| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2022/00215/И |
| Дугаар | 148/ШШ2022/00229 |
| Огноо | 2022-03-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 148/ШШ2022/00229
| 2022 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 148/ШШ2022/00229 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлах, Төрийн банк Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй;
******* эрэн сурвалжлахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Хариуцагч ******* нь 2018 оны 12-р сарын 03-ний өдөр 22,900,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 16.8% хүүтэй 150000574246 тоот зээлийн гэрээг байгуулан авсан. Зээлийн гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр авсан бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний 2.2 , 3.2 , 3.3 дах заалтыг зорчиж зээлийн гэрээний 1-р хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй, холбоо барьж хугацаа өгсөн ч харилцан тохиролцсон хугацаанд зээлээ төлөлгүй хүндрэл учруулсаар байна.
2022 оны 02 сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 6,350,957,18 төгрөг, зээлийн хүү 2,070,266,97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,198,17 төгрөг нийт 8,453,422,32 төгрөг байна. Хариуцагч ******* нь иргэний бүртгэлтэй хаягтаа оршин суухгүй, ажлаа өөрчилж Улаанбаатар хотод улсын бүртгэлд ажиллаж байгаа, утсаар л холбогддог. Хуулийн хэлтсээс түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргуул гэсэн тул ******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тодорхойлж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гарагч ******* Сэлэнгэ салбар нь Б.Батзоригийг эрэн сурвалжлахаар шүүхэд хүсэлт гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суух газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүх арга хэмжээ авсан боловч, хаягыг тодруулж чадаагүй, хаана оршин суугааг мэдэх боломжгүй байх явдал юм.
Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд нэхэмжлэгч зөвхөн уг хариуцагчаар оролцох зохих этгээдэд холбогдох нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах зорилготой ба энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй байдаг.
Гэтэл хүсэлт гаргагч нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Батзоригтой утсаар холбогддог, ажлын газрын хаягийг мэддэг гэх боловч ажлаа өөрчилсөн, Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа, гэрийн хаягийг нь мэдэгдэхгүй байгаа гэх шалтгаанаар түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь учир дутагдалтай байхаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн ажиллаж амьдарч байгаа байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүх арга хэмжээг авсан, хаягыг тодруулж чадаагүй, хаана оршин суугааг мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болохыг баримтаар нотлоогүй байна.
Иймд түүний ******* эрэн сурвалжлахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* Сэлэнгэ салбарын ******* эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ