Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2020/02762

 

 

 

 

 

 

 

 

 

2020 08 04

101/ШШ2020/02762

 

 

     

                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүгч Д.Батцэцэг, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Дэлгэр баян овогт Л.Э /РД:0/-ийн  нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: 0 тоотод оршин суух, Элжгэн овогт Ө.Э /РД:0/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 3,331,690 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д, хариуцагч Ө.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Х, иргэдийн төлөөлөгч Э.Г, Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болсон зам тээврийн ослын улмаас хохирогчоор тогтоогдон хариуцагч Ө.Эд холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэхдээ 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хянан шийдвэрлэсэн. Уг эрүүгийн хэгийг шүүхээр хянан шийдвэрлэхдээ Л.Эын Э А ХХК-д гэрээний дагуу ажиллаж төлж байсан татварын дэвтэр дээрх бичилтийг хохиролд тооцоогүй болно. Иймд орлого олсон татварын дэвтэр дээрх 300,000 төгрөгөөр тооцоход 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх 5 сарын 1,500,000 төгрөг, мөн 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол гарсанаас хойшхи хугацаанд Л.Э нь эмнэлгийн байгууллагаар үзүүлж явах бүрдээ түлш төлж байсан зардалын баримт, мөн эм эмчилгээний зардал нийт 331,690 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 12-ноос хойш хугацааны ажилгүй байсан ба гурван сарын цалин 1,500,000 төгрөг нийт 3,331,690 төгрөг гарсан байгаа тул Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчөөс гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 оны 9 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Цэргийн нэгдсэн эмнэлгийн урд замд Toyota Pruis маркийн 0000 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасныг зөрчиж Л.Эыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх энэ хэргийг шийдвэрлэж надад 350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан юм. Л.Эын хохиролд баримтын дагуу 1,600,000 төгрөг төлж барагдуулсан. Эрүүгийн шүүхээс Л.Эын 1 сарын цалин орлогыг 800,000 төгрөгөөр тооцож, нийт 3 сарын хөлс 2,400,000 төгрөгийг, мөн эм тарианы төлбөр төлсөн 150,050 төгрөг, нийт 2,550,050 төгрөгийг намайг төлөхөөр гаргасан юм. Эрүүгийн шүүхээс гаргасан дээрх мөнгийг миний бие шийдвэр гүйцэтгэх журмаар төлсөн болно. Миний бие иргэний шүүхээр нэхэмжилж байгаа 3,331,690 төгрөгийн төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Гэхдээ эмчилгээний төлбөр болох 331,690 төгрөгийг баримтаар нотлогдвол нотлогдсон хэмжээнд төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч Ө.Эд холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 3,331,690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч Ө.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Цэргийн нэгдсэн эмнэлгийн зүүн урд талд замд Тоёото приус маркийн 0000 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болох гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Л.Эыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/1861 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ДШМ/189 дүгээр магадлалаар тус тус тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Арван зургаан нас хүрээгүй бөгөөд цалин, хөлс, орлогогүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг энэ хуулийн 505.1-д зааснаар нөхөн төлнө гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг гэм хор учруулсан этгээдээс шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ... Э А ХХК-д ажиллаж байсан хугацааны цалинг эрүүгийн шүүх хохиролд тооцоогүй тул уг байгууллагад ажиллаж байсан цалинг нэг сарын 300,000 төгрөгөөр тооцож, 2019 оны 10 сараас 2020 оны 03 сарын хүртэл 5 сарын хугацааны нийт 1,500,000 төгрөг, шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг 500,000 төгрөгөөр тооцож, нийт 1,500,000 төгрөг, шийтгэх тогтоол гарсанаас хойшхи эмчилгээний төлбөрт гарсан зардал 331,690 төгрөг гэж тус тус тодорхойлсон.

 

1. Э А ХХК-д ажиллаж байсан хугацааны цалин 1,500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь Э А ХХК-д илүү цагаар ажиллаж, илүү олсон орлогын татварт цэнхэр дэвтэр хөтөлж, сарын 300,000 төгрөгийн шууд бус орлого олдог байсан нь хэргийн 16 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.

Уг дэвтэрт 2020 оны 1, 2 дугаар сард тус бүр 300,000 төгрөгийн орлого олсныг бүртгүүлж, татварт 30,000 төгрөг төлсөн бичилт хийгдсэн байна. Уг 300,000 төгрөгийн орлогыг нэхэмжлэгч ажил, хөдөлмөр эрхлээгүй боловч татвар тасалдуулахгүйн үүднээс өөрөө хувиараа төлсөн талаар тайлбарласан.

Нэхэмжлэгч Л.Э нь шийтгэх тогтоол гарсанаас хойш ажил, хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас групп тогтоолгосон болох нь түүний тайлбар, халамжийн дэвтрээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Э А ХХК-д илүү цагаар ажиллаж, илүү орлого олох байсан гэж 2020 оны 1, 2 дугаар сарын төлөлтийг хувиараа төлсөн байх тул дээрх 600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч Л.Э нь хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас өөрөөсөө илүү зардал гаргасан нь хариуцагч Ө.Эы гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Харин нэхэмжлэгч нь 2019 оны 10-12 сарын хугацааны Э А ХХК-д илүү цагаар ажиллаж олох байсан орлогыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/1861 дүгээр шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлж авсан байна. Мөн тэрээр 2020 оны 03 дугаар сард хувиараа татвар төлөөгүй байх тул түүнийг уг сард ажиллаж, орлого олох байсан гэж шууд үзэх боломжгүй юм.

 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/1861 дүгээр шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч Л.Эын нэг сарын цалин орлогыг 800,000 төгрөгөөр тооцож 2019 оны 10-12 дугаар сарын буюу нийт 3 сарын цалин хөлс 2,400,000 төгрөгийг Ө.Эаас гаргуулж шийдвэрлэсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан.

 

Уг шийтгэх тогтоолоос үзэхэд Ганманлай ХХК-д ажилласан цалинг 500,000 төгрөг, Э А ХХК-д ажилласан цалинг 300,000 төгрөг, нийт 800,000 төгрөгөөр тооцож олгосон гэж үзэхээр байна. Энэ нь мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ДШМ/189 дүгээр магадлалын 7 дахь талд ...хохирогч Л.Э нь 500,000 төгрөгийн цалинтай гэж нийгмийн даатгал төлдөг байх ба Э А ХХК-иас нийгмийн даатгал төлөхгүйгээр 300,000 төгрөгийн цалин авдаг гэсэн нотлох баримтыг гаргаж өгчээ гэх дүгнэлтээр тогтоогдсон.

 

Иймд нэхэмжлэгчийн эрүүгийн хэргийн шүүх Э А ХХК-д ажилласан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

2. Шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг 500,000 төгрөгөөр тооцож, нийт 1,500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь уг шаардлагаа Д х ХХК-д ажиллаж байсан бол 2020 оны 1 сараас 3 сарын хугацаанд сарын 500,000 төгрөгийн цалин хөлс, нийт 1,500,000 төгрөг авах байсан гэж тодорхойлсон.

Г м ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22/006 дугаар албан бичигт ...Л.Э нь Ганманлай ХХК-д цахилгаанчингаар ажилладаг нь үнэн болно. Сарын цалин нь 500,000 төгрөг. Г м ХХК нь 2020 оны 01 сарын 01-нээс Д х ХХК-тай нэгдэж үйл ажиллагаа явуулж, Д х ХХК-ийн нэрээр явж байгаа болно гэжээ. /хх-ийн 14 дүгээр тал/

 

Д х ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар албан бичигт ...Тус компани нь 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн Г м ХХК-тай нэгдэж, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Г м ХХК-ийн ажилчин албан хаагчид манай компанид шилжин ирсэн болно. Үүнд Л.Э нь шилжиж ирсэн боловч өнөөдрийг хүртэл листтэй байгаа нь үнэн болно. Мөн манай компанийн цахилгаанчны сарын цалин 600,000 төгрөг болохыг тодорхойлж байна гэжээ. /хх-ийн 15 дугаар тал/

Дээрх бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Л.Эын ажиллаж байсан Г м ХХК нь Д х ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэгдсэн болох нь тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг гэж, 3.1.3-т хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог тус тус ойлгоно гэж заасан.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Л.Эын ажиллаж байсан байгууллага нь өөр байгууллагатай нэгдсэн болох нь тогтоогдож байх боловч тэрээр шинээр нэгдсэн компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх, хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохиролцсон эсэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Д х ХХК-иас нэхэмжлэгч Л.Эыг тус компанид шилжиж ирсэн гэх тодорхойлолт нь түүнийг тус компанитай хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэсэн, сарын 500,000 төгрөгийн цалинтай болох гэдгийг хөдөлбөргүй нотлох баримт биш юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн Д х ХХК-д ажиллаж, авах ёстой байсан цалин 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

3. Шийтгэх тогтоол гарсанаас хойшхи эмчилгээний төлбөрт гарсан зардал 331,690 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/1861 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ДШМ/189 дүгээр магадлалаар тус тус эм тариан төлбөрт 150,050 төгрөгийг Ө.Эаас гаргуулж Л.Эт олгосон байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хойш дахин эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор зардал гарсан гэж нэхэмжилж байгаа атлаа түүний цуглуулж өгсөн баримтуудаас үзэхэд шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс өмнөх зарлагын баримтууд авагдсан байна. Иймд уг өдрөөс өмнөх эмчилгээнд зориулж гарсан зардлыг шийтгэх тогтоолоор гаргуулж авсан гэж үзэхээр байх тул уг хугацаанаас өмнөх эмчилгээний зардалд тооцогдох баримтуудаар тогтоогдох мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

Харин 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хойш нийт /11,200+9,000+9,750+7,350+1,690+20,000+9,700+15,000+15,000+14,700+3,500+5,640+6,600+5,500+1,500+4,000/ 140,130 төгрөгийн зардал гарсан баримтууд байх тул дээрх мөнгөн хөрөнгийг эмчилгээнд зориулж гарсан гэж тооцож, хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд эмчилгээнд гаргасан зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч нотлогдсон баримтын хэмжээнд төлнө гэх агуулга бүхий тайлбар гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас нийт Э А ХХК-д ажиллаж илүү олох байсан орлого 600,000 төгрөг, эмчилгээний зардал 140,130 төгрөг, нийт 740,130 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,591,560 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ө.Эаас 740,130 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,591,560 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 22,313 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ

 

 

Т.ЭНХЖАРГАЛ