Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/185

 

 

Ц.Г холбогдох

    эрүүгийн хэргийн тухай   

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тулга,

шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Ө.Учрал,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/2019 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Ө.Учрал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Г холбогдох 1906050502254 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

            /,     

Шүүгдэгч Ц.Г 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 1-нд шилжих шөнө согтуугаар Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг, 13 дугаар гудамжны 729 тоотод өөрийн гэрт иргэн Ж.Мдагуулан очиж, хоолойг нь боомилж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас:

Ц.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Ц.Б-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гыг 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Ц.Г оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Гаас гэм хорын хохиролд 5.495.850 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Молгож,

гэм хорын бусад хохирлоо холбогдох бичмэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох Ц.Гаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Гын урьд цагдан хоригдсон нийт 105 /нэг зуун тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гогцоо үүсгэн зангидсан цагаан өнгийн даавуу 1 ширхэг, ягаан өнгийн хүзүүний ороолт 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн хэрэг болох үед хохирогч болох М-тэй караоке бааранд танилцаж улмаар манай гэрт очиж хамт хонохоор ярилцаж тохиролцсон билээ. Тухайн үед харих замдаа хохирогч М-ийг ямар нэгэн хүч хэрэглэсэн болон муу санаа бодон авч яваагүй. Хэргийн гол шалтгаан хохирогч бид хоёр архи их ууж согтолт ихдээд үл ялиг маргалдснаас болж хоол хийх гээд хөргөгчнөөс хөлдүү мах болон ногоо арилгаж байсан хутгын хамт ширээн дээр тавьсан байсныг хохирогч, одоогоор талийгаач М гуай авч миний зүүн гарын булчин хэсэгт хутга барин хатгасны улмаас, өөрийн эрхгүй цочирдон биеэ хамгаалахдаа хутгыг булаан авч, хоолой хэсгээс нь боосон тул хохирогч ухаан алдаж унасан, миний зүүн гарнаас цус алдаж байсан тул гарныхаа цусыг дарж цэвэрлээд хохирогч М дээр очиж сэрээх гэсэн боловч сэрээгүй. Энэ үед би маш их айж цочирдож байсан болохоор эмнэлэг дуудаж тусламж үзүүлж чадаагүйдээ одоо маш их харамсаж байна. Би тухайн үед цагдаагийн газарт болсон явдлыг хэлэлгүй хэргийг нуун дарагдуулсандаа гэмшиж байна. Мөн хохирогчийн ар гэрийнхнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Мөн төлбөрийг тодорхой ойрын хугацаанд төлж барагдуулах болно. Ц.Г миний бие одоо 52 настай үе үе даралт ихсэж зүрхээр хатгуулдаг өвчтэй тул дээрх нөхцөл байдал “анх удаа” гэмт хэрэгт холбогдож байгааг минь харгалзан үзээд надад оногдуулсан хорих ялыг багасгаж, хаалттай эдлүүлэх дэглэмийг нээлттэй болгож хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Гын өмгөөлөгч Ө.Учрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Г болон өмгөөлөгч миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд эаасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн тухайд маргадаггүй буюу Ц.Г нь мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн.

Харин анхан шатны шүүх шүүгдэгчид 15 жил хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдалд тохироогүй, шүүх ял шийтгэл оногдуулах нийтлэг зарчмыг баримталж чадаагүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Шүүх, шүүгдэгч Ц.Гыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байхад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцолгүй, “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гээд гэмт хэрэгт оногдуулахаар тогтоосон хорих ялын дээд хэмжээний ял оногдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд тохирсон, уг хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээнд багтсан байхыг чухалчлах хэдий ч үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлагад бодитой дүгнэлт хийж ял оногдуулах нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуүлийн зорилтод нийцнэ.

Хэдийгээр шүүгдэгч Ц.Г нь "Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн боловч шүүхээс ял шийтгэхдээ түүнд хуульд заасан ялын дээд хэмжээний ял оногдуулж байгаа нь Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблейн 217/А/Ш дугаар тогтоолоор батлагдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд "Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй" гэж заасантай зөрчилдөж байна.

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлсөн болон гэм буруугаа огт хүлээн зөвшөөрөөгүй хүнтэй адил ялыг шүүх оногдуулж байгаа нь шударга ёсны зарчимд үл нийцэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Г оногдуулсан хорих ял болон дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний эх эмнэлгийн байгууллагад ажилладаг, төлөв даруу, ажилч хичээнгүй, нямбай хүн байсан. Шүүгдэгчийн хэлж байгаа шиг хүнийг хүйтэн мэсээр гэмтээх хүн биш, өрөвч зөөлөн сэтгэлтэй, уяхан хүн байсан. Гэмт хэрэгтэн эхийг минь үг хэлж чадахгүй байдлыг далимдуулж, өөрийн гэмт үйлдээ нуухын тулд миний эхийг гүтгэж байна. Дүү бид хоёрын бага насанд ээж минь зуурдаар нас барсан. Ээж минь, дүү бид хоёрын хувьд түшиг тулгуур, бүх юм байсан ч, нэг л өглөө алга болж, дүү бид хоёр өдөр бүр ээж минь яасан бол гэхээс гол минь зурагдаж, амьдын тамд эхийгээ санан бэтгэрч 7 жилийг өнгөрүүлсэн. Шүүгдэгч 7 жилийг нуун дарагдуулсан. Ээжийн минь цогцос олдоход хүлээтэй, худагт булаастай байсан. Гэмт хэрэгтэн миний эхийг санаатайгаар, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөж өөрийн балмад хэргээ нуун далдалсан нь тухайн хүнийг ямар аймшигтай болохыг харуулсан. Дүү бид хоёр эхийгээ тийм байдалтай олдоход сэтгэл санааны гүн хямралд орсон. Бидний эх нэг л өглөө алга болсон шигээ нэг л өдөр аймшигтай байдалтай олдсон. Тухайн үед эхийгээ хүн ёсоор оршуулах мөнгөний боломж байгаагүй тул бид бусад ах дүү, ар гэрийнхний хамт нийлж 10.000.000 гаруй төгрөг хувь хүнээс зээлж ажил явдлыг нь хийсэн. Шүүгдэгч оршуулгын зардлыг төлж барагдуулсан гэж мэдүүлдэг боловч нөхөн төлбөрийг төлж барагдуулаагүй. Харин шүүхээс буяны ажилд зарцуулсан мөнгийг шүүгдэгч талаас гаргуулах шийдвэр гаргасан ч үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй. Шүүгдэгчийн ар гэрийнхэн рүү залгаж хохирол төлбөр барагдуулах талаар асуухад “одоо бидэнд хамаагүй” гэх хариуг өгсөн. Иймд түүнд оногдуулсан ялыг хэвээр үлдээж, буяны ажилд зарцуулсан мөнгийг нөхөн олгуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Тулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Ц.Г холбогдох хэргийг хянан хэлэлцээд гэмт хэрэг үйлдэж 7 жилийн турш нуун дарагдуулж, зугтаасан, түүний үйлдлийн улмаас хохирогч нас барсан, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх, шүүгчид олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хүнийг алах гэмт хэргийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн үйлдэлдээ гэмшсэн сэтгэхүйн харьцаа, хандлага зэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна...” гэв.                             

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.  

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Ц.Г холбогдох 1906050502254 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Ц.Г 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 1-нд шилжих шөнө согтуугаар Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг, 13 дугаар гудамжны 729 тоотод өөрийн гэрт иргэн Ж.Мдагуулан очиж хоносон, улмаар Ж.Мийн хоолойг нь боомилж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мөнхгэрэлийн: “...22 цаг өнгөрч байхад мобикомын танихгүй дугаараас ээж маань залгаж эхлээд надтай ярьсан. Тэр үед “Ээж нь Баянхошууны эцэст найзындаа байна. Оройтчихлоо, ээж нь энд хоночихоод маргааш өглөө 07 цагт Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр уулзъя” гэж хэлсэн. Маргааш өглөө би ээжийг эмнэлэг дээр хүлээгээд байхад ирээгүй, тэр мобикомын дугаар луу залгаж үзсэн чинь эхэндээ дуудаж байснаа дараа нь холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн....” /1хх 77-79/,

гэрч Ж.Б-ний: “...М-ийг гэртээ ирэхгүй болохоор нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж өргөдөл өгч шалгуулсан. Цагдаагийн хэлтсээс хамгийн сүүлд залгасан мобикомын дугаарын эзэн Ганбат гэдэг хүнийг олсон байсан. Би Ганбат гэдэг хүнтэй өөрөө уулзаж асуухад “Би Нарантуул зах дээр явж байгаад утсаа хаясан, би танай дүүг танихгүй, мэдэхгүй” гэж хэлж байсан. Дараа нь түүний утасны дугаарыг цагдаагаас шүүж үзэхэд тэрээр зугтаагаад алга болсон. Ж.М эрхэлсэн ажилгүй, гэртээ зээ хүүхдүүдээ харж асран хамгаалдаг байсан. Нас барсныг нь баттай мэдээгүй болохоор оршуулга хийгээгүй байсан...” /1хх 88-89/,

Ц.Гын яллагдагчаар мэдүүлсэн: “...Б, М бид гурав хамт сууж байгаад орой 23 цаг өнгөрч 00 цаг болоогүй байхад караокенаас гарч автобус зогсчихсон байсан учраас такси бариад Хужирбулан  явсан. Улиастайн гүүрний орчим манай найз Б замд бууж гэртээ харихаар үлдсэн. Бид хоёр цааш манай гэр рүү явж байх замдаа дэлгүүрээс нэг шил архи, 2 пиво худалдаж аваад манай гэрт очоод архи пивоо хувааж уусан. Бас хоол хийхээр хөргөгчнөөс хөлдүү мах гаргаж ширээн дээр тавьсан. Ширээн дээр байсан гар утсаар М охинтойгоо Баянхошуунд байна гэж ярьсан. ...нэг мэдсэн М ширээн дээр байсан хутгаар миний зүүн гарын булчингийн ар хэсэгт нэг удаа хутгалсан. Би ноцолдож байгаад хутгыг салгаад хоолойг нь багалзуурдаад орон дээр сэгсэрч дарсан. М-ийг орон дээр орхиод гарнаас гарч байсан цусаа тогтоосон. Тэгээд эргээд харсан чинь М дуугүй болчихсон байсан. Би айж сандарч гадаа гарч харахад үүр цайж гэгээ орж байсан. Яахаа мэдэхгүй гэрийнхээ үүдэнд тамхи татаж суусан. Тэгээд хашаандаа байсан гүний худаг руу хийж булж орхиё гэж бодоод гэртээ ороод орон дээр байсан хөнжлийн даавуунд ороож, цээж болон хөлөөр нь хоёр уяж байгаад тэр уяанаасаа барьж ганцаараа өргөж гаргаад хашаанд байсан гүний худаг руу хийж дээрээс нь хашаанд байсан хогуудыг хамж хийсэн. 2-3 хоногийн дараа ботаникийн тэнд байдаг горьдлого /ачаа тээврийн үйлчилгээ/ дээрээс Хова маркийн нэг машин элс худалдаж аваад худаг руугаа буулгуулж дүүргэсэн. Хэд хоногийн дараа хэсгийн цагдаа дуудаж таны утаснаас тэдэн сарын тэдний өдөр М гэдэг хүн ярьсан байна, та М гэдэг хүнийг таних уу гэж асуухаар нь би танихгүй гэж хэлсэн. Тэгээд байж байтал Баянзүрх дүүргийн цагдаагаас дуудаад Г билүү хэн билээ цагдаа уулзаад надтай утсаар ярьсан хүмүүсийг дуудчихсан байсан. Намайг маргааш ирээрэй гэж хэлэхээр нь би айгаад маргааш нь очоогүй зугтчихсан. ...Гадуур хувцас нь манай өлгүүрт үлдчихсэн байсныг нь би маргааш өдөр нь урагшаа хээр авч очоод шатаачихсан. Би гэм буруугаа хүлээж байна. Тухайн үед согтуу байсан минь л гай боллоо, миний буруу, би буруугаа хүлээж байна...” /1хх 171-175/,

шинжээч эмч Ч.Э-ын: “...Талийгаачийн үе мөч нь гадны ямар хүчин зүйлээс шалтгаалж салсан гэдгийг тогтоох боломжгүй, цогцосны хожуу үеийн өөрчлөлт, ялзрал, саванжилтаас болж салсан байх магадлалтай...” /1хх 108/ гэх мэдүүлгүүд,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл: “хашааны баруун урд буланд модон жорлон байх ба жорлонгоос ертөнцийн зүгээр хойд зүгт 7.70 метр зайд хашааны баруун хэсгээс 1 метр зайд 0.90x0.90 метр хэмжээтэй дотор хэсгийг элс шороогоор булж дээд хэсэгт нь хатаж шарласан өвс, шарилж овоолсон нүхийг гэрч Ц.Г зааж энэ нүхний доор талийгаач Ж.Мийн цогцос байгаа гэж хэлснээр уг нүхийг А цэгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв.” /1хх 44-53/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл: “...энэ хувцаснууд бүгд манай ээжийн хувцаснууд мөн байна...” /1хх 54-60/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 1779 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн яс, зөөлөн эд нь 35-40 орчим настай, 142-144 см өндөр нуруутай, эмэгтэй хүний цогцос байна. Шинжилгээнд ирүүлсэн яснууд нь нэг хүний яс байх ба баруун гарын шуу, сарвуу, зүүн гарын атгаал, шуу, сарвууны яснууд үгүй байна. Талийгаачийн цогцост хүзүүнд дарагдлын ором гэмтэл тогтоогдлоо. Дээрх ором нь зөөлөн эд буюу уяа гогцоогоор үүснэ. Талийгаачийн нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Хүзүүнд үүссэн дарагдлын оромноос үзэхэд талийгаач нь хүзүүг боосны улмаас амьсгалын механик бүтэлтээр нас барсан байх боломжтой байна. Цогцосны толгой болон биеийн зарим хэсгийн хар өнгийн хэсгүүд ялзралын улмаас үүссэн хатсан хэсгүүд байх ба уг хэсгүүдэд нүүрсэжсэн эд үгүй байна. ...9. Хүзүүний хэсэгт үүссэн дарагдлын ором нь даавуугаар үүсгэгдсэн байх боломжтой.” /1хх 97-107/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 9 дүгээр сарын 24- ний өдрийн 931 дугаартай шинжээчийн: “1. Ц.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ц.Г нь хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж байсан үйлдлийн учир холбогдпыг ойлгох, өөрийгөө удирдах хянах чадвартай байсан байна. Ц.Г нь хэргийн талаар тайлбарлаж, мэдүүлэх чадвартай байна. Ц.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ц.Г нь хэрэг хариуцах чадвартай байна. Ц.Г эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” /1хх 133-134/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Анхан шатны шүүхийн тогтоосон “...шүүгдэгч Ц.Г нь хохирогч Ж.Мийн хоолойг нь боомилж алсан...” гэсэн хэргийн үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба шүүгдэгч Ц.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...хүнийг алсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан буюу уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж, гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Ц.Гын гэмт хэрэг үйлдсэн 2013 онд дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс, шүүхээр үйлдсэн гэмт хэргийг нь шийдвэрлэх үед дагаж мөрдөж байгаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ багасаж, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул шүүгдэгч Ц.Г 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэж, тус хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийг шүүх үндэслэлтэй, зөв шийдвэрлэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Ц.Гын үйлдэлд “Хүнийг алах” гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ялаас Ц.Г 15 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Ц.Гын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн арга, хэргийн бодит байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцжээ.

Иймд шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Ө.Учрал нарын гаргасан “хорих ял болон ял эдлэх байгууллагын дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/2019 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Ө.Учрал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.   

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                         М.АЛДАР

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ