Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0626

 

 

 

 

 

 

 

       

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.М****

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: К.Ж*********

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дарга

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Л********, Д.Ц**********

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.М*********,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л******, Д.Ц************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.М***** нь Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн Б/68 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Чингис хаан нисэх онгоцны буудал дахь гаалийн газрын Ургамлын хорио цээрийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ээр маргаж байна.

2. Анх нэхэмжлэгч С.М****** нь Буянт-Ухаа боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаар тушаалаар Хилийн мэргэжлийн хяналтын албаны Дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилогдон, Буянт-Ухаа боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Хяналт, шалгалт эрсдэлийн удирдлагын хэлтэст Ургамлын хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар томилогдон ажилласан байна.

3. Нэхэмжлэгч С.М********ыг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж, согтолтын зэрэг 1.32 хувьтай нь тогтоогдож төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг үл сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ зөрчсөн гэж үзэж Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

5. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 258 дугаар тогтоолоор “... Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “С.М******ыг гаалийн албанаас халах тухай” Б/68 дугаар тушаал Төрийн албаны тухай хууль болон Гаалийн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй байна” гэх хариуг авч 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

6. Нэхэмжлэгч С.М***** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Уг тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-т “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: 48.1.4-т төрийн албанаас халах; алийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 4.1.6-д ажлын байранд, албан үүргээ гүйцэтгэх болон дүрэмт хувцастай үедээ сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа хэрэглэх, Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.1-т ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандаж гаалийн байгууллагын нэр хүндийг эрхэмлэж, олон нийтийн итгэлийг хүлээх, 2.1.2-т төв, шударга ёсыг сахих, зохисгүй харьцаа,үйлдэл /эс үйлдэхүй/ гаргахгүй байх гэж тус тус заасныг үндэслэж, намайг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзээд төрийн албанаас халахаар шийдвэрлэсэн байна. Миний бие урьд өмнө нь ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, анх удаа зөрчил гаргасан ба архи согтууруулах ундааг ажлын байран дээрээ хэрэглээгүй байхад шууд халах шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна гэж заасан ба анх буюу давтан үйлдсэнийг харгалзан аль тохирох сахилгын шийтгэл ногдуулах ёстой байтал шууд халах шийтгэл ногдуулсан нь хууль бус юм. Миний гаргасан зөрчлийн улмаас байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй, ажил үүргээ дутуу, буруу гүйцэтгэсэн ямар ч асуудал үүсээгүй. Гаалийн тухай хуулийн 284.3-т Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийг Засгийн газар батална гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 5.2-т Гаалийн удирдах төв байгууллага нь гаалийн улсын байцаагчийн сахилгад хяналт тавих, үнэлгээ өгөх, зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоох бүрэн эрх бүхий Сахилгын хороотой байна, 5.3.-т Сахилгын хорооны бүрэлдэхүүн, хуралдааны дэг, сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална гэж тус тус заасны дагуу сахилгын зөрчлийг Сахилгын хороо шалгаж, тодорхой санал гаргах ёстой. Гэтэл Гаалийн ерөнхий газрын н.Ц**** дарга ганцаараа бүх асуудлыг шийдэж, Б.А**** даргаар тушаал гаргуулсан. Бидэнтэй сахилгын хорооны гишүүд, дарга гэх хүн уулзаагүй, тайлбар аваагүй нь сахилгын хороо огт хуралдаагүй, шийдвэр гаргуулаагүй болохыг харуулж байна. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа захиргааны байгууллага нь батлагдсан дүрэм журамд заасан процесс ажиллагааг заавал хийх шаардлагатай бөгөөд эдгээр ажиллагааг хуульд нийцүүлэн ог явуулаагүй. Гэтэл Сахилгын хороог дүрэм журамд заасны дагуу хуралдуулж, надаас тайлбар мэдүүлэг авалгүй Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоо батлагдсан Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 5.2 дахь хэсэг, холбогдох Сахилгын хорооны бүрэлдэхүүн, хуралдааны дэг, сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг зорчиж, шууд халах шийтгэл ногдуулсан нь миний төрийн албаны тухай хуулиар хамгаалагдсан төрийн алба хаах эрхийг зорчиж байна. Сахилгын хорооны хуралдаан болоогүй байхад Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 5.2 дахь хэсгийг зөрчиж, шууд халах шийтгэл ногдуулсан гэж үзэж байна. Монгол Улсын төрийн албаны зөвлөлд Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 сарын 14-ний өдрийн Б/68 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 258 дугаар тогтоолоор миний гомдлын шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг 2022 оны 04 сарын 12-ны өдөр шуудангаар хүлээж авсан. Уг тогтоолыг эс зөвшөөрч байгаа тул мэдсэнээс хойш 30 хоногийн дотор ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хууль болон журмыг зөрчсөн Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 сарын 14-ний өдрийн Б/68 тоот тушаалыг хүчингүй болгож, Чингис хаан нисэх онгоцны буудал дахь гаалийн газрын Ургамлын хорио цээрийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.М*********ыг гаалийн улсын байцаагчийн тангараг өргүүлж, гаалийн улсын байцаагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад томилох эрх бүхий албан тушаалтан биш этгээд болох Гаалийн ерөнхий газрын дарга ийм шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн статустай байсан С.М******ыг гаалийн улсын байцаагч биш гэж үзэж тангараг өргөөгүй байхад гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэсэн үндэслэлээр буруутгаж халж байгаа нь хууль бус байна. Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм, мөн сахилгын зөрчилтэй холбоотой асуудлыг сахилгын хороо шийддэг. Шийдэхдээ тодорхой санал гаргаж, хуралдаанаар хэлэлцэж, Гаалийн ерөнхий газрын дарга Төрийн албанаас халах эсвэл албан тушаал бууруулах бусад сахилгын шийтгэл ногдуулах эсэх асуудлыг шийдэх ёстой байтал тус газрын Зөрчил шалган шийдвэрлэх албаны албан тушаалтнууд болох 2 хүний шалгалтаар нэхэмжлэгч болон н.Х****** гэх  хүнийг халах нотлох баримт бүрдүүлж эрхийг зөрчиж, дарамт шахалт үзүүлсэн. Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдолдоо тодорхой бичиж өгсөн. Ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өг гэж өргөдөл бичүүлж авч байсан. Төрийн албан хаагчийн хувьд сахилгын зөрчил гаргасан биш, хүнд гэм хэрэг үйлдсэн мэтээр ёс бус харьцаж байсан асуудлууд байдаг. Ийм зүйл болоогүй талаар, мөн нэхэмжлэлд дурдсан үндэслэлийг үгүйсгэсэн тайлбар ирүүлээгүй. Тухайн үед энэ зөрчлийг шалгаж байсан албан тушаалтнууд хүний эрхийг зөрчсөн үйлдлүүд гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар анх удаа зөрчил үйлдсэн мөн сахилгын зөрчлийн шинж байдалтай холбоотойгоор сонгож хэрэглэх эрх зүйн хэм хэмжээг сонгож хэрэглээгүй. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч төрийн албан хаагч болсноос хойш сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, ажил үүргийн алдаа дутагдал гаргаж байгаагүй, мөн зөрчил гарсан гэж байгаа өдөр архи согтууруулах ундааг хэрэглэсний улмаас тухайн өдрийн нэхэмжлэгчийн албан үүрэгтэй холбоотой ямар нэгэн маргаан гараагүй байдаг. Зөвхөн энэ 2 хүнд шалгалтын ажиллагаа явагдсан. Урьд нь зөрчил гаргасан байдал, энэ зөрчлийн шинж байдалтай холбоотойгоор тухайн сахилгын хороогоор энэ асуудлыг авч хэлэлцээд бүрэн эрхийнхээ хүрээнд санал гаргах ёстой байтал тухайн асуудалд санал гаргах эрхгүй албан тушаалтнууд нь нотлох баримт бүрдүүлж шууд халсан. Ийм 3 үндэслэл байна. Болсон явдлын талаар хэлэхэд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зохих хуваарийн дагуу ээлжийн ажилтай байсан. Гаалийн ерөнхий газраас сургалт зохион байгуулаад тухайн сургалтад суугаад хөрөнгө орлогын мэдүүлгээ хөтлөөд ажлын байран дээрээ байсан. Ажлынх нь зам дагуу байдаг найз нь гэртээ урьсан. Тухайн үед айлд орж нэг архи задалж амссан. Үүний дараа ажил дээр ирэхэд 21 цагт шалгалт явагдсан. Энэ 2 хүний хажууд бас нэг хүн согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг асуудал яригдаж байсан. Гэтэл зөвхөн энэ 2 хүнийг авч яваад үлээлгэсэн. Иймд төрийн байгууллага ялгаж хандсан гэж миний үйлчлүүлэгчийн зүгээс үзэж байна. Тухайн үед байсан өөр 2 эмэгтэй байцаагчийн согтолтын зэргийг тогтоогоогүй. Ижил төрлийн зөрчил гаргасан 2 эмэгтэй байхад ялгавартай хандсан” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц**** шүүхэд гаргасан тайлбартаа: “...Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр баталсан алба хаагчдын сахилга хариуцлага, ажлын цаг ашиглалтад хяналт тавьж ажиллах удирдамжийн дагуу Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх. хэрэг бүртгэх газрын дарга Б.О, тус газрын Хэрэг бүртгэх албаны дарга Д.Ц***** нар 2022 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 21 цагт Чингис Хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын албан хаагчдын ажлын цаг ашиглалт, албаны бэлэн байдалд шалгалт хийхэд тус газрын карго терминалын 220 тоот ажлын албан өрөөнд Гаалийн хорио цээрийн албаны гаалийн улсын байцаагч С.М******** ажлын байранд албаны дүрэмт хувцастай согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн байдалтай байсан тул нисэх буудлын Тээврийн цагдаагийн хэлтэст хандахад С.М****** 1.32 хувийн согтолтын зэрэгтэй байсныг согтолт хэмжих багажаар тогтоосон байдаг. Тухайн цагдаагийн хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн дагуу 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн талаар 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 14-5/76 дугаар албан бичгээр Чингис Хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газарт мэдэгдсэн байдаг. Үүний дагуу Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газраас тухайн 2 ажилтны сахилгын зөрчлийг Хэрэг бүртгэх албаны дарга Д.Ц****** шалгахад ажлын цагаар согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн нь С.Мын гараар бичиж өгсөн тайлбараар, согтолтын зэрэг хэмжих багажаар болон цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан, хүлээн зөвшөөрч оногдуулсан торгуулийг төлсөн зэргээр тогтоогдсон тул сахилгын арга хэмжээ авах саналыг удирдлагад танилцуулсан байна. С.М****** нь Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан "Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм"-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 "ажлын байранд, албан үүргээ гүйцэтгэх болон дүрэмт хувцастай үедээ сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа хэрэглэх", Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 "төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх" үүрэг, Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.5 гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах" үүрэг, Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 534 дүгээр тушаалаар баталсан "Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2.1 "ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандаж, гаалийн байгууллагын нэр хүндийг эрхэмлэж, олон нийтийн итгэлийг хүлээх", 2.2.2 "төв шударга ёсыг сахих, зохисгүй харьцаа үйлдэл эс үйлдэхүй/ гаргахгүй байх ёс зүйн хэм хэмжээг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан сахилгын хороогоор хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж гаалийн албанаас халах шийтгэл оногдуулах тушаалын төслийг бэлтгэн сахилгын хорооны гишүүдэд танилцуулж, сахилгын арга хэмжээг авч Гаалийн ерөнхийн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/68 дугаар тушаалаар Гаалийн албанаас халсан байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  2. Нэхэмжлэгч С.М нь 2015 оноос эхлэн Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ургамлын хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн байна.
  3. Монгол Улсын Их хурлаас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан “Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-иар хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүрэг гаалийн байгууллагад шилжсэнтэй холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар мэргэжлийн хяналтын байгууллагаас гаалийн байгууллагад шилжин ирж буй албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинээр боловсруулж, Төрийн албаны зөвлөлөөр хянуулж батлуулах хүртэл нэр бүхий гаалийн газруудад албан хаагчдыг томилсны дотор нэхэмжлэгч С.М*****ыг Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газарт Ургамлын хорио цээрийн хяналтын асуудал хариуцсан гаалийн улсын байцаагчаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түр томилж ТТ-10-4 зэрэглэлээр цалинжуулж байжээ.
  4. Гаалийн ерөнхий газрын даргын зүгээс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр баталсан алба хаагчдын сахилга хариуцлага, ажлын цаг ашиглалтад тавьж ажиллах удирдамжийн дагуу тус газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.О****, тус газрын Хэрэг бүртгэх албаны дарга Д.Ц** нар 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цагт Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын албан хаагчдын ажлын цаг ашиглалт, албаны бэлэн байдалд шалгалт хийхэд тус газрын карго терминалын 220 тоот албан ажлын өрөөнд нэхэмжлэгч нь ажлын байрандаа албаны дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан нь хэргийн оролцогчдын тайлбар болон согтолт хэмжих багажаар тогтоогдсон байна.
  5. Маргаан бүхий захиргааны акт болох Гаалийн ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/68 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.М******ыг “...ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг үл сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ зөрчсөн...” гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-д “төрийн албанаас халах;” гэж заасны дагуу гаалийн албанаас халсан байна.
  6. Уг тушаалыг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хандсаны дагуу тус зөвлөлөөс 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаар тушаалаар маргаан үүсгэж, маргаан хянан шалгах комисс томилон ажиллуулсан байна.
  7.  2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Маргаан хянан шалгах комиссын 04 дүгээр дүгнэлтээр “Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны Б/68 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хууль болон Гаалийн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул С.М********ын гомдлын шаардлагыг хангахгүй орхих” саналыг Төрийн албаны зөвлөлд танилцуулж, улмаар Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 258 дугаар тогтоолоор нэхэмжлэгч С.М********ын гомдлын шаардлагыг хангахгүй орхисны дагуу 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд хандсан байна.
  8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг гардан авснаас хойш хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан байна.
  9. Маргаан бүхий актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “...сахилгын шийтгэл ногдуулахдаа баримтлах нөхцөл байдлыг харгалзаагүй ногдуулсан бөгөөд  өмнө сахилгын огт хүлээж байгаагүй байхад ногдуулсан шийтгэл хүндэдсэн...сахилгын зөрчлийг хянан шалгах журмын дагуу сахилгын хороогоор хэлэлцүүлээгүй” гэж, хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлийг “...С.М******** нь ёс зүйн дүрэм болон хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн тул сахилгын шийтгэл ногдуулсан... гэж тус тус тайлбарлан маргаж байна.
  10. Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 48 дугаар зүйлийн 48.1.4-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: .төрийн албанаас халах”, Гаалийн тухай хуулийн 2711.1 дүгээр зүйлийн 2711.1.1-д “гаалийн үйл ажиллагааг өдөр тутмын зохион байгуулалтын удирдлагаар хангах;”, 2711.1.11-д “гаалийн улсын байцаагчийн эрх олгох, эрхийг нь түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах;”, 274 дүгээр зүйлийн 274.2.5-д “гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах”, Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.4-д “Гаалийн улсын байцаагч сахилгын дараахь үндсэн зарчмыг баримтлан ажиллана: гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчихгүй байх”, 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “Гаалийн улсын байцаагч дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: ажлын байранд, албан үүргээ гүйцэтгэх болон дүрэмт хувцастай үедээ сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа хэрэглэх”, Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д “Гаалийн улсын байцаагч хууль тогтоомжийг дээдлэн өргөсөн тангарагтаа үнэнч байж дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан ажиллана: ажил албан тушаалдаа хүндэтгэлтэй хандаж гаалийн байгууллагын нэр хүндийг эрхэмлэж, олон нийтийн итгэлийг хүлээх”, 2.1.2-т “төв, шударга ёсыг сахих, зохисгүй харьцаа үйлдэл гаргахгүй байх” гэж тус тус заасныг үндэслэн гаргажээ.
  11. Дээрх хууль тогтоомжийг нэхэмжлэгч С.М******** нь зөрчиж 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газарт албан үүрэг гүйцэтгэж байхдаа албаны дүрэмт хувцастайгаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
  12. Нэхэмжлэгч С.М***** нь гаалийн байгууллагад түр томилогдсон хэдий ч энэ нь хуулийн өөрчлөлтөөс шалтгаалсан байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дахь заалтад заасан “Төрийн тусгай албан тушаал” нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн тусгай албан тушаалд хамаарах бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар “төрийн жинхэнэ албан хаагч” байна.   
  13. Иймд С.М***** нь төрийн жинхэнэ албан хаагч болохынхоо хувьд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 дахь заалтад “өргөсөн тангарагтаа үнэнч байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэсэн заалтуудыг дагаж биелүүлэх үүрэгтэй.
  14. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан зохицуулалтаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон этгээдээс сахилгын шийтгэлийг ногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал мөн зөрчлийг анх эсхүл давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзэхийн дээр албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчиж албан үүргээ биелүүлсэн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахаар байна.
  15. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргагч нь төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ төрийн албанд ёс зүй, хуулийг дээдлэх, төрийн алба мэргэшсэн тогтвортой байх үндсэн зарчмын хүрээнд тухайн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэл хүлээх болсон үндэслэлийг тодруулан тогтоож, зөрчлийн шинж байдал, анх болон давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзэж, харьцуулан дүгнэсний үндсэн дээр тохирох сахилгын шийтгэлийг ногдуулах үүрэгтэй.
  16. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан хугацааны дотор хариуцагч маргаан бүхий захиргааны акт гаргахдаа нэгэнт тогтоогдсон нисэх буудлын Тээврийн цагдаагийн хэлтсээс тогтоосон согтолтын зэргийг үндэслэсэн, Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга болон албаны даргаас зөрчлийг баримтжуулсныг тус тус үндэслэн нэхэмжлэгч С.М*******ыг нь “ажлаас халах” хэмжээний зөрчил гаргасан гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг шүүх буруутгах үндэслэлгүй байх тул Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтран баталсан 2019 оны 36/32 дугаар “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1 дүгээр 1.4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа дараахь зарчмыг баримтлана:сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх” гэж заасанд нийцсэн гэж үзнэ.
  17. Түүнчлэн Гаалийн улсын байцаагчийн сахилгын зөрчлийг хянан шалгах журмын 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ журмын зорилго нь Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, гаалийн улсын байцаагч сахилгын хэм хэмжээ зөрчсөн тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллага албан тушаалтны гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шалгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасны дагуу сахилгын хороог хуралдуулаагүй, дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон зөрчил тул сахилгын арга хэмжээ авсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.
  18. Иймд дээрх нөхцлийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/68 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын Ургамлын хорио цээрийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.4, Гаалийн тухай хуулийн 2711.1 дүгээр зүйлийн 2711.1.11, 274 дүгээр зүйлийн 274.2.5-д заасныг тус тус баримтлан С.Моос Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/68 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын Ургамлын хорио цээрийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ОДМАА