Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Ганчимэгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2019/00086 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 10-07 тоотод оршин суух, ДЛ89090205 тоот регистрийн дугаартай, Тайж овогт Цогтбаатарын Ганчимэгийн нэхэмжлэлтэй, Төрийн банкны Ховд салбарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ганчимэг түүний өмгөөлөгч З.Долгор, хариуцагчийн төлөөлөгч А.Батмөнх, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ховд салбарын теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгуулагад даалгах, Төрийн банкны Ховд салбарын захирлын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулах тухай.  

 

Нэхэмжлэлийн агуулга: “Би 2016 онд жирэмсний амралтаа авах гэтэл намайг өргөдөл бичиж өгдөг юм гэж манай тооцооны төвийн эрхлэгч надад хэлэхээр нь би “ямар өргөдөл юм бэ. Би бичиж өгөхгүй” гэж хэлсэн. Хэрвээ бичиж өгөхгүй бол жирэмсний амралтын мөнгө чинь олгогддоггүй юм гэж надад хэлэхээр нь би өргөдөл бичиж өгч байсан.

Тэгээд намайг тэр өргөдлийг үндэслээд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Энэ талаар би шүүхэд гомдлоо гаргаж, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүх хурал болсон. Шүүх хуралдаан дээр би хариуцагчтай эвлэрээд А.Батмөнх захирал намайг ажилд эгүүлэн томилохоор, би цалин нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан. Гэтэл намайг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилоогүй. Тэгээд А.Батмөнх захирал 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр намайг ажил дээр дуудаад намайг доромжилж, “Чи надтай зарлагддаг хэн юм бэ? Чиний тушаалыг одоо Ховд аймгийн Булган сум руу шилжүүлж гаргалаа. Чамайг Булган суманд очиж ажиллахгүй гэдгийг чинь би мэдэж байна” гэж надад хэлж байсан. Тэгээд би 1 дэх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төрийн банкны Ховд салбарын захирлын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/77 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалтай танилцаж гарын үсэг зурахдаа “би нялх хүүхэдтэй, Булган суманд таньж мэдэх хүн байхгүй” гэж хэлсэн. Дараа нь би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан боловч чамайг Булган сум руу томилсон тушаал гаргасан байна гээд хүлээж авахгүй байна гэж надад хэлсэн. Одоо би Ховд аймгийн Жаргалант сумын Төрийн банкны тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Би 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр жирэмсний амралттай байх хугацаанд ажлаас халагдсан. Миний хүүхэд тэр үед 2 сартай байсан.

Би 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойш дахиж Төрийн банкны Ховд салбарт ажилд ороогүй. Тэр үед А.Батмөнх захирал намайг хуурч, надтай дүр эсгэж эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээнд зааснаар намайг ажилд эгүүлэн томилоогүй учраас би эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд би 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааныхаа цалин гаргуулах хүсэлтэй байна “гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Би Ц.Ганчимэгийг хууль бусаар ажлаас халаагүй. Өөрийнх нь хүсэлтийг үндэслээд ажлаас нь чөлөөлсөн. Дараа нь намайг хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдсөн байх үеэр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Ц.Ганчимэг эцсийн тооцоогоо хийгээд өөрөө ажлаасаа чөлөөлөгдөнө гээд явсан. Би шүүхэд эвлэрлийн гэрээг байгуулахдаа Ховд аймагт үйл ажиллага явуулдаг аль нэг салбартаа ажилтнаар авч ажиллуулана гэж эвлэрсэн болохоос өмнө нь ажиллаж байсан ажилд нь эгүүлэн томилно гэж хэлээгүй. Ц.Ганчимэгийг ажлаас чөлөөлсний дараа Ховд аймгийн Жаргалант тооцооны төв дээр өөр хүн ажилд томилсон байсан. Иймд би Ц.Ганчимэгийг орон тоо байсан Ховд аймгийн Булган сумын тооцооны төвд теллерийн ажлыг санал болгосон. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/77 дугаартай тушаалаар Ц.Ганчимэгийг Ховд аймгийн Булган тооцооны төвд теллерээр томилж, тэр өдрөө Ц.Ганчимэгт тушаалыг танилцуулаад гарын үсэг зуруулсан. Гэхдээ Ц.Ганчимэг өөрөө тэр тушаалыг аваагүй. Ц.Ганчимэгийн өмгөөлөгчид нь бас танилцуулсан. Хэрвээ тухайн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол 1 сарын дотор шүүхэд гомдлоо гаргаж, шүүхэд хандах ёстой байсан гэж ойлгож байна. Мөн шүүх өмнө шийдсэн асуудлаа дахин шийдэх ёсгүй, шүүх хүлээн авахаас татгалзах ёстой байсан гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2019/00086 дугаар шийдвэрээр: “ 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгч Ц.Ганчимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Төрийн банкны Ховд салбарт холбогдох Төрийн банкны Ховд салбарын теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгуулагад даалгах, Төрийн банкны Ховд салбарын захирлын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ганчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,564 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугайгэж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээ баталгаажуулсны дараа уг гэрээнд заасан үүргээ дүр эсгэн биелүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглоно гэж хуульчилсан. Гэтэл намайг хүүхдээ төрүүлээд жирэмсэний амралттай, миний хүүхэд 2 сартай байхад намайг ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар ажилтан өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг хуульчилсан байдаг. Ажилтан уг хүсэлт гаргахад ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байх учиргүй бөгөөд ажилтан сайн дураараа өөрийн хүсэл зоригийн дагуу гаргасан эсэхийг шүүх хянаж үзээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

                Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Ц.Ганчимэг нь хариуцагч Төрийн банкны Ховд салбарт холбогдуулан Төрийн банкны Ховд салбарын теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах, Төрийн банкны Ховд салбарын захирлын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/77 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Батмөнх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч Ц.Ганчимэгийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/77 дугаар тушаалаар Булган тооцооны төвийн теллерээр томилсон боловч өөрөө очиж ажлаа хийгээгүй, уг тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандах хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ.

            Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл.

            Нэхэмжлэгч Б.Ганчимэг нь урьд Төрийн банкны Ховд салбарын захирлын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/109 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

            2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 153/ШШ2016/00512 дугаартай захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

            Эвлэрлийн гэрээгээр “хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Ганчимэгийг Төрийн банкны Ховд салбарт /Ховд аймаг үйл ажиллагаа явуулж байгаа салбаруудад/ теллерийн ажилд 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажилд авч, нэхэмжлэгч Ц.Ганчимэгийн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийх, нэхэмжлэгч Ц.Ганчимэг нь хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагаасаа татгалзсан” байна. Энэ нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

            Гэтэл хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/77 дугаартай тушаал гаргаж, “нэхэмжлэгч Ц.Ганчимэгийг Булган тооцооны төвийн теллерээр 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар тушаал гаргажээ.

            Нэхэмжлэгч дээр дурдсан тушаалтай танилцаад “би нялх хүүхэдтэй учраас Булган суманд очиж ажиллаж чадахгүй” гэдгээ хэлсэн боловч өмнө эрхэлж байсан Жаргалант тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн томилохгүй байсан тул 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргажээ. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхээр заасан байна.

Харин дээр дурдсан үйл баримтуудаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 153/ШШ2016/00512 дугаартай шүүгчийн захирамж биелсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

            Учир нь эвлэрлийн гэрээ болон шүүгчийн захирамжид “хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Ганчимэгийг Төрийн банкны Ховд салбарт /Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа салбаруудад/ теллерийн ажилд 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажилд авна” гэж тодорхой заасан байхад “хариуцагч нь нэхэмжлэгчийг нялх хүүхэдтэй, очиж ажиллаж чадахгүй гэдгийг нь мэдсээр байж зориудаар Ховд аймгийн төвөөс 400 км алслагдсан Булган суманд теллерийн ажилд томилсон тушаал гаргасан” байна.

            Өөрөөр хэлбэл хариуцагч шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг “дүр эсгэн биелүүлсэн” нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх” гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

            Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”.

            2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох нь” шүүхийн эрхэм зорилго юм.

            Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын нэг хувийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид хүргүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

            Нэхэмжлэгчийн Төрийн банкны Ховд салбарын теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр... хэргийг хэрэгсэхгүй болгосон /зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай/ шүүгчийн захирамж байгаа” нь шүүх нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах үндэслэл болдог тул мөн хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох” нь үндэслэлтэй байна.

            Мөн нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2016/00512 дугаартай шүүгчийн захирамж биелсний дараа шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

            Харин Төрийн банкны Ховд салбарын захирлын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/77 дугаартай тушаал нь Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2016/00512 дугаартай шүүгчийн захирамжийг биелүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгуулах шаардлагагүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн “Төрийн банкны Ховд салбарын захирлын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/77 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн байна” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй юм.

            Иймд нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэлдэхүүн дүгнэв.

            Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 344,561 төгрөг төлөх хугацааг шүүгчийн захирамжаар 14 хоногоор хойшлуулсан боловч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болно.

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 117 дугаар зүйлийн 117.1.1-д заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2019/00086 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ТУЯА

 

                                         ШҮҮГЧИД                                  Б.ДАМБА

                                   

                                                                                              М.НЯМБАЯР