Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/26

 

 

 

 

 

2025           01          15                                          2025/ШЦТ/26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг,

улсын яллагч Б.Энхтулга,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт ******* *******д холбогдох 2436000000380 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хуягт тээвэрлэгчийн механикч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух хаягтай, Зэвсэгт хүчний 123-р ангид жолооч ажил эрхэлдэг, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт байрлах H2 байрны гадна 2024 оны 10 дугаар сарын 29-ний орой тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.*******тай маргалдах явцдаа түүний эрүүл мэндийн эрх, эрх чөлөөнд халдаж хохирогчийн толгойн зүүн чамархайн ар дээд хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

2. 2436000000380 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

2.2. Хохирогч Б.*******ын "...2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 00:00 цаг өнгөрч байхад найзындаа очихоор эхнэр болон найз нарын хамт явж байсан. Бид 4 алхаж яваад такси барих гээд гараа өргөхөд замын эсрэг талд явж байсан залуу та нарыг такси авахгүй, та нарыг хэн авдаг юм гэх мэтээр хэлэхээр нь чи нааш ир гээд дуудсан тэгээд чамайг авах уу? намайг авах уу гэх мэтээр ярилцаж маргалдаж байгаад би хувцаснаас нь бариад автал миний толгой руу цохиод тэгээд зугтаасан. Миний толгойноос цус гараад сууж байтал цагдаагийн машин хүрч ирээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Намайг нэг удаа толгой руу цохисон. Гар утсаараа цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал),

2.3. Гэрч Б.*******ийн “...2024 оны 10 дугаар сарын 29-ний орой ажил тараад манай ажлын хуурай дүү болох Г.******* манайд цуг ирээд хоол унд идээд байж байгаад такси дуудсан ирж байгаа гээд гэрээс гараад явсан. Тэгээд удаагүй гадна хүмүүс шуугилдаад байхаар нь би тагтан дээрээ гараад хартал Г.******* хүмүүстэй маргаж байсан. Тэгэхээр нь би гараад очоод тэр маргаж байсан хүмүүсээс нь салгаад би өөрийнхөө машинд суулгаад гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

2.4. Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч эмч, Д.ын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1136 дугаартай “Б.*******ын биед гэмтэл учирсан байна. Б.*******ын толгойн зүүн чамархайн ар дээд хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэг үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Б.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд буюу үзлэг хийсэн өдрөөс 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Б.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Б.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 15-17 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.7. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 22 дахь тал),

- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 23 дахь тал),

- Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дахь тал),

- Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 45-54 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.8. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

- Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 00:00 цаг өнгөрч байхад найзындаа очихоор эхнэр болон найз нарын хамт явж байсан. Бид 4 алхаж яваад такси барих гээд гараа өргөхөд замын эсрэг талд явж байсан залуу та нарыг такси авахгүй та нарыг хэн авдаг юм гэх мэтээр хэлэхээр нь чи нааш ир гээд дуудсан тэгээд чамайг авах уу? намайг авах уу гэх мэтээр ярилцаж маргалдаж байгаад би хувцаснаас нь бариад автал миний толгой руу цохиод тэгээд зугтаасан. Би толгойноос цус гараад байхаар нь сууж байтал цагдаагийн машин хүрч ирээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Намайг нэг удаа толгой руу цохисон. Гар утсаараа цохисон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

- Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 29-ний орой ажил тараад манай ажлын хуурай дүү болох Г.******* манайд цуг ирээд хоол унд идээд байж байгаад такси дуудсан ирж байгаа гээд гэрээс гараад явсан. Тэгээд удаагүй гадна хүмүүс шуугилдаад байхаар нь би тагтан дээрээ гараад хартал Г.******* хүмүүстэй маргаж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

- Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн ахмад Д.ын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1136 дугаартай “...1. Б.*******ын биед гэмтэл учирсан байна. ...4.Б.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

- Шүүгдэгч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн үед бага зэргийн согтолтой байсан. Тийм байдалтай явж байхдаа хүнтэй муудалцаад хүний биед халдсан үйлдэл гаргасан нь миний буруу...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Г.******* нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт байрлах H2 байрны гадна архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.*******тай маргалдах явцдаа хохирогчийн толгойн зүүн чамархайн ар дээд хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хохирлын хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон зэрэг үйл баримт эргэлзээгүй тогтоогджээ.

3.2. Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримтыг хүлээн зөвшөөрч “...Б.*******ыг зодсоноо хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлгийн эх сурвалж нь хохирогч Б.*******, гэрч Б.******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг дүгнэвэл шүүгдэгч Г.******* нь хохирогч Б.*******ын биед халдаж, хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал хөдөлбөргүй нотлогдсон, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.

3.4. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч Г.******* хохирогч Б.*******ын биед нь халдаж, эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байх эрхэд халдаж, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэж, гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

4.3. Хохирогч Б.*******ын биед учирсан толгойн зүүн чамархайн ар дээд хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлийг Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 3.1.1 дэх заалтад зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамааруулсан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ.

4.4. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан мэдсээр байж хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн учраас гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.5. Шүүгдэгч Г.*******гийн үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаан холбоотой буюу шүүгдэгч нь хохирогчийг зодож, эрүүл мэндэд хохирол учруулсан нь нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдал нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

4.6. Иймд шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.7. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, тухайн үед үүссэн таарамжгүй харилцаа, хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

5.2. Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны үед “...Надад ямар нэгэн гомдол санал алга байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлж, хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байна. Иймээс хохирогч нь шүүгдэгчээс хор уршиг нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүхээс шүүгдэгч Г.*******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.******* хувийн байдлын хувьд 29 настай, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Зэвсэгт хүчний 123-р ангид жолооч ажил эрхэлдэг, Ховд аймгийн ******* сумын *******-Үзүүр багт оршин суух хаягтай, урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 22, 23, 37, 45-54 дэх тал),

2.3. Шүүгдэгч Г.******* урьд нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар сарын 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёроос дээш удаа үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ. 

2.4. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 900 нэгжээр торгох ял оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргасан болно.

2.5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Г.*******н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, шүүгдэгчид 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулав.

Гурав: Бусад асуудлын талаар

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч Г.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д 650 (зургаан зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Г.*******д сануулсугай.

5. Шүүгдэгч Г.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн 2436000000380 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч Г.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ТАСХЫН