Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2022/02059

 

 

 

 

 

 

 

 

2022 05 03 101/ШШ2022/02059

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С Э ХХК-д холбогдох,

 

Авто зогсоолын төлбөрт шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлтэй, авто зогсоол ашигласны төлбөрт 3,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т,

гэрч Д.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа:

Иргэн Д.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр С Э ХХК-тай орон сууцны барилгын В1 давхараас авто зогсоол худалдан авах 14/43 дугаартай авто зогсоол худалдах, худалдан авах гэрээг байгуулж,  м.кв талбай бүхий авто зогсоолыг 15,000,000 төгрөгөөр тооцож худалдан авахаар болсон. Гэрээ хийсэн өдөр төлбөрийн 10,000,000 төгрөгийг төлж, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үлдсэн 5,000,000 төгрөгийг төлснөөр авто зогсоолын худалдан авах төлбөрийг бүрэн барагдуулж дууссан. Гэвч С Э ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулж өгөөгүй бөгөөд 2020 оны 6 дугаар сард багтаан зогсоолын гэрчилгээг иргэн Д.Дгийн нэр дээр гаргаж өгнө гэж ерөнхий нягтлангаараа тодорхойлуулсан ч өнөөдрийг хүртэл үл хөдлөхийн гэрчилгээг өгөөгүй. Энэ талаар тухайн байгууллагаас тодруулахаар нягтлан Д.Б нь түр хүлээж бай, би удахгүй гаргаж өгнө одоогоор үл хөдлөхийн гэрчилгээ миний нэр дээр гарсан байгаа, би шилжүүлээд өгнө гэх болсон боловч биелүүлээгүй тул Д.Д миний бие  м.кв талбай бүхий авто зогсоолын албан ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт шинээр авагдсан нотлох баримтаар Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хэлцэл хийх зорилгоор хууран мэлхэж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл бүрдэж байна. Учир нь С Э ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх хөрөнгө болох өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг бусдын буюу өөрийн байгууллагын нягтлан Д.Бийн нэр дээр гаргасан, мөн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр банк бус байгууллагын барьцаанд тавьж зээл авсан зэрэг нь нэхэмжлэгч Д.Д надтай худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө болсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар бусдыг хууран мэхлэж хийсэн гэрээ хэлцэл гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, гэрээний төлбөр болох 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд С Э ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 204 байр хаягт байрлалтай, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж дууссанаар Д.Дгийн гэрээгээр хүлээсэн үүрэг бүрэн хангагдсан. Гэтэл дээрх авто зогсоолын улсын бүртгэлийн гэрчилгээг гараагүй байна гэх шалтгаанаар С Э ХХК нь иргэн Д.Дгийн өмчлөлд өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй. Удаа дараа үл хөдлөхийн гэрчилгээгээ авах талаар тодруулахад гараагүй байгаа гэх шалтгаан хэлж байсан ба түүнийг баримтжуулж өгөхийг хүсэхэд 2020 оны 06 дугаар сард шилжүүлэх тухайгаа 2 талын байгуулсан 14/43 дугаар гэрээн дээр тодорхойлж гарын үсгээр баталгаажуулж өгсөн. Д.Д нь хөрөнгөжөөд авто зогсоолыг дур мэдэн ашигласан зүйл байхгүй. Төрийн банкаар халаалт, даатгал гэсэн хоёр төрлийн төлбөрт 20,000 төгрөг төлдөг. Гэрээний төлбөрийг бүрэн барагдуулаад дууссан гэж гэрээндээ тодорхойлсон байдаг учраас үнийн дүнгийн хувьд маргаан байхгүй гэж үзэж байна. Ашигласан гэж байгаа асуудлын тухайд бид анх байгуулсан гэрээ хэлцлийн дагуу өөрсдийн хөрөнгө гэж үзээд явсан боловч ямар ч үндэслэлгүйгээр хүний хөрөнгийн халаалт, даатгалын төлбөрийг төлөөд явж байсан байна. 3,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд үнийн дүнг яаж тооцсон нь тодорхойгүй, юуг үндэслэж ийм тооцоо гаргасан нь нотлох баримтаар нотлогдоогүй. Бид өөрсдийнхөө хөрөнгөд ямар нэг байдлаар төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Хөрөнгө маань гэж бодоод явж байсан боловч гэрчилгээг нь гаргаж өгөөгүй. Иймд С Э ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С Э ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Д.Дтэй авто зогсоол худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр захиалагч Д.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бэлнээр 10,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг авто зогсоолын төлбөрт төлөх, С Э ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 204 байр, зоорийн давхарын 8 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Дд шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Төлбөр тооцооны тухайд төлж барагдуулсан бөгөөд Д.Д нь дээрх авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигладаг. С Э ХХК нь тус 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын комисст хүлээлгэн өгч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж Д.Дд өгөх гэсэн боловч тодорхой нөхцөл байдлаас шалтгаалан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээр нь гаргаж өгөөгүй. С Э ХХК-ийн зүгээс өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөнтэй танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс уг зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж эхэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан тайлбараас харвал нэхэмжлэгч нь дээрх хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө бусдад худалдан борлуулах хүртэл хугацаанд авто зогсоолыг ашиглаж байсан талаараа тайлбарласан байдаг. С Э ХХК-ийн зүгээс зогсоолын зориулалттай үл хдөлөх эд хөрөнгийг шалгаж үзэхэд нэхэмжлэгч эсхүл түүний хамаарал бүхий этгээд нь өнөөдрийг хүртэл хугацаанд эзэмшиж, ашигласаар байгаа болно. Иргэний хуульд гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус болсон бол бусдын эд хөрөнгийг эзэмшиж, ашигласнаас олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл, уг эд хөрөнгийг эзэмшиж, ашигласнаас хэмнэсэн зардал зэргийг хариуцаж төлөхөөр заасан байдаг. Иргэн Д.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацааг тооцож үзэхэд нийт 60 сар буюу 5 жилийн хугацаанд Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 204 байр, зоорийн давхарын 8 тоот хаягт байршилтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байсан. Уг этгээд нь энэхүү зогсоолыг эзэмшиж, ашиглаж байсан бол өөрийн тээврийн хэрэгслийг байрлуулахад зориулж, авто зогсоолын эд хөрөнгө хөлслөх учиртай бөгөөд үүнтэй холбоотой зардал гарах учиртай. Нөгөөтэйгүүр Д.Д нь уг авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаагүй бол С Э ХХК-ийн зүгээс худалдан борлуулах эсвэл бусдад хөлслүүлэх хэлбэрээр 60 сарын хугацаанд эд хөрөнгийг хөлслүүлэх хэлбэрээр олох боломжтой байсан. Авто зогсоолын нэг сарын түрээсийн төлбөрийг 300,000 төгрөгөөр тооцож үзвэл нийт 60 сарын төлбөр нь 18,000,000 төгрөгийн төлбөр төлөх нөхцөл байдал ажиглагдаж байна. Иймээс уг төлбөрийг Д.Д нь хариуцах ёстой тул нэхэмжлэлийн шаардлагаар шаардсан 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Авто зогсоолын нэг сарын түрээсийн төлбөрийг 300,000 төгрөгөөр тооцож үзвэл нийт 60 сарын төлбөрт нийт 18,000,000 төгрөгийг төлөхөөс Д.Дгийн төлсөн 15,000,000 төгрөгийг хасч тооцвол өнөөдрийн байдлаар 3,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч Д.Дгээс 3,000,000 төгрөгийг гаргуулж С Э ХХК-д олгож өгнө үү гэв.

 

Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, 2017.01.20-ны өдрийн 14/43 дугаартай Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээ /хх-3/, бэлэн мөнгөний орлогын баримт /4/, авто зогсоолын талбайн фото зураг /хх-5-6/, итгэмжлэл /хх-7/, хүсэлт /хх-63/, өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага /хх-64/, хариу тайлбар /хх-87/,

Хариуцагч талаас ирүүлсэн: итгэмжлэл /хх-12/, С Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-13/, хариу тайлбар /хх-23/, хариу тайлбар /хх-79-80/, сөрөг нэхэмжлэл /хх-81-82/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-83/,

Шүүхээс зохигчдын хүсэлтээр бүрдүүлсэн баримт: Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021.12.20-ны өдрийн 1641 дугаартай албан бичиг /хх-39/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хх-40/, Хан-Уул дүүргийн бүртгэл статистекийн хэлтэст 2016.11.15-ны өдөр Д.Бийн гаргасан өргөдөл /хх-41/, Хан-Уул дүүргийн Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтэст 2016.11.15-ны өдөр Олд констракшн ХХК-ийн гаргасан хүсэлт /хх-42/, 2016.11.15-ны өдрийн 18/24 дугаартай дулаан зогсоол захиалгын гэрээ /хх-43-44/, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016.07.06-ны өдрийн 3/1065 дугаартай Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан тодорхойлолт, схем зураг /хх-45-47/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-48/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хх-49/, 2019.01.14-ний өдрийн 1360005479 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ /хх-50-51, 52-54/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.01.14-ний өдрийн 4/1322, 2021.02.10-ны өдрийн 4-180/2238 дугаартай Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн Эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг /хх-55, 56/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.26-ны өдрийн 183/ГХ2021/00105, 2020.10.20-ны өдрийн 183/ГХ2020/1086 дугаартай Гүйцэтгэх хуудас /хх-57/, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021.02.25-ны өдрийн 200 дугаартай албан бичиг /хх-58-59/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч С Э ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 204 байр, зоорийн давхарын 8 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж авто зогсоолын төлбөрт шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг,

хариуцагч С Э ХХК нь нэхэмжлэгч Д.Дд холбогдуулан авто зогсоол ашигласны төлбөрт 3,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргасан.

 

Зохигчдын хэн аль нь эсрэг талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

 

Хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14/43 дугаартай Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээ нотлох баримтаар авагдсан бөгөөд уг гэрээг нэг талаас С Э ХХК-ийн нягтлан Д.Б, нөгөө талаас Д.Д нар байгуулж, гэрээгээр нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 204 байр, зоорийн давхарын 8 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолыг 15,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах, 2017.01.20-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2017.02.10-ны өдрийн дотор 5,000,000 төгрөгийг бэлнээр өгснөөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Д.Дд шилжүүлэн өгөхөөр тохиролцож, талууд гэрээнд гарын үсгээ зурж, гэрээг С Э ХХК-ийн ерөнхий захирал Б.Өлзийсайхан гарын үсэг зурж, компанийн тамгыг даран баталсан байна.

 

Мөн тус гэрээнд С Э ХХК-ийн нягтлан Д.Б би Д.Дгээс төлбөр тооцоо бүрэн авч тооцоо дуусан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөх нь үнэн болно. 2020 оны 6 сард багтааж үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгнө гэж гараар бичжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ түүний худалдан авахаар гэрээ байгуулж төлбөрийг нь төлсөн авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Д.Бийн нэр дээр гарсан байсан, мөн Д.Б нь банк бус санхүүгийн байгууллагатай 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж авто зогсоолыг барьцаалсан байхад хариуцагч С Э ХХК нь түүнийг хуурч мэхлэн авто зогсоолыг түүний өмчлөлд шилжүүлэх зорилгогүй гэрээ байгуулсан байх тул авто зогсоолын төлбөрт төлсөн 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. үүнд:

- Д.Б нь Олд констракшн ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 18/24 дугаартай Дулаан зогсоол захиалгын гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, Genetal town хотхон, А блок, 1 дүгээр давхрын 8 тоот 1 ширхэг дулаан зогсоолыг захиалгаар гүйцэтгүүлэхээр тохирсон /хх-43-44/

- 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д.Б болон Олд констракшн ХХК нь Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст дулаан зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар өргөдөл, хүсэлт гаргасан /хх-41, 42/

- 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 204 байр, зоорийн давхарын 8 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206049612 дугаарт бүртгэж, 000576065 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Д.Бт олгогдсон /хх-48/.

 

Нэхэмжлэгч Д.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14/43 дугаартай Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээгээр тохирсоны дагуу авто зогсоолын төлбөрт 15,000,000 төгрөгийг хариуцагч С Э ХХК-д бэлнээр төлсөн болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь төлбөр төлсөн болон, мөнгийг бэлнээр төлсөн үйл баримт, төлсөн төлбөрийн мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

 

Хэрэгт авагдсан болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Д.Д нь авто зогсоолын төлбөрт 15,000,000 төгрөгийг хариуцагч С Э ХХК-д бүрэн төлсөн боловч худалдан авахаар тохирсон авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авч чадаагүй болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Зохигчдын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр авто зогсоол худалдах, худалдан авах агуулга бүхий гэрээ байгуулагдсан байх боловч гэрээ байгуулах үед гэрээгээр тохирсон 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь иргэн Д.Бийн нэр дээр байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба хариуцагч С Э ХХК нь бусдын өмчлөлийн авто зогсоолыг нэхэмжлэгчид худалдан борлуулахаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь худалдахаар тохирсон авто зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тодорхой шалтгааны улмаас Д.Бийн нэр дээр гаргуулсан байсан боловч тус компанийн өмч тул бусадтай гэрээ байгуулах эрхтэй гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй, хариуцагчийн тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Шүүх хуралдаанд гэрч Д.Б нь 8 тоот авто зогсоол нь С Э ХХК-ийн өмчлөлийнх, Олд констракшн ХХК-аас С Э ХХК авах ёстой хөрөнгө гэж мэдүүлсэн боловч гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэрээний оролцогч талууд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч уг чөлөөт байдал нь хуулийн хүрээгээр хязгаарлагдахаар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан тохиролцоо нь худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан байх боловч хариуцагч С Э ХХК нь эд хөрөнгө шилжүүлэх гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлэх эрхгүй этгээд байх тул худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч С Э ХХК-аас авто зогсоолын төлбөрт төлсөн 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч С Э ХХК нь нэхэмжлэгчээс 15,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болох нь тогтоогдож байх тул хариуцагаас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хариуцагч С Э ХХК нь нэхэмжлэгч Д.Дгээс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд авто зогсоолыг зориулалтын дагуу эзэмшиж ашигласны төлбөрт нэг сарын түрээсийн төлбөрийг 300,000 төгрөгөөр тооцон 60 сарын төлбөрт 18,000,000 төгрөгийг төлөхөөс нэхэмжлэгчийн авто зогсоолын төлбөрт төлсөн 15,000,000 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 3,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Иргэн, хуулийн этгээд нь хуульд зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өөрийн өмчийн зүйлээ бусдын эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмших, ашиглах, үр шимийг хүртэх, захиран зарцуулах эрхтэйгээс гадна бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Өмчлөгч нь тухайн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмч мөн гэдгийг баталж, өмчлөгч гэдгээ нотолсон байх шаардлагатай юм.

 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206049612 дугаарт бүртгэлтэй, нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 204 байр, зоорийн давхарын 8 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Д.Бийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч С Э ХХК нь маргаан бүхий авто зогсоолын өмчлөгч биш тул нэхэмжлэгч Д.Дгээс авто зогсоолыг эзэмшиж ашигласны төлбөрийг шаардах эрхгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн хариуцагч С Э ХХК-аас авто зогсоолын төлбөрт шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгож, авто зогсоол ашигласны төлбөрт 3,000,000 төгрөгийг гаргуулах хариуцагч С Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 62,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс дутуу төлсөн 162,750 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 13,600 төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагчид буцаан олгож, хариуцагч С Э ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.3-т заасныг баримтлан хариуцагч С Э ХХК-аас 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгож, авто зогсоол ашигласан төлбөрт 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах хариуцагч С Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 62,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс дутуу төлсөн 162,750 төгрөгийг нэхэмжлэгч Д.Дгээс гаргуулан улсын орлогод оруулж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 13,600 төгрөгийг улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан хариуцагч С Э ХХК-д буцаан олгож, хариуцагч С Э ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР