Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0894

 

 

 

 

 

 

 

 

2022 11 30 128/ШШ2022/0894

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Г*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н*******

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б************** нарын хоорондын Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/727 тоот захирамжийн С.Г*******-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б**************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А****** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Г******* нь нэхэмжлэлийн шаардлагаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/727 тоот захирамжийн С.Г*******-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/3694 тоот албан бичгээр гомдлыг хангах боломжгүй тухай хариуг авсан учир 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

1/ 2018 онд иргэн н.Б******-аас дүүргийн 00 дугаар хороо Х-ны 0-000 тоот хаягт байрлах, 401 м.кв талбайтай иргэний аж ахуйн зориулалттай, газрыг худалдан авч газрын төлбөр хураамжийг жил бүр, хогны төлбөрийг сар бүр тасралтгүй төлж, 2020 оны 8 дугаар сард хорооны Засаг даргатай тогны гэрээ хийж, тухайн газартаа байшин барихаар элс, хайрга мод болон барилгын материалаа буулгаж, газраа тойруулж хашаагаа хатгаж, жорлон барих гэх мэтээр ажлуудыг хийсэн байхад газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн нь үндэслэлгүй гэж,

2/ Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон, ямар нэгэн ноцтой зөрчил удаа дараа гаргаж байгаагүй, Улсын дээд шүүхээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ...удаа дараа... гэдгийг хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно гэж зааснаас эрс зөрүүтэй гэж,

3/ Мөн миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг биечлэн гардуулаагүй хаягаар хүргүүлээгүй, мэдэгдээгүй нь хууль зөрчсөн үйлдэл болно гэжээ.

4/ Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хариуцагчийн зүгээс 2 жилийн хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр шийдвэр гаргасан байгаа юм. Хавтаст хэрэгт нотлох баримтаар 2020 онд хогны төлбөр төлж байсан баримтууд, мөн газрын гэрчилгээ, татварыг төлсөн баримт, тус газар дээрээ байшин барих, хашаа татсан байдал зэргээс үзэхэд газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан. Гэтэл дэлхий даяар Ковид-19 цар тахлын өвчин гараад хөл хорионд орсноос ийм байдал үүссэн. Гэтэл энэ хугацааг оруулаад 1 жил болж байхад 2 жил зориулалтын дагуу газрыг ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон. Нэгдүгээрт, н.А****** гэж хүн манай үйлчлүүлэгчийн хажуугийн айл бөгөөд газрынхаа талыг өгвөл газрын гэрчилгээг хүчингүй болгохыг болиулаад өгье гээд хашаагаа сунгаад эхэлсэн. Шалгах ажиллагаа явуулаад хэргийн газрын үзлэг хийхээр шалгахад н.А нь хашаагаа сунгаад манай үйлчлүүлэгч С.Г*******-ийн хашааг нураагаад хажууд нь барьчихсан байдалтай байна. Газраа ашиглаагүй гэдгийг Улсын дээд шүүхээс тайлбарласан байдаг. Харин Засаг даргын А/72 захирамжид 2000 оны 12 дугаар сарын 23-ны өдөр захирамж гарсан. Гэтэл газрын төсвийн 2020 оны 4 дүгээр сарын 23-нд гэсэн байна. Тэгэхээр энэ хоногоороо тооцоод үзэхээр ямар ч боломжгүй байна. Мөн 9 дүгээр сарын 06-ны өдрийн С.Г******* гэсэн хэсэгт хүргүүлсэн үү, хүргүүлээгүй юу, хаягтаа оршин байсан уу, үгүй юу гэх талаар ямар ч тэмдэглэгээ байхгүй хэрнээ хэргийн материалыг хүчингүй болгосноо хүргүүлсэн гэсэн. Гэтэл Газрын тухай хуулийн Улсын дээд шүүхийн тайлбарт гар утас, мэйл зэргээр мэдэгдсэн байхыг хэлнэ гэсэн байна. Иймд хууль бус шийдвэр гаргасан тул газрын гэрчилгээг буцаан сэргээж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Г******* нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс газар эзэмших эрхтэй болсон үүний дараа 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/251 дугаартай захирамжаар газрыг шилжүүлэн авсан байгаа юм. Энэ хугацаанд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т зааснаар 2018-2019 оны хооронд газрын төлбөрийг төлөөгүй, 2020 онд газрын төлбөрийг төлсөн, 2021 онд газрын төлбөрийг төлөөгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар н.А гэдэг хүний гомдлоор уг газраа огт ашиглаагүй байна гэсэн иргэний гомдлын дагуу Газар зохион байгуулалтын албанаас газар дээр нь очиж судалж үзээд газрын гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т зааснаар гэрээнд заасан гэрээний үүргээ биелүүлээгүй тул газрыг цуцалсан. дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/727 дугаар захирамжаар иргэний газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон учраас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу Өглөөний сонинд 2 удаа зарлуулсан. Мөн 2 удаа хаягаар нь мэдэгдэл болон захирамжийг явуулсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.Г*******-өөс ...хариуцагчаас намайг газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар эзэмших гэрээний нөхцөлийг зөрчсөн, газраа зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байгаа болно.

3. Анх дүүргийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/351 дүгээр захирамжаар иргэн Б-ын Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Х-ны 0-000 тоотод байрлах газрын эзэмших эрхийг иргэн С.Г*******т шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

4. Нэхэмжлэгч С.Г*******т 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр газар эзэмших эрхийн 11111111111 дугаартай гэрчилгээ олгож, нэгж талбарын 00000000000000дугаар бүхий 401 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан байна.

5. Хариуцагчаас нэхэмжлэгчийг ...Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг зөрчсөн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг бүрдүүлсэн... гэж тайлбарлаж байна.

6. Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-д нийтийн эзэмшлийн зам талбайн орц гарцыг чөлөөтэй байлгах, өөрийн эзэмшил газар дээр барилгын өргөтгөл, шинэтгэлийг зохих зөвшөөрлийн дагуу хийх, эзэмшилд олгосон газрын хил хязгаарыг газар дээр нь хүлээлгэн өгөх, газрын хэмжээ, зориулалтыг өөрчлөхгүй байх, бусдын газар эзэмшилтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх шаардлагыг газар эзэмшүүлэгч газар эзэмшигчид тавих эрхтэй гэж заажээ.

7. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч С.Г*******-ийг дээрх газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-д заасан шаардлагуудыг аль нэгийг зөрчсөн талаар захиргааны байгууллагаас тогтоосон баримтгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нэхэмжлэгч хашаа бариагүй байснаас болж хажуу айл нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хашаагаа сунгаж барьж байхад холбогдох байгууллагад мэдээгүй нь дээрх газар эзэмших гэрээний 3.2-д заасныг зөрчсөн гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй байна.

8. Учир нь хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч С.Г*******-ийг газраа эзэмшихдээ нийтийн эзэмшлийн зам талбайн орц гарцыг хааж, зохих зөвшөөрөлгүйгээр барилгын өргөтгөл хийж, газрын хил хязгаар, хэмжээ зориулалтыг өөрчилж, бусдын газар эзэмших эрхийг зөрчсөн гэдгийг тогтоогоогүй төдийгүй шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч нь эзэмшил газартаа хашаа хатгаж нойлын нүх ухаж, барилгын материал буулгасан, мөн газрын төлбөр болон сар бүрийн хогны мөнгө төлж, тог татуулах хүсэлт өгч гэрээ байгуулсан байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт хог хаягдлын хураамж төлж байсан баримт, тус дүүргийн 00 дугаар хорооны Засаг даргын цахилгаан татах гэрээ хийсэн тухай тодорхойлолт, ахуйн хэрэглээний цахилгаан хангамжийн 220В-ын хүчдэлийн сүлжээнд шинээр холболт хийлгэх өргөдөл, газрын төлбөр төлсөн банкны орлогын мэдүүлэг /2018 онд/, 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт /2022.12.31-ний өдрийг хүртэл газрын төлбөрийн үлдэгдэл 110 төгрөг байна/ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

9. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч С.Г******* нь Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Х-ны 0-000 тоот хаягт байрлах, 401м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар эзэмшиж байхдаа мөн хуулийн 29 дүгээр 29.1-т Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-аас илүүгүй байна, 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчөөгүй байна.

10. Нэхэмжлэгч С.Г*******ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг зөрчсөн гэж үзэж түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

11. Хариуцагч захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол...хэвлэл мэдээллийн хэрэгсэл... ашиглан хүргүүлэх гэж зааснаар Өглөөний сонин-ны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №217 дугаарт газрын зөрчилтэй иргэн хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор сонсох ажиллагаа явуулсан байна.

12. Харин нэхэмжлэгчийн ...миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг биечлэн гардуулаагүй... гэсэн тайлбарыг гаргаж байгаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 17/1912, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17/120 дугаартай албан бичгүүд нь иргэн С.Г*******-т гэж хаягласан боловч, нэхэмжлэгч гарын үсэг зурж авсан талаарх баримтгүй байх тул нэхэмжлэгчид хүргүүлсэн гэж үзэхээргүй, захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.2-д Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

13. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/727 тоот захирамжийн С.Г*******-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/727 тоот захирамжийн С.Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ