Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2018/02541

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар101/ШШ2018/02541

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т.Дын /РД: 00000000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Бд /РД: 000000000/ холбогдох

Чингэлтэй дүүргийн засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 21-ний А/150 дугаар захирамжаар эзэмшүүлсэн хххххххххххххххххх талбай бүхий зуслангийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Т.Дын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Д.Бд даалгах тухай иргэний хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Содномдаржаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.Д нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Д.Бтэй харилцан тохиролцож хххххххххххххххххх талбай бүхий зуслангийн газрыг нь худалдан авахаар болж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан.

Д.Б нь газар эзэмших эрхээ 6.200.000 төгрөгөөр үнэлсэн ба тэрээр газрын үнийг Т.Даас хүлээн авах итгэмжлэлийг мөн өдөр нь Б.Ц гэх хүнд итгэмжлэлээр олгосон бөгөөд мөнгө хүлээн авах итгэмжлэл болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулан нотариатчаар гэрчлүүлсэн.

Б.Ц гэх хүн нэхэмжлэгч, хариуцагч нарыг хэн алиныг нь таньдаг бөгөөд Д.Б нь Б.Цд өртэй ба Д.Б нь надад байгаа газрыг зараад мөнгөө олж ав гэсэн асуудал тэдний хооронд яригдсан.

Б.Ц өмнө нь Т.Дтай хамт ажиллаж байсан болохоор зуслангийн газрыг түүнд санал болгон Д.Б,Т.Д нарыг уулзуулан тэдний хооронд газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.

Нэхэмжлэгч Т.Д нь гэрээ байгуулсан өдөр 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Б.Цийн Голомт банк дахь дансанд 5.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.200.000 төгрөг тус тус төлснөөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.

Үүний дараа газар эзэмших эрхээ шилжүүлэх гээд Чингэлтэй дүүргийн газрын албанд очиж газар ашигласан дутуу төлбөрийг төлж 2017 оны 11 дүгээр сард газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр гаргуулах хүсэлт гаргахад газрын албан дээр хаалт хийлгэсэн байсан.

Хариуцагч Д.Б уг хүсэлтийг гаргасан ба хүсэлтдээ би газраа хүнд худалдсан боловч мөнгөө өгөөгүй тул газрыг шилжүүлэхгүй гэсэн байдаг.

Нэхэмжлэгч Т.Д нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул Чингэлтэй дүүргийн засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/150 дугаар захирамжаар эзэмшүүлсэн хххххххххххххххххх талбай бүхий, газар эзэмших эрхийн 0401834 дугаар бүхий гэрчилгээтэй, зуслангийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Т.Дын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Д.Бд даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Содномдаржаа шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Д.Б нь хххххххххххххххххх талбай бүхий зуслангийн газрыг эзэмшдэг бөгөөд хуучны танил болох Б.Ц та газраа зарах уу гэж асууж байсан ба Д.Б зарах боломжтой гэдгээ илэрхийлсэн байдаг.

Ингээд 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Т.Дт дээрхи газрыг эзэмших эрхээ 6.200.000 төгрөгөөр зарж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Мөн тэр өдрөө газрын үнийг хүлээн авах итгэмжлэлийг Б.Цд олгосон бөгөөд газраа худалдсан болон мөнгө хүлээн авах итгэмжлэл олгосон талаар хариуцагч Д.Б маргахгүй байгаа.

Б.Ц эднийг хооронд нь уулзуулсан ба газрыг нь зарж өгсний 10 хувийг Д.Бгээс авна гэсэн байсан бөгөөд сарын дараа тэрээр Б.Ц рүү залган төлбөр төлөгдөөгүй байна, газар эзэмших эрх шилжих гэж байх шиг байна, мөнгөө төл гэхэд төлбөр төлөхгүй, газрыг чинь авна гэсэн байдаг.

Газрын үнийг төлөхтэй холбоотой итгэмжлэл нэхэмжлэгч Т.Дт байсан бөгөөд тэрээр төлбөрийг яаж төлөх талаар талууд тохиролцоод төлбөрийг Д.Б хүлээн авах эрхтэй, хүлээж авахдаа ийм арга замаар төлбөрийг хүлээж авна гээд заагаад байхад нэхэмжлэгч Т.Д үүнийг биелүүлээгүй, мөнгийг Б.Цд өгсөн.

Иймд нэхэмжлэгч Т.Дын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Д.Бд холбогдуулан Чингэлтэй дүүргийн засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 21-ний А/150 дугаар захирамжаар эзэмшүүлсэн хххххххххххххххххх талбай бүхий зуслангийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Т.Дын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Д.Бд даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Т.Д, хариуцагч Д.Б нар нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдагч буюу хариуцагч Д.Б нь өөрийн эзэмшлийн хххххххххххххххххх талбай бүхий зуслангийн газар эзэмших эрхийг худалдан авагч буюу нэхэмжлэгч Т.Дт 6.200.000 төгрөгөөр үнэлж шилжүүлэхээр харилцан тохирчээ.

Мөн өдөр нь буюу 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Т.Даас газар эзэмших эрхээ шилжүүлсний төлбөр 6.200.000 төгрөгийг хүлээн авахад өөрийгөө бүрэн төлөөлөх, урьдчилгаа 3.200.000 төгрөгийг бэлнээр авах, үлдэгдэл мөнгөн дээр эскроу данс нээх, мөнгийг хүлээн авах, төлөөлөн гарын үсэг зурах итгэмжлэлийг Б.Цд олгосон байх ба уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан итгэмжлэлийн шаардлага хангасан байна.

 

Дээрх 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн болно.

/ХХ-ийн 3, 6 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Т.Д нь Голомт банк дахь 1105027799 тоот данснаасаа гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Б.Цийн Голомт банк дахь 2501004881 тоот данс руу 5.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр мөн данс руу 1.200.000 төгрөг тус тус газрын төлбөрт хэмээн шилжүүлсэн болох нь мөнгө шилжүүлсэн баримт, Голомт банкны 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт, мөн банкны 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн лавлагаа, нэхэмжлэгч Т.Дын 1105027799 тоот дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Т.Д нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй.

/ХХ-ийн 4-5, 45, 51-53 дугаар тал/

 

Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Т.Дыг итгэмжлэлд заасны дагуу буюу урьдчилгаа 3.200.000 төгрөгийг бэлнээр, үлдэх төлбөрт эксроу данс нээлгэн төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх ба Д.Бгээс Б.Цд олгосон итгэмжлэлд мөнгийг хүлээн авах хэмээн үйлдэл хийх эрхийг нь олгосон байгаагаас үзэхэд хариуцагч талын дээрхи тайлбар үндэслэлгүй болно.

 

Хариуцагч Д.Б 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болон Б.Цд газар эзэмших эрх шилжүүлсэний төлбөр хүлээн авах итгэмжлэлийг олгосон талаараа маргаагүйг дурьдлаа.

 

Иймд Чингэлтэй дүүргийн засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/150 дугаар захирамжаар эзэмшүүлсэн хххххххххххххххххх талбай бүхий, газар эзэмших эрхийн 0401834 дугаар бүхий гэрчилгээтэй, зуслангийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Т.Дын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Д.Бд даалгах нь зүйтэй.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/150 дугаар захирамжаар эзэмшүүлсэн хххххххххххххххххх талбайтай, газар эзэмших эрхийн 0401834 дугаар бүхий гэрчилгээтэй, зуслангийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Т.Дын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Д.Бд даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Дын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгээс 114.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Дт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН