| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2018/05664/И |
| Дугаар | 101/ШШ2019/01068 |
| Огноо | 2019-04-11 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2019/01068
| 2019 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 101/ШШ2019/01068 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б ХХК холбогдох
400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Бөхийн өргөөний баруун урд байрлах Эрин эмнэлэгт Б ХХК-ийн Т.О захиралтай заслын туслахын ажилд өдрийн 30,000 төгрөгийн цалинта тохирч ажил хийж байсан. Т.О нь миний 1 сарын хөдөлмөрийн хөлс болох 750,000 төгрөгийг өгөлгүй өвгөн надад их чирэгдэл хэл ам болж байж 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр миний өөрийн ХААН банкны дансанд 350,000 төгрөгийг хийсэн. Ингээд 1 сарын өөрийн үндсэн цалингийн үлдэдэл 400,000 төгрөгийг мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,550 төгрөгийн хамт гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү. Т.Отэй утсаар ярих гэхээр утсаа авахгүй дахин залгах юм уу мессеж бичих тоолонд 10,000 төгрөг хасна гэж загнаж ярих юм. Энэ хүнд хүний хөдөлмөрийн хөлсийг шулж бусдыг доромжлох эрх байгаа юм болов уу. Монгол улсын иргэн би хууль дүрмээ сахин үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Б ХХК-ийн захирал Т.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э нь анх 2018 оны 8-р сард манай компаний гүйцэтгэж байсан МУИС-н Хичээлийн 2-р байрны А заалны засварын ажилд түр гэрээгээр ажилласан засалчин Д.Ч туслахаар Чтай хамт ирж ажилласан байдаг. Д.Ч нь өөрийн туслахаар ажиллуулахдаа хонопг 30 000 төгрөгийн цалин өгөхөөр тохиролцсон байсан. Зөвхөн Ч туслах хийхэд ажил нь бага учраас би Ч тохиролцон тал цалин болох хоногт 15 000 төгрөгийг компани гаргаж ажлын завсраар өөр бусад ажилд туслуулахаар болж харилцан тохиролцож цалинжуулахаар болоод ажилласан. Энэ үед манай компанид ямарч хамаарал байхгүй бусад зардлыг нь Ч дааж би зөвхөн ажлуулсан хоногийн цалинг 15 000 төгрөгөөр тооцоод Чны цалингаас 15 000 төгрөгийг нь суутгаад ажилласан хоногт нь цалинг өгсөн. Манай компаний дараагийн ажил болох Х компаний захиалгаар Эрин клиник эмнэлгийн барилгын гадна засварын ажлыг гүйцэтгэх болоход засалчин Д.Ч нь /нас 58-60/ гадна заслалын шатан дээр ажиллахад насны хувьд тохирохгүй учраас ажиллуулахгүй болоход өөрөө ажилгүй учраас туслах С.Эгийг үлдээгээд ажиллуулж болно гэхээр нь бас настай хүн өндөр шатан дээр гарч ажиллаж чадахгүй учраас боломжгүй гэж хэлсэн. Гэтэл С.Э нь би доогуур нь юмыг нь дөхүүлээд өгөөд байя ажиллуулаач гэхээр нь ажлын бүтээмж муу ч гэсэн за яах бэ өмнө нь миний аавын удирдлага доор ажиллаж байсныг нь бодоод түр авч ажиллуулсан. Гэвч С.Э нь хөдөлмөрийн бүтээмж муутайгаас гадна хөл, гар өвдлөө, авгай хүүхэд өвчлөө, ядраад байна гэх мэтээр ажилд ирэхгүй таслаж байсан. Мөн ажлын үед архи уусан тохиолдолч гарч байсан. Ажлаас өөрийн хүсэлтээр гарсан тэр өдөр өглөө эрт машинтай жолоочийн хамт Шар хаданд байх компаний склад орж юм аваад Цайз зах орж замаска аваад ирэхээр явахдаа жолоочийн хамт утсаа ч авахгүй өдрийн 14 цаг хүртэл алга болсон. Утсаа арай гэж нэг юм аваад бөглөрөөд явахгүй байна гэж худал хэлээд компани машинаар хувьдаа ямар нэг юм хийсэн гэж би үзэж байгаа. Тэгээд утсаа унтраагаагүй байхдаа Нөгөөх чинь уурлаад бөөн юм болж байна. Бөглөрөөд байна гээд худлаа хэлчихлээ гэж ярихыг би сонсоод өөрөө хойноос нь 14 цаг өнгөрч байхад Цайз зах дээр ирэхэд тэр 2 дөнгөж Цайз зах дээр ирж байсан. Би худал хэллээ гэж тэр 2-г загнаад ачаагаа аваад ажил дээрээ ирсэн. Намайг ажил дээр очиход манай ажилчид Э ах загнуулж ажиллаж чадахгүй гээд ажлаа хаяад яваад өгсөн гэсэн. С.Э нь өөрийн хүслээрээ ажил хаяад яваад өгсөн болно. Манай компани журамд Хэрэв ажилчин шалтгаангүйгээр өөрийн хүсэлтээр ажлаа хаяж явбал тухайн сарын цалинг олгохгүй болно гэсэн заалт байдаг. Гэвч би насыг нь хүндлээд цалинг нь олгуулсан. С.Э нь дөнгөж туршилтын хугацаандаа ажиллаж эхлэж байсан ямарч гэрээгүй аман тохироогоор л ажиллаж эхэлж байсан. Эрин клиник эмнэлгийн засварын ажлыг гэрээгээр /гэрээ, актыг хавсаргав/ 2018 оны 9-р сарын 18 эхэлж 10-р сарын 18 нд дуусах 30 хоногийн ажил байсан. Энэ хугацаанд ажлын дундаас хаяж явсанг С.Э нь өөрөө мэдэж байгаа буюу 15 хоног ажилласан болно. Үүнийг манай өдрийн хоолны тооцоог хариуцдаг ажилчин Г.Огийн тооцоогоор батлаж болно. Бид өдрийн хоолны тооцоог яг ажилд ирсэн хүнээрээ банкаар шилжүүлж тооцдог. Тооцоо болон тооцоотой холбоотой банкны хуулга, бүртгэлийг хавсаргав. Мөн тухайн үед хамт ажиллаж байсан ажилчид ажил ямар үед С.Э нь хаяж явсанг батлах болно.
Иймд манай компани нь С.Эгийн ажилласан хугацаан дах 15 хоногийн цалинг бүрэн олгосон учраас ямарч өглөг үгүй болно. 2018 оны 11 сарын 20 нд С.Эгийн Хаан банкны дансанд 350 000 төгрөг шилжүүлсэн болно. С.Эгийн цалингийн тооцоог хавсаргав.
Жич: С.Э нь Хаан банкны дансаа буруу явуулснаас болж мөнгө нь ташаарч өөр хүний данс руу ороод асуудал үүссэн. Нөгөө данснаас нь шилжүүлж авах хугацаанд С.Эгийн охин болон дүү нь намайг утсаар байнга дарамталж С.Э өөрөө ярихгүй байхад охин дүү 2 нь янз бүрийн дугаараас өдөрт зуу зуун удаа залгаж, элдвийн мессеж бичээд менге нэхэж байсан. С.Э 2 удаа халамцуу ярихад нь би цалин нь яагаад ийм гарсанг өөрт нь тайлбарлаж хэлсэн ойлгосон гэж бодож байна. Цалингаа авснаас хойш өөрөө над руу нэгч яриагүй. Харин охин, дүү 2 нь цалингий нь өгчөөд байхад хүртэл мэдэхгүй над руу байнга залгаж дарамталж байсан. Энийг би эдгээр хүмүүс С.Эгийг дарамталдаг байж магадгүй гэж үзэж байна. .... дугаараас бичсэн мөссежийг баримт болгож хавсаргав. Бусдыг нь ийм асуудал болохыг нь мэдээгүй учраас устгасан болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Э, хариуцагч Б ХХК-д холбогдуулан 400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, ажилласан хоногоор тооцон цалинг бүтэн олгосон гэх тайлбарыг гаргажээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс нэг өдрийн 30,000 төгрөгийн цалин тохирч туслах ажилтнаар ажиллуулсан нэг сарын хөлс 750,000 төгрөгөөс 350,000 төгрөг төлж цалингийн үлдэгдэл 400,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилжээ.
Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж ажилласан хугацааны цалинг олгосон, нэхэмжлэгч 15 хоног ажилласан тул зохих татвар, хоолны суутгалыг хийж тохирох цалин 350,000 төгрөгийг шилжүүлсэн гэж холбогдох цагийн бүртгэл, цалин олгосон тооцооны хуудсыг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлаа үндэслэл бүхий байдлаар нотолсон, хариуцагч Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-д заасан үүргээ биелүүлж нэхэмжлэгчид ажилласан хугацааны нь хөлсийг зохих ёсоор тооцон олгосон гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, баримтыг үгүйсгэсэн тайлбар, шүүхэд нотлох баримтаар гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгч С.Эгийн хариуцагч Б ХХК-иас 400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойшхөл 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ