| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2018/02723/И |
| Дугаар | 101/ШШ2018/02559 |
| Огноо | 2018-08-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2018/02559
| 2018 оны 08 сарын 02 өдөр | Дугаар 101/ШШ2018/02559 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.О /РД: 00000000000/,
Хариуцагч: Т.З /РД: 00000000/ холбогдох
3.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.О
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Амарбаяр,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хүрэлбат,
Гэрч Г.Гэрэлчулуун,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.О би Г.Гэрэлчулуунтай Компьютер Ланд дэлгүүрт хамт ажиллаж байсан. Г.Гэрэлчулуун манай найзын нөхөрт 3.000.000 төгрөг хэрэг болоод байна гэсэн бөгөөд би түүнд найдвартай хүн бол болно гэж хэлсэн.
Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны үдээс хойш Компьютер Ланд дэлгүүр дээр Т.З машинтай ирээд 3.000.000 төгрөг аваад явсан. Мөнгө өгсний маргааш би, Г.Гэрэлчулуун, түүний дүүтэй гурвуулаа Т.Зынд очсон. Т.З 3.000.000 төгрөгийг зээлсэн талаараа баримт үйлдээд, 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 1.000.000 төгрөг тус тус төлнө гэж бичиж өгсөн.
Мөнгийг маань өнөөг хүртэл хугацаанд өгөөгүй тул Т.Заас 3.000.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хүрэлбат шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Т.Заас зээлийн гэрээний үүрэг шаардаад байгааг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байхын тулд мөн хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хариуцагчид 3.000.000 төгрөгийг зээлэх хүсэл зориг, 3.000.000 төгрөгийн хэрэгцээ шаардлага байх учиртай.
Харин нэхэмжлэгчийн хувьд 3.000.000 төгрөгийг зээлдүүлсэн бол мөнгийг шилжүүлсэн бодит үйл явдал байх ёстой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс 3.000.000 төгрөгийг зээлээгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
Хариуцагч Т.З нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3.000.000 төгрөгийг Э.Огоос зээлсэн гэх баримтыг үйлдсэн гэдгээ зөвшөөрч байгаа ч мөнгө аваагүй. Т.З нэг компаниас нэмэгдсэн өртгийн албан татварын баримт аваад нөгөө компанид баримтаа өгсөн асуудалтай холбоотой юм шиг байна лээ. Энэ асуудал нь бүтээгүй болохоор мөнгө авсан гэсэн баримт бичиж өгсөн гэж надад тайлбарласан гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч Т.Зд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч Т.Зд холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3.000.000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хүрэлбат нь 3.000.000 төгрөгийг зээлэх хүсэл зориг, хэрэгцээ, шаардлага байх учиртай. Мөнгийг шилжүүлсэн бодит үйл явдал байх ёстой тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
Хариуцагч Т.З нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Э.Огоос 3.000.000 төгрөгийг хүүгүйгээр зээлэн, 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр, 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 1.000.000 төгрөг тус тус төлөхөөр тохирч өөрийн гарын үсгээ зуран баталгаажуулсан байх ба энэ баримтыг үйлдсэн талаараа хариуцагч маргахгүй байгаа болно.
/ХХ-ийн 3 дугаар тал/
Нэхэмжлэгч Э.О нь талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож хариуцагч Т.Заас зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа ба хариуцагч нь уг зээлийн гэрээг үйлдэж, гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч харин гэрээний дагуу мөнгийг бодитойгоор шилжүүлж аваагүй гэж тайлбарлаж байна.
ХХ-ийн 3 дугаар тал/
Г.Гэрэлчулуун 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:
Э.О бид хоёр өмнө нь Компьютер Ланд дэлгүүрт хамт ажиллаж байсан. Би Т.Зын эхнэр н.Намуунтай дотно, гэр бүлийн найзууд. Т.З тухайн үед 3.000.000 төгрөг хэрэгтэй байна гэсэн. Би Э.Од манай найзын нөхөрт мөнгө хэрэг болоод байна гэхэд Э.О найдвартай хүн бол болно гэсэн. Ингээд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны үдээс хойш Т.З Компьютер Ланд дэлгүүрийн гадаа найзынхаа хар машинтай ирээд 3.000.000 төгрөг аваад явсан. Маргааш нь орой 9 цагийн орчим Э.О манай дүү бид 3 Т.Зынд очсон ба мөнгө авсан юм чинь баримт үйлдье гээдТ.З нь мөнгө зээлсэн баримт бичиж өгсөн гэжээ.
Дээрхээс үзэхэд талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй ба аливаа үүрэг нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар үүсэх бөгөөд талууд зээлийн харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.
Талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэж үзэхэд 3.000.000 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй гэх хариуцагч талын тайлбар няцаагдаж байх ба хариуцагч Т.З 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Э.О түүнээс зээлийн төлбөр шаардсан нь үндэслэлтэй.
Иймд хариуцагч Т.Заас 3.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Од олгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Т.Заас 3.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Од олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Огийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Заас 62.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН