| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 319/2025/0011/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/66 |
| Огноо | 2025-02-26 |
| Зүйл хэсэг | 21.5.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнсарнай, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мандалсүрэн, шүүгдэгч Д.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Шаргай ургийн овогт Дуламын Мөнхцэцэгт холбогдох 2436003960346 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1965 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 59 настай, эмэгтэй, ам бүл-5, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Шаргай ургийн овогт Дуламын Мөнхцэцэг. РД:ПП65081903
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Мөнхцэцэг нь Ховд аймгийн Ж******* сумын Рашаант багийн 02-03 тоотод байх бага насны хохирогч С.Эрдэнэбулганы гэрт 2024 оны 05 сарын 20-ны үеэр, 2024 оны 06 сарын эхээр 2 удаа очиж өөрийн төрсөн хүүхэд Ц.Ганбатын холбогдсон хүчингийн гэмт хэргийн талаар өгсөн бага насны хохирогч С.Эрдэнэбулганы мэдүүлгийг өөрчлүүлэх, худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор 10,000 төгрөг өгсөн, “ах, дүү хамаатантайгаа нийлж мөнгө өгнө” гэж шан харамж амлаж хохирогчид хууль бусаар нөлөөлсөн, Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг тогтоосон, оролцогчийн хуулиар олгосон эрхийг эдлүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг хуульд заасан журмаар цуглуулсан тул Д.Мөнхцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуцлуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн,
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “...Манай гэрт хүмүүс ирээд хэцүү байна. Өдөрт 2 удаа үхэх талаар боддог” гэх мэдээлэл (хавтаст хэргийн 03 дахь тал),
2.2. Гэрч Б.Номин-Эрдэнийн “... Д.Мөнхцэцэг анх ирэхдээ та нар өөр хүнтэй андуурсан гээд манай охинд манай залуу биш гэж хэлээд өг гэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
2.3. Бага насны хохирогч С.Эрдэнэбулганы “...Би өдөр сарыг нь сайн санахгүй байна, Ц.Ганбаагийн ээж Цэцгээ гэх хүн манайд охинтойгоо хамт ирээд надад манай Ганбаа биш, хүнтэй андуурч байна, манай хүүхэд архи уучихаад машин дотор унтчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь надад мэдэх зүйл байхгүй байна гэж хэлэхэд эгч нь шар Ганбааг гаргаад өгчих юм бол мөнгө өгнө, миний охин Ганбааг биш гэж хэлээд өгөөч гэж хэлсэн. Тэр өдөр орой нар жаргаж байхад гэрийн гадна байж байхад манай аав, ээж хоёр хоорондоо хэрэлдээд, ээж надад чамаас болоод Дөргөн сум явах нүүр ч алга, чи ингэж байхаар үхээч гэхээр нь би үхмээр санагдаад гэрийн гадна байсан улаан цаастай хувцас угаадаг вокноос амандаа жаахан хүргээд гашуун болохоор нь нулимаад хаячихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19, 39 дэх тал),
2.4. Гэрч Ц.Нямдаваагийн “... 2024 оны 05 сарын 22-23-ны үед манай ээж Дөргөн сумаас ирээд С.Сэр-Одын гэрт очмоор байна гэхээр нь яах гэж байгаа юм бэ? гэж асуусан чинь очиж юу болсон талаар мэдмээр байна, хамт очоод ирье гээд намайг гуйгаад байхаар нь миний бие хамт очоод гэрт нь ороход эхнэр нөхөр болон 4 хүүхэдтэйгээ байсан. Тэгээд ээж С.Сэр-Од ахтай сайн муу болоод яагаад ийм зүйл болов, Ганбат тэр үеэр байхгүй байсан, ямар учраас хэрэгт холбогдуулсан талаар асуугаад сууж байсан. Тэгтэл эхнэр нь цаанаас нь С.Сэр-Одыг чи согтуу байсан, юугаа мэддэг юм гээд байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115 дахь тал),
2.5. Гэрч С.Сэр-Одын “...2024 онд намайг гэртээ эхнэр хүүхдүүдтэйгээ байж байхад 05 дугаар сарын сүүлээр байх Д.Мөнхцэцэг өөрийн охинтойгоо хамт ирээд удалгүй гараад явсан. Бид нар онц юм яриагүй. С.Эрдэнэбулганд хонхны баяр болох гэж байгаа юм байна гээд манай хүүхдүүдэд 5000 төгрөг өгч байсан. С.Эрдэнэбулганд хэдийг өгснийг санахгүй байна. Тэгээд удалгүй гараад явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 243-244 дахь тал)
2.6. Шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Анх С.Эрдэнэбулганы аав С.Сэр-Одын гэрт очиход Ц.Ганбаатыг цагдаагийн газарт яагаад байцаалт өгүүлээд байгааг асуухаар очсон. 2024 оны 06 сарын 10-ны үеэр очиход аав, ээж нь байхгүй байсан. С.Эрдэнэбулганаас чи яасан охин бэ?, Чи хилс хэрэгт хүн гүтгэсэн хүн хуультай шүү гэж хэлэхэд миний өөдөөс би ч гайгүй байх гэж хэлсэн. Тэгэхээр нь чи гайгүй байдаг юм байж, аав, ээж хоёр чинь хариуцлага хүлээн шүү гэж хэлсэн чинь миний өөдөөс за байз яадаг юм билээ гээд байсан, тэгээд би гараад явсан, түүнээс хойш уулзаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 112-113 дахь тал),
2.7. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 2024/ЦХШЗ/18 дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзах тухай” захирамж (хавтаст хэргийн 96-98 дахь тал),
2.8. Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас хохирогч С.Эрдэнэбулгантай хийсэн ярилцлагын тэмдэглэл, хийсэн ажлын тайлан (хавтаст хэргийн 44-95 дахь тал),
2.9. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолыг тал бүрээс нь харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. (хавтаст хэргийн 220-227 дахь тал)
Шүүгдэгч Д.Мөнхцэцэг нь хүчингийн гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогч С.Эрдэнэбулганы гэрт 2024 оны 05 сарын 20-ны үеэр, 2024 оны 06 сарын эхээр 2 удаа очиж, тус хүчингийн гэмт хэрэгт холбогдсон өөрийн төрсөн хүүхэд Ц.Ганбатын талаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг өөрчилж, уг хэргийг Ц.Ганбат үйлдээгүй, өөр хүнтэй андуурсан гэдгийг мэдүүлж өгөхийг хохирогч С.Эрдэнэбулганаас гуйж, түүнд зориуд худал мэдүүлэг өгүүлэхийг ятгасан нөхцөл байдал тогтоогдлоо.
3.1. Ховд аймгийн Прокурорын газрын 2024 оны 04 сарын 22-ны өдрийн 243600400137 дугаартай тогтоолоор Ц.Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Уг хэргийн хохирогчоор бага насны хүүхэд С.Эрдэнэбулган тогтоогдсон. Шүүгдэгч Д.Мөнхцэцэг нь дээрх хэргийн холбогдогч Ц.Ганбатын төрсөн ээж бөгөөд хүүхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс чөлөөлүүлэх зорилгоор тус хэргийн бага насны хохирогч С.Эрдэнэбулганы гэрт очиж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ өөрчлүүлэхийг гуйсан нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ. (хавтаст хэргийн 127-129 дахь тал),
3.2. Ц.Ганбатын холбогдсон хүчингийн гэмт хэргийн бага насны хохирогч С.Эрдэнэбулган тухайн гэмт хэргийн улмаас 2023 оны 12 сарын 23-ны өдрөөс 2024 оны 03 сарын 25-ны өдөр хүртэл Түр хамгаалах байранд амьдарсан. Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас С.Эрдэнэбулганыг ар гэрт нь хүлээлгэн өгсний дараа хүүхэд хамгаалах чиг үүргийн хүрээнд түүнтэй байнгын холбоотой байж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч хамтран ажилласан. С.Эрдэнэбулган нь гэртээ очсоны дараа тус байгууллагын мэргэжилтнүүдийн зүгээс түүнтэй хийсэн ярилцлагын явцад Ц.Ганбатын ээж Д.Мөнхцэцэгийн гэрт нь очиж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ өөрчлөхийг гуйсаныг, Д.Мөнхцэцэг явсны дараа С.Эрдэнэбулганы эцэг, эх нь хоорондоо маргаж, ээж нь охиноо загнаснаар түүнд амиа хорлох сэтгэгдэл төрж, үхэхийг хүсэж вок ууж, гашуун болохоор нулимж хаясаныг мэдүүлснээр уг гэмт хэрэг илэрсэн байна. (хавтаст хэргийн 19, 39 дахь тал),
3.3. Шүүгдэгч Д.Мөнхцэцэг нь Ц.Ганбатыг яагаад хүчингийн хэрэгт холбогдуулан мэдүүлэг өгүүлээд байгааг асуух гэж С.Эрдэнэбулганы гэрт 2024 оны 05 сарын 20-ны үеэр, 2024 оны 06 сарын эхээр 2 удаа очсоныг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Тухайн үед Ц.Ганбатыг хүчингийн гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч С.Эрдэнэбулган, гэрч Б.Номин-Эрдэнийн 2024 оны 05 сарын 20-ны өдөр Д.Мөнхцэцэг тэдний гэрт очиход “... миний охин Ц.Ганбаа биш, өөр хүнтэй андуурсан гэж хэлээд өгөөрэй” гэх мэдүүлэг, Ц.Мөнхцэцэг явсны дараа эцэг эх нь хоорондоо маргаснаар охин амиа хорлох оролдлого хийсэн үйл баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Мөнхцэцэг хохирогчийг зориуд худал мэдүүлэх өгүүлэхийг ятгасан нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
3.4. Бага насны хохирогч С.Эрдэнэбулган хүчингийн гэмт хэргийн холбогдогч Ц.Ганбаттай ураг төрлийн холбоотой учир хүүхдийн эрх, ашгийг хамгаалах зорилгоор хууль ёсны төлөөлөгчөөр түүний эцэг, эхийг биш Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас хууль ёсны төлөөлөгч томилсон нь хуульд нийцсэн байна. Мөн шүүгдэгч Д.Мөнхцэцэг улсын яллагчаас үйлдсэн яллах дүгнэлтийг гардан авахаас татгалзсан, энэ талаар тэмдэглэл үйлдэгдсэн учир яллах дүгнэлтийг гардаж авсанд тооцно.
3.5. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, бага насны хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Ховд аймгийн Прокурорын газраас Д.Мөнхцэцэгийн үйлдлийг “...өөрийн төрсөн хүүхэд Ц.Ганбатын холбогдсон хүчингийн гэмт хэргийн талаар өгсөн мэдүүлгийг өөрчлүүлэх, худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор 10,000 төгрөг өгсөн, “ах, дүү, хамаатантайгаа нийлж мөнгө өгнө” гэж шан харамж амлаж хохирогчид хууль бусаар нөлөөлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн.
4.2. Бага насны хохирогч С.Эрдэнэбулган нь шүүгдэгч Д.Мөнхцэцэг эхний удаа буюу 2024 оны 05 сарын 20-ны үеэр очиход 10,000 төгрөг өгсөн, мэдүүлгээ өөрчлөхийг гуйсан, ах, дүү, хамаатантайгаа нийлж мөнгө өгнө гэж хэлсэн гэж мэдүүлдэг. Харин 2 дахь удаагаа очиход тэдний хооронд мэдүүлгээ өөрчлөхийг гуйсан, мөнгө өгөх талаар ярилцсан зүйл болоогүй гэдгийг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлжээ. Түүний эцэг С.Сэр-Одын аав З.Содов, шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн нөхөр З.Цогтоо нар нь төрсөн ах дүү бөгөөд хохирогч С.Эрдэнэбулган, хүчингийн хэргийн холбогдогч Ц.Ганбат нар ураг төрлийн хүмүүс байна.
4.3. Шүүгдэгч Д.Мөнхцэцэг нь бэргэн эгчийн хувьд С.Сэр-Одын гэрт өмнө нь очдог байсан, айлд хоосон ирлээ гээд С.Сэр-Одын хоёр бага хүүхдэд 5,000 төгрөг, хонхны баяраа тэмдэглэсэн гээд хохирогч С.Эрдэнэбулганд 10,000 төгрөг өгсөн үйлдлийг худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор 10,000 төгрөг өгсөн, ах, дүү, хамаатантайгаа нийлж мөнгө өгнө гэж шан харамж амласан гэж үзэхгүй.
Хэдийгээр бага насны хохирогч С.Эрдэнэбулган энэ талаар мэдүүлсэн ч С.Эрдэнэбулган хүчингийн гэмт хэргийн хохирогч болохоос өмнө тэдний гэр бүл Ховд аймгийн Дөргөн суманд амьдарч байсан ба шүүгдэгч Д.Мөнхцэцэг бэргэний хувьд С.Сэр-Одын гэрт очдог байсан байдал, 2024 оны 05 сарын 20-ны үеэр очиход хамт байсан гэрч, хохирогчийн ээж Б.Номин-Эрдэнийн мэдүүлгээр хонхны баяраа тэмдэглэсэн гээд С.Эрдэнэбулганд мөнгө өгсөн, хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй гэх мэдүүлэг, гэрч, хохирогчийн аав С.Сэр-Одын “...С.Эрдэнэбулганд хонхны баяр болж байгаа юм байна гээд манай хүүхдүүдэд 5000 төгрөг өгч байсан, С.Эрдэнэбулганд хэдийг өгснийг санахгүй байна”, гэрч Ц.Нямдаваагийн “...ээж гарч ирээд айлд хоосон яаж орох уу гээд хүүхдүүдэд нь 5000 төгрөг өглөө гэсэн зүйл ярьж байсан” гэх мэдүүлгүүдээр хохирогчид худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор мөнгө өгсөн, шан харамж өгөхөөр амласан гэх шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн үйлдэл нотлох баримтаар тогтоогдсонгүй.
4.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг шүүх хуралдаанаар нотлохыг хуульчилсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн үйлдэл тус бүр нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон байх шаардлагатай. Шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн уг хэргийг Ц.Ганбат үйлдээгүй, өөр хүнтэй андуурсан гэдгийг мэдүүлж, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ өөрчлөхийг хохирогч С.Эрдэнэбулганаас гуйсан нь хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхийг ятгасан гэж дүгнэж байна.
4.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн бага насны хохирогч С.Эрдэнэбулган мэдүүлгээ өөрчлөх нь тус хэргийн холбогдогч Ц.Ганбатад ашигтай байдлыг бий болгох, цаашлаад эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөл бүрдүүлэхийг хүсэж, уг зорилгодоо хүрэхийн тулд хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.
4.6. Шүүгдэгч Д.Мөнхцэцэг хохирогч С.Эрдэнэбулганд мэдүүлгээ өөрчлөхийг гуйсанаар түүний үйлдлийг хохирогчийн өөрт нь хууль бусаар нөлөөлсөн гэж үзнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн оролдлого хийж эхэлснээр уг гэмт хэрэг бүрэн төгсдөг. Өөрөөр хэлбэл, хохирогчид хууль бусаар нөлөөлсөний улмаас хохирогч өмнө өгсөн мэдүүлгээ өөрчилсөн байх эрх зүйн үр дагаврыг шаардахгүй.
4.7. Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн буюу 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Шүүгдэгч Д.Мөнхцэцэг нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
5.1. Бага насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол, хор уршиг нэхэмжлээгүй болно.
5.2. Уг гэмт хэргийн улмаас бага насны хохирогч С.Эрдэнэбулганд амиа хорлох санаа төрж, уг санаагаа хэрэгжүүлэхээр вок саван уусан, гашуун болохоор нулимж хаясан гэдгийг бага насны хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Хэдийгээр хүүхэд үхэхийг хүссэн санаагаа хэрэгжүүлж чадаагүй ч шүүгдэгч Д.Мөнхцэцэг нь тэдний гэрт очиж, хүчингийн хэрэгт яагаад Ц.Ганбатыг холбогдуулан шалгуулаад байгааг асууснаар бага насны хохирогч хүүхэд С.Эрдэнэбулганы аав, ээж, шүүгдэгч Д.Мөнхцэцэг нарын хооронд үл ойлголцол үүссэнд өөрийгөө буруутгаж амиа хорлохыг завджээ.
5.3. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 1 дүгээр зүйлд “... 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ”, Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-д зааснаар 7-гоос 14 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн зарим чадамжтай гэж тус тус заасан.
2024 оны 05 сарын 20-ны үеэр бага насны хохирогч С.Эрдэнэбулган 11 настай, иргэний эрх зүйн зарим чадамжтай байсан бөгөөд аливаа зүйлийн учир холбогдлыг бүрэн ухамсарлаж, шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийн үр дагаврыг бүрэн хариуцах чадваргүй гэж үзнэ. Шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн хүчингийн хэргийн хохирогчоор тогтоогдсон бага насны хохирогч С.Эрдэнэбулганы гэрт очиж, хэргийн талаар асууснаар эцэг, эх, хүүхдүүдийн хооронд таарамжгүй харилцаа үүсэж, хүүхэд үхэх шийдвэр гаргасанд насанд хүрэгчдийн буруутай үйлдэл нөлөөлжээ. Иймд, уг хэргийн улмаас хохирогч хүүхдийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болохыг яллах дүгнэлтдээ тусгасан улсын яллагчийн дүгнэлт эрх зүйн үндэслэлтэй.
6. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл
6.1. Шүүгдэгч Д.Мөнхцэцэгийг шүүхээс хохирогчид зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь хууль бусаар нөлөөлсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хууль дзаасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
6.2. Шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх юм.
6.3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Д.Мөнхцэцэг нь 11 хүүхэд төрүүлж өсгөсөн, бүл-5, хүүхдүүдийн хамт амьдардаг, 59 настай, Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багт малчин, өндөр насны тэтгэвэрт гарсан, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдлоо.
6.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэлээ.
6.5. Улсын яллагчаас шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн үйлдлийг хохирогчид зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор 10,000 төгрөг өгсөн, “ах, дүү, хамаатантайгаа нийлж мөнгө өгнө” гэж шан харамж амласан гэж үзэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн. Шүүхээс шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн үйлдлийг хохирогчид зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрийг нь ятгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шан харамж амласан, 10,000 төгрөг өгсөн гэх үйлдэл нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.
6.7. Шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн өндөр настай, малчин, олон хүүхэд төрүүлэн өсгөсөн эх хүн, урьд ял шийтгүүлж байгаагүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, хохирогчтой төрөл садангийн холбоотой буюу өмнө нь тэднийд очдог байсан байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэрэг хувийн байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын санкцийг харгалзан үзэхэд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл байгаа ч хууль тогтоогч уг боломжийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээдэд эдлүүлэхээр хуульчилжээ.
6.8. Шүүгдэгч Д.Мөнхцэцэг уг хэрэгт өөрийгөө буруутгаагүй, С.Сэр-Од, С.Эрдэнэбулганы бэргэн эгчийн хувьд хүү Ц.Ганбатыг хэрэгт холбогдуулан шалгуулаад байгааг асуухаар очсоныг мэдүүлсэн, өөрийн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхгүй байгааг шүүх хуралдаанд мөн мэдүүлснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж дүгнэв.
6.9. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаас ” ... 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялыг шүүгдэгчийн оршин суугаа Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож тогтоох, хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны зардалгүй” гэсэн дүгнэлт гаргасан. Шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багт малчнаар ажилладаг байдлыг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
6.10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж зааснаар шүүгдэгч Д.Мөнхцэцэгт оногдуулсан 450,000 төгрөгийг түүний өндөр насны тэтгэвэрт байгаа байдлыг харгалзан 3 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
6.11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино.” гэж зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Мөнхцэцэгт мэдэгдэж байна.
6.12. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Мөнхцэцэгт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх -457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгалаа.
6.13. Эрүүгийн 2436003960346 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бага насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
6.14. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шаргай ургийн овогт Дуламын Мөнхцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрийг нь ятгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шаргай ургийн овогт Дуламын Мөнхцэцэгийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шаргай ургийн овогт Дуламын Мөнхцэцэгт оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд сар бүр 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Мөнхцэцэгт мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2436003960346 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Д.Мөнхцэцэгт авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН