Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 38

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл,

улсын яллагч С.Энхмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батзаяа (ҮД:0766),

хохирогч Р.*******,

шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан ******* овогт ******* *******т Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 2017 0108 0103 дугаар, 108/2017/0041/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа *******,******* оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 261 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн ******* дугаартай, ******* овогт ******* ******* нь:

яллагдагчаар татсан тогтоолд бичигдсэнээр - 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед Налайх дүүрэг 1 дүгээр хороо Уурхайчдын 28-10 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Р.*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар зүүн гуянд нь хутгаар хатгаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.******* нь тоот оршин суух гэртээ 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн, улмаар 17 цагийн үед Р.*******ыг “архины мөнгөнд мөнгө нэмэрлэчих” гэхэд “байхгүй” гээд урьд нь зээлүүлсэн мөнгөө нэхэж Н.*******ын цээж рүү нь түлхэж заамдаад гараараа далайхад буцаагаад хоолны шүүгээнээс хутга авч зүүн гуя руу нь хатгаж хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ын: “... 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Р.******* манай хүргэн ахтай гэрт нь нэг шил архи ууж байгаад манай гэрт орж ирсэн. Хүргэн ахын гэр манай хашаанд байдаг юм. Би тэр өдөр бага зэрэг архи уусан. Тэгээд гэртээ унтаж байгаад сэрээд Р.*******ыг гадаа дуудаж гаргаж ирээд “2.000 төгрөг байна уу, архи авахад нэмэрлэх гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд буцаад хүргэн ахынд ороод байж байтал гаднаас манай эгчийн зээ нь түлэгдчихсэн гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би 2 ахыг нь дүүгээ харсангүй гээд алгадсан, тэгтэл эгч “чи хүүхэд алгадлаа” гэж уурласан. Тэгэхээр нь би дүүгээ харсангүй гэж загнасан. Тэгээд Р.******* бид хоёр манайх руу цуг ороод би дахиад мөнгө асуусан чинь Р.******* надад урьд нь зээлүүлсэн 20.000 төгрөгөө нэхээд цохих гээд гараа зангидаж намайг түлхэх үед би хиам талх идэх гээд хутга авахаар шкаф руу ойртсон байсан тул сандрахдаа хутга авч таараад гуя руу нь хатгасан. Хохирогч надтай эвлэрсэн тул хэргийг хөнгөнөөр шийдэж өгнө үү ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.*******ын: “... 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би ажлаасаа тарж яваад Баттөмөр ах, Дулмаа эгч 2-той тааралдаад хамт гэрт нь очоод 0.5 граммын Хараа архи уусан. Тэгтэл ******* орж ирээд “юм асууя гараад ир” гэсэн. Тэгээд хамт гартал “2.000 төгрөг байна нэмэх архины мөнгө байна уу” гэхээр нь би “байхгүй” гээд буцаад орсон. Тэгээд би буцаад ороход ******* араас орж ирээд байж байтал нэг жаахан хүүхэд гаднаас орж ирээд “дүү халуун үнсэнд түлэгдчихлээ” гэтэл ******* 2 дүүгээ оруулж ирээд “хүүхэд харахад яадаг юм бэ” гээд алгадаад, эгч нь 2 хүүхдээ өмөөрөөд байхаар нь би салгасан. Тэрний дараа *******ын гэрт Баагий ахтай хамт орохоор нь Дулмаа эгч намайг “Баагий ахыгаа дуудчих, согтуу байна, одоо хэрэлдэж магадгүй” гэхээр нь би Баагий ахад “авгай чинь дуудаж байна” гэхэд Дулмаа эгч хаалга онгойлгоод “Баагий нааш ир юм асууя” гээд дуудаад хамт гарсан. Тэгээд гэрт нь сууж юм ярьж байгаад урьд нь 20.000 төгрөг *******т өгснөө авъя гэж нэхээд тэгээд жаахан муудалцаад барилцаж аваад заамдалцаад би түлхсэн. Тийм л юм болсон. Одоо би *******аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй, бид 2 эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү ...” гэх мэдүүлэг,

Хэрэг бүртгэлтэд хохирогч Р.*******ын өгсөн: “... *******, Баттөмөр ах хоёр тэндээс гараад хажуу талд байдаг гэртээ орсон. Дулмаа эгч надад “Баттөмөр ахыг дуудчих” гэхээр нь би *******ын гэрт орсон чинь Дулмаа эгч араас ирээд Баттөмөр ахыг дуудаад гарсан. Баттөмөр ахыг гарсны дараа ******* бид нар юм ярьж суусан ба ******* намайг “архины мөнгөнд мөнгө нэмэрлэчих” гэхээр нь би “байхгүй” гэсэн. Би *******аас зөрүүлээд зээлсэн мөнгөө нэхсэн чинь “мөнгө байхгүй” гэхээр нь миний дургүй хүрээд үүнээс болж бид хоёр маргалдаж байгаад би цээж рүү нь түлхээд заамдаад гараараа далайхад ******* хоолны шүүгээнээс хутга аваад миний зүүн гуя руу хатгахад гуя зүсэгдэж цус гарсан. ... Бид хоёрын дунд урьд нь маргаан болж байгаагүй. ******* бид нарын дунд өс хонзон, өр авлага байхгүй. Тухайн бид хоёр дунд зэргийн согтолттой байсан. Одоо миний бие зүв зүгээр. Надад учирсан гэмтлийг ******* учруулсан нь үнэн. Надад санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрсэн тул энэ асуудлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017.03.21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08шэ/143 тоот:

1. Р.*******ын тогтоогдлоо. 

2. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр тал/,

Хэрэг бүртгэлтэд Н.*******ын сэжигтнээр өгсөн: “... намайг гэртээ байж байхад ******* орж ирэхээр нь би *******той архи уухаар 2.000 төгрөг гаргаад “нэмээд архи авъя” гэсэн чинь “мөнгө байхгүй” гэсэн. Тэгснээ надад урьд нь өгсөн мөнгөө гэнэт нэхээд нойтон хамуу шиг байгаад байхаар нь миний дургүй хүрээд “би хатгачих уу” гэсэн чинь ******* “чаддаг юм бол тэг” гэхээр нь би аажуухан хатгасан чинь зүсэгдчихсэн. Энэ бол миний буруу. Би ойлгож гэмшиж байна. Бид дунд зэргийн согтолттой байсан. ... ******* бид хоёр танилцаад 1 жил гаран болж байна. Бид хоёрын дунд огт маргаан болж байгаагүй, өс хонзон, өр авлага байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,

яллагдагчаар өгсөн: “... 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би *******ыг хутгаар хатгаж биед нь гэмтэл учруулсан нь үнэн. Тэр үед бид 2 мөнгөний асуудалтай байж байгаад хоорондоо маргалдаад ******* намайг түлхээд заамдаад цохих гэж далайхаар нь би зодох нь гэж бодоод гуя руу нь хутгаар хатгачихсан. Дахин ийм алдаа гаргахгүй, 100 хувь би өөрийгөө буруутгаж байна. ... Би хоолны шүүгээнээс бор иштэй жижиг хутга авсан. Тэр үедээ хүний цус болсон болохоор сэжиглээд хаясан. Хаана байгааг нь мэдэхгүй байна. Бид дунд зэргийн согтолттой байсан, гэхдээ биеэ авч явах чадвартай, болсон асуудлыг мэдэх хэмжээний байсан. Урьд нь бид маргалдаж байгаагүй, өс хонзон, өр авлага байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20 дугаар тал/,

Н.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 27-30, 61-64 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон ба хохирогч Р.******* нь хэрэг бүртгэлтэд болон шүүхэд “би Н.*******тай сайн дураараа эвлэрсэн, хохирлын талаар маргаан байхгүй тул уг хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсч байна”, шүүгдэгч Н.******* нь “би хохирогчтэй эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт тус тус гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж заасан боловч мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр зохицуулсан ба Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн эдгээр заалтуудыг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж буй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т ашигтайгаар түүнд холбогдох 2017 0108 0103 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. ******* овогт ******* *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрснээр Н.*******т холбогдох 2017 0108 0103 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Н.*******т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ЛУВСАНДОРЖ