая төгрөгийг түрүүлээд өгөөч гэхэд 100,000 төгрөгийг л өгч чадна гээд мөнгө төгрөг өгөөгүй. Тэр үед нь би их гомдож байсан. Тиймээс байшингийн үлдэгдэл мөнгө 10,500,000 төгрөг, түүн дээрээ дрож, тавилгын үнэ нийт 1,300,000 төгрөгийг нэмж бүгд 11,800,000 төгрөгийг дээрх хариуцагч нараас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна...гэжээ.
Хариуцагч У. шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:
...Сөрөг нэхэмжлэлийг бол 10,500,000 төгрөг дээрээ гал тогооны тавилга зэргийг үлдээсэн. Мөн том өрөөнд хивс үлдээсэн үүний мөнгөн дүн нийт 11,800,000 төгрөгийг нэхэмжлэл гаргаж байна... 10,500,000 төгрөг нь байшингийн үлдэгдэл харин 1,300,000 төгрөг нь тавилга хивсний мөнгө...гэв.
Хариуцагч У.******* шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:
...Байшингийн үлдэгдэл 10,500,000 төгрөг, байшинд үлдээсэн эд хөрөнгө нь 1,300,000 төгрөг болсон. Нийт 11,800,000 төгрөг авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Буцаагаад 40,000,000 төгрөгийг өгөх боломжгүй. Тийм учраас байшин зарсан үлдэгдэл мөнгө авахаар нэхэмжлэл гаргасан...гэв.
Нэхэмжлэгч О.******* сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх байшин зарахдаа гал тогооны тавилга нь ханандаа бэхлэгдсэн авах боломжгүй тул тухайн 50,500,000 төгрөгт оруулж тооцсон. Хивсний хувьд огт мөнгө төгрөг яриагүй...тухайн байшинг банкны зээлд байсныг мэдээгүй...У.*******тай 2018 оны 09 дүгээр сарын 10-нд гэрээ хийсэн...гэрээний гол нөхцөлд хашаа байшин...50,500,000 төгрөгөөр худалдаж авсан...одоо 10,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, 40,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн... У.*******тай гэрээ хийхэд У. хамт байсан...гэрээний 3.1-дэх заалт зөрчигдсөн тул гэрээнээс татгалзах болсон....хашаа байшинг барьцаалсан байсан, бид үүнийг мэдээгүй...гэрээнд гэрээ хийсэн он буруу бичигдсэн байна...
гэв.
Нэхэмжлэгч Ч.******* сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...10,500,000 төгрөг бол 03 дугаар сарын 01-ны өдөр өгөх ёстой мөнгө байсан. Би тохирсон хугацаандаа мөнгө өгөх гэж араас нь хөөцөлдсөн. Гал тогооны мөнгө бол 50,500,000 төгрөгт багтсан. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, зохигчийн шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.*******, О.******* нар нь хариуцагч У., У.*******, Ж. нарт холбогдуулан ...худалдан худалдан авах гэрээнээс татгалзаж, хашаа байшингаа буцаан өгч, уг үл хөдлөх хөрөнгийн төлбөрт шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргасан төлбөр, бусад зардлыг гаргуулахаар, мөн хариуцагч У., У.******* нар нь Ч.*******, О.******* нарт холбогдуулан хашаа, байшингийн төлбөрийн үлдэгдэл 10,500,000 төгрөг, дрожны үнэ /3х8/-д 400,000 төгрөг, гал зуухны тавилгын үнэ 900,000 төгрөг, нийт 11,800,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох ...хашаа байшин худалдах, худалдан авахаа больж /гэрээнээс татгалзаж/ уг хашаа байшинг буцаан өгч бэлнээр өгсөн 40,000,000 төгрөг болон нэхэмжлэл гаргасан төлбөр, бусад зардал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар Ч.*******, О.******* нараас шүүх хуралдаанд амаар болон шүүхэд бичгээр гаргасан /хавтаст хэргийн 25, 38 тал/ тайлбартаа ... уг хашаа байшинг худалдах, худалдан авах үед өөр хүний нэр дээр буюу худалдагч У.ых биш, түүний дүү У.*******гийн нэр дээр шилжсэн, мөн банкны барьцаанд тавьж гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд уг хашаа байшингаа өөрийн өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй 2 жилийн нүүр үзэж байх тул хашаа байшинг нь буцаан өгч, үнэд төлсөн 40,000,000 төгрөгөө гаргуулахаар, хариуцагч У., У.******* нар нь шүүхэд бичгээр гаргасан /хавтаст хэргийн 22-23 тал/ тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн дээрх тайлбартаа ... уг хашаа байшинг худалдах худалдан авах гэрээ хийх /2017.09.10 биш 2018.09.10 гэх / үед банкны зээлийн барьцаанд байгаа тул чөлөөлөөд зарна гэдгийг мэдэж байсан, ... бид хоёр ингэж тохиролцсон бөгөөд 2019.03.01-нд барьцаанаас чөлөөлж өгөх хугацаа гэрээнд заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
Хэрэгт авагдсан үйл баримт болон зохигчийн тайлбараас үзэхэд: Хавтаст хэргийн 5-10 дугаар талд авагдсан бичгийн чанартай баримт болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар улсын бүртгэлийн Ү-1317002681 дугаартай, гэрчилгээний 000537522 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр ******* *******г бүртгэсэн баримт 2017.09.10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч У.*******, худалдан авагч О.******* нарын хооронд маргааны буюу гэрээний зүйл болох 56 мкв талбай бүхий хувийн зориулалттай хашаа байшин /ҮХХ худалдах худалдан авах гэрээ-хх8/-г нийт 50,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар гэрээний 2.1-д зааснаар тохиролцсон бөгөөд гэрээний 2.2-т ...40,000,000 төгрөгийг 2018.09.10-ны дотор төлж дуусгасан, гэрээний 2.3-д ...үлдэгдэл төлбөр 10,500,000 төгрөгийг 2019.03.01-ний дотор төлөхөөр, гэрээний 1.1-д ... худалдагч тал нь дээрх 56 мкв хувийн орон сууцыг /үл хөдлөх хөрөнгийг/ худалдагчид шилжүүлэх, худалдан авагч тал хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр, гэрээний 3.1-д шилжүүлж байгаа үл хөдлөх хөрөнгө нь худалдагчийн өмч болох нь нотлогдсон ба эрхийн зөрчилгүй, бусдад барьцаалагдаагүй, ... өмчлөлийн ямар нэг маргаангүй байхаар, гэрээний 3.3-т ... энэхүү гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх худалдан авагч талд шилжих, өмнөх өмчлөх эрх дуусгавар болохоор, гэрээний 3.7-д үлдэгдэл төлбөр төлөгдөхөөс өмнө улсын бүртгэлийн байгууллагад уг гэрээг бүртгүүлж гэрчилгээг шилжүүлэхээр талууд тус тус тохиролцсоноос гадна гэрээгээр тохиролцсон хугацаа буюу 2018.09.10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 40,000,000 төгрөг төлөх үүргээ худалдан авагч О.******* биелүүлсэн болох нь хавтаст хэргийн 9 талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус нотлогдсон үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах, агуулгыг өөрсдөө тодорхойлох, эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр, мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-д зааснаар ... хуульд зааснаар бүртгүүлэх /Иргэний хуулийн 110.1/ буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн бол бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэхээр зохицуулсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан дээрх 2017.09.10-ны өдрийн гэрээ байгуулагдсан эсэх дээр маргаагүй ба хариуцагч буюу худалдагч У.******* нь гэрээний 1.1-д заасан ... 56 мкв /хашаа, байшин/ үл хөдлөх хөрөнгийг худалдан авагч О.*******ийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байгаа боловч, гэрээний 3.1-д заасан ...шилжүүлж буй үл хөдлөх эд хөрөнгө нь бусдад барьцаалагдаагүй байх, гэрээний 3.7-д заасан ... үлдэгдэл төлбөрөө төлөхөөс өмнө уг гэрээг улсын бүргэлд бүртгүүлж, гэрчилгээг шилжүүлэхээр талууд тохиролцсон үүргийн хариуцагч буюу худалдагч тал зөрчиж, уг үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэргийн 1, 5-8, 45-46 талд авагдсан нэхэмжлэл, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар ... үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д ...үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж буй бол уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болохоор, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар талууд шилжүүлж буй эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж /гэрээний 3.7/ тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжихээр тус тус зохицуулжээ. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ... гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа /үл хөдлөх хөрөнгө/ харилцан буцаахаар тодорхойлсон нь түүнийг уг хэлцэл /хавтаст хэргийн 8/-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан эсэхээс үл хамааран шүүх талуудын хооронд байгуулагдсан дээрх хэлцлийг хүчин төгөлдөр эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар талуудын хооронд дээрх гэрээ /хэлцэл/ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй бөгөөд талууд уг хэлцлийг байгуулагдсан эсэх дээр маргаагүй хэдий ч үг хэлцлийг хүчин төгөлдөр эсэх дээр талууд, түүний өмгөөлөгч нар маргаж, улмаар шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө болон төлбөрийг харилцан буцаан өгч, авалцахаар нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар ... хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн буюу Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1-д заасан ... үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх, өмчлөх эрх дуусгавар болох нөхцөлийг улсын бүртгэлд бүртгүүлснээр шилжих, дуусгавар болох зохицуулалтыг зөрчсөн нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-д зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар шаардах, мөн талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд мөн зүйлд зааснаар ... худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус зохицуулжээ. Эндээс үзвэл; талуудын хооронд байгуулагдсан гэрээ /хавтаст хэргийн 8/ -ний 3.1, 3.3, 3.7-д заасан үүргийг хариуцагч У.******* биелүүлээгүй гэж үзнэ. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар ...талууд гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх, талууд гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар ...талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд гэрээнээс татгалзаж нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгч О.*******, Ч.******* нарын хариуцагч У.*******гаас ... худалдан авсан гэх үл хөдлөх хөрөнгө /хашаа, байшин/-ийг буцаан өгөх, үнэд нь өгсөн гэх 40,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, Гэрэлт хөшөөний 4 дүгээр гудамж, 408 тоотод байрлах, 56 мкв талбай бүхий, хувийн орон сууцны зориулалттай улсын бүртгэлийн Ү-1317002681 дугаартай, 000537522 гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч У.*******д буцаан өгч, У.*******гаас 40,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгож, нэхэмжлэлээс ... төлбөр, бусад зардал гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болговол зохино.
Нэхэмжлэгч нь энэхүү шаардлагаа нотлоогүйгээс гадна шүүх хуралдаанд энэхүү шаардлагаасаа татгалзсан болно.
Мөн нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлдээ хамтран хариуцагчаар татсан Ж., У. нар нь У.*******, О.******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /эрх зүйн харилцаанд оролцоогүй/-ний оролцогч биш бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Ж.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг шүүх хуралдаанд өгсөн тул эдгээр хоёр хүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
У., У.******* нар нь Ч.*******, О.******* нарт холбогдуулан ... байшингийн үлдэгдэл үнэ 10,500,000 төгрөг, мөн гал зуухны тавилга 900,000 төгрөг, 3х8 харьцаатай дрожны үнэ 400,000 төгрөг, нийт 11,800,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасны заримыг хангаж, заримыг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Учир нь; Үндсэн нэхэмжлэлээс 40 сая төгрөгийн шаардлага хангагдсан тул үүнтэй холбогдуулан төлбөрийн дутуу мөнгө болох 10,500,000 төгрөг гаргуулах шаардлага хангагдахгүйгээс гадна талуудын хооронд байгуулагдсан /хх-8 тал/ гэрээнээс үзэхэд: ... энэхүү гал тогооны тавилга, дрожны үнийн /дагалдах хэрэгсэл/ талаар тохиролцсон зүйлгүй бөгөөд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар ... энэхүү дрож, тавилгыг өгсөн авсан талаар маргаагүй, мөн О.*******, Ч.******* нар нь тайлбартаа: ...уг дрож, тавилгыг үл хөдлөх хөрөнгийн үнэд оруулж тохиролцож авсан нь үнэн, маргаангүй гэх бөгөөд У., У.******* нар сөрөг шаардлага болох гал тогооны тавилгын үнийн талаар /хх- 38 тал / нэхэмжлэгчийн тайлбар, /хх- 40-41 тал / хариуцагчийн тайлбар, /хх - 42 тал / зарлагын баримт 2018.06.25-ны өдөр 899,900 төгрөгөөр худалдан авсан/, /хх 106, 60-68 тал / ХААН банкны дансны хуулга, үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул 899,900 төгрөгийг О.*******, Ч.******* нараас тэнцүү хуваан гаргуулж У.*******, У. нарт тэнцүү хуваан олгож, сөрөг нэхэмжлэлээс дрожны үнэ болох 400,000 төгрөгийн шаардлага нотлоогүй, үнэлгээний баримтгүй тул /1,300,000-899,900= 400,100+10,500,000 төгрөг/ нийт 10,900,100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Харин хариуцагч О.*******, Ч.******* нар нь уг гал тогооны үнийн тавилгыг хүлээн авсан хэдий ч үнийг төлөхгүй гэж маргаж байгаа боловч энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох /хх- 42 тал/ баримтыг няцаасан баримт гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.*******гаас уг тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгч нарт олговол зохино.
Сөрөг нэхэмжлэлд төлсөн 203,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 899,900 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 26,148 төгрөгийг О.*******, Ч.******* нараас тэнцүү хуваан гаргаж У.*******, У. нарт тэнцүү хуваан олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* ******* / Ч.******* / -ээс 2017.09.10-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, Гэрэлт хөшөөний 4 дүгээр гудамж, 408 тоотод байрлах, 56 мкв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1317002681 дугаартай, 000537522 гэрчилгээний дугаартай хувийн орон сууцны зориулалттай хашаа байшинг ******* *******д буцаан олгуулж, ******* *******гаас 40,000,000 төгрөг гаргуулж ******* ******* / Ч.******* /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас төлбөр бусад зардал гаргуулах болон хариуцагч Ж., У. нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Ч.*******, О.******* нараас 899,900 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж, У., У.******* нарт тэнцүү хуваан олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 10,900,100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.*******гаас уг тэмдэгтийн хураамжийг бүхэлд нь гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 899,900 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 26,148 төгрөгийг О.*******, Ч.******* нараас тэнцүү хуваан гаргаж У.*******, У. нарт тэнцүү хуваан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН